| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0075/Э/ |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.О,
Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А т холбогдох 1828000000051 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 01-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо ээж, эгч, хүргэн, дүү нарын хамт Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 5-32 тоотод түр оршин суух, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг дүйцүүлэн хасч 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн, Э.А , регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Марал” дэлгүүрийн ойролцоо хохирогч Ц.С гийн эзэмшлийн Samsung note H-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Гандирсын бааранд ороод очсон. Гаднаас 2 хүүхэн орж ирсэн. Нөхөр нь намайг ял эдэлж байхад их тус болж байсан учраас нөхрийг нь хүндэлдэг болохоор эхнэрт нь 2 пиво авч өгсөн. Баар хаагаад гараад эхнэрт нь таксины мөнгө өгсөн. Тэгсэн чинь авахгүй шидээд байсан. Олон залуучууд араас нь дагаад байхаар нь нөхрийг нь бодоод такси бариад харь гэж хэлсэн юм. Нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Би нөхөртэй чинь яръя гээд утсыг нь авах гэхэд цаашаа байж бай гээд байсан. Нөхөртэй чинь яръя гээд утсыг нь авсан. Нөхөр нь залгахаар нь би утсыг нь аваад чи эхнэрээ ирээд ав, энд ингээд явж байна гэж хэлсэн чинь нөхөр нь шүүхийн шийдвэр дээр ээлжтэй байна гэсэн. Тэгээд нөхөрт нь би чамд утсыг нь аваачаад өгье гэсэн чинь тэг гэсэн. Утсыг нь шүүхийн шийдвэр рүү нөхөрт нь өгөх гээд явах гэж байхдаа цагдаад баригдсан. Нөхрийнх нь мэдүүлэг хэрэгт байхгүй байгаад байна гэв.
Хохирогч Ц.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хууль сануулаад 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-5/,
Хохирогч Ц.С гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад би “Зэт” нэртэй баарнаас О.З ын хамтаар гарсан. Би түрүүлээд утсаар нөхөртэйгээ яриад явж байсан. О.З миний ар талд явж байсан. Би таксины зогсоол руу яваад зогсоолын өмнө талд ирээд О.З ыг харагдахгүй байхаар нь түүнийг ирэхийг хүлээсэн. Хүлээж байх хоорондоо би нөхөртэйгээ утсаар яриад зогсож байхад танихгүй залуу ирээд би чамайг хамгаалъя чамайг олон залуу дагаад байна гэхээр нь би “Чи юу яриад байгаа юм бэ, намайг дагсан хүн байхгүй байна” гэж хэлэхэд тэр халааснаасаа мөнгө гаргаж ирээд “Чи таксинд суугаад яв араас чинь хүн дагаад байна” гэхээр нь би “Тийм юм байхгүй. Намайг хүн дагаагүй би ажлынхаа хүмүүстэй явж байна” гээд түүнийг арагш нь түлхээд би эргээд зүүн тийшээгээ явахад тэр залуу араас дахиад дагаад яваад байсан. Нөгөө залуу намайг дагаад яваад байхаар нь түүнд “Би нөхрөө дуудлаа” гэж хэлээд гар утсаа халааснаасаа гаргаад ирэхэд тэр залуу миний гар утсыг булааж аваад “Чаддаг юм бол надаас гар утсаа олж аваарай гичий минь” гэж хэлээд зугтаагаад яваад өгсөн.
Би бааранд байхдаа нэг лааз пиво уусан, өөрөөр архи уугаагүй. Танихгүй залуу миний гар утсыг булааж авах тэр үед О.З байхгүй таксинд суусан байсан юм билээ. Дараа нь тэр намайг алга болсон гэж хэлж байсан. Би О.З ыг араас ирэхийг нь хүлээгээд таксиний зогсоолын өмнө талын “Талст” дэлгүүрийн ар талын талбай дээр 10-аад минут хүлээсэн. О.З гарч ирэхээс өмнө миний гар утсыг булааж авсан залуу гараад ирсэн. Яг хаанаас гарч ирснийг нь анзаараагүй, тэгсэн нөгөө залуу над дээр ирээд намайг хамгаална чамайг олон хүн дагаад байна гээд хоргоогоод зогсож байх хооронд О.З зүүн талаас гарч ирээд зам хөндлөн хойшоогоо гараад таксинд сууж байгаа харагдсан. О.З дахиж архи пиво уух шинжтэй байсан болохоор би тэд нартай уулзахгүй шууд харих санаатай байсан. Би тэр залууг намайг араас дагаж ирээд гар утас булааж авна гэж огт бодоогүй болохоор “Марал” дэлгүүрийн зүүн талын таксины зогсоолоос такси авах санаатай яваад “Очир” дэлгүүрийн өмнө талаар зам хөндлөн гарсан. Тэр залуу намайг дагаад л яваад байсан. Би түүнийг яах гэж араас дагаад яваад байгаа юм бэ яв” гэж хэлээд явж байсан. “Гүний-Ус”, “Марал” дэлгүүр хоёрын голд засмал зам дээр ирэхэд нөгөө залуу миний өмнө талаар орж хэрээд байхаар нь “Би нөхрөө дуудлаа” гээд гар утсаа гаргаад ирсэн чинь тэр залуу миний гар утсыг булааж аваад “Чи маргааш чаддаг юм бол надаас гар утсаа олж аваарай гичий минь” гэж хэлээд хойшоогоо засмал замаар зугтаасан “Би араас нь хөөе чи гар утас өг, яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу чаддаг юм бол гар утсаа олж аваарай гэж хэлээд чигээрээ зугтаагаад яваад өгсөн. Миний гар утсыг булааж авсан залуу намайг бааранд байхад бааранд сууж байсан. Тэр залуу миний гар утсыг булааж авахдаа ганцаараа явж байсан. Би тэр залууг огт танихгүй өмнө нь харж байгаагүй, одоо харвал танина. Миний гар утас samsumg note h-4 маркийн гар утас байсан би энэ гар утсыг 2017 онд 300000 төгрөгөөр авч байсан. Бариад удаагүй шинэвтэр утас байгаа. Тэр залуу намайг гар утсаа гаргаж ирээд нөхрөө дуудлаа гэж хэлэхэд тэр миний гар утсыг булааж авсан, миний бие эрх чөлөөнд халдаагүй.
Дээгүүрээ хар өнгийн урт хувцас өмссөн байсан өндөрдүү туранхай залуу байсан, миний ажигласнаар тэр залуугийн нүд хамар ам хоорондоо их ойрхон юм шиг, жаахан хүйтэн царайтай залуу байсан. Тухайн үед гадаа харанхуй гудамжны гэрэлтэй байсан. Миний гар утас нь хар өнгийн баруун тал руугаа налуу дэлгэцтэй, нүүрний дээд талд самсунг гэсэн бичигтэй, дээрээсээ дардаг товчтой, балтай гар утас байсан. /Хураагдсан хар өнгийн гар утсыг харуулав./ Энэ миний гар утас мөн байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаагаад авлаа...” гэжээ. /хх-7-8/,
Гэрч Г.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цагаас 01 цагийн хооронд Т.Б Номгон сумын цагдаа С нарын хамтаар төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байсан. Пэшин шоп дэлгүүрийн баруун талын уулзвар дээр нэг эмэгтэй хүн гар өргөөд бид нарыг зогсоосон. Тэр эмэгтэй “Гар утсаа хүнд алдчихлаа, танихгүй залуу миний гар утсыг булааж аваад зугтаачихлаа. Удирдлагийн ордны зүүн талаар хойшоогоо гүйсэн, араас нь хоёр залуу гүйгээд барьж авч чадаагүй алдчихлаа” гэж хэлж байсан. Бид гурав нөгөө эмэгтэйг Цагдаагийн газарт очиж мэдээллээ өгөөрэй гэж хэлээд гар утас авч зугтаасан гэх хүний явсан зүг рүү нь явахаар болсон. Тэр эмэгтэй бид нарт “Гар утас булаасан хүн нь бүлтгэр нүдтэй, улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн урт савхи өмсөж явсан хүн байсан” гэж хэлсэн. Т.Б , С бид гурав тэндээсээ 0167-р ангийн баруун талаар гарч Цэнгэлдэхийн ар талаар явж байхад хүнсний дэлгүүрийн үүдэнд гар утсаа булаалгасан эмэгтэйгийн хэлсэн хувцастай хүн зогсож байхаар нь тэр хүнийг шалгахад тэр хүн мөн байсан. Цагдаагийн газар авчираад тэр хүний согтолтын зэргийг шалгахад 0,73 хувийн согтолттой байсан. Би тэр хүний булааж авсан хар өнгийн гар утсыг нь аваад одоо танд гаргаж өгч байна. Тэр гар утас нь хар өнгийн мэдрэгчтэй, самсунгийн утас. Гар утас булааж авсан гэх хүнийг би танихгүй. Гар утсаа булаалгасан эмэгтэй эрүүл шахуу байсан...” гэжээ. /хх-6/,
Гэрч Т.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагаас 01 цагийн хооронд би ахлагч С , дэд ахлагч Г.С нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. 00 цаг өнгөрч байхад номын сангийн баруун талын уулзварын зам дагуу хойшоогоо нэг эмэгтэй хүн гар өргөөд гүйгээд ирсэн. Машинаа зогсоогоод нөгөө эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй баарнаас гараад ирэхэд нэг залуу дагаж яваад гар утсыг булааж аваад цэнгэлдэх чиглээд зугтаачихлаа, тухайн хүн нь хар савхин гадуур хувцастай, улаан пүүзтэй өндөр залуу байсан гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйг цагдаа дээр очиж бай гэж хэлээд таксинд суулгаад явуулсан. Бид гурав 0167 дугаар ангийн баруун талаар ороод шороон замаар яваад цэнгэлдэх хүрээлэнгийн арын гудамжаар баруун тийшээгээ гараад ирэхэд хүнсний дэлгүүрийн өмнө талд хар өнгийн савхитай, улаан пүүзтэй залуу гар утас оролдоод зогсож байсан. Нөгөө залууг саатуулаад цагдаагийн жижүүр дээр авчирч хүлээлгэж өгсөн. Тэр залуу согтуу байсан. Дуудлага өгсөн эмэгтэй ч бас архи уусан байсан. Тэр залуу өөрийгөө “Адй буюу Э.А ” гэж хэлж байсан. Тэр хэлэхдээ “Энэ гар утасны эзэн нь манай найзын эхнэр байгаа юм. Тэр бааранд өөр хүнтэй явалдах гээд байхаар нь гар утсыг нь нөхөрт нь өгөх гэж байсан” гэж хэлж байсан. Тэр залууг цагдаа дээр авчирах хооронд гар утас дуугарахгүй байсан. Бид нар тэр эмэгтэйтэй уулзаад гар утасны дугаарыг нь аваад дугаар луу нь залгахад дуудаж байсан хэдий ч утсаа авахгүй байсан...” гэжээ. /хх-9/,
Гэрч О.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз Ц.С тай хамт “Зэт” баарнаас гарсан. Бид хоёр такси авах гээд гараад явсан. Араас хоёр залуу гараад ирсэн. Ц.С түрүүлээд явсан, би араас нь явж байхад танихгүй өндөр шар залуу ирээд намайг “Гар утсаа өгчих, утсаар чинь яриад өгье” гэж хэлээд миний утсыг авсан. Нэр байр луу орсон. Би байрны гадаа нөгөө залууг гарч ирэхийг нь хүлээж байгаад гарч ирэхээр нь “Гар утсаа авъя” гэж хэлээд тэр залуугаас гар утсаа авсан. Утсаа авчихаад Ц.С руу утсаар залгах гэтэл миний утасны цэнэг дууссан байсан болохоор залгаж чадаагүй. Таксины зогсоол дээр очоод такси аваад яваад өгсөн. Ц.С гар утсаараа яриад явж байсан анзаараагүй түрүүлээд явсан. Бид нар баарнаас гараад “Гэгээн говь” төвийн өмнө талаар гараад “Гүний-Ус” ХХК-ийн зүүн өмнө талд явган хүний зам руу ороод баруун тийшээгээ явсан. Таксины зогсоолын өмнөхөн талд ирсэн байхад баарнаас гарч ирсэн тэр шар залуу миний гар утсыг авчихаар нь би үлдсэн. Тэр залуу урагшаагаа эргээд байрны орц руу орсон. Би гар утсаа авмаар байна гэж хэлээд түүнээс гар утсаа авсан. Хойшоогоо яваад зам хөндлөн гараад таксинд суугаад явсан. Би тэр залууг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. Ц.С бид хоёр бааранд нэг нэг лааз пиво уусан байсан. Миний гар утсыг авсан шар залуу архи уусан байсан байх. Тэр залуу хүнтэй яриад өгье гээд миний утсыг авсан. Ц.С тухайн үед хар өнгийн самсунгийн гар утастай байсан. Харин ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй байна. Тэр залуу миний гар утсыг гуйж авахад Ц.С миний өмнө талд хол зайтай гар утсаараа яриад явж байгаа харагдсан. Тэр залуугаас гар утсаа аваад гараад ирэхэд Ц.С харагдахгүй байхаар нь би түүнийг явсан юм байна гэж бодоод таксинд суугаад явсан. Би тухайн үед “Нокиа 5200” маркийн гар утастай явж байсан...” гэжээ. /хх-10/,
Гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг руу Амарбаясгалантай хамт орж хүнтэй уулзчихаад үсээ засуулж хоол идчихээд 22 цаг болж байхад “Титэм” бааранд сууж байгаад баар хаах үед 24 цагийн орчимд баарнаас гараад “Марал” худалдааны төвийн урд талын засмалаар баруун тийш явж байтал “Марал” дэлгүүрийн баруун талд туслах засмал замын хажууд нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүний хувцаснаас нь зулгаагаад татаад байгаа харагдсан. Нөгөө эмэгтэй нь туслаарай гээд байсан. Булан өнгөрөөгөөд би машинаас буугаад очиход нөгөө эрэгтэй нь хойшоогоо засмал зам дагаад гүйчихсэн. Эмэгтэйтэй очиж уулзахад тэр эмэгтэй нөгөө хүнийг “Утас аваад зугтаачихлаа, бариад аваарай” гээд байсан. Би тэр эрэгтэйгийн хойноос гүйгээд саад хөндлөн гараад аймгийн Удирдлагын ордны араар ороод цэцэрлэгийн хойгуур зүүн тийшээгээ гүйгээд алга болчихсон. Би эргээд Удирдлагын ордны баруун талд очиход Амарбаясгалан нөгөө эмэгтэй хоёр цагдаа нартай уулзаад байж байсан. Цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр очиход нөгөө зугтаасан эрэгтэй хүнийг олоод ирчихсэн байсан. Нэр утасны дугаараа цагдаад бүртгүүлчихээд явсан. Тэр залууг танихгүй бид 2-ыг бааранд сууж байхад тэр эмэгтэй ч байсан эрэгтэй нь ч байсан. Тусдаа явцгааж байсан Тэр эрэгтэй нь намайг бааранд байхад хүрч ирээд “Гараад уулзъя хөгшөөн” гэсэн. Би гараад уулзахад надаас баарны таксны мөнгө 3000 төгрөг өгчих гэж байсан. Би байхгүй гэчихээд тухайн үед явж байсан. Тэгэхэд тааралдаж байсан залуу байсан. Тэр залуу надад нэг нэр хэлж байсан би мартчихсан байна. Тэр эмэгтэйгийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр эмэгтэй машины гэрэлд гараараа даллаад байсан. Нөгөө залуу хувцаснаас нь зуураад байгаа харагдсан. Зодож цохиж байгаа зүйл харагдаагүй...” гэжээ. /хх-13-14/,
Гэрч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би хамт ажилладаг Б.М гэх залуугийн хамт Өмнөговь аймаг руу хувийн ажлаар очсон байсан юм. Бид 2 өдөр нь ажлаа амжуулчихаад орой нь аймгийн “Титэм” бааранд 22 цаг болж байхад ороод 24 цаг болж баар хааж байхад баарнаас гарч ирсэн. Баарны гаднаас машинаа унаад “Гандирс” худалдааны төвийн хойд засмалаар ороод баруун зүгт явж байтал “Марал” худалдааны төвийн зүүн уулзварын хажууд нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй зууралдаад байж байгаа харагдсан. Бид хоёр эмэгтэй хүнийг зодоод байгаа юм болов уу гээд эргээд очиход нөгөө эрэгтэй хүн “Марвел” рестароны баруун талаар гүйгээд орж байгаа харагдсан. Бид 2 нөгөө эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Энэ хүн миний утсыг аваад зугтаачихлаа” гэсэн. Нөгөө эмэгтэйг машиндаа суулгаад Б.М нөгөө эрэгтэй хүний араас явган гүйгээд явчихсан. Би нөгөө эмэгтэйтэй хамт машинаар “Марал” худалдааны төвийн баруун замаар хойшоогоо яваад төв замын урсгалаар уруудаад “Эрхэс” буудал руу эргэж салдаг уулзвар дээр машинаа орхиод замын хойд талын саад руу ороход Б.М хүрээд ирсэн. “Яасан” гэхэд “Хөөгөөд гүйцсэнгүй алдчихлаа” гэсэн. Эргүүлийн цагдаа нар ирээд цагдаа нарт тэр эмэгтэй хүний утсыг булаасан хүний гадна төрх шинж тэмдэгүүдийг хэлж өгсөн. Б.М бид 2 нөгөө эмэгтэйтэй хамт аймгийн Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Бид нарыг Цагдаагийн газраас гараагүй байж байхад цагдаа нар нөгөө хүнийг бариад авчирчихсан байсан. Би тэр хоёр эмэгтэйг танихгүй. Гэхдээ бид хоёрыг бааранд сууж байхад тэр эмэгтэй болон тэр утас авдаг залуу бааранд байж байсан. Тус тусдаа явж байх шиг байсан. Хамт бол яваагүй. Тэр эрэгтэй тухайн эмэгтэйгийн гарнаас нь л зууралдаад байгаа харагдсан. Эмэгтэйгийн биед ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэжээ. /хх-15-16/,
Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Э.А 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Бага насаа гэрээрээ хүмүүжсэн. Манай дүү өрөвчхөн, цайлган сэтгэлтэй хүнд тусархаг зантай хүн, яагаад ийм хэрэгт орсныг нь мэдэхгүй байна. Одоо миний дүү “Аривжих говь” жолооны курст суралцаж байгаа. Ажилд оруулах гэхэд ВС вирустэй гэж гараад ажилд орох боломжгүй болсон. Миний дүү өрөвч цагаахан, хүнд тусархаг хүүхэд, би дүүгээ гэмт хэрэгт оруулахгүй гээд их гүйдэг. Манай дүү гарын дүйтэй ямар нэгэн зүйл хийдэг, гараараа даалин оёдог. Архи ууж ирж байсныг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-17/,
Шүүгдэгч Э.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед найз Билэгтийн хамтаар “Гандирс” худалдааны төвийн доод талын бааранд орж суугаад хэдэн пиво уусан. Төмөр-Очирын эхнэр нэг эмэгтэйтэй хамт гаднаас ороод ирсэн. Би нөгөө хоёрт хоёр лааз пиво авч өгчихөөд ширээн дээрээ ирээд суусан чинь нөгөө хоёр руу баахан залуучууд очсон байсан. Баарны дижи тэр хоёрын хажууд байж байгаад дахиад тэр хоёр руу очсон. Би нөгөө хоёр руу очоод ширээнд очсон залуусыг та нар яах гээд байгаа юм энэ эмэгтэй баарны дижигийн эхнэр, энэ эмэгтэй манай эхнэр гэж Төмөр-Очирын эхнэрийг хэлсэн. Би Төмөр-Очирын эхнэрийг байна гэж танихгүй эмэгтэйтэй андуурсан байсан. Нөгөө залуус яваад өгсөн. Удалгүй баар хаасан чинь баруун талын байшингийн буланд хэдэн залуус байхаар нь яваад очтол 3 билүү 2 билүү залуус байсан. Би тэр залуусыг танихгүй. Тэгтэл миний андуураад байсан эмэгтэй таксины зогсоол руу яваад өгсөн. Байшингийн буланд байсан залуус байхгүй, миний андуурсан эмэгтэй нөгөө эмэгтэй нь үлдсэн байсан. Бид гурав таксины зогсоол руу явахад надтай хамт явсан эмэгтэй өмнө явж байгаа найз охин руугаа залгасан чинь бид нарын өмнө байсан миний андуурсан охины гар утас нь дуугарсан. Тэгсэн хамт явсан танихгүй залуу намайг “Чи яв, одоо манай найз нар ирээд Мишээлийн хойно хүлээж байна” гэж хэлэхээр нь би түрүүлж яваад нөгөө андуурсан эмэгтэй рүү очоод “Энд чамайг хэдэн залуус, найз охинтой чинь хамт авч явах гээд байна” гэж хэлээд таксины 2000 төгрөг өгөөд “Одоо эндээс таксинд суугаад яв” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй миний гаргаж өгсөн мөнгийг харчихаад “Би наад мөнгөөр чинь яадаг юм бэ?” гэж хэлсэн чинь түүний гар утас нь дуугарсан. би Төмөр-Очирын утсыг мэдэхгүй болохоор би тэр эмэгтэйгээс гар утсыг нь авах гэхэд тэр миний нүүр лүү апгадсан. Бид хоёр зүүн тийшээгээ явахад өмнө талаар нэг такси гарахад тэр эмэгтэй таксины жолоочтой хэрэлдээд байсан. Бид хоёр “Гүний-Ус”-ны өмнө талд ирээд нөгөө хүүхний гар утсыг нь булаагаад авахад тэр эмэгтэй дахиад намайг цохиод авсан. Баруун талаас баахан залуус гүйгээд ирэхээр нь би тэр залуусаас айгаад зугтаасан. Явж байх хоорондоо тэр эмэгтэйгийн нөхөр лүү утсаар залгаад “Авгай чинь энд хүнтэй явж байна, би гар утсыг нь булааж аваад чам руу залгаж байна, чи ирэхгүй юм уу?” гэхэд тэр “Би ажилтай байна, очиж чадахгүй” гэхээр нь “Би авгайгийн чинь утсыг аваачих өгөх үү” гэхэд тэр “Аваад ир би ажил дээрээ ээлжтэй гарч болохгүй байна” гэж хэлсэн. “Чамд таксины мөнгө байгаа юм уу?” гэхэд тэр надад “1000 төгрөг байна” гэхээр нь би “за за би яваад очъе” гэж хэлсэн. Жаал-Уулын нэгдүгээр гудамжинд нэг машин зогсож байхаар нь очтол нэгийг нь танихгүй, нөгөөг нь хальт таньдаг залуу байхаар нь “Таксинд явах уу, манай найзын эхнэр шоудаад явж байхаар нь гар утсыг нь булааж аваад явж байна, одоо нөхөр рүү нь гар утсыг аваачиж өгөх гэж байна, надад 2000 төгрөг байна” гэж хэлсэн чинь тэр хоёр “Бид хоёр явахгүй архи уусан байна” гэж хэлсэн. Цагдаагийн машин явж байгаад намайг ирээд аваад явсан. Намайг цагдаа дээр ирж байхад нөгөө эмэгтэйгийн гар утас руу нь нөхөр нь залгаад байсан. Би гар утсыг цагдаад өгсөн чинь нэг цагдаа нь намайг “Чи яахаар хүний гар утас авдаг юм бэ?” гэхээр нь би “Хүний гар утас аваагүй, нөхөр лүү залгаад одоо нөхөр дээр нь аваачиж өгөх гээд явж байна” гэж хэлэхэд гар утас дуугарсан. Би гар утсыг нөгөө цагдаад өгөхөд тэр цагдэа гар утсыг авч огт яриагүй. Би өмнө нь шүүхийн шийдвэрт хоригдож байхад Төмөр-Очир наралгаанд тамхи өгдөг байсан. Би тэр эмэгтэйг хүндэлсэндээ л тэр хүмүүсээс хамгаалаад байсан юм. Би тэр залуусыг танихгүй. Би тухайн үед 4 шил пиво уусан байсан. Тэр эмэгтэйгийн гар утсан дээр миний хайр гэж хадгалсан дугаар байсан. Утсыг нь аваад явж байхдаа залгасан дугаар руу орж үзэхэд миний хайр гэсэн дугаар байсан. Тэр дугаар луу нь залгасан. Би тэр эрэгтэй хүн рүү утсаар залгахад тэр “Би шүүхийн шийдвэр дээр байна” гэж хэлсэн. Түүний хэлснээр нь гар утсыг нь аваачиж өгөх гэж байсан. Тэгсэн цагдаад баригдаад аваачиж өгч чадаагүй юм. Би баарнаас гараад явж байх замдаа миний андуурсан эмэгтэйгийн хамт явсан эмэгтэйгийн жижиг Нокиа гар утсыг нь гуйж аваад эгч рүүгээ утсаар яриад тэр дор нь гар утсыг нь буцаагаад өгсөн...” гэжээ. /хх-11-12, 26-27/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-4/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-18/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “...Samsung note H-4 маркийн гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг хуучин утасны үнэ ханш судлан ижил төстэй эд зүйлийн үнийг харгалзан үзэж жиших арга ашиглан гаргав. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргав. Samsung note H-4 маркийн гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 180.000 төгрөг, хуучин, нийт хохирлын дүн: 180.000 төгрөг...” гэжээ. /хх-19-21/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-22,23/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-25/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-25/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-28,33/,
Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-32,68/,
Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-35,37/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-36/,
Шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар /хх-38/,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-44/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-53/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56-57/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-58,59/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-60/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-61/,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-62-64/,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаар хорих ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-65-67/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-69-72/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-29,73/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Марал” дэлгүүрийн ойролцоо хохирогч Ц.С гийн эзэмшлийн Samsung note H-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.С гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад...танихгүй залуу ирээд би чамайг хамгаалъя чамайг олон залуу дагаад байна гэхээр нь би “Чи юу яриад байгаа юм бэ, намайг дагсан хүн байхгүй байна” гэж хэлэхэд тэр халааснаасаа мөнгө гаргаж ирээд “Чи таксинд суугаад яв араас чинь хүн дагаад байна” гэхээр нь би “Тийм юм байхгүй. Намайг хүн дагаагүй би ажлынхаа хүмүүстэй явж байна” гээд түүнийг арагш нь түлхээд би эргээд зүүн тийшээгээ явахад тэр залуу араас дахиад дагаад яваад байсан. Нөгөө залуу намайг дагаад яваад байхаар нь түүнд “Би нөхрөө дуудлаа” гэж хэлээд гар утсаа халааснаасаа гаргаад ирэхэд тэр залуу миний гар утсыг булааж аваад “Чаддаг юм бол надаас гар утсаа олж аваарай гичий минь” гэж хэлээд зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Г.С ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цагаас 01 цагийн хооронд ...“Гар утсаа хүнд алдчихлаа, танихгүй залуу миний гар утсыг булааж аваад зугтаачихлаа. Удирдлагийн ордны зүүн талаар хойшоогоо гүйсэн, араас нь хоёр залуу гүйгээд барьж авч чадаагүй алдчихлаа” гэж хэлж байсан. Бид гурав нөгөө эмэгтэйг Цагдаагийн газарт очиж мэдээллээ өгөөрэй гэж хэлээд гар утас авч зугтаасан гэх хүний явсан зүг рүү нь явахаар болсон. Тэр эмэгтэй бид нарт “Гар утас булаасан хүн нь бүлтгэр нүдтэй, улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн урт савхи өмсөж явсан хүн байсан” гэж хэлсэн. Т.Б , С бид гурав тэндээсээ 0167-р ангийн баруун талаар гарч Цэнгэлдэхийн ар талаар явж байхад хүнсний дэлгүүрийн үүдэнд гар утсаа булаалгасан эмэгтэйгийн хэлсэн хувцастай хүн зогсож байхаар нь тэр хүнийг шалгахад тэр хүн мөн байсан. Цагдаагийн газар авчираад тэр хүний согтолтын зэргийг шалгахад 0,73 хувийн согтолттой байсан. Би тэр хүний булааж авсан хар өнгийн гар утсыг нь аваад одоо танд гаргаж өгч байна. Тэр гар утас нь хар өнгийн мэдрэгчтэй, самсунгийн утас. Гар утас булааж авсан гэх хүнийг би танихгүй. Гар утсаа булаалгасан эмэгтэй эрүүл шахуу байсан...” гэх мэдүүлэг /хх-6/, гэрч Т.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагаас 01 цагийн хооронд ...машинаа зогсоогоод нөгөө эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй баарнаас гараад ирэхэд нэг залуу дагаж яваад гар утсыг булааж аваад цэнгэлдэх чиглээд зугтаачихлаа, тухайн хүн нь хар савхин гадуур хувцастай, улаан пүүзтэй өндөр залуу байсан гэж хэлсэн. ...цэнгэлдэх хүрээлэнгийн арын гудамжаар баруун тийшээгээ гараад ирэхэд хүнсний дэлгүүрийн өмнө талд хар өнгийн савхитай, улаан пүүзтэй залуу гар утас оролдоод зогсож байсан. Нөгөө залууг саатуулаад цагдаагийн жижүүр дээр авчирч хүлээлгэж өгсөн...Тэр залуу өөрийгөө “А буюу Э.А ” гэж хэлж байсан. Тэр хэлэхдээ “Энэ гар утасны эзэн нь манай найзын эхнэр байгаа юм. Тэр бааранд өөр хүнтэй явалдах гээд байхаар нь гар утсыг нь нөхөрт нь өгөх гэж байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-9/, гэрч О.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ...танихгүй өндөр шар залуу ирээд намайг “Гар утсаа өгчих, утсаар чинь яриад өгье” гэж хэлээд миний утсыг авсан. Нэр байр луу орсон. Би байрны гадаа нөгөө залууг гарч ирэхийг нь хүлээж байгаад гарч ирэхээр нь “Гар утсаа авъя” гэж хэлээд тэр залуугаас гар утсаа авсан. Утсаа авчихаад Ц.С руу утсаар залгах гэтэл миний утасны цэнэг дууссан байсан болохоор залгаж чадаагүй. Таксины зогсоол дээр очоод такси аваад яваад өгсөн. ...Ц.С тухайн үед хар өнгийн самсунгийн гар утастай байсан. ...Би тухайн үед “Нокиа 5200” маркийн гар утастай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...22 цаг болж байхад “Титэм” бааранд сууж байгаад баар хаах үед 24 цагийн орчимд баарнаас гараад “Марал” худалдааны төвийн урд талын засмалаар баруун тийш явж байтал “Марал” дэлгүүрийн баруун талд туслах засмал замын хажууд нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүний хувцаснаас нь зулгаагаад татаад байгаа харагдсан. Нөгөө эмэгтэй нь туслаарай гээд байсан. ...Эмэгтэйтэй очиж уулзахад тэр эмэгтэй нөгөө хүнийг “Утас аваад зугтаачихлаа, бариад аваарай” гээд байсан. Би тэр эрэгтэйгийн хойноос гүйгээд саад хөндлөн гараад аймгийн Удирдлагын ордны араар ороод цэцэрлэгийн хойгуур зүүн тийшээгээ гүйгээд алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би хамт ажилладаг Б.М гэх залуугийн хамт ...“Титэм” бааранд 22 цаг болж байхад ороод 24 цаг болж баар хааж байхад баарнаас гарч ирсэн. ...“Марал” худалдааны төвийн зүүн уулзварын хажууд нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй зууралдаад байж байгаа харагдсан. Бид хоёр эмэгтэй хүнийг зодоод байгаа юм болов уу гээд эргээд очиход нөгөө эрэгтэй хүн “Марвел” рестароны баруун талаар гүйгээд орж байгаа харагдсан. Бид 2 нөгөө эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Энэ хүн миний утсыг аваад зугтаачихлаа” гэсэн. ...Б.М хүрээд ирсэн. “Яасан” гэхэд “Хөөгөөд гүйцсэнгүй алдчихлаа” гэсэн. ...Гэхдээ бид хоёрыг бааранд сууж байхад тэр эмэгтэй болон тэр утас авдаг залуу бааранд байж байсан. Тус тусдаа явж байх шиг байсан. Хамт бол яваагүй. Тэр эрэгтэй тухайн эмэгтэйгийн гарнаас нь л зууралдаад байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Гандирсийн бааранд ороод очсон. Гаднаас 2 хүүхэн орж ирсэн. Нөхөр нь намайг ял эдэлж байхад их тус болж байсан учраас нөхрийг нь хүндэлдэг болохоор эхнэрт нь 2 пиво авч өгсөн. Баар хаагаад гараад эхнэрт нь таксины мөнгө өгсөн. Тэгсэн чинь авахгүй шидээд байсан. Олон залуучууд араас нь дагаад байхаар нь нөхрийг нь бодоод такси бариад харь гэж хэлсэн юм. Нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Би нөхөртэй чинь яръя гээд утсыг нь авах гэхэд цаашаа байж бай гээд байсан. Нөхөртэй чинь яръя гээд утсыг нь авсан. Нөхөр нь залгахаар нь би утсыг нь аваад чи эхнэрээ ирээд ав, энд ингээд явж байна гэж хэлсэн чинь нөхөр нь шүүхийн шийдвэр дээр ээлжтэй байна гэсэн. Тэгээд нөхөрт нь би чамд утсыг нь аваачаад өгье гэсэн чинь тэг гэсэн. Утсыг нь шүүхийн шийдвэр лүү нөхөрт нь өгөх гээд явах гэж байхдаа цагдаад баригдсан. Нөхрийнх нь мэдүүлэг хэрэгт байхгүй байгаад байна. Нөхрийнх нь мэдүүлэг алга байна. Нөхрөөс нь мэдүүлэг авсан юм. Хавтаст хэрэгт байгаа юм болов уу? Утсыг нь авч нөхөрт нь аваачаад өгье гэж байгаад замдаа баригдсан. ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Э.А ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон нотлох баримт хангалттай цуглараагүй...мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй байх тул Э.А ийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлт, мэдүүлэг гаргаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.А т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Э.А т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 269 дүгээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.А ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 29 хоногоор тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.А нь 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан захирамж, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.А нь тэнсэнгийн хяналт тавьсан хугацаандаа буюу ялыг эдэлж дуусахаас өмнө 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Э.А т 1 жил 1 хоног хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүний ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явууллаа.
Гэмт хэргийн улмаас учирсан 180.000 төгрөгийн хохирол төлбөр буюу Samsung note H-4 маркийн гар утсыг хохирогч Ц.С д гардуулан өгсөн болох нь шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-29/, гар утсанд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А ийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.А ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А т 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ёс/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ