Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 562

 

 

Б.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 667 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1902000000024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага менежмент мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “***” ХХК-ийн “Орчуулагч” төвд англи, орос хэлний орчуулагч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б-н Б.

Б.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас интернет сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

мөн 2019 оны 01 дүгээр сард дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах”, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “И овгийн Б-н Б-г “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, мөн “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлүүд байгаа тул гомдол гаргасан.

Нэг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан бол тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамааруулахаар хуульчилсан. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 ‘'яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ /шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд/ мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н хэргээ хүлээсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1.3-т “хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж заасан. Гэтэл мөрдөгч М.Отгонбаатар нь прокурорын зөвшөөрөлгүйгээр, хөндлөнгийн гэрч байлцуулалгүйгээр биологийн дээж авсан /хх - 15, 18/ байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох эсэхийг прокурор шийдвэрлээгүй учраас энэхүү ажиллагаа нь хууль зөрчиж хийгдсэн хууль бус ажиллагаа болно. Хэдийгээр мөрдөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 18-нд гаргасан тогтоол /хх-96/-д зөвшөөрөл өгсөн тухай дурдаагүй байсан. Гэтэл уг ажиллагааны хүрээнд авсан биологийн дээжийг үндэслэн шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтойгоор зөрчжээ.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг /хх - 81 дэх тал/ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэж Баянгол дүүргийн жижүүрийн прокурор Г.Эрдэмбаатар баталсан нь Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар заасан хэргийн харьяаллыг зөрчжээ.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх - 114/ - д Б.Б- нь 290,000 төгрөгийн валютын захиалга хийсэн гэх боловч мэдүүлгийг газар дээр нь дахин шалгасан тэмдэглэлийн гэрэл зурагт уг захиалга хийсэн гэх үйл баримтын гэрэл зураг байхгүй, Б.Б-н Хаан банк дахь дансны хуулгыг нотлох баримтаар авсан боловч тухайн үйлдэлд холбогдох цаг хугацаанд шилжүүлэг хийгээгүй байдаг. Мөн захиалга хийсэн гэх гадаадын интернэт сайтуудын зургийг хавтаст хэргийг материалд оруулсан боловч тэдгээр нь англи, солонгос хэл дээр байх бөгөөд албан ёсны орчуулга хийгээгүй учраас онлайн худалдаа эрхэлдэг, тэр дундаа хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаалдаг сайт мөн гэдэг нь тогтоогдох боломжгүй байхад нотлох баримтаар үнэлсэн байна.

Иймд Б.Б-г гэм буруутай гэж хөдөлбөргүй нотлох баримт байхгүй учраас шүүх шийдвэртээ түүний өгсөн мэдүүлгийг тодотгож “бусад нотлох баримтаар" гэж нийтэд нь хаяглан яг ямар баримтаар, ямар үйлдлийг гэм буруутай гэдгийг тогтоож байгааг дэлгэрэнгүй дурдалгүйгээр орхигдуулж байгаа нь түүний 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг дангаар хэрэглэж яллаж байна гэх үндэслэл боллоо.

Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

Прокуророос миний үйлчлүүлэгчийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас интернет сайт ашиглан хууль бусаар олж авч биедээ хадгалсан”, “сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, үндэслэлээр буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн талаар тус тус хэлэлцсэн. Түүнчлэн .. мөрдөгч нь анх Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн талаар амаар мэдээлэл гаргасан /хх - 01 дэх тал/, Б.Б-г яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас интернет сайт ашиглан сэтгэцэд нөлоөлөх бодис захиалсан гэмт хэрэг ял сонсгож мэдүүлэг авсан /хх - 102 дахь тал/, Б.Б- нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудангаар захиалга хийгээгүй талаар мэдүүлэг өгсөн байдаг /хх - 101 - 104 дэх тал/.

Гэтэл хэргийг шалгах явцад миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас интернет сайт ашиглан шуудан илгээмжээр гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос миний үйлчлүүлэгчид танилцуулсан яллах дүгнэлт болон мөрдөгчөөс сонсгож мэдүүлэг авсан гэмт хэргээс өөр гэмт хэрэг буюу Франц улсаас ирсэн шуудан илгээмжийг үндэслэн ял шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс Франц улсаас шуудан илгээмж ашиглан сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан эсэх талаар нэг ч удаа асууж мэдүүлэг аваагүй, энэ үйлдлийн талаар ял сонсгоогүй, яллах дүгнэлтэд огт дурдаагүй. Хууль зөрчиж гэмт хэрэгт буруутгаж байгаа энэ ажиллагаа нь үг үсгийн хувьд засч болох илэрхий алдаанаас хэтийдсэн хууль бус үйлдэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шнйдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 16.12 дугаар зүйлд “Гэмт хэрэг гарсан байдал, сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хор хохирлыг нотлох” талаар хуульчилсан.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн албан тоотоор /хх-207 дахь тал/ уг бодисын үнэлгээ 1 ширхэг нь 80,000 - 100,000 /нийт 113 ширхэгийн үнэ нь 9,000,000 - 10,000,000/ төгрөг байхад Б.Б- нь 290,000 төгрөгөөр уг сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалсан гэхэд эргэлзээтэй.

Мөн нэг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 гэмт хэргээр давхар зүйлчилж, шуудан илгээмжийг өөрийнх нь мөн эсэхийг тодруулах боломж олголгүйгээр шуудангийн гаднаас баривчилсан үйл ажиллагаандаа “хадгалсан”, улсын хилээр хориотой барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэж ял шийтгэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэхэд хүргэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Тухайн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад дурдсан МDMA буюу экстази нэршилтэй, 113 ширхэг, 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр интернет сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан.

Тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг ХБНГУ-аас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 8 жил хорих ял оногдуулж, давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлж 5 жил хорих ял болгож өөрчилсөн. Шүүх прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэ гэмт хэргийг үйлдээгүй, Монгол улсын хилээр хууль бусаар сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлээгүй гэсэн гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Монгол шуудан холбооноос 113 ширхэг, 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч тус шуудангийн салбараас өөрийн биеэр очиж авсан. Уг бодис нь ХБНГУ-аас шуудан илгээмжээр ирсэн тухай шуудан хүргэгчийн дэвтэр, мөрдөгчийн тогтоол зэргээс харагддаг. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтүүд гарсан.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэж 5 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол шуудангаас авсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ авч явж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан нөхцөл байдлууд тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “MDMA” буюу экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас цахим сүлжээ ашиглан захиалж, хууль бусаар олж авсан,

мөн 2019 оны 01 дүгээр сард дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар хүлээн авч биедээ хадгалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, сэжигтэнийг хойшлуулашгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, Монгол шуудан ХХК-ны шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлт зэргийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг интернэт сайтаар захиалан шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Б.Б-гийн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 гэмт хэргээр давхар зүйлчилж, хууль буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д 8 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд 5 жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...шүүхүүд Эрүүгийн хуулийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 667 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН