Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 630

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Э*******

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “...2008 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2013 онд Япон Улсын Засгийн Газраас зарласан "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JIСЕ-ын JDS хөтөлбөр"-т хамрагдан Кейогийн Их сургуульд Байгаль орчны удирдлага, хамгааллын чиглэлээр 2 жил амжилттай суралцаж, “Туул голын бохирдолд Арьс шир боловсруулах үйлдвэрээс үзүүлэх сөрөг нөлөөлөл, цаашид авч хэрэгжүүлэх арга” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 211 дүгээр “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалын 1 дэх хэсэг, “Ажиллаж буй байгууллага суралцагчийн хооронд байгуулсан гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Р*******эд өмнө нь ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан байгаль орчны ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах тухай өргөдөл хүргүүлсэн боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, ажилд эгүүлэн авна гэж хүлээлгэсээр 4 сарын хугацаа өнгөрсөн. Улмаар өргөдлийн хариу хүссэн албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин хүргүүлж дээрх асуудлаар удаа дараа шаардсаны дүнд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/3941 тоотоор албан тушаал бууруулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулах саналыг ирүүлсэн болно. Энэ шийдвэр нь “Ажиллаж буй байгууллага суралцагчийн хооронд байгуулсан гэрээ”-ний 2.2 дахь хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 211 дүгээр “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалын 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаар тушаалд “Удвалын Ө*******ийг Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Г.Э*******ийн сургалтын чөлөөний хугацаанд” гэж ажилд томилсон зэргээр давхар нотлогдоно. 

Түүнчлэн дээрх асуудлаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/3941 тоот албан бичиг болон холбогдох асуудлаар өргөдөл гаргасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Р*******эд “Г.Э*******ийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зохих ажлын байраар хангаж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллана уу” гэсэн хариу ирүүлсэн болно. Дээрх асуудлаар 2016 оны 01 дүгээр 18-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ц.О*******т хууль зөрчиж буй талаар өргөдөл хүргүүлснийг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Ш*******ид шилжүүлэн “ажилд буцааж томильё” гэж цохсон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Ш*******ид ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдлөө 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга дахин хянаж үзээд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн намайг “Ажилд томилох тухай” 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар тушаал гаргасан боловч ердөө ажлын 10 өдрийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгож миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчлөө. Тухайн хүчингүй болгосон тушаалын үндэслэл дээр “химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас” гэж дурдсан асуудал нь миний өмнө хариуцаж байсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн асуудалтай огт хамааралгүй байгаа бөгөөд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаар тушаапд “Удвалын Ө*******ийг Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Г.Э*******ийн сургалтын чөлөөний хугацаанд” гэж ажилд томилсоны дараа химийн бодисын асуудал хариуцаж байсан С.Н*******ын чиг үүргийг өөрчилж У.Ө*******т хариуцуулсан, одоо болтол хариуцаж байна. Миний хариуцан ажиллаж байсан чиглэл, бүтэц орон тоо хасагдаагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон

эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэн Г.Э*******өөс гаргасан

нэхэмжлэлийг үл зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна.

Тус газрын химийн хорт болон аюултай бодисын хяналтыг хариуцан ажиллаж байсан албан хаагч 2010 онд төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлт гаргаж, ажлаас чөлөөлөгдснөөс хойш уг асуудлыг хариуцан ажиллах мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсон. Тухайн үеийн удирдлагын шийдвэрээр түүний албан тушаалд байгаль орчны мэргэжлийн хүн томилж, химийн хорт болон аюултай бодис хариуцуулсан байдаг. 

Нэгэнт химийн мэргэжлийнх биш тул химийн хорт болон аюултай бодис хариуцан ажиллаж байсан албан тушаалтан мэргэжлийн алдаа гаргах өндөр магадлалтай байснаас энэ чиглэлийн боловсон хүчнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас татан авч Г.Э*******ийн сургалтын чөлөөний хугацаанд томилсон байна. 

Г.Э*******ийн түр чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэж орох хүсэлт гаргаснаар химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө*******ийг ажлаас чөлөөлөх шаардлага гарсан боловч дараах хүндрэл үүссэн. Үүнд:

1. У.Ө*******ийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан тушаалын сул орон тоо байгаагүй, тус газраас түүний оронд өөр боловсон хүчнийг томилон ажиллуулсан байсан.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар 2010 онд буюу 6 жилийн өмнө Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдож, улмаар сүүлд Г.Э*******ийн хариуцсан ажпыг хийж байгаа С.Н*******ыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байгаагүй.

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт химийн хорт болон аюултай бодисын асуудлыг хариуцан ажиллах мэргэжлийн боловсон хүчингүй болохоос үүдэн Байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болсон. Монгол Улсад химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулдаг 941 аж ахуйн нэгж байгаагаас 91 нь уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлд, 105 нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрт, 45 нь бетон зуурмагын үйлдвэрлэлийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, 44% нь судалгаа шинжилгээ, эмнэлэгийн лаборатори, сургуульд, 3% нь ургамал хамгаалалын чиглэлд, 32 нь химийн бодисын үйлдвэрлэл, хөөсөнцөр, дулаалга, шугам хоолойн үйлдвэрлэлд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн химийн хорт болон аюултай бодис импортлодог 112, бусад чиглэлээр ашигладаг 112 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд 1893 нэр төрлийн 67188.3 тонн химийн бодисыг 1 жилд хэрэглэж байна. Химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын 41,6% нь их эрсдэлтэй, 34,5% нь дунд эрсдэлтэй, 22,9% нь бага эрсдэлтэйд тооцогддог.

4. Ажлаас түр чөлөөлөгдсөн Г.Э*******ийг өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллах саналыг хүргүүлсэн боловч тэрээр хүлээж аваагүй байна.

Иймд Г.Э******* нь химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжлийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажиллуулах зайлшгүй шаардлагаар У.Ө*******ийг ажиллуулсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт орон тооны илүүдэл бий болгох боломжгүй байсан зэрэг шалтгааны улмаас Г.Э*******ийг томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбартаа: “...Ажлаас түр чөлөөлөгдсөн Г.Э*******ийг өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллах саналыг хүргүүлсэн боловч тэрээр хүлээж аваагүй байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт орон тооны илүүдэл бий болгох боломжгүй байсан зэрэг шалтгааны улмаас Г.Э*******ийг томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Э******* тус шүүхэд хандаж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгох, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар тушаалын биелэлтийг хангаж ажиллахыг даалгах, ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалинг гаргуулах” гэж өөрчилсөн болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг төлөөлж Тамгын газрын дарга Д.Батмөнх болон Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Э******* нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ”-гээр Г.Энмөнхийг Япон улсад Байгаль орчныг хамгааалах чиглэлээр 2 жил суралцан төгсөж ирээд тус байгууллагад 2-оос дээш жил ажиллах болзолтойгоор харилцан тохиролцсоноор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр тушаалаар Г.Э*******өд түр чөлөө олгожээ. 

Нэхэмжлэгч Г.Э******* сургуулиа төгсөж ирснээр ажил албан тушаалдаа эргэн томилогдох тухай хүсэлтээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус  гаргасан байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар түүнийг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд томилсон боловч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар дээрх Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт тавих хяналтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас гэсэн үндэслэл нь миний өмнө хариуцаж байсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн асуудалтай огт хамааралгүй” гэж, хариуцагчаас “...химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан Байгаль орчны улсын байцаагч ажиллуулах шаардлага гарсан...Г.Э******* нь химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцах зорилт чиг үүргийг мэргэжлийн үүднээс хэрэгжүүлэх боломжгүй...орон тооны илүүдэл бий болгох боломжгүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 28 дугаар зүйлийн 28.2.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээний 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Г.Э*******ийг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд томилсон боловч Мэргэжлийн хяналтын хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг үндэслэн дээрх Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Г.Э*******ийн төрийн албанаас халагдахгүй байх баталгааг алдагдуулсан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч маргаан бүхий акт болох Б/61 дүгээр тушаалаар “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад тавих хяналтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас” гэх үндэслэл дурдаж Б/43 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон нь “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ” болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаар бүхий “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ. 

Тухайлбал дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо ирэхэд нь тус гэрээг байгуулсан байгууллага нь өмнө хариуцаж байсан чиглэл, албан тушаалд аван 2 буюу түүнээс дээш жил ажиллуулах” үүргийг байгууллагын захиргаа хүлээсэн нь тогтоогдож байхын дээр 211 дүгээр тушаалаар Г.Э*******ийг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түр чөлөөсөн байх тул хариуцагч нь Г.Э*******ийг өмнө эрхэлж байсан чиглэл албан тушаалд нь авч ажиллуулах үүрэгтэй.  

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн “ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулах”  шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгээгүй хугацаанд цалин нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар бүхий “Ажилд томилох тухай” тушаалын талаар маргаагүй тул ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг маргаан бүхий захиргааны актыг гарсан өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг  баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 дугаар бүхий “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э*******өд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 3902882 төгрөгийг олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дүгээр зүйлийн 113-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДУЛАМСҮРЭН