Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0636/З |
Дугаар | 221/МА2017/0623 |
Огноо | 2017-08-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0623
2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2017/0623 | Улаанбаатар хот |
Г СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 10 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Говь Сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсгийг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
... Тус байрнуудын оршин суугчид 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ж.Н барилгын ажил эхлүүлэхээр хашаа татаж, экскаватор оруулж газар ухах гэж байхад нь дээрх газрын зөвшөөрөлтэйг мэдэж, уг ажлыг зогсоосон байна.
Ж.Н нь төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй байх бөгөөд төсөл шалгаруулалтанд оролцсон мэтээр төлбөр төлсөн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллааны журам-ын 2.6.2 Газар эзэмшүүлэх эрх дараах тохиолдолд төсөл шалгаруулалтаар олгоно гээд 2.6.2.1.цахилгаан дулаан болон цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж барих, өргөтгөх, 2.6.2.2.хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих, 2.6.2.3.100/нэг зуу/-аас дээш ажлын байр бий болгосон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барих, 2.6.2.4.нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж заасан байтал Ж.Н дээрх захирамжуудаар газраа эзэмших явцдаа хууль журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ төлсөн гэсэн нь дээрх журамд нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасан байна. Гэтэл уг газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй байхад дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлсэн газарт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус гэж буруутгах боломжгүй гэж үзсэн байна. Хэргийн материалд Ж.Н-ийн хүсэлт гаргасан байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан тухай нотлох баримт байхгүй болно.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг дүүргийн Засаг дарга зөрчсөн байхад Нийслэлийн Засаг дарга 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар баталгаажуулж байгаа нь хууль бус юм.
Дүүргийн Засаг дарга уг газрыг иргэн Ж.Н-д өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал ... харшаар ашиглаж, үүнээс үүдэн орон сууцны ойролцоох зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, амрах талбайд болон оршин суугчдын эрүүл ахуйн норм дүрэм зөрчсөн хувийн аж ахуйн зориулалттай барилга барих нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д хувийн гэр, орон сууцны хашаа, хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх 0,07 га-аас илүүгүй газар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлэхээр заасан байтал худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт хамааруулан ... гуравдагч этгээдэд олгосон газар нь 200 мкв байх тул дуудлага худалдаа явуулах шаардлагагүй. Харин дуудлага худалдааны үнийг төлөх ёсгүй мөртлөө гуравдагч этгээд төлсөн байна гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Тус Г СӨХ болон оршин суугчид 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ж.Н барилгын ажил эхлүүлэхээр хашаа татаж, экскаватор оруулж газар ухах гэж байхад нь дээрх маргаан бүхий газарт газрын зөвшөөрөлтэйг мэдэж, уг ажлыг зогсоосон байна. Иймд нэхид дуудлага худалдаа зарлагдаагүй байхад уг худалдаанд оролцох гэсэн ойлголт байгаагүй болох нь харагдаж байгаа юм.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байна. Үүнээс үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан газар эсэх нь эргэлзээтэй ба хэргийн материалд уг төлөвлөгөөнд орсон тухай нотлох баримт авагдаагүй, 36а байр 790 мкв, 36б байр 787 мкв, 37 байр 487 мкв ашиглалтын талбайтай байгаа нь зөвхөн эдгээр барилгын сууриар олгосон газар бөгөөд нэг хүний ашгийн төлөө бусад 1000 гаруй оршин суугчдын эрхийг боогдуулж байгаа юм. Шүүх нийт оршин суугчдын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2-т заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
... Түүнчлэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/101/292 тоот дүгнэлтээр ... зөрчилтэй ажлын зураг, зураг төсөлд магадлан хяналт хийж баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм-ийн 3.3, 7.5.1, 7.5. дэх заалтуудыг зөрчсөн байна гэсэн нотлох баримт хэргийн материалд байгаа бөгөөд нотлох баримтыг бодитой үнэлээгүй, мөн хууль, журмуудыг зөрчиж гуравдагч этгээд баримт бүрдүүлж өгсөн байхад шүүх дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.
Маргаан бүхий газар буюу барилгажих талбай нь ертөнцийн зүгээр Г СӨХ-ны 37 дугаар байрны чанх ард, 36а байрны зүүн талд 36б байрны баруун талд орших бөгөөд 37 дугаар байр нь ард талдаа цонхгүй тул дээрх орон сууцнуудын нарны тусгал, салхины урсгалыг хаах боломжгүй байна гэжээ. Дээрх орон сууцнуудын нарны тусгал, салхины урсгалыг хаах боломжгүй байх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, аливаа нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Барилгажих талбайн доогуур цахилгааны хуваарилах салбар кабел дайрсныг зайлуулах ажил хийгдээгүй, өөрөөр хэлбэл зураг төсөлд магадлал хийлгээгүй Барилгын тухай хуулийн 10.1.1 дэх заалтыг зөрчсөн байхад үндэслэл болгожээ.
2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий газарт барилга барих гэж буй гуравдагч этгээд болох Ж.Н-ийн Ач сан оффис үйлчилгээний барилгын суурийн ухаасны ханын бэхэлгээний Инженер геологийн нөхцөл-ийг тус төвийн захирал Д.Д, инженер Д.У нарын бүрэлдэхүүнтэй хийж, С.Н хянасан байдаг. Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/17 тоот албан тоотоор ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвөөс Шинжээчийн дүгнэлт-ийг С.Н гарын үсэг зурж ирүүлжээ. Нэг байгууллага гуравдагч этгээд болох Ж.Н-гаас ажлын хөлс авч 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр уг ханын бэхэлгээний тооцоо судалгааг гаргаж өгсөн байтал шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд зайлшгүй тусгагдах материал шинжилсэн тухай тэмдэглэл, ямар шинжилгээ хийсэн, шинжилгээ хийсэн арга хэлбэр, ашигласан материал, иргэдийн оролцоог огт тусгаагүй ба Ж.Н-д гаргаж өгч байсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ханын бэхэлгээний тооцоо судалгааг үндэслэсэн нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр байтал үндэслэл болгожээ.
Иймд Нийслэлийн нутаг дэвсгэрт барих барилга, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам-ын 2.6.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журам Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм-ийн 3.3, 7.5.1, 7.5.9 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 заасныг тус тус зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Г СӨХ-оос нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001077 №440/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Иргэн Ж.Н дээрх газрыг 2010 он хүртэл ямар ч газрын зөвшөөрөлгүй дэлгүүрээ байрлуулан эзэмшиж ашиглаж байсан. Тухайн үед Г СӨХ-ны дарга байсан н.Х үгсэн хуйвалдаж анхны зураг төслөөр нийтийн эзэмшлийн байх газрыг Ж.Н-д хууль бусаар шилжүүлсэн. Харин автомашины зогсоол байх ёстой газрыг Ж.Н санхүүжүүлж хүүхдийн талбай болгон тохижуулсан. Хүүхдийн тоглоомын талбай байх ёстой газрыг хууль бусаар Ж.Н-ийн дэлгүүрийн газарт шилжүүлэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн гэрээ, гэрчилгээ олгосон. Дээрх газруудыг алдсанаас болж манай байрууд нийтийн эзэмшлийн талбай, машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүн явах зам, талбай, газаргүй болсон тул оршин суугчид гомдолтой байна хэмээн тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Н-д Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд орших 200 мкв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлснийг баталгаажуулсан байх ба ийнхүү дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг баталгаажуулсан байхад Ж.Н-д шинээр газар эзэмшүүлсэн мэтээр хариуцагч нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс ... Энэ газарт барилга баривал барилга хоорондын зай зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болж барилгын норм, дүрэм зөрчигдөхөөс гадна 37 дугаар байрны суурьт нөлөөлж суулт, цууралт, хазайлт үүсэх, бат бөх байдлыг алдагдуулан өндөр эрсдэлтэй, мөн 36а, 36б байрны оршин суугчдын нарыг халхлах, хүүхдийн тоглоом, явган хүний зам, машин тавих зай талбайг багасгах зэрэг сөрөг нөлөөтэй. Нөгөө талаар Ж.Н-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 6 дугаар хороо, кадастрын зураг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем 25 дугаар хороо, хөрсний дүгнэлт 12 дугаар хороогоор гарсан зэрэг баримт бичгийн зөрчилтэй ... гэх үндэслэлээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүсчээ.
Гэтэл гуравдагч этгээд өөрийн эзэмшлийн 200 мкв газрын 130 мкв буюу 70 хувьд нь барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан, түүнчлэн эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг зохих журмын дагуу авсан, хуульд заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангасан, нөгөөтэйгүүр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах үед тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдаас санал, зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй байсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тодруулбал, маргаан бүхий барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж; 10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж. 10.2.Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заасны дагуу олгогдсон, барилгын ажлыг хуульд заасан шаардлагыг хангаж үргэлжлүүлэх боломжтой нь холбогдох дүгнэлт, албан бичгээр тогтоогдсон байна.
Иймд хариуцагч нарын Г СӨХ нь 3 орон сууцны газар ашиглах эрхтэй байгаа. Газар давхацсан асуудал байхгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн кадастрын зургаар тухайн байрны оршин суугчдын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, барилга баригдсанаар нарны тусгал хаасан зүйл байхгүй. Гуравдагч этгээдээс Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахад бүрдүүлэх материалыг бүрэн хангасан байсан тул Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс зөвшөөрлийг олгосон гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ