Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2025/0088

 

                            

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***  ХХК,

Хариуцагч: *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: ***  ХХК нарын хоорондын  маргааныг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Жанцанноров, гуравдагч этгээд “*** ” ХХК-ийн захирал Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хоёр: Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус сумын Цээл багийн нутагт байрлах “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийг байгаль орчны мэргэжлийн байгууллага ***  ХХК-д хариуцуулж, гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад даалган шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч ***  ХХК нь 2027 оныг хүртэл гэрээ байгуулан ажиллаж байжээ.

2.2. Мөн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор тус сумын Цээл багийн нутагт байрлах “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг ***  ХХК-д хариуцуулж, тус компанийн үйл ажиллагааг байгалийн нөөцийг тогтвортой, экосистемд хал багатай ажиллах гэрээ, санамж бичиг байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч ***  ХХК-иас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэж 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ***  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Манай ***  ХХК нь *** сумын Цээл багийн нутагт байрлах “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийг 2014 оноос өдийг хүртэл хугацаанд хариуцан ажиллаж байгаа байгууллага билээ. Амьтны тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг тогтоодог. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор *** сумын Цээл багийн нутагт байрлах тухайн “Ханан Баян” агнуурын бүс нутгийг тогтоон хилийн цэсийг баталж агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг манай ***  ХХК-д хариуцуулсан. Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тус агнуурын бүс нутгийн хилийн цэсийг засварлах, шинэчлэн тогтоосон. Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь хэсэгт заасны дагуу манай байгууллага нь “Ханан Баян” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2027 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөг 2022 онд батлуулан ажиллаж байна. Гэтэл *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сумын Цээл багийн нутаг Ханан, Баян зэрэг газруудыг хамруулж агнуурын бүс нутаг болгон тогтоосугай. Агнуурын менежментийн төлөвлөгөөг ***  ХХК-д хариуцуулсугай. ***  ХХК-ний үйл ажиллагааг байгалийн нөөцийг тогтвортой, экосистемд хал багатай ашиглах гэрээ, санамж бичиг байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Өлзийсүрэн)-д даалгасугай” гэх агуулга бүхий 08 дугаар тогтоолыг баталжээ. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт “ангийн аж ахуй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн агнуурын бүс нутагт агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий нэг л аж ахуй нэгж байх бөгөөд батлагдсан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. Гэвч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2014 онд тогтоосон агнуурын бүс нутгийн огт байгаагүй мэтээр шинээр тогтоон мөн тухайн агнуурын бус нутагт менежмент хариуцагч байгууллага байсаар атал өөр нэгэн этгээдийг агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар томилон хариуцуулж байгаа нь хууль бус байна. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх маргаан бүхий тогтоолын улмаас манай ***  ХХК нь батлагдсан агнуурын бус нутгийн менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм. 2025 оны амьтны дуудлага худалдааны үеэр ***  ХХК нь тухайн “Ханан Баян” агнуурын бүс нутагт манай агнуурын бус нутаг хэмээн дуудлага худалдаанд оролцож байсан тул дуудлага худалдааны дараа уг асуудлыг тодруулахаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай очиж уулзахад маргаан бүхий тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ***  ХХК-д явуулсан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот албан бичгийг бидэнд танилцуулан хүлээлгэн өгсөн. Иймд, дээрх маргаан бүхий тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцан хүлээж аваад ийнхүү нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч ***  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий захиргааны акт нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг үндэслэж гарсан байдаг. Хууль зүйн үндэслэлийг нь авч үзэх юм бол сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын ан амьтны тархац нутаг, ан амьтныг агнах барих, агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь хэсэгт заасан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэж тогтооно гэсэн хууль зүйн үндэслэлийг заасан байна. Эндээс харах юм бол агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэж анх тухайн бүс нутагт агнуурын бүс нутгийг тогтоох процессыг заасан. Гэтэл энэ агнуурын бүс нутгаар хамгийн анх 2014 онд тогтоогдож байсан. Тодруулах юм бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаар тогтоолоор тухайн сумын Цээл багийн нутагт Ханан баян гэсэн агнуурын бүс нутгийг тогтоож, хилийн цэсийг баталж, менежментийн төлөвлөгөөг манай Монгол сафари ХХК-д хариуцуулсан. Үүнээс хойш 2023 онд тухайн агнуурын бүс нутгийн хилийн цэсийн давхцалтай холбоотой асуудал үүссэн. Тухайн Баян-Өнжүүл сумын дэвсгэрт Ханан, Баян болон хойд Өнжүүл гэсэн хоёр агнуурын бүс нутаг байдаг. Тухайн бүс нутгууд нь хоорондоо хилийн цэсийн давхцалтай байна гэсний улмаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хурал хийж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хилийн цэсийн давхцалыг арилгаж дахин Ханан баян бүс нутгийн хилийн цэсийн давхцалыг арилгаж тогтоосон. Энэхүү тогтоолуудаас харах юм бол тухайн Ханан, Баян бүс нутгийн хилийн цэсийг тогтоосон. Менежмент хариуцагчаар Монгол сафари ХХК-д хариуцуулсан нөхцөл байдал байгаа. Иймд хууль зүйн үндэслэлийн хувьд шинээр хилийн цэсийг тогтоосон зүйл байхгүй. Хариуцагч байгууллагын хариу тайлбараас харахад Монгол сафари ХХК нь 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй учир гуравдагч этгээдэд менежментийн төлөвлөгөөг хариуцуулъя гэсэн хариу тайлбарыг гаргасан. Хариуцагч байгууллага тухайн агнуурын бүс нутагт үйл ажиллагаа явуулна гэдэг нь зөвхөн агнуурын бүс нутагт ан амьтан агнах гэж ойлгож байна. Гэхдээ энэ нь зөвхөн ан амьтан агнах гэдэг нь нэг хэсэг нь, үүнээс гадна амьтныг өсгөн үржүүлэх, тухайн агнуурын бүс нутагт биотехник болон мониторинг судалгаа хийх, амьтны нөөц байгаа эсэхийг тогтоох гэсэн маш олон төрлийн үйл ажиллагаа явагддаг. Манай байгууллагын хувьд 2023, 2024 онуудад тухайн үйл ажиллагаа явуулж байсан. Тайлангаа цаг тухайд нь илгээж байсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Үүнээс гадна тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хурал нь ямар үндэслэлээр яаж гаргаж байгаа нь гэдэгтэй холбоотой хурлын тэмдэглэлийг гаргасан байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр “***  ХХК нь Монгол сафари ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлж, шийдвэрлүүлээд хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Энэ жил нэр нь солигдож ***  ХХК нэртэйгээр үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт ирүүлсэн байна” гэсэн байна. Энэ нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Манай компанийг нэрээ өөрчилж дахин хүсэлт ирүүлсэн мэтээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан. Энэхүү үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд дэмжиж гуравдагч этгээдийг менежмент хариуцагчаар тодорхойлсон байна. Энэ нь ямар ч бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гарсан байна. Үүнээс цааш авч үзэх юм бол сонсох ажиллагааны талаар яриад ч хэрэггүй. Сонсох ажиллагааны талаар бодит нөхцөл байдлыг тодорхойлсон, манай талыг дуудаж шаардлага, тодруулга гаргах боломжоор хангаагүй захиргааны акт гарсан байна. Мөн захиргааны акт 02 дугаар сарын 24-ний өдөр гарснаас хойш манай байгууллагад огт мэдэгдээгүй. Манай байгууллагын удирдлага 05 дугаар сарын үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай очиж уулзах үедээ ийм захиргааны акт гарсан гэдгийг өөрсдөө очиж мэдэж, одоо захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж явж байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хилийн цэсийн давхцалыг арилгуулах хуралдаан болсон. Энэхүү хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Тус тэмдэглэл дээр “хойд Өнжүүл болон Ханан Баян агнуурын бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр агнуурын менежмент хариуцагч хоёр байгууллага нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор манайхыг 2023 онд үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл эднийх үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг хариу тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагын гаргаж байгаа захиргааны акт нь хууль зүйн болон сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлгүй захиргааны акт гарсан учир *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

Дөрөв: Хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Жанцанноров шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

4.1. Хариуцагч Л.Жанцанноров шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... ***  ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус суманд агнуурын менежментийн үйл ажиллагаа явуулж байсан ***  ХХК нь 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй тул 2025 оны 02 сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолоор “*** ” ХХК-д шилжүүлж тус компанийн эрхийг цуцалсан болно” гэжээ.

4.2. Хариуцагч Л.Жанцанноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баян-Өнжүүл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу агнуурын бүс нутгийн асуудлууд орж ирж, энд *** сумын Засаг даргад хаягласан ***  ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг манай сумын Засаг даргад ирж, тухайн хурал дээр танилцуулагдсан. Энэ хуралд бид дараах албан бичигтэй танилцаж хэлэлцээд 76.1 хувийн ирцтэй тус ангын бүс нутгийг ***  ХХК-д эзэмшүүлэхээр хурлын төлөөлөгчид 100 хувь дэмжиж дараах тогтоол гарсан. 2014 оноос хойш Монгол сафари ХХК үйл ажиллагааны доголдлын асуудлууд гарсан. Мөн нэхэмжлэгч талаас өөрсдөө хэлж байна. 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй, орон нутгийн ангийн орлогын орлого тасалдуулсан гэдэг зүйлийг Засаг дарга ярьсан. Нэхэмжлэгч талаас Монгол сафари ХХК нэрээ сольж ***  ХХК гэж орж ирсэн гэж тайлбарлаж байна. Хурал дээр тийм зүйл яригдаагүй гэж санаж байна. Энэ жил мөн Монгол сафари ХХК ангаа хийж, нэг угалз агнасан. 2023, 2024 онд ангийн орлого тасалдуулсан гэж байгаль орчны байцаагчаас мэдээлэл авсан. Татварын байцаагч гадаад улсад явж байгаа учир ямар орлого төвлөрүүлсэн гэдэг нь тодорхой харагдахгүй байсан. 2025 онд ан хийж 39.900.000 төвлөрүүлсэн байсан” гэжээ.

Тав: Гуравдагч этгээд ***  ХХК-ийн төлөөлөгч Т.Мөнхтуяа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

5.1. Гуравдагч этгээд ***  ХХК-ийн захирал Т.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани ан агнуурын чиглэлээр *** сумтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн хамтран ажиллах санал болон компанийн танилцуулгыг *** сумын Засаг дарга С.Өлзийсүрэнд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 25/19 тоот албан тоотоор хүргүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 тоот тогтоол гарч манай компанид агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцуулах тухай шийдвэр гарсан тухай, мөн манай компанитай байгалийн нөөцийг тогтвортой, экосистемд хал багатай ашиглах гэрээ, санамж бичгийг байгуулж ажиллахыг сумын Засаг дарга С.Өлзийсүрэнд даалгасан тухай манайд мэдэгдсэн. 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанд хандаж Агнуурын бүс нутгийн гэрээ байгуулах 25/33 тоот албан хүсэлтээ гарган хүргүүлсэн. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай компани *** сумын Засаг дарга С.Өлзийсүрэнд хандаж Цээл багийн “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хариуцах зөвшөөрөл хүсэж, агнуурын бүс нутгийн менежментийн ажлыг шилжүүлэн авах хүсэлт гарган хүргүүлсэн. Дээрх албан тоотын хариуд 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баян Өнжүүл сумын Засаг даргын А/33 тоот захирамж гарч, Цээл багийн “Ханан Баян” агнуурын бус нутгийн менежментийн төлөвлөгөөг хариуцах аж ахуйн нэгжээр “*** ” ХХК-г томилсон тухай, байгалийн нөөцийг тогтвортой, эко системд холбоотой ашиглах гэрээ болон санамж бичгийг байгуулж, “*** ” ХХК-д бүрэн шилжүүлсүгэй гэсэн захирамж гарсан тухай агнуурын бус нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг манай компанид мэдэгдсэн. 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 07 тоот албан тоот гарч тус суманд үйл ажиллагаа явуулж байсан ***  ХХК-ний “Ханан Баян” агнуурын бус нутгийг уг компаниас цуцалж, “*** ” ХХК-д шилжүүлсэн тухай албан тоот гарсныг манай компанид мэдэгдсэн. Манай компанийн зүгээс зохих шатны байгууллагуудад шат дараалан хандан ажиллаж ирсэн бөгөөд манай компани ан агнуурын чиглэлээр *** сумтай үр ашигтайгаар хамтран ажиллахыг зорин ажиллаж байна” гэжээ.

5.2 Гуравдагч этгээд ***  ХХК-ийн захирал Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс Монгол сафари ХХК-ийн нэрийг өөрчилж, одоо ийм үйл ажиллагаа явуулж  байгаа гэсэн мэдээлэл гаргаж байгаагүй. Манайх ***  ХХК 2024 онд байгуулагдсан компани. 2025 оны 01 дүгээр сараас Баян-Өнжүүл сумын удирдлагад хандахдаа бүх албан тоот, албан бичгүүд дээр манай байгууллага ийм үйл  ажиллагаа явуулдаг, танайд орох хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж байсан. Компанийн үүсгэн байгуулсан бичиг баримт нь Монгол сафари ХХК-тай ямар ч холбоо байхгүй. Тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа компани. Шинээр хүсэлт гаргаж байна гэдгээр хандаж байсан, төөрөгдүүлсэн мэдээлэл манай зүгээс гаргаагүй гэдгээ хариуцлагатай илэрхийлж байна. Өөр нэмэлт тайлбаргүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч ***  ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч, хариуцагч,  гуравдагч этгээдийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “...*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус сумын Цээл багийн нутагт байрлах “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийг 2014 оноос өдийг хүртэл хугацаанд хариуцан ажиллаж, тухайн бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2027 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөг 2022 онд батлуулан ажиллаж байна. Гэвч манайд сонсох ажиллагаа огт хийлгүй, *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2014 онд тогтоосон агнуурын бүс нутгийг огт байгаагүй мэтээр шинээр тогтоон, тухайн агнуурын бүс нутагт менежмент хариуцагч байгууллага байсаар атал өөр нэгэн этгээдийг агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар томилон шийдвэрлэсэн нь хууль бус гэж,

3. Хариуцагчаас “...Монгол сафари ХХК нь 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй тул цуцалсан, өөр аж ахуйн нэгжид эрх олгосон” гэж,

4. Гуравдагч этгээдээс “...Манай компани ан агнуурын чиглэлээр *** сумтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн хамтран ажиллах санал болон компанийн танилцуулгыг *** сумын Засаг даргад хүргүүлж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 тоот тогтоол гарч манай компанид агнуурын менежментийг хариуцуулах тухай шийдвэр гарсан. Манай компанийн зүгээс зохих шатны байгууллагуудад шат дараалан хандан ажиллаж ирсэн бөгөөд манай компани ан агнуурын чиглэлээр *** сумтай үр ашигтайгаар хамтран ажиллахыг зорин ажиллаж байна” гэж тус тус маргажээ.

5. Маргаан бүхий акт болох *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар “Ан агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх тухай” гэх тогтоол[1]-ыг гаргахдаа  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно” гэж заасныг удирдлага болгон сумын Цээл багийн нутаг Ханан, Баян зэрэг газруудыг хамруулж агнуурын бүс нутаг болгон тогтоож, агнуурын менежментийн төлөвлөгөөг ***  ХХК-д хариуцуулж, үйл ажиллагааг байгалийн нөөцийг тогтвортой, экосистемд хал багатай ашиглах гэрээ, санамж бичиг байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

6. Монгол сафари ХХК нь *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус сумын Цээл багийн нутагт байрлах “Ханан Баян” агнуурын бүс нутгийн менежментийг байгаль орчны мэргэжлийн байгууллага ***  ХХК-д хариуцуулж, гэрээ байгуулан ажилласнаас хойш үйл ажиллагаагаа явуулж, *** сумын “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн 2023-2027 оны төлөвлөгөөг[2] 2022 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газраар батлуулсан бөгөөд 2023 оноос 2027 оныг дуустал 5 жилийн хугацаанд хэрэгжихээр Монгол сафари ХХК болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн оролцоотойгоор боловсруулан үйл ажиллагаа явуулж  байжээ.

7. Мөн *** сумын “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээг[3] Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг дарга нартай Монгол сафари ХХК нь байгуулж, тус гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулагдсан байна.

8. Өөрөөр хэлбэл хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол сафари ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газраар 2022 онд батлуулсан *** сумын “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн 2023-2027 оны төлөвлөгөөний хугацаа дуусаагүй байхад түүнд мэдэгдэлгүй, эрхийн харилцааг дуусгавар болгосон ямар нэгэн акт гаргалгүйгээр шууд давхардуулан “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг ***  хариуцлагатай хувьцаат компанид хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Монгол сафари ХХК нь *** сумын “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн 2023-2027 оны төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулж, 2023, 2024 онуудын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг *** сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн[4], улмаар 2025 онд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 2025 оны менежментийн төлөвлөгөөг гарган, батлуулсан  байна.

10. Мөн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/43 дугаар албан бичгээр “...Тус сумын Ханан-Баян агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч Монгол сафари ХХК нь менежментийн төлөвлөгөөний дагуу тайланг хуулийн хугацаанд ирүүлж хамтран ажилладаг болно” гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгч Монгол сафари ХХК-ийг *** сумын “Ханан-Баян” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн 2023-2027 оны төлөвлөгөөг 2023, 2024, 2025 онуудад хангаж ажилласан болох нь тогтоогдож байна.

11. Хэдийгээр хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Монгол сафари ХХК нь 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй” [5] гэж маргаж байгаа боловч тус тайлбараа нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдаанд “Энэ жил мөн Монгол сафари ХХК ангаа хийж, нэг угалз агнасан. 2023, 2024 онд ангийн орлого тасалдуулсан гэж байгаль орчны байцаагчаас мэдээлэл авсан” гэж тайлбарлаж байгаагаар уг захиргааны актыг гарахдаа бодит байдлыг зохих ёсоор баримтжуулан дүгнэлт хийгээгүй болох нь мөн нотлогдож байна.

12. Харин нэхэмжлэгч талаас “2023 онд Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж, Амьтны тухай хуульд өөрчлөлт орсноор ан амьтныг дуудлага худалдааны журмаар агнах зохицуулалттай болсон. Дуудлага худалдааны журмаар ан амьтан агнахаар бол сонирхогч этгээд дуудлага худалдаанд орж агнуур хийх боломжтой болсон. 2023 онд Монгол сафари ХХК-ийн зүгээс ан амьтан агнасан. 2024 онд энэ бүс нутагт агнах ан амьтны тоо хэмжээ тавь, дуудлага худалдаа явагдаагүй, манай зүгээс байгальд ээлтэй арга хэмжээ авч, ан амьтныг хамгаалж, өвс тэжээл тавьж, байгаль хамгаалагчтай харьцаж, нөхөрлөлийн гишүүдэд сургалт хийж ажилласан” гэж тайлбарлаж, дээрх менежментийн батлагдсан төлөвлөгөөг гаргасныг буюу үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан гэх тайлбарыг хариуцагч мөн үгүйсгэх баримт үгүй байна. Мөн энэ талаарх мэдээллээр ханган ажиллах сумын байгаль орчны байцаагч нь тус хуралдаанд мэдээллээр бүрэн хангах чиг үүргийн дагуу бодит байдлыг судлан, судалгаатай оролцоогүй атлаа нөхцөл байдлаас өөрөөр мэдээлэл өгч, нэхэмжлэгч хуулийн этгээдийг өөр нэрээр үйл ажиллагаа явуулах болсон гэх илт үндэслэлгүй танилцуулга хийсэн байна.

13. Тодруулбал, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар хуралдаанд  хэлэлцэх асуудлын 8 дугаар асуудалд оруулан хэлэлцсэн гэх бөгөөд хэлэлцэх асуудлын танилцуулгыг сумын Байгаль орчны Хяналтын улсын байцаагч хийхдээ “***   компани нь хуучин Монгол сафари ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулахаар хүсэлтээ ирүүлж шийдвэрлүүлээд 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, Энэ жил нэр нь солигдоод ***  ХХК нэртэй үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн” гэж танилцуулга хийсэн, Хурлын Төлөөлөгч нараас хэлэлцэх асуудлын талаар тодорхой ойлголтгүй, зөвхөн танин мэдэх асуудлаар гурван асуулт тавьсны дараа Хурал даргалагчаас “Ямартай ч эдгээр хүсэлтүүдийг хэлэлцсэн гээд тогтоолоо гаргая. Дараа нь хүмүүстэй уулзаад зөвшөөрөл өгөхийг нь өгөөд, цуцлахыг нь цуцалсан нь дээр байх гэж бодож байна” гэж тайлбар гаргаснаар хэлэлцүүлгийг дуусгаад, “Төлөөлөгчид бүгд зөвшөөрөв” гэж тэмдэглээд, маргаан бүхий актыг гаргасан байна.[6]

14. Эндээс тус хурлаар иргэдийн Хурлын Төлөөлөгчид чухам ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргах эсэх талаар ойлгох, хэлэлцэх агуулга тодорхойгүй болох нь нотлогдож байхаас гадна, гаргах шийдвэрээ ч тодорхойлоогүй байхад Хурлын дарга өөрөө дур мэдэн тогтоол гаргасан нь нотлогдож байна. Мөн эндээс Хурлаар хэлэлцээгүй агуулга бүхий асуудлаар даргалагч тогтоол гарган албажуулсан, тогтоолын агуулга нь “... хүсэлт хэлэлцэх тухай” гэсэн боловч нэгдүгээр хэсэгтээ, ан агнуурын бүс нутаг тогтоож, хоёрдугаар хэсэгтээ өмнө нь энэ үйл ажиллагааг эрхэлж байсан аж ахуйн нэгжийн асуудлыг хэрхэхийг шийдээгүй атлаа давхардуулан гуравдагч этгээдэд эрх олгон шийдвэрлэсэн зэргээр утга агуулгын хувьд ч илтэд алдаатай эрхийн акт гаргасан. Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд “энэ акт гарснаар өмнө нь байсан Монгол сафари ХХК-ийн эрх цуцлагдсан гэж ойлгож байгаа” гэх тайлбар нь мөн эрх зүйн хувьд үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд үл нийцсэн гэж үзэхээр байна.

15. Хариуцагч нь *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар “Ан агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх тухай” тогтоолыг гаргахдаа эрх нь зөрчигдөж байгаа Монгол сафари ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж заасан атал эдгээр хуулийн заалтыг зөрчиж захиргааны акт гаргасан, улмаар мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаягласан этгээдэд болон  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдээгүй байна.

16. Дээрхээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зааснаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо судалгааг гаргахдаа, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг хийх, лавлагаа, тайлбар болон төслийг гаргаагүй, ташаа мэдээлэл бүхий танилцуулгаар, гүйцэт тодорхой бус хэлэлцүүлэг хийж гаргасан маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тус орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,  4.2.5,  26 дугаар зүйлийн 26.1,  27 дугаар зүйлийн 27.1,  27.6,  43 дугаар зүйлийн 43.1,  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугар зүйлийн 47 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол сафари ХХК-иас *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] 1хх-ийн 106 дахь хуудас

[2] Хавтаст хэргийн 11-38 дахь хуудас

[3] Хавтаст хэргийн 12-38 дахь хуудас

[4] Хавтас хэргийн 39-42 дахь хуудас

[5] Хавтас хэргийн 66 дахь хуудас

[6] 1хх-ийн 96 дахь хуудас