2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04965

 

 

 

 

 

 

 

 

     2025            06             09                                          192/ШШ2025/04965

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, */-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, */-д холбогдох

 Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 87,232,688 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 21 нэр төрлийн 190 ширхэг 14,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *" ХХК нь Улаанбаатар хотын Төв Цэвэрлэх Байгууламжийг шинээр барих төсөл"-ийн Е,С тунгаагуурын ажлыг гүйцэтгүүлэхээр "*" ХХК-тай 2021 оны 08 сарын 06-ны өдөр * дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу "*" ХХК нь хоёрдогч тунгаагуур, хуваарилах байгууламж, насос станцын барилгын ажлыг 1м2 нь 125,000 төгрөг буюу нийт 4132м² талбайд 516,500,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10% болох 51,650,000 төгрөг, явцын төлбөрт 102,350,000 төгрөг нийт 154,000,000 төгрөгийг авсан.

Гэвч гүйцэтгэгч * ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад Е тунгаагуурын суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татсан тул түүнийг технологийн шаардлагад нийцүүлэн богиносгож засахдаа алдаа гаргасны улмаас бүх муфтийг дахиж ашиглах боломжгүй болж, улмаар арматур мурийж дээрх ажлуудыг дахин шинээр хийх шаардлагатай болсон. Мөн Е,С суурийн бэлтгэл бетоны өндөржилтийн түвшинг зөрүүтэй цутгаж, С суурийн бэлтгэл бетон хайрагдсан тул итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх шаардлагатай болсон.

Манай байгууллагын зүгээс эдгээр буруу гүйцэтгэсэн ажлуудыг түргэн шуурхай засаж янзлахыг "*" ХХК-иас удаа дараа шаардахад 2022 оны 04 сарын 04-ний өдрийн *дугаар албан бичгээр "... Гэрээт ажлыг гүйцэтгэхэд ур чадвар, туршлага хүрэлцэхгүй, цаг хугацаанд нь технологийн шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэлтэй ажиллаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, талуудын хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах" тухай албан бичгийг бидэнд ирүүлэн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалж, ажлын талбайг орхиж явсан.

* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т "Гүйцэтгэгч нь ажлыг энэ гэрээнд заасны дагуу зохих ёсоор, хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч нь талбайд төсөл дуустал 2 инженер ажиллуулна. Талбайд байнгын 30 хүн ажиллуулна", мөн 3.5-т "...Хэрэв дээр дурдсан хугацаанд ямар нэг эвдрэл, алдагдал гарвал Гүйцэтгэгч тэдгээрийг Гэрээнд заасан шаардлагад бүрэн нийцэх хүртэл засах ажлыг хариуцна" гэж заасныг тус тус зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын үр дүнг хангалтгүй гүйцэтгэсэн.

Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор *ХХК-ийн илүү төлсөн ажлын хөлс болох 51,650,000 төгрөгийг "*" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нямгэрэл шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлагадаа: Хариуцагч * ХХК нь гэрээт ажлыг чанаргүй гүйцэтгэн орхиж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс шалтгаалан нэхэмжлэгч "*" ХХК-д цаг хугацаа, хөрөнгө мөнгө, бараа материал, санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учирсан.

Иймд нэхэмжлэгч "*" ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотой өөрт учирсан хохирлоо барагдуулахаар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнд:

 1. Хариуцагч “*” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Е, С тунгаагуурыг холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн бүрэн хийж дуусгах ёстой байсан боловч уг хоёр тунгаагуурын зөвхөн худаг цутгах, ул бетон цутгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Ийнхүү ул бетон цутгах ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч “*” ХХК нь Е, С тунгаагуурын суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татаж, түүнийгээ засахдаа алдаа гаргасны улмаас бүх муфтийг дахин ашиглах боломжгүй болгож, улмаар барилгын ажилд ашиглаж байсан арматурууд мурийж мөн адил дахин ашиглах боломжгүй болгосон. Энэ нь талуудын хооронд үйлдсэн 2022.04.02-ны өдрийн “Ажлын гүйцэтгэх явцын шалгалтын акт"-аар тогтоогддог. Уг "Ажлын гүйцэтгэх явцын шалгалтын акт"-ын дагуу манай компанид дараах 3 төрлийн бараа материалын зардал нийт 8,937,000 төгрөгийн хохирол учирсан.

Тодруулбал Арматур боох нарийн төмөр утас буюу чансааг тухайн үед 10кг-ийг нь 44,000 төгрөгөөр, /НӨАТ орсон үнэ/ худалдан авч байсан ба бид хариуцагчаас НӨАТ тооцоогүй 4,000 төгрөгөөр бодож хохирлоо нэхэмжилж байна.

Мөн манай компанийн хийж гүйцэтгэж байгаа "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төсөл нь бүхэлдээ БНХАУ-ын барилгын норм, стандартаар хийгдэж байгаа бөгөөд барилгын гол материалуудыг Ерөнхий гүйцэтгэгч тал БНХАУ-аас Мөнх дөл ХХК-ийн барилгын талбайд хэрэглэж байсан арматур нь 018 хэмжээтэй, 12 метр урттай арматур байсан ба нийт 1608 ширхэг 12 метр урттай арматурыг хариуцагч "*" ХХК нь тухайн хийцлэлд дахин ашиглах боломжгүй болгосон.

Бид хохирлыг багасгахын тулд өөрийн боломжоор өөр хийцлэлд дахин ашиглах зэргээр шингээн ашигласан боловч мурийж тахийсан, хэмжээндээ хүрэхгүй болсон шалтгаанаар 2,49 тонн арматурын хаягдал гарч, түүнийг Ерөнхий гүйцэтгэгч Хятад компани талд буцаан өгч, үнийн дүнг өөрсдийн гүйцэтгэлийн хөлснөөс суутгуулсан.

Харин арматур залгах холбоос буюу муфтийг Ерөнхий гүйцэтгэгч талаас дахин бидэнд олгоогүй бөгөөд олдоц муутай уг материалыг бид ширхэг бүрийг нь 3000 төгрөгөөр үнэлэн хувь хүнээс худалдан авсан.

2. Мөн 2023 оны 09 сард Е. С тунгаагуурыг усаар дүүргэж шалгахад хариуцагч "*" ХХК-ийн гүйцэтгэсэн нь газар доорх худагнаас ус алдаж байгааг тогтоосон ба уг гэмтлийг холбогдох стандартад нийцүүлэн яаралтай засварлахгүй бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл хариуцагч "*" ХХК нь гэрээт ажлыг чанаргүй, алдаатай гүйцэтгэснээс шалтгаалж дээрх 2 тунгаагуурын газар доорх худагт үүссэн гэмтлийг засварлах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Тус гэмтлийг хүйтний улиралд засварлах боломжгүй бөгөөд дулааны улиралд буюу 2024 оны зун засварлах боломжтой болно. Нэхэмжлэгч "*" ХХК-ийн зүгээс дээрх гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулахад нийт 26,645,688 төгрөгийн зардал гарах тооцоо байна.

Иймд хариуцагч “*” ХХК нь гэрээт ажлыг чанаргүй гүйцэтгэн орхиж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс шалтгаалан нэхэмжлэгч “*" ХХК-д бараа материал, үүссэн гэмтлийг засварлах зардал зэрэг нийт 35,582,688 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.3-т заасны дагуу хариуцагч “*" ХХК-иас өөрт учирсан хохирлуудыг арилгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор "*" ХХК-ийн илүү төлсөн ажлын хөлс 51,650,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гүйцэтгэснээс учирсан хохиролд 35,582,688 төгрөг, нийт 87,232,688 төгрөгийг хариуцагч “*" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор *ХХК-ийн илүү төлсөн ажлын хөлс болох 51,650,000 төгрөгийг * ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2024 оны 02 сарын 26-ны өдөр бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээ цуцалсантай холбоотой хохирол, нийт бараа материалын үнэд 8,934,000 төгрөг, доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг засварлахад гарсан зардал 26,664,688 төгрөг нийт 87,232,688 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж оролцож байна.

Доголдолтой гүйцэтгэсэн ажлын үр дүнг засуулахад гуравдагч этгээд буюу Мандала ресиденс ХХК-тай гэрээ байгуулаад 26,000,000 орчим төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн байдаг. Ер нь хариуцагч алдаатай үр дүн буюу буруу гүйцэтгэснээ ерөнхийдөө өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Түүнтэй холбоотойгоор гэрээ цуцлах саналаа гаргасан байдаг. Хэрвээ тухайн саналтай нь холбоотойгоор алдаатай гүйцэтгэсэн доголдолтой үр дүнг засуулсныг нь нотлогдохгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрсдөө алдаатай гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн манайхаас удаа дараа албан бичгүүдээр танайхаас доголдолтой гүйцэтгэлтэй үр дүнг гэрээнд заасныхаа дагуу засварлаж өгөөч гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан байдаг. Мөн хугацаандаа буюу 2023 оны 05 сард шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан байдаг. Тийм учраас хуульд заасан хөөн хэлэлцэх дуусаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг * ХХК-ийн 21 нэр төрлийн бараа материалыг үндэслэлгүйгээр барьцаалж саатуулсан зүйл огт байхгүй. Учир нь * ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэж чадахгүй тул ажлыг хаяж явсан бөгөөд нийтдээ ажлын талбай дээр өөрсдийн хоёр ширхэг контейнерийг орхиод явсан байдаг. Уг контейнерт нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг 21 нэр төрлийн 190 ширхэг нийт 49,810,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа эсэхийг бидний зүгээс мэдэх боломжгүй байсан. Мөн гэрээт ажлыг гүйцэтгэх ажлын талбайд орж гарах, талбайгаас бараа материал эд зүйл гаргах асуудлыг *ХХК өөрөө шийдвэрлэдэггүй. Уг талбай нь ерөнхий захиалагч буюу хятад компанийн эзэмшлийн газар бөгөөд төслийн талбайд орох гарах, бараа материал оруулах, гарах асуудлуудыг захиалагч компани шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл хариуцагч * ХХК нь гэрээт ажлыг ажлын талбайд 2 контейнерийг орхиод явсан болохоос биш уг контейнерийг *ХХК барьцаалж хүчээр авч үлдсэн зүйл огт байхгүй. Мөн дээрх контейнерийн ажлын талбайгаас гаргах эрх нь *ХХК-д байхгүй байгаа. Бидний зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ажлуудаар гэрээт ажлын талбайд очин шалгахад * ХХК-ийн  хоёр ширхэг контейнер болон эд хөрөнгүүдийг өөрийн туслан гүйцэтгэгч компани болох * ХХК-д ашиглуулахаар үлдээсэн байсан. Тухайн компани нь тухайн хөрөнгүүдийг түр үлдээгээд явсан гэх хариултыг туслан гүйцэтгэгч компаниас нь өгөөд байсан. * ХХК-ийн захирал Баттөр нь манай компанид урьдчилгаа төлбөр буюу нэхэмжлэлд дурдсан 51,650,000 төгрөгийн оронд 2 контейнерийг бартераар аваач гэх саналыг манай талд хэлсэн. Бидний зүгээс төлсөн урьдчилгаа ажлын хөлсөө бэлэн мөнгөөр авахаа илэрхийлж уг саналаас татгалзаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл * ХХК нь өөрийн өмч хөрөнгөө бусдад ашиглуулж байгаа учраас гэрээт ажлын талбайгаас контейнероо буцааж авах хүртлээ манай компаниас шалтгаалсан бодит нөхцөл байдлыг гуйвуулах буюу хүчээр барьцаалж үлдсэн мэтээр сөрөг нэхэмжлэл шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч компани 2 контейнероо аваад явсан. Тухайн контейнер нь дотор нь юм байсан уу? хоосон байсан уу? гэдгийг мэдэх боломж байгаагүй. Тус 2 контейнерийг авч явахдаа манай компанитай тохиролцохгүйгээр захиалагч компани болох хятад компанитай тохиролцоод ажлын талбайгаас аваад явсан байсан. Тухайн үед яг дотор нь байсан эсэхийг ч манайхаас мэдэхгүй, анх үлдээх нь үлдээгээд орхиод явахад нь контейнер дотор тухайн бараа материалууд нь үлдсэн эсэхийг ч манайхаас мэдэхгүй байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлээрээ манайхаас авч үлдээгүй байсан эсэх нь тодорхойгүй нэр бүхий 19 нэр төрлийн барааг шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2022 оны 08 сарын 06-ны өдөр * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний явсан ажлын хөлсийг гэрээнд заасан ажилд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс их буюу илүү төлбөр шилжүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

*ХХК болон * ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлыг хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний доголдол гарсан. Мөн ажлыг бүрэн хийж гүйцэтгэхэд нарийн мэргэжил ур чадвар бол хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар хариуцагч * ХХК-ийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдэлд ажлыг гүйцэтгэгч компани хариуцлагатай хүлээлгэн өгөхөө мэдэгдэж байна гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүргүүлээд 2022 оны 04 сарын 02-ны акт үйлдсэн байдаг. Акт үйлдэхэд чансаа 474 килограмм, муфт 800 ширхэг, зэрэг зүйл дутсан гэдэгт хариуцагч тал маргахгүй акт үйлдээд гарын үсэг зурчихсан. Ажил гүйцэтгэж байсан морин таслагч, ризва матагч гэдэг багаж зэрэг 10,000,000 орчим төгрөгийн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгсөн.

Бид ажлаа хүлээлгэж өгөөд тус ажил дууссан. Тийм учраас ямарваа нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 51,650,000 төгрөгийг буцаан шаардсан. Гэрээ цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрөө 10 хувиар буцааж өгнө гэдэг зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаар дурдагдаад байгаа 51,650,000 төгрөг нь ажлыг хийхэд гарсан бүх санхүүгийн зардал авсан мөнгөнөөсөө өөрөө даваад явчихсан байгаа юм. Энэ нь бид нарын гаргаж өгсөн ХААН банкны тоон гарын үсэгтэй баримтуудаар тогтоогдоно. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд нэхэмжлэгч талаас авсан мөнгөнөөсөө 20-30 сая төгрөгийн илүү үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан. Энэ ажлыг хийхэд бидний мэргэжил ур чадвар хүрэхгүй байгаа учраас гэрээгээ цуцлаад ажлаас гаръя гэдэг санал тавьсан учраас үүнтэй холбоотой асуудал дээр маргаан үүссэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг төлөх ойлголт яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгч тал маань бусдаас гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсөнд 26,000,000 орчим төгрөг гаргуулах шаардлагаар нэмэгдүүлсэн. 1 байгууллагатай гэрээ байгуулсан байгаа боловч яг ямар ажил гүйцэтгүүлсэн, ажлын үр дүн нь юу байсан, хэдэн төгрөгийн санхүүгийн зардал гаргаад өгчихсөн гэдэг нь тодорхойгүй зүгээр л нэг гэрээ байгуулаад явчихсан асуудал байгаад байгаа юм. Байгууллагад хүлээлгэж өгсөн ажил дээр доголдол гарсан зүйл байхгүй.

Бид нар тухайн үедээ хүлээлгэж өгөөд явсан. Энэнтэй холбоотой доголдлын шаардлага гаргаж байгаа бол хуульд заасан хугацааны дотор буюу гэрээ цуцалснаас хойш ажлыг хүлээж авсан энэ үеэс эхлээд гэрээ болон хуульд заасан тусгай журмаар буюу 6 сарын дотор асуудал яригдахгүй ёстой байсан ч ийм асуудал яригдаагүй. Энэнтэй холбоотой асуудал нь баримтаар нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид нарын хүлээн зөвшөөрч байгаа доголдлын хэмжээ, зөвшөөрөхгүй байгаа доголдлын хэмжээ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн акт байдаг. Тус акт нь хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан байдаг. Уг акт нь ямар доголдол гарсан юм бэ гэдгийг тодорхойлж байгаа юм. Үүнд суурийн арматурын резва нь заагдсан хэмжээнээс урт татсан, үүний улмаас муфьт татсаны дараа технологийн шаардлагын дагуу резва нь муфьтээс 1-2 хэрчлээс цухуйх байсан боловч илүү урт цухуйж гарсан. Ерөнхий гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу муфтын резваг богиносгож засахдаа мөн 1 талын резваг тайрч нөгөө талыг урт хэвээр үлдээсэн. Резваг дахин гүйцэтгэхдээ тултал нь чангалж муфтыг эвдэн эсрэг арматурын резваг үзүүрээс нь их хэмжээгээр тайрч муфьт нь хоёроос гуравхан резвагоор орж мөчид чангалсан гээд энэ доголдол гэж яриад байгаа асуудал маань өөрөө энэ дээр өөрөө маш тодорхой тусгагдсан юм. Чансаа 174 килограмм. Чансаа гэдэг нь арматурыг зангиддаг нарийхан төмөр утас байгаа юм. Муфьт нь арматурыг хооронд нь холбодог зүйл байгаа юм. Доголдолтой гэдэг нь урт богино резва татсан гэдэг асуудалд 8,000,000 төгрөгийг зардал гараад  үүнийгээ албан бичгээр манай зүгээс танайд энийг төлчихсөн гээд бичээд өгчихсөн ийм нөхцөл байдал байгаа юм. Доголдлыг 26,000,000 орчим төгрөгөөр ажил гүйцэтгүүлсэн гэж байгааг доголдолтой холбож тайлбарлах боломжгүй зүйл юм. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар 26,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлээд байгаа асуудал маань хариуцагч * ХХК-ийн хийж гүйцэтгээд цутгаад орхичихсон байгаа дээр бетоноос ус шүүрсэн гэдэг асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш чансаа, арматур урт богино матсан гэдэг асуудал нь тусдаа асуудал юм. Тийм учраас доголдлыг хүлээн зөвшөөрсөн хэсэгтэй холбоотой ийм доголдол байна гээд хүлээн зөвшөөрөнгүүт үүн дээр нь анхаарал хандуулаад бусад асуудлыг нь нэхэмжилнэ гэдэг нь байж боломгүй зүйл.

Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа бусдаар нэмэлтээр ажил гүйцэтгэх хөлстэй холбоотой асуудлыг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хавтаст хэргийн 15 дугаар талд байгаа акт үйлдсэнтэй холбоотой асуудлыг бид бүхэн доголдол гарсныг хүлээн зөвшөөрвөл төлбөрийг нь эд хөрөнгөөр төлөөд хүлээлгээд өгчихсөн учраас энэ төлбөрийг нь бид бүхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид бүхэн авсан мөнгөнөөсөө илүү мөнгийг зарцуулаад дуусчихсан. Нэгэнт бид нар урьдчилгаа авсан төлбөртэй холбоотой асуудал дээр талууд тохиролцоод гэрээг цуцалсан. Тэрнээс биш талууд ямар нэгэн байдлаар гэрээнээс татгалзсан зүйл огт байхгүй. Тийм учраас урьдчилгаа мөнгийг буцааж өгөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: * ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 06- ний өдрийн ТГ021/01 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-г *ХХК-тай байгуулсан. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын талбайд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 21 нэр төрлийн 190 ширхэг нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авч очин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн билээ.

Гэвч ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир *ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/20 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг *ХХК-д бүрэн хүлээлгэж өгсөн. Мөн тус компанийн тавьсан торгууль болох 8,973,000 төгрөгийн торгуулийг бүрэн төлсөн билээ.

Гэтэл *ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн * дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын талбайд авч очсон * ХХК-ийн компанийн ажилчид байрлах, ажлын багаж хэрэгсэл хадгалах гэр болон контейнер, ажлын багаж зэргийг үндэслэлгүйгээр барьцаалж өнөөдрийг хүртэл саатуулж байгаа нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь аливаа хүн, хуулийн этгээд өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй. Гэвч *ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж *ХХК-аас хууль бусаар барьцаалсан 21 нэр төрлийн 190 ширхэг нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий дээрх хүснэгтэд дурдсан эд хөрөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 контейнерийг хүлээж авсан зүйл байдаг. Үлдсэн тоног төхөөрөмжүүд бүгд алга болсон байсан. Тийм учраас манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14,810,000 төгрөгийг нэхэмжлээд үлдэх 35,000,000 төгрөгөөс татгалзаж байгаа юм. 14,810,000 төгрөгт нь таван ханатай монгол гэр, суурийн тасдагч, арматур тасдагч, хов матагч, морин тасдагч, арматур матагч, муфьт, кабел зэрэг нийт 14,810,000 төгрөгийн үнийн дүнтэй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Ажил гүйцэтгэх явцад манай зүгээс гэрээ цуцлах санал гаргаад ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч энэ тоног төхөөрөмжүүдийг манайд хүлээлгэж өгөөгүй. Барьцаа хэлбэрээр аваад явчихсан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгүүдийг зөвшөөрөөд очоод авах гэтэл 2 хоосон контейнерээс өөр авсан зүйл байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага 14,810,000 төгрөг гэж байгаа.

Ажил гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн ажлын талбай дотор бид өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг байрлуулаад ажлыг гүйцэтгэж байгаа. Үндсэн захиалагч маань үүнийг гаргах гаргахгүй асуудлыг яриад байгаа боловч * ХХК нь хэний өмнө үүрэг хүлээж, хэнтэй гэрээ байгуулж ажил хийж байгаа вэ гэхээр нэхэмжлэгчтэй л гэрээ байгуулж байгаа юм. Үндсэн захиалагчийн асуудлыг бид мэдэхгүй. *ХХК-ийн зөвшөөрлөөр багаж хэрэгслүүдийг ажил гүйцэтгүүлж байгаа хашаа руу оруулж байгаа юм. *ХХК-ийн зөвшөөрлөөр л тухайн эд хөрөнгүүд гарна. Тэрнээс биш гэрээний оролцогч бус этгээдийн зөвшөөрлөөр гарах гарахгүй асуудал байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна. Тухайн үед эдгээр тоног тоног төхөөрөмж юмнуудыг бүгдийг нь ашиглаад аваад явъя гэдэг асуудал яриад үндсэн нэхэмжлэлд тусгагдаад байгаа 8,000,000 орчим төгрөгийн үнийн дүнтэй хохиролд хүлээлгэж өгсөн эд хөрөнгөөс бусад эд хөрөнгүүдээ аваад явъя гэхэд хүлээлгэж өгөөгүй. Тийм учраас тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтыг нэхэмжлэгч компани хариуцах ёстой. Дараа нь бид бүхэн 2 хоосон контейнероо аваад явсан. Тухайн контейнерт байсан эд хөрөнгүүд байхгүй болчихсон асуудал байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага 14,810,000 төгрөгийг дэмжиж оролцож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 контейнерийн үнэ болох 35,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа юм гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

 Нэхэмжлэгчээс төлбөрийн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөл, ажил гүйцэтгэх явцын шалгалтын акт, * ХХК-ийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, * ХХК-д хүргүүлсэн нэхэмжлэх, *ын депозит дансны хуулга, итгэмжлэл, итгэмжлэл, Улаанбаатар төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл Е болон С тунгаагуур барих ажлын гүйцэтгэлд *ХХК-иас * ХХК-ийн хаан банкны 5070359380 тоот данс руу олгосон ажлын урьдчилгаа төлбөр, Хас банк ХК-ийн тодорхойлолт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,  өөрчилсөн шаардлага, фото зураг, зарлагын баримт төлбөрийн баримт, СТС инженеринг групп ХХК-ийн зарлагын баримт, * ХХК-иас *ХХК-иад хүргүүлсэн үнийн санал өгөх тухай албан бичиг, ХАБЭА-н нөхцөлийг ханган ажиллахад талууд хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээ, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн хоёрдогч тунгаагуур Е,С тунгаагуурын 1,2,3-р худаг голын цилиндрийн 1-р үе, суурийн ул бетон цутгасан ажлын нэгдсэн төсөв,  Хятадын төмөр замын 4-р товчоо Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, *гийн шилжүүлгийн мэдээлэл, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн хоёрдогч тунгаагуур Е, С тунгаагуурын худаг 1,2,3, голын цилиндрийн 1-р үе, суурийн ул бетонд цутгасан материалын үнийн нэгдсэн төсөв, 21/49 дугаар "Барилгын хэв хашмал түрээслүүлэх гэрээ”, "Хэмжилтийн ажил гүйцэтгэх гэрээ", Хас банкны 89/738 дугаар төлбөр шилжүүлсэн гүйлгээний лавлагаа, "*" ХХК-ийн материал худалдсан авсан баримт, "*" ХХК-ийн төв цэвэрлэх байгууламж, төсөлд худалдан авсан бараа материалын жагсаалт, төлбөр төлсөн баримтууд, итгэмжлэл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, хоёрдогч тунгаагуурын барилгын ажлын туслан гүйцэтгэх хэлэлцээр зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас итгэмжлэл, итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, 22-н ажил дээр байгаа үндсэн хөрөнгө, бараа материалын жагсаалт, *ХХК-д хүсэлт хүргүүлсэн албан бичиг, *ХХК-д хүргүүлсэн нэхэмжлэхийн хариу, кассын тайлан 2021, 2022 он, *ХХК гэрээт ажлын тооцоо 2021-2022 он 22-н ажлын тооцоо,  үндсэн хөрөнгийн тайлан, бараа материалын тайлан, * ХХК-ийн 2022 оны 4-р улирлын санхүүгийн тайлан, бодит байдлын тухай мэдэгдэл, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тухай тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Шүүхээс Сиди-д үзлэг, шүүх хуралдааны шатанд гэрчээр У.Хүрэлбаатар, *, Ц.Даваахүү нарыг асууж мэдүүлэг авсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 87,232,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч * ХХК нь *ХХК-д холбогдуулан 21 нэр төрлийн 190 ширхэг 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлээр шаардсан эд хөрөнгөөс 2ш контейнерийг буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж таван ханатай монгол гэр, суурийн тасдагч, арматур тасдагч, хов матагч, морин тасдагч, арматур матагч, муфьт, кабел зэрэг нийт 19 төрлийн  14,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар шаардлагаа өөрчилж багасгасан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

*ХХК болон * ХХК нарын хооронд 2021 оны 08 сарын 06-ны өдөр * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хотын Төв Цэвэрлэх Байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд Хоёрдогч тунгаагуур, хувиарлах байгууламж, насос станцын барилгын ажлыг 1м2 нь 125,000 төгрөг буюу нийт 4132 м² талбайд 516,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, дээрх ажлыг 2021 оны 10 сарын 15-ны өдөр 1 ширхэг тунгаагуурыг дуусгаж, 2022 оны 8 сарын 01-нд үлдсэн 3 ширхэг тунгаагуур, 1 ширхэг хувиарлах байгууламжийн салбар шугам сүлжээний цутгалтын ажлыг бүрэн дуусгах, төлбөрийг урьдчилгаа 1 тунгаагуурын 10 хувийг олгож, сар бүр гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар маргадаггүй.  Улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч *ХХК нь урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10% болох 51,650,000 төгрөгийг хариуцагч * ХХК-д төлж, ажлыг хийж явцад гүйцэтгэлээр тооцон 102,350,000 төгрөг нийт 154,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу дээрх  мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад явцын шалгалтаар гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэж буй Е тунгаагуурын суурийн арматурчиллын ажлыг хийж гүйцэтгэх явцад технологийн алдаа гаргасан болохыг талуудын ажил хариуцсан инженерүүд тогтоон акт үйлдэж гарын үсэг зурсан байна. Уг актаар  хариуцагч * ХХК нь суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татаж алдаа гаргаж, түнийгээ технологийн шаардлагад нийцүүлэн богиносгож засахдаа дахин алдаа гаргаж бүх муфтийг дахиж ашиглах боломжгүй болгосон, улмаар арматур мурийж дээрх ажлуудыг дахин шинээр хийх шаардлагатай болж, чансаа 174 кг, муфьт 800 ш, арматурын хорогдол гаргасан болохыг актаар баталгаажуулсан байна.

Улмаар хариуцагч * ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой ажлыг эхлүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас буюу “уг ажлыг хийж гүйцэтгэхэд компанийн туршлага, ур чадвар хүрэлцэхгүй, чанарын шаардлагад нийцүүлэн ажлыг гүйцэтгэж чадахгүй байна...” гэх үндэслэлээр гэрээ цуцлах саналыг 2022 оны 04 сарын 04-ний өдөр *ХХК-д хүргүүлсэн байна.

Уг гэрээ цуцлах тухай саналыг захиалагч тал буюу *ХХК хүлээн авч, 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай албан бичгээр “...нийт 154,000,000 төгрөгийг санхүүжилтийг олгосон боловч гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэт хийгээгүй, график зөрчиж, чанар стандартад нийцээгүй ажлыг хийж, ажлыг хаяж явсан тул танай гэрээ цуцлах тухай хүсэлтийн дагуу гэрээг цуцалсан. Иймд урьдчилгаа 51,650,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгнө үү...” гэх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Талууд дээрх байдлаар гэрээ цуцлагдсан талаар маргадаггүй. Харин гэрээний дагуу төлсөн төлбөр, бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажил болон, гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол, ажлыг хийж гүйцэтгэх явцад барилгын талбайд ашиглаж байсан тоног төхөөрөмж, эд зүйлстэй холбоотой харилцан маргаж байна.

Нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 51,650,000 төгрөгийг, актаар тогтоогдсон зардал хохиролд тооцон 8,937,000 төгрөгийг, доголдлыг арилгуулж бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 26,645,688 төгрөг, нийт 87,232,688 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч тал ажил гүйцэтгэх явцын шалгалтын актаар тогтоогдсон технологийн алдаатай хийж гүйцэтгэсэн ажлын улмаас нэхэмжлэгчид учирсан бараа материалын зардал хохиролд тооцон нэхэмжилсэн нийт 8,937,000 төгрөгийн зардал хохирлыг төлсөн, ажлын хөлснөөс суутган тооцон, техник төхөөрөмжөөр төлөхөөр тохирч хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргадаг ч энэ талаар гаргаж байгаа хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч арматур уях нарийн төмөр утас буюу чансаа 174 кг-ийг 4,000 төгрөгөөр тооцон нийт 696,000 төгрөг, арматур залгах муфьт 800 ш, 1 бүрийн үнийг 3000 төгрөгөөр тооцон нийт 2,400,000 төгрөг,   арматурын хорогдол 2,49 тн буюу 1 тн 2,354,000 төгрөгөөр тооцон нийт 5,841,000 төгрөг, нийт 8,937,000 төгрөгийн эд зүйлсийг буруу ажлаа хийсний улмаас дахин ашиглах боломжгүй болгож, эвдэж дутагдуулж, нэмэлт зардал гаргасныг шинээр худалдан авсан, мөн захиалагч байгууллагад мөнгийг төлж суутгуулсан гэж тайлбарлан холбогдох баримтуудыг гарган ирүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3-р зүйлийн 3.4-т талууд талбай дээр буусан бүх материал, тоног төхөөрөмж нь захиалагчийн өмчлөлд шилжих бөгөөд түүнийг гүйцэтгэгч хадгалж, хамгаалах, захиалагчийн тоног төхөөрөмж, барилгын материалыг ариг гамтай ашиглах үүрэгтэй бөгөөд үрэгдүүлж гэмтээсэн, алдсан, дутагдуулсан бол үнийг нөхөн төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас дээрх барилгын материалыг үрэгдүүлж, гэмтээж энэ хэмжээгээр нэхэмжлэгчид зардал гаргасан, нэхэмжлэгч дээрх мөнгөн дүнгээр арматур, муфьт, чансаа худалдан авсан, мөнгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зарлагын баримт дээр авагдсан мөнгөн дүн, гүйлгээний талаар хариуцагч татгалзсан тайлбар гаргаагүй тул актаар тогтоогдож хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр гарсан зардлыг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэн энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж .

Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан  ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч гэрээ цуцласан тохиолдолд хийж гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч торгууль шаардаагүй, харин гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 51,650,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талууд гэрээ цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийн буцаан авахаар тохиролцоогүйн дээр гэрээгээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон нь нэхэмжлэгчийг урьдчилгаа төлбөрийг илүү төлсөн гэж үзэхгүй.

Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тогтоох бөгөөд гэрээний 7-р зүйлд энэ талаар харилцан тохиролцож тогтоосон тул  энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангах боломжгүй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч * ХХК-ийн ажил гүйцэтгэх явцад гаргасан дутагдал доголдлыг арилгуулахаар * ХХК-тай 2024 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хоёрдогч тунгаагуурын Е, С тунгаагуурын 2 ширхэг голын цилиндр, 6 ширхэг худагт гадна дотно талаас ус тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож ажлын хөлс 26,645,688 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан холбогдох баримтуудыг ирүүлсэн. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн болохыг үгүйсгэхгүй ч уг хийж гүйцэтгэсэн ажил нь хариуцагч * ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч * ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол, дутагдал байсан талаар гэрч нар мэдүүлэг ч уг доголдол нь арматурын резбаг урт богино татсан, арматур мурийсан, суурийн бэлтгэл бетоны өндөржилтийн төвшинг зөрүүтэй цутгасан зэрэг доголдол байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог бөгөөд дээрх доголдлыг арилгуулж, бусдаар уг ажлыг засварлуулж, гүйцэтгүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 26,645,688 төгрөгт холбогдох шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн хангах боломжгүй байна. Учир нь хариуцагч нь ажил гүйцэтгэх явцад ажлын талбайд ашиглаж байсан Монгол гэрийг бариатай нь үлдээсэн гэж тайлбарлан нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилдэг боловч уг гэр нь хариуцагч талыг гэрээг цуцалж, ажлын талбайг орхин явахад байгаагүй, гуравдагч этгээдийн өмчлөлийн гэр байсан тухай гэрч нар мэдүүлдэг бөгөөд Монгол гэрийн үлдээсэн, нэхэмжлэгч барьцаалж авч үлдсэн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч ажил гүйцэтгэх явцад ашиглаж байсан 21 төрлийн эд хөрөнгө үлдээснээс 2 ш контейнерийг авч явахад Монгол гэр, таслагч, хом матагч, кабель, ажилчдын хоол бэлтгэх зориулалттай гал тогооны хэрэгсэл зэрэг 19 төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилдэг боловч уг эд зүйлс хаана, хэнд хэрхэн үлдээсэн, хэрхэн хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, контейнерт уг эд зүйлсийг оруулж хураан, цоожилсон байсан талаар гэрч нар мэдүүлдэг бөгөөд хариуцагч тал уг 2 контейнерийг ачиж авч явснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага багасгасан, контейнерт ямар эд зүйлс байсныг хэн аль нь мэдэхгүй, хүлээлцсэн баримт байхгүй тул хариуцагчийн 19 төрлийн 188 ширхэг 14,810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,937,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 78,295,688 төгрөгийн  шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,060 /416,200+335,860/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 157,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 407,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч * ХХК-иас 8,937,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,295,688 төгрөгийн  шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,060 /416,200+335,860/ төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 407,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 157,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХКолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН