2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04931

 

2024 оны 10 сарын 25 өдөр

           Дугаар 102/ШШ2024/04931

Улаанбаатар хот

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 19 дүгээр байр, 29 тоот хаягт оршин байх хаягтай, “ТТ” ХХК /РД:0/  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 19 дүгээр байр, 7 тоот хаягт оршин суух, А ургийн овогтой З. Э /РД:0/

 

Шүүхэд гаргасан хүсэлт: дампуурсанд тооцож, татан буулгах

Шүүхэд гаргасан нэхэмжлэл: 40,000,000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Хэрэг гүйцэтгэгч А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “ТТ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай “ТТ” ХХК нь анх 2000 онд үүсгэн байгуулагдаж, 2013 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах био шахмал түлш үйлдвэрлэх төсөлд оролцохоор болсон. Уг төслийн хүрээнд өндөр хөгжилтэй орнуудаас утаагүй, шахмал түлшний үйлдвэрийг судалж байгаад Бүгд найрамдах Беларусь Улсын модны үртсээр шахмал түлш үйлдвэрлэдэг, утаа гаргадаггүй, экологийн хувьд сөрөг нөлөөгүй, хүний биед ямар нэг аюулгүй, хоргүй, үйлдвэрлэхэд хялбар, маш сайн чанартай “ЛШП-2” маркийн чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэр оруулж ирэхээр болсон юм.

Гэвч уг үйлдвэр нь 160,000 еврогийн үнэтэй бөгөөд оруулж ирэх тээвэр, даатгал, үйлдвэрийн эскиз зураг гаргах, үйлдвэр угсрах, мэргэжилтэн бэлтгэх, түүхий эд худалдан авах гэх мэт үйл ажиллагаа эхлүүлэх хүртэл наад зах нь 500,000,000-600,000,000 төгрөгийн зардал зайлшгүй шаардлагатай байсан.

Ингээд уг үйлдвэрийг оруулж ирэхийн тулд төсөлд хамрагдаж 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Капитал банк” ХХК-тай 50 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 500,000,000 төгрөг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, үлдсэн төлбөрийг хувиасаа гарган, “ЛШП-2” маркийн үйлдвэрийг зориулалтынх нь дагуу эскиз зургийг нь гаргуулж, сургалтад нь сууж, мэргэжилтэн урьж авчирч чанар, стандартаар нь Монголдоо угсруулсан билээ. Ингээд үйлдвэрийг оруулж ирээд, угсарч, урьдчилан бэлтгэсэн түүхий эдээр үйлдвэрлэл явуулсан боловч зах зээл дээр байсан утаа ихтэй хямд нүүрс, төрийн бодлого, банкны зээлийн хүү, иргэдийн худалдан авах чадвар зэргээс шалтгаалж ашиг олох нь битгий хэл банкны зээлийн хүүгээ төлж чадахгүй байдалд хүрч, үргүй зардал гарч, үйлдвэрлэл ашиггүй болж, алдагдалд хүлээж эхэлсэн.

Гэвч бид удахгүй энэ байдал сайжирна гэж итгэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүхий л боломжийг ашиглан, үйл ажиллагаагаа алдагдуулахгүйн тулд хүмүүсээс зээлээр түүхий эд, бараа материал авч, утаагүй түлш үйлдвэрлэж байсан ч иргэд хэрэглэдэггүй, хэрэглэх сонирхолгүй, харин хэрэглэж заншсан түүхий нүүрсээ хэрэглэсээр байсан. Ингээд утаагүй түлш үйлдвэрлэхэд хүмүүс худалдан авахгүй, аль болох хямд үнэтэй түүхий нүүрсээ хэрэглэж байсан тул компани борлуулалтгүй болж “Капитал банк” ХХК-иас авсан 500,000,000 төгрөгийн зээлийн төлөх хугацаа хэтэрч, хүү нь өсөж, бусад иргэн аж ахуй нэгжээс авсан түүхий эд, бараа материалын төлбөр хийх хугацаа болж төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Улмаар зарим иргэн, аж ахуй нэгж нь төлбөр мөнгөө нэхэж байсан тул зээлээр авсан бараа материал, түүхий эдээ буцаан өгч, түүхий эдгүй үйлдвэрлэл зогсож, бусад авлагатай хүмүүстээ авсан бараа материал, түүхийн эд, мөнгөний оронд үйлдвэрлэсэн утаагүй түлшээ үйлдвэрийн өртөг үнээс нь хоёроос гурав дахин бага үнээр бодож өгснөөр үйлдвэр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Мөн “Капитал банк” ХХК нь 500,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг шаардаж хугацаа хэтэрсэн тул “...хэрэв зээлээ төлөхгүй бол шүүхэд хандаж, үйл ажиллагааг чинь зогсооно, Монгол банканд муу зээлдэгч гэсэн ангилалд багтаж Монголын аль ч банк та нарт дахин зээл өгөхгүй...” гэх зэргээр шахаж аргагүйн эрхэнд “ТТ” ХХК-иар дахин 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 50-1 дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулж 70,000,000 төгрөг нэмж зээлсэн болгоод, уг мөнгөөр 500,000,000 төгрөгийн зээлийн зөрчил гэж 43,988,486.41 төгрөгийг, үндсэн зээлээс гэж 26,011,513.59 төгрөгийг тус тус төлсөнд тооцуулаад буцаагаад авчихсан. Ингээд 1 зээлийг 2 зээлтэй мэт болгож давхар зээлийн хүү тооцуулж, үйлдвэрлэл явуулах боломжгүй хүнд байдалд орж, ажилчдын цалин, нийгмийн даатгал, татварын газар гэх мэт аж ахуй нэгж, иргэний өр төлбөр нэмэгдэж байдал сайжрахгүй байтал Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн хямд үнэтэй, том үйлдвэрийн утаагүй түлшийг авах ёстой болсноор манай “ТТ” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж байна. Ингээд “ТТ” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар:

1/ “Капитал банк” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 50 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 479,959,247 төгрөг;

2/ “Капитал банк” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 50-1 дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-ний үүрэгт 33,632,029 төгрөг;

3/ Иргэн Ц.Д 4,819,422.76 төгрөг;

4/ Иргэн З.Эд 40,000,000 төгрөг;

5/ Иргэн Ц.О 6,000,000 төгрөг;

6/ Баянгол дүүргийн татварын хэлтэст 5,433,977.24 төгрөг, нийт 569,844,676 төгрөгийн өр төлбөртэй болж, үүнийгээ төлж чадахгүй байдалд орсон тул “ТТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “ТТ” ХХК-ийн захирал Б.О 2015-2018 онуудад бэлнээр болон дансаар нийт 40,000,000 төгрөгийг компанийн өр төлбөрийг төлөх болон бусдад өгсөн өр төлбөрийг нь төлөх зорилгоор зээлсэн. Гэтэл хариуцагч нь өр төлбөрөө төлөөгүй. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: 1/ “ТТ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2019 оны санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

2/ Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2019 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 569,844,900 төгрөг болж өөрийн хөрөнгийн -187.54 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

3/ Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно” гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд “ТТ” ХХК нь 2017 оноос өөрийн хөрөнгийн -284.55 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

4/  Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь  санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

Шүүхээс өгсөн үүргийн дагуу түр хэрэг гүйцэтгэгчийн “ТТ” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг балансын буюу санхүүгийн тайланд тулгуурлан дүгнэсэн ба Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдлээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт биш тул хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт, нэхэмжлэлийн талаар ямар нэг ажиллагаа, дүгнэлт, санал гаргаагүй болно. Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, эрх зүйч, хуульч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “ТТ” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн.

 

2. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “ТТ” ХХК-ийг төлбөрийн чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахаар түр хэрэг  гүйцэтгэгчээр А.Э томилсон. Түр хэрэг гүйцэтгэгчээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ТТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон №02 тоот дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.

 

3. Дээрх дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/шз2021/00501 дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хүсэлт гаргагч “ТТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн. 

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/шз2021/02300 дугаар захирамжаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “ТТ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 596,408,817.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай “ТТ” ХХК-ийн хүсэлттэй хэрэгт нэгтгэсэн. Гэвч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас дампуурлын хэрэгт нэхэмжлэл гаргаагүй.

 

5. Харин “ТТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн ажиллагаатай холбоотойгоор З.Э 40,000,000 төгрөгийг нэхэмжилж, дампуурлын хэргийн оролцогч болсон байна.

 

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/шз2024/11858 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч З.Эаас гаргасан саналын дагуу Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг баримтлан А.Э хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

 

7. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэрэг гүйцэтгэгч А.Э\ №04 тоот дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

 

Хоёр.

 

1. “ТТ” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 гишүүнтэйгээр, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.   

 

2. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс “ТТ” ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн “ТТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тус тус гаргуулан ажилласан. 

 

3. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “... ТТ’ ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ‘ТТ’ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэж тусгагджээ.

 

4. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасан дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.

 

5. Дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй тул Дампуурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй. 

 

6. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу “ТТ” ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгаж, мөн хариуцагч “ТТ” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгав. 

 

Гурав.   

 

1. Дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай “ТТ” ХХК-ийн хүсэлттэй хэрэгт нэхэмжлэгч З.Э нь 40,000,000 төгрөгийг шаардсан.

 

2. Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлээ “…2015-2018 оны хооронд бэлнээр болон дансаар 40,000,000 төгрөг зээлсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

4. “ТТ” ХХК-ийн зүгээс 40,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ. 

 

Дөрөв.

 

1. Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Ц.Д Баянгол дүүргийн татварын хэлтсээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ямар нэг нэхэмжлэлийг гаргаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “ТТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар “ТТ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “ТТ” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлсүгэй.

 

3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “ТТ” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “ТТ” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримлан “ТТ” ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгосугай.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “ТТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ