| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00591/И |
| Дугаар | 191/ШШ2025/04600 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04600
| 2025о 05 с 22ө | Дугаар 191/ШШ2025/04600 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... хаягт оршин суух, Нэргүйн ******* /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод байрлах,**************,************** ХХК /рд:.../,
Хариуцагч: ... оршин суух, Пүрэвдоржийн******* /рд:ПЭ86122708/ нарт холбогдох,
49,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сэлэнгэ, хариуцагч**************,************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч П.Дэлгэрмаагийн өмгөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Нэргүй овогтой ******* 2023.07.06-ны өдөр**************,************** ХХК-ийн гүйцэтгэх захирал Болор овогтойтэй Амины орон сууц захиалгаар бариулах нэртэй гэрээг байгуулан Гачуурт булагтайн ам гэх 1400 м.кв талбай бүхий өөрийн газар дээрээ 56 м.кв хэмжээтэй 75,000,000 төгрөгийн үнэ бүхий амины сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2023 оны 07 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг гэрээнд заасан******* тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг байшинг ашиглалтад оруулж хүлээлгэн өгснөөс хойш сар бүрийн 15-нд 1,111.111 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцжээ. Гүйцэтгэгч тал гэрээний 4.1-т зааснаар тухайн амины орон сууцыг хуанлийн 45-60 хоногийн дотор барьж гүйцэтгэн Захиалагчид хүл.ээлгэн өгнө гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 60 хоногоор тооцоход 2023.09.06-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх байсан. Гэвч тухайн амины сууц өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн 6 сарын хугацаа өнгөрөхөд, 56 м.кв байшин захиалсан байтал 53 м.кв хэмжээтэй бүрэн нягт бус, дутуу, далий, сул шороотой, суурь цутгасан байсан. Байшингийн рам гэх төмрийг дутуу, мөчид гагнасан, бетонон суурьтай нь огт бэхлээгүй гэх мэт чанарын шаардлага хангахгүй бараа материалаар суурь ажил гэх ашиглах боломжгүй, чанарын доголдолтой хундаам цутгаж гэрээний үүргээ зөрчсөн. Захиалагчийн зүгээс гэрээний 5.5, 5.6 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл согог илрэх үед засаж сайжруулах, гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Захиалагч тал гэрээ цуцлах тухайгаа мэдэгдэхэд гүйцэтгэгч тал 2023 оны 10 сарын 17-ны өдрийн/22 тоот албан мэдэгдлээр тус барилгын ажлыг 2023 оны 11 сарын 05-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгнө, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үл маргах журмаар урьдчилгаа төлбөрийг захиалагчид 100 хувь эргүүлэн олгохоо баталж мэдэгдсэн. Гэтэл уг хугацаандаа амины орон сууцаа ч барьж гүйцэтгээгүй, захиалагчийн төлбөрийг ч буцааж өгөлгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул захиалагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, 2023 оны 11 сарын 24-ний өдөр 1/19 тоот албан мэдэгдлээр гэрээ цуцалсан тухайгаа мэдэгдсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан мөн хуулийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг, гэрээний 3.4-т Байшин ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээний сүүлийн өдөр болох 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 118 хоногийн алданги болох 14,160,000 төгрөг нийт 49,160,000 эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг, гэрээний 3.4-т Байшин ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээний сүүлийн өдөр болох 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 118 хоногийн алданги болох 14,160,000 төгрөг нийт 49,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гүйцэтгэгч тал нийт 118 хоног хугацаа хэтрүүлсэн. Үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, үүний 0,3 хувь нь өдрийн 120,000 төгрөг бөгөөд нийт хугацаа хэтрүүлсэн 118 хоногт үржүүлэхэд 14,160,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогт-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 7-р сарын 06-ны өдөр хийгдсэн 56 м.кв 2 давхар амины орон сууц бариулахаар тал гэрээ хийсэн. Нэхэмжлэгч зээлийн нөхцөлөөр урдчилгаа 35,000,000 сая төгрөгийг төлж тлэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг 3 жилийн хүүгүй зээлээр төлөхөөр тохирсон. 2023 оны 7-р сараас баяр наадам болж мөн их бороотой байсан тул ажил удааширсан нь үнэн боловч бидний зүгээс боломжит ажлуудыг хийж байсан ба тухайн нөхцөл байдал болгонд утсаар болон биечлэн уулзаж хугацаа алдаж бгаадаа уучлалт хүсэж нэмэлтээр засал болон террас хийж өгнө гэж тохирч байсан. Хийгдсэн ажлууд / ажлын хөлс ороогүй болно/
1. Бетон арматурчлалтай үйлдвэрийн 250 марктай зуурмагаар 7*8 хэмжээтэй суурь- 10,000,000 төгрөг
2. Бохирын оролт гаралт болон бохирын септик цэвэршүүлэх байгууламж суурьлуулалт- 4,000,000төгрөг
3. Үндсэн барилгын металл карказ - 14.000.000төгрөг
4. Гагнуур угсралт 3,000,000 төгрөг
5. Үндсэн суурь паниар-2,400,000 төгрөг 6. Дээвэр төмөр - 3,500,ООО төгрөг 7. Техник машин механизм болон тээвэр 2,500,000 төгрөг болсон байна.
П.Дэлгэрмаагийн хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр Н.*******ийн болон Хамтарч*******,************** ХХК-ийн нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. П.Дэлгэрмаа гэх хүнтэй тухайн байшинг барих хариуцлагатай холбоотой маргаан үүсээгүй учраас П.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.**************,************** ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа вэ гэхээр 2023 оны 7 сарын 06-ны өдрөөс тухайн барилгын ажил хийх үүргийг гүйцэтгэж байсан. 2023 оны 9 сард цас орж хүйтэрснээс барилгын ажил удааширсан. Тэгээд 2023 оны 11 сар хүртэл боломжит хугацаа олгосон боловч энэ хугацаанд цаг агаарын байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн ажлыг үргэлжлүүлэх боломжгүй байсан. Дулаан орохоор байшинг хийж гүйцэтгэж өгье гэсэн байр суурьтай байсан. Гэтэл 2023 оны 11 сарын 24-ний өдөр 1/19 тоот албан мэдэгдлээр гэрээ цуцалсан тухайгаа мэдэгдсэн. Нийт 21,576,600 төгрөгийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Тийм учраас үлдэгдэл 13,423,400 төгрөгийг гэрээнээс татгалзаж байгаа учраас 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор олгох боломжтой байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-20-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: шинжээчийн дүгнэлт 80-98-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч**************,************** ХХК-д холбогдуулан амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг, алдангид 14,160,000 төгрөг, нийт 49,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар П.Дэлгэрмааг татаж амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг, алдангид 14,160,000 төгрөг, нийт 49,160,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
3. Хариуцагч**************,************** ХХК нийт 21,576,600 төгрөгийн ажил үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр үлдэх 13,423,400 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны дотор төлнө гэж тайлбарласан.
3.1. Хариуцагч П.Дэлгэрмаа гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Зохигчдын хооронд 2023 оны 07 сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч**************,************** ХХК нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 33-р хороо, нэгж талбарын******* дугаартай Гачуурт булагтайн ам гэх газарт амины орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Н.******* 75,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, амин орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тогтоогдож байна. /хх-8-11/
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.
4.1. Захиалагч Н.******* гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт П.Дэлгэрмаагийн Хаан банкны******* тоот дансанд 2023 оны 07 сарын 07-нд 20,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 08-нд 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлж төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр тогтоогдож байх ба хариуцагч Хариуцагч**************,************** ХХК 35,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй. /хх-14-15/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.
4.2. Гэрээний 4.1-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг 45-60 хоногт хийж гүйцэтгэхээр тохирсон байх тул ажил гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон ажлыг 2023 оны 09 сарын 06-ны өдөр хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байх ба энэ үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
4.3. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар амины орон сууц бүрэн баригдахгүй байсан үндэслэлээр Н.******* гэрээнээсээ татгалзах санал гаргасны хариуд**************,************** ХХК ...амины орон сууцыг 2023 онд багтаан барьж өгөх санал гаргасан... болох нь зохигчдын тайлбар,**************,************** ХХК-ийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн/54 дугаартай эвлэрэн хэлэлцэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-17/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.
4.4. Н.******* нь 2023 оны 11 дүгээр сард**************,************** ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг 2023 оны 12 сарын 1-ний өдрөөр тогтоож өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба барилга бүрэн баригдаж дуусаагүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 2024 оны 01 сарын 05-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.
4.5. Иймд нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шардах эрхтэй гэж дүгнэв.
4.6. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 33-р хороо, нэгж талбарын******* дугаартай Гачуурт булагтайн ам гэх газарт 21,576,600 төгрөгийн ажил хийгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-81-98/
4.7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заажээ.
4.8. Ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлыг захиалагч тал ашиглах боломжтой байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар ажил гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын хөлс, өөрөөс гаргасан материалын зардлыг авах эрхтэй.
4.9. Хариуцагчаас орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөгөөс хийсэн ажлын хөлс, материалын зардал 21,576,600 төгрөгийг хасаж, үлдэх 13,423,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Н.******* болон П.Дэлгэрмаа нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Дэлгэрмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч тал ...2023 оны 09 сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 118 хоногт алданги бодсон... гэж тайлбарлаж байна.
6.1. Гэрээний 3.4-т байшинг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож хасалт хийхээр тохирсон байх ба хариуцагч**************,************** ХХК 78 хоногийн алдангид 3,148,123 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул алдангийг дараах байдлаар тооцож гаргуулав.
6.2. 13,423,400 төгрөгөөс амины орон сууц ашиглалтад орох байсан 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосон 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал 86 хоногт алдангийг тооцоход 3,463,220 төгрөг /13,423,400*0.3%*86хоног/ болж байгааг хариуцагч**************,************** ХХК-д хариуцуулах үндэслэлтэй.
7. Иймд хариуцагч Хамтарч*******,************** ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13,423,400 төгрөг, алдангид 3,463,220 төгрөг, нийт 16,886,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 32,273,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч**************,************** ХХК-аас 16,886,620 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,2 дугаар зүйлийн2.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч**************,************** ХХК-аас 16,886,620 /арван зургаан сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 32,273,380 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч П.Дэлгэрмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч**************,************** ХХК-аас 242,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
5. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар 2024 оны 03 сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2024/06423 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ