Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/528

 

 

М.Л, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч М.Л, Б.А,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр М.Л, Б.А нарт холбогдох 2302 00329 0375 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн М-ын Л, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Б овгийн Б-ийн А, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа шивээс хийдэг ажилтай гэх, ам бүл ... нарын хамт ... суух бүртгэлтэй, /РД:..../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/02 дугаар шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 210 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 26 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон;

Шүүгдэгч М.Л, Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ авто вокзалын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 52.4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зебра” зочид буудлын гадна байрлуулсан 16-83 СЭА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Л, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М-ын Л, Б овогт Б-ийн А нарыг “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.Лт өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар,

шүүгдэгч Б.Аод өөрийн байнга оршин суудаг газар болон тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг газраас өөр газар зорчихыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Л, Б.А нарт “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л, Б.А нар хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арваннаймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч М.Л, Б.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 52.4 грамм цэвэр жинтэй, олсны ургамалыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч М.Л, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрд оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Л, Б.А нарыг бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 52.4 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Лт 5 жил, шүүгдэгч Б.Аод 5 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухай зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй, илтэд хөнгөн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс эсэргүүцэл зөв байх. Гэхдээ би 5 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялыг эдлээд явахыг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрөө түүх санаачлага байгаагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял надад тохирч байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд М.Л, Б.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос М.Л, Б.А нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ авто вокзалын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 52.4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зебра” зочид буудлын гадна байрлуулсан 16-83 СЭА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Л, Б.А нарыг “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч тус бүрт 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудсанд шүүгдэгч М.Лын биед үзлэг хийсэн тэмдэглэл болон “хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл”, 42 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “М.Л 2023.4.10” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн”, мөн шүүгдэгч Б.А нь М.Лтай үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус батлагдаж байна.

Шүүгдэгч М.Л, М.А нар нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ авто вокзалын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 52.4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зебра” зочид буудлын гадна байрлуулсан 16-83 СЭА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт хадгалсан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнээс гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцохдоо “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж хоёр өөр төрлийн эм бодисын нэршлийг хольж бичиж, анхан шатны шүүх шүүгдэгч М.Л, Б.А нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.Л, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч М.Л, Б.А нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв.

Тодотговол, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис нь дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй байдаг тул шүүгдэгч нарын аюулгүй байдал болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.Л Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч М.Л Б.А нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ