2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/05183

 

 

 

 

 

 

 

 

     2025             06              16                                           192/ШШ2025/05183

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, *,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, */-д холбогдох

Нийтийн эзэмшлийг хааж барьсан хана, хаалгыг нураалган, талбайг  чөлөөлүүлж, хаалгаар орж гарах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч*,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

                                                                      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*,* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:* миний бие энэ байрыг ашиглалтад орсноос хойш амьдарч байгаа. Миний хөрш 4 тоотын оршин суугч дур мэдэн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн 2,6х1,3м буюу 3,38м квадрат талбайг өөрийн эзэмшлийн /4 тоотын/ байрны зайнд нэмж оруулж эзэмшин, 3 тоот оршин суугчийн хаалгыг хааж, хана босгон 4 тоот хаалгаа шилжүүлэн суулгаж эзэмшилдээ нэмж авсан. Миний 2 тоот байрны хаалганд хашиж хан босгож, хаалгаа суулгасны улмаас 2 айлын хаалга зэрэг онгойход мөргөлдөж, бага насны хүүхэд цохиулах эрсдэлтэй бөгөөд том оврын эд зүйл оруулж гаргахад багтахгүй  хүндрэлтэй байдаг. Иймээс миний эзэмших ёстой нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлж өгөхийг хүсье.

* би 2013 онд БГД-ийн * тоот гадагшаа харсан хаалгатай байрыг худалдан авч, худалдаа үйлчилгээ явуулсаар байгаа. Анх худалдан авахад орц, коридороос орох хаалгыг хааж, хана өрсөн байсан боловч цаашид хаалгаа гаргаж, коридороор орох хаалгаа нээх хүсэлтэй байсан. Дотор коридороос ордоггүй байсан учир 4 тоот айл хэдийд хана өрж, хаалгаа суулгаж, миний 3 тоот хаалгыг таглаж хаасныг мэдээгүй. Энэ тухай СӨХ-ны удирдлагад мэдэгдсэн боловч арга хэмжээ авч шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд 2 болон 3 тоот оршин суугчийн нийтийн эзэмшлийн коридорын 3,38м2 талбайг чөлөөлүүлж, 4 тоотын хана хаалгыг буцаан татуулж, буулгуулж, 3 тоотын хаалгаараа орж гарах эрхийг сэргээж, байрандаа амгалан тайван, тав тухтай амьдрах эрхээ эдлэх эрхийг минь сэргээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би гадагшаа хардаг хаалгатай Баянгол дүүрэг, * тоот байрыг 2013 онд худалдаж авсан. Намайг худалдаж авч байх үед худалдаа үйлчилгээний зориулалтаар гаднаас ордог хаалгатай, дотроосоо ордог коридортой хаалга нь хана барьж хаасан байсан. Тухайн үед эзэн нь би энэ хаалгыг одоохондоо ашигладаггүй, та ашиглаж болно гэж хэлсэн ч хүнд өвчтэй, санхүүгийн асуудалтай байсан тул ашиглаж чадаагүй. Тэр хаалгаар ордоггүй болохоор коридор хэзээ хаагдсаныг би мэдэхгүй байгаа  ковидын үед л хаагдсан гэж боддог. 2021 оны 05 сард 40С-ийн 4 тоот айл  худалдаж авсан гэдэг тэр үеэс коридорын зайг хаасныг мэдсэн. СӨХ-ны удирдлагад коридорын зайг чөлөөлөө би хаалгаа нээе гэж хэлсэн ч 4 тоот айл хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан.  Манай 3 тоотын хаалга хаагдсан, дахиж шинээр хаалга гаргах ямар ч боломжгүй болсон. Нэхэмжлэгч*ын 2 тоот айлын хаалганд бүр тулгаж коридорыг хаасан, 3.38 метр квадрат талбайг өөрийн эзэмшлийн 4 тоотод оруулж татаж хаасан байгаа. 3.38 метр квадрат талбай нь нийтийн эзэмшлийн талбай. Нэхэмжлэгч*ын хувьд Нийтийн эзэмшлийн зай талбайг ашиглах гэртээ том оврын ачаа бараа оруулж чадахгүй, орж гарахад багтдаггүй мөн 2 айл зэрэг хаалгаа онгойлговол мөргөлддөг.* өдөр өнжүүлэх ажиллуулдаг, бага насны хүүхдүүдийг хаалгаараа оруулж гаргахад хаалганд цохиулах эрсдэлтэй.* өөрөө тэр байранд амьдардаг үл хөдлөх хөрөнгө нь өөр хүний нэр дээр байдаг болов ч миний бодлоор ах дүү улсууд өгөө аваатай болохоор шилжүүлж амжаагүй гэж боддог.* 2021 оны 05 сард худалдаж авсан үндсэн өмчлөгч нь мөн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэрнээс хойш тэнд амьдардаг. Өвөл* бид хоёр орж танайх энэ хаалгаа татаа гээд ороход  нэг охин хаалга тайлж өгсөн. Мэдэхгүй хүнд яагаад хаалга тайлж өгч байгаа юм бэ гээд уурлаж,* өөрөө согтуу би мэдэхгүй түрээслэгч гээд биднийг хөөж гаргасан. Коридорыг өөрийн талбайдаа оруулж авч шаллаад тохижуулаад авчихсан ашиглаж байгаа гэв.

 

Хариуцагч* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийтийн эзэмшлийн коридорын зай талбайг чөлөөлж, хааж барьсан хана хаалгыг буулгуулж, 3 тоот байрны хаалгыг нээлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэн* миний бие нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40С байр, 4 тоот орон сууцыг 2021 оны 05 сарын 15-ны өдөр худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаа "...2 болон 3 тоот оршин суугчдын нийтийн эзэмшлийн коридорын 3,38 м.кв талбайг чөлөөлүүлж, 4 тоотын хана, хаалгыг буцаан татуулж, буулгуулж, 3 тоотын хаалгаараа орж гарах эрхийг сэргээж, байрандаа амгалан тайван, тав тухтай амьдрах эрхээ эдлэх, эрхийг минь сэргээж өгнө үү..." гэж тодорхойлсон байх бөгөөд дээрх орон сууцыг анх худалдан авахад хаалганы зохион байгуулалт, байршил нь одоогийн байрлалд байсан. Тухайн орон сууцыг худалдан авснаас хойш дур мэдэн 2, 3 тоот оршин суугчийн эрх ашгийг хөндөн нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн ашиглаж, хана, хаалгыг хааж таглан 4 тоот хаалгыг шилжүүлэн байрлуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох холбогдох баримтаа өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, фото зураг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Саруул дулаан сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.

 

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.  

 

Шүүхийн журмаар талуудын хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэргээс нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*,* нар нь хариуцагч*ад холбогдуулан сууцны орц дахь нийтийн эзэмшлийн талбайг хааж хашиж барьсан хана, хаалгыг нураалган талбайг чөлөөлүүлж, орон сууцны 2, 3 тоот оршин суугчдын орж гарах эрхийг хязгаарласан үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэг авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазар гудамж,  * давхрын 2 тоот орон сууцанд нэхэмжлэгч*, 3 тоотод нэхэмжлэгч*, 4 тоотод хариуцагч* нар оршин сууж, эзэмшиж байгаа бөгөөд хариуцагчийн эзэмшлийн 4 тоот орон сууцны хаалгыг давхрын коридор луу нааш татан хана хаалга гаргаж, 3 тоот орон сууцны хаалгыг бүхэлд нь, 2 тоот орон сууцны хаалганд тулган барьж, орж гарах боломжгүй болгосон гэх үйл баримтын талаар талууд маргаж, нэхэмжлэгч нараас уг хаалга, ханыг нураалган дундын өмчлөлийн 3,358 м.кв талбайг чөлөөлүүлж, өөрийн өмчлөлийн орон сууцны хаалгаар орох гарахад саад болж буй үйлдлийг таслан зогсоолгохыг шаардаж байна.

Талууд хэн аль нь тус орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдүүд мөн эсэх талаар болон уг хаалга, хана босгосон, нэхэмжлэгч нарын орж гарахад саад болж байгаа үйл явдал, үйл баримтын талаар маргадаггүй.

Харин хариуцагч* уг 4 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч биш, түрээслэгч, орон сууцны гэрчилгээ нь Г.Оюунтуяа гэх хүний нэр дээр байдаг бөгөөд 2021 оны 05 сараас хариуцагч худалдан авч амьдарч байгаа. Тухайн хаалга татсан асуудал нь 2021 оноос өмнөх асуудал учраас бидэнд хамааралгүй гэж үзэж байгаа гэх агуулга бүхий тайлбарыг гарган эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч*,* нар нь 2, 3 тоот орон сууцны өмчлөгч мөн болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн улсын бүртгэлийн *, * дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогддог.

Хариуцагч*ын эзэмшлийн 4 тоот орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаагаар *дугаарт бүртгэлтэй, 2021 оны 05 сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Г.Оюунтуяагийн өмчлөлд бүртгэгдэн 2021 оны 5 сарын 17-ны өдөр * дугаартай гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна.

 Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 10-2/464 тоот албан бичгээр гарган ирүүлсэн Нийслэлийн Баянгол дүүрэг, *тоот орон сууцны түүхчилсэн лавлагаагаар уг орон сууц нь иргэн *ын өмчлөлд шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх хүсэлтийн дагуу 2012 оны 10 сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн * дугаар бүртгэгдэн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд бүртгэлд 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтаар бүртгэгдэн гэрчилгээ авагдсанаас хойших хугацаанд талбайг сунган, нэмж бүртгүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь хариу тайлбартаа уг орон сууцыг “....2021 оны 05 сарын 15-ны өдөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон...” гэх тайлбарыг гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй. Гэвч түүний гаргасан тайлбар нь хэрэгт авагдсан орон сууцны түүхчилсэн лавлагаанд авагдсан худалдах худалдан авах гэрээтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...* нь уг байрны өмчлөгч биш *гээд хүнээс түрээслэн амьдарч байгаа, алсдаа өмчлөгчөөр  тогтоолгох тохиролцоо байгаа...” гэх тайлбарыг үгүйсгэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

Тус орон сууцны 2, 3, 4 тоот хаалгууд нь 1 давхарт байрлаж, орон сууцны шат, шатны хонгил сууц хоорондын талбайг дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд уг хаалга, хаалт гаргаж авсан талбайн хэсэг нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарч байгаа болох нь талуудын гаргасан тайлбар, Саруул дулаан СӨХ-ын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 260 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан фото зургаар тус тус тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус, өмчлөгчийн эрхэд саад учруулсан үйлдэл болох нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

 

Иймд хариуцагчийг маргааны зүйл болох нийтийн эзэмшлийн талбайд хана, хаалга барьж өөрийн эзэмшилд авсан талбайн дан ганц өмчлөгч гэж үзэх боломжгүй, хариуцагч уг талбайн хууль ёсны өмчлөгч болохоо баримтаар нотолж чадахгүй, өмчлөгчийн өөрийн сууцанд орж гарахад саад учруулж байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаарх татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 Дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүрэг, * тоот орон сууцны өмчлөгч*ын өөрийн өмчлөлийн орон сууцны хаалгыг сунгаж дундын өмчлөлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буцаан нураалгаж, нэхэмжлэгч*,* нарыг 2,3 тоот орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг даалгаж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,  118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан хариуцагч*ыг Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, * тоот орон сууцны хаалгыг сунгаж, дундын өмчлөлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буцаан нураалгаж, нэхэмжлэгч*,* нарыг тус орон сууцны 2, 3 тоот орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож чөлөөлөхийг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН