| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00320/И |
| Дугаар | 135/ШШ2018/00795 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2018/00795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00320/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум ******* баг, ******* хороолол******* төв ******* тоотод байрлалтай ******* ХХК-ийн хүсэлттэй,
Төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, татан буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай компани Дархан-Уул аймагт интернетийн үйлчилгээ эрхлэн явуулах, өндөр үр ашигтай ажиллуулах тодорхой зорилттойгоор 2009 онд 3 гишүүнтэй үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2010.06.18-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг авч ******* улсын 3 дахь тусгай зөвшөөрөл/ уг зөвшөөрлийнхөө дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернет ашиглан дамжуулах үйлчилгээ /ай пи тв/ явуулах эрхийг албан ёсоор авч, хууль ёсоор Ай Пи Тв үйлчилгээ эрхэлж, 10.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Дархан-Уул аймагт ай пи тв тавих судалгааны ажил явуулж төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Энэ хугацаанд буюу 11 сарын 01-нээс 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ******* улс даяар худаг сувагчлалаар шилэн кабел татах эрхийг хаадаг учраас манай компани тухайн үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэтэл энэ хугацаанд буюу 2014 оны эхээр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй ******* ХХК Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээ эхлүүлж, зах зээл дээрх монополь байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсний улмаас манай компаний хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжих боломжгүй болж дампуурах байдалд хүрсэн. Компанийхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагууд болох Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Авилгатай тэмцэх газар, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Захиргааны хэргийн бүх шатны шүүх зэрэг явж болох бүх л газарт хандаж гомдол, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гарган 2 жил гарангийн хугацаанд явсан боловч манай компанид илт хохиролтойгоор шударга бус хандан гомдол, хэрэг маргааныг шийдвэрлэж байснаас үйл ажиллагаа маань сэргэх, хэвийн явуулах ямар ч боломжгүй бодитоор дампуурлын байдалд хүрсэн. Ингээд 2013 оноос хойш манай компани интернетийн үйлчилгээний чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч, их хэмжээний өр төлбөрт орж, өр барагдуулах санхүүгийн ямар ч эх үүсвэргүй, компани өөрийн гэх хөрөнгөгүй болсон. /2013 онд компаний үйл ажиллагааны чиглэлийг газар тариалан, гадаад дотоод худалдаа,барилгыг дуусгах шатны ажил эрхлэх, гадаад хэлний орчуулга, авто засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмж бүртгүүлсэн боловч эдгээр чиглэлүүдээр үйл ажиллагаа огт явуулаагүй, ашиг орлого олсон зүйл байхгүй./
Энэ бүх хугацаанд компаний маань хувьцаа эзэмшигч 2 гишүүн хасагдаж, одоогийн байдлаар Захирал ******* миний бие 100 хувийн хувьцаа эзэмшиж, ганц гишүүнтэй байна.
Миний бие ******* нь интернетийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор нийт 100.000.000 гаран сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, үнэлгээний компаниар үнэлүүлсэн байгаа. Одоо энэ хөрөнгүүд нь элэгдэл хорогдлоор үнэгүйдсэн. Мөн ихэнхи тоног төхөөрөмжүүд орон сууцнуудын дээвэр дээр суурилагдаж, уг төхөөрөмжүүдийг буцаан авах боломжгүй байдаг учраас тэндээ үлдэж элэгдэж, одоо дахин ашиглах ямар ч боломжгүй болсон байгаа.
Компани нь одоо ямар ч хөрөнгөгүй, үүсгэн байгуулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулах боломж байхгүй, манай компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй, компаний тусгай зөвшөөрөлийн хугацаа дууссан болно.
******* ХХК-ий өр төлбөрийн тухайд:
1. Монголын татварын албаны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан ******* дугаар актаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 2012.01.01-2016.12.31-нийг хүртэлх хугацаанд 11.887.418,2 төгрөгийн өр,
- 2015 оны Хувь хүний орлогын албан татварын тайлантай холбоотойгоор 374.800,7 төгрөгийн өр,
- 2016 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлантай холбоотойгоор 2.381.098,8 төгрөг,
- 2016 онд Нэмэгдсэн өртөгийн албан татвартай холбоотойгоор 198.001,1 төгрөгийн төлбөр,
3. Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3.538.939 төгрөг, түүний алданги 1.769.469 төгрөг, нийт 5.308.408 төгрөгийн өр, /2018.01.02-ны өдрийн ******* дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан/,
4. Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр ******* ******* ХХК-нд 19.103.376 төгрөгний өр,
5. Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.17-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.12.22-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор *******-иас 115.340.051 төгрөг 61 мөнгийг гаргуулж ******* ******* ХХК-нд олгохоор тус тус шийдвэрлэсэн.Компани нэгэнт өөрийн хөрөнгөгүй болсон, үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс ашиг олоогүй өнөөдрийг хүрсэн тул дээрх өрийг төлөх ямар ч боломжгүй байна.Иймд дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, улмаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т зааснаар татан булгаж өгнө үү. гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
******* ХХК нь 2 гишүүнтэйгээр 20,350.0 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдаж, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ******* захирлаар томилогдож гэрчилгээнд бичилт хийгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хувь нийлүүлэгчээс 1 хасагдаж, 1 үүсгэн байгуулагчтай болж өөрчлөлт орсон байна.
******* ХХК-ны хүсэлтийг шүүх хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, нийтэд мэдээлэхээр өдрийн сонинд хүргүүлэхэд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний дугаарт ******* ХХК татан буугдав гэсэн агуулгаар хэвлүүлсэн байх тул тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 226 дугаартай албан бичигт ******* ХХК-ыг шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг хийх товыг мэдэгдэж, нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор ******* ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ ирүүлэхийг мэдэгдэж, нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор хариуцагчтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг тайлбарласэн зарлалыг дахин байршуулахыг даалгаж хүргүүлсэн байна.
Дээрхи албан бичигт заасны дагуу Өдрийн сонины 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаарт Зарлал хэлбэрээр байршуулсан байна.
Шүүх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай захирамжаар ******* ХХК-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, дампуурлын тухай хуульд заасны дагуу дүгнэлт гарган танилцуулахыг даалгасан байна.
Түр хэрэг гүйцэтгэгч ******* ХХК-ны дүгнэлтэд ******* ХХК-ыг төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг ******* ХХК-ны интернетийн урсгал нийлүүлэгч гэрээт компани нь төлбөр төлөөгүйгээс урсгалаа зогсоосон тул өөрийн харилцагч хувь хүн, ААН-дэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон, мөн төсвийн болон бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан ба дээрх үйл ажиллагааны доголдлын улмаас гэрээнүүдийг сунгаж чадаагүй, *******, *******, , зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөн орлого олоход хүндрэлтэй болсон, дотоод техникийн боломж чадвар буурч тоног төхөөрөмжийн элэгдэлд орж санхүүгийн хүндрэлийн улмаас шинэчилж чадаагүй тул эдийн засгийн хоцрогдолд орсон гэж дүгнэсэн ба дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд ******* дугаар актаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 2012.01.01-2016.12.31-нийг хүртэлх хугацаанд 11.887.418,2 төгрөгийн өр, 2017.06.16-ны өдрийн ******* дугаартай Татварын улсын байцаагчийн актаар 572.801,8 төгрөгийн өр, 2015 оны Хувь хүний орлогын албан татварын тайлантай холбоотойгоор 374.800,7 төгрөгийн өр, 2016 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлантай холбоотойгоор 2.381.098,8 төгрөг, 2016 онд Нэмэгдсэн өртөгийн албан татвартай холбоотойгоор 198.001,1 төгрөгийн төлбөр, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3.538.939 төгрөг, түүний алданги 1.769.469 төгрөг, нийт 5.308.408 төгрөгийн өр, /2018.01.02-ны өдрийн ******* дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан/, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр ******* ******* ХХК-нд 19.103.376 төгрөгний өр, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.17-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.12.22-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор ******* ХХК-иас 115.340.051 төгрөг 61 мөнгийг гаргуулж ******* ******* ХХК-нд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
******* ХХК нь дээр дурьдсан татварын улсын байцаагчийн актыг хүлээн авсан боловч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байна.
Дампуурлын тухай хуулийн дагуу шүүхээс тогтоосон хугацаанд харилцагчдаас ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу ******* ХХК-ыг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д зааснаар ******* ХХК-ыг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА