Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/527

 

 

Н.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Н.Жгийн өмгөөлөгч Б.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Жгийн өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Жд холбогдох 2305 03992 0129 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн Ж, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, “...” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ..., .... хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 06:00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастелла” нэртэй зочид буудлын дотор болон гадна талд эр, эмийн хардалтын улмаас хохирогч О.Мыг зодож, түүний эрүүл мэндэд “баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Н-ийн Ж-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Ж шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Н.Жд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлж, шүүгдэгч Н.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн (хугархай) 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Жд авагдсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Жгийн өмгөөлөгч Б.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Н.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөвөөр хүлээж хохирол төлбөрөө төлж, хохирогчтой эвлэрэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа мөрдөгч болон прокурорт бичгээр хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн шатнаас өмгөөлөгч миний бие яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцон мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлт урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан боловч шүүхээс мөн ердийн журмаар шийдвэрлэхээр болж хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхээр шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж прокурорын 420 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялын саналыг 720 цаг болгон хүндрүүлэн ял оногдуулж байгаа нь Н.Жгийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн хэрэг болсон.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Н.Жг урд эрүүгийн хариуцлага 3 удаа хүлээж байсан гэх үндэслэлээр прокурорын 420 цаг албадан ажил хийлгэх ялыг хүндрүүлэн 720 цаг болгосон нь 2000 онд хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн зарчмыг үндэслэн хүндрүүлэн шийдвэрлэж байгаа нь 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Тодруулбал миний үйлчлүүлэгч Н.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн хэргүүддээ шүүхээс оногдуулсан ялуудыг цаг тухайд торгууль болон биеэр эдлэн дууссан ба дээрх дууссан гэмт хэргүүдийн үр дагавраас болж сүүлийн шүүхээр орсон гэмт хэрэгт нь хүндрүүлж үзсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Н.Жгийн хувьд хохирол төлбөрөө бүрэн төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хөнгөн хэрэг, биеийн эрүүл мэндийн байдал муу, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, ганц бие эцэг юм. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Мөн ганц бие эцэг, хүүгийн хамт амьдардаг бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна.” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Жг гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгч Н.Жгийн тухайд өөрийн гэмт зан үйлээ засаж чадахгүй, дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг түүний хувийн байдлыг харгалзаж, шүүхийн эрх хэмжээний хүрээнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Борчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 06:00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастелла” нэртэй зочид буудлын дотор болон гадна талд эр, эмийн хардалтын улмаас хохирогч О.Мыг зодож, түүний эрүүл мэндэд “баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хх 04-05/,

хэргийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-35/,

хохирогч О.М “...намайг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 03:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Кастелла” зочид буудлын 405 тоот өрөөнд Ж дуудсан. Би очиход танихгүй хоёр эмэгтэй, Ж, Мо гэдэг залуу, Т нар байсан. Гаднаас Б орж ирсэн.... Т, Б бид гурав буудлын өрөөнд байтал гаднаас Ж хаалга нүдсэн. Түмэн-Өлзий, Батболд хоёр орон дээр хэвтэж байсан, би угаалгын өрөөнөөс гарахад Ж нь хаалга өшиглөөд өрөөнд орж ирээд бид гурав руу агсараад эхэлсэн. Тэгээд Ж над руу аяга авч шидсэн. Аяга нь намайг оноогүй, хананд ойгоод хагарсан. Хагарсан аяганы хэлтэрхийг над руу барьж дайраад, ална гээд байсан. Аяганы хэлтэрхийгээ гартаа барьсан байдалтай над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалахад шилээрээ миний цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл учруулсан... Ж миний баруун хөмсөг рүү гараараа цохиход маш их цус гарч эхэлсэн. ...Цус гараад байхад ахиад над руу ална гээд дайраад байсан... Гэмтлийн эмнэлэг дээр очиж хөмсгөндөө 4 оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-14/,

гэрч С.Б “... 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой “Кастелла” зочид буудлын 4 давхрын 405 тоот өрөөнд 02:00 цагийн үед Түмэн-Өлзийтэй хамт очиход Ж ах, дүү гээд 2 эмэгтэй байсан. Миний таньдагаас Ж ах л байсан, бусдыг нь танихгүй. Манай эгчийн найз М эгч гаднаас ганцаараа буудлын өрөөнд орж ирсэн. Бид хэд буудлын өрөөнд пиво, архи ууцгаасан. Тэгтэл Ж ах гараад явсан. Нилээн байж байгаад Ж ах гаднаас хаалга эвдээд орж ирээд над руу дайраад байсан. Ж ах М эгч хоёр юм ярьж байснаа хоорондоо муудалцаж эхэлсэн. Би буудлаас шууд гараад явсан. Хэсэг хугацааны дараа буудлын гадаа буцаад ирэхэд буудлын ресепшин залуу, М эгч хоёр буудлын гадаа байсан. М эгчийн баруун хөмсөг нь сэтэрсэн цус гоожиж байсан. Яасан юм бэ? эгч гээд асуухад өшиглүүлсэн гэж хэлсэн. Ж ахыг цагдаа нар машиндаа суулгаад аваад явсан. Би М эгчийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

гэрч Б.Л “... М нь манай буудлын 405 тоот өрөөнд орж архидан согтуураад, буудлын өрөөнд хоёр залуутай үлдээд гаднаас Ж гэх гэзэгтэй, жижигхэн залуу орж ирээд 405 өрөөний хаалгыг нь эвдэн орж, өрөөнд хоёр залуутай зодолдож эхэлсэн. Намайг ороход Ж нь М руу юм авч чулуудаад, шидээд байсан. Ж нь Мыг хөөгөөд байсан. М нь гуйж байгаад газар унаад суусан байхад нь толгой руу өшиглөж жийсэн. ....Ж Мыг зүүн гараараа хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохисон. Жаахан байж байгаад машины ард Мын хөмсөгнөөс нь цус гоожоод эхэлсэн. М орж ирээд зочид буудлын доод давхрын 00-д цусаа угаагаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

шүүгдэгч Н.Ж “...Би зүүн гараараа Мын хөмсөг рүү нэг удаа цохисон ...Мын хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. ...Ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 22-23, 56-58/,

Шинжээчийн 2023.10.24-ний өдрийн 13468 дугаартай “...О.Мын биед баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 26-27/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

3. Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан” тухай гомдолдоо дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргасан ...” гэж мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэж хуульчилжээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд /хх 124 дүгээр хуудсанд/ өмгөөлөгч нь хэргийг шүүхэд шилжсэний дараа хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудал үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нь тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон хууль ёсны баримтгүй байх тул таамаглах байдлаар ял шийтгэлийг өөрчлөх үндэслэлгүй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Жгийн өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Харин, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр уг алдааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Анхан шатны шүүх Н.Жд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /хх 131/ болон гэм буруугийн шүүх хуралдааныг 2024.03.13-ны өдөр /хх 165-167/ хийжээ.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт 2024.03.13-ны өдөр гэхийг 2024.03.18-ны өдөр гэж, шүүх хуралдааныг нээлттэй явуулах гэхийг хаалттай явуулахаар тогтоосугай.” гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байхыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Жгийн өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ