2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04707

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ү******* ХХК /РД: *******/,

 

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Хэрэг гүйцэтгэгч А.Э*******,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ү******* ХХК нь дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоон, татан буулгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ү******* ХХК нь 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхлэхээр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 15,000 төгрөг, 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан. Явцын дунд буюу 2014 онд компанийн дүрэмд өөрчлөлт оруулж компанийн хувьцааг 100 хувь Ж.Ж*******д шилжүүлж, гүйцэтгэх удирдлагаар томилсон. Гэвч сүүлийн 10 гаруй жил компани огт үйл ажиллагаа явуулаагүй ба Санхүү төрийн сангийн хэлтэст Санхүүгийн тайлан илгээж байгаагүй болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улиралд дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал, гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна гэж заасны дагуу улсын бүртгэлээс хасагдах хуулийн этгээдийн бүртгэлд орсон байгаа тул Санхүүгийн тайлан үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 2014 онд нэг удаа илгээснийг гаргаж өгч байгаа болно. Энэ талаарх Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн баримтыг хавсаргасан болно. Ү******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавигдсан шалтгаанаар Авто тээврийн үндэсний төв, Газрын алба зэрэг холбогдох бусад байгууллагууд лавлагаа олгохгүй байгаа болохыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хүсэлтийг хүлээн авна уу. Тус компани нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр 128,941,517 төгрөгийг Т******* ХХК-д төлөх төлбөртэй. Татвар, нийгмийн даатгалын өр төлбөр байхгүй болно. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж. Тус компани нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан шаардлагуудыг хангахгүйн зэрэгцээ цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй тул хуулийн этгээдийн ******* регистрийн дугаартай Ү******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.   

  

2. Хэрэг гүйцэтгэгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг гүйцэтгэгч өөрийнхөө дүгнэлтийг Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлизйн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр гаргаж шүүх болон хэргийн зохигч буюу нэхэмжлэгч хариуцагч нарт дүгнэлтээ танилцуулж шүүх хуралдаанаар хэлэлцүүлдэг. Гэтэл миний бие хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг тэр тусмаа анхны дүгнэлт болох төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлтийг гаргах гэж хүсэлт гаргагчид удаа дараа шаардлага өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй учраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уг хэрэгт дүгнэлт гаргах боломжгүй, тус компани өөрийнхөө төлбөрийн чадвартай эсэхээ нотолж чадахгүй байна гэж үзэж 04 дугаартай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Уг хүсэлтийнхээ агуулгад Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргахад заавал бүрдүүлэх бүрдүүлбэр, санхүүгийн тайлан байх ёстой байдаг. Мөн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг санхүүгийн тайлан баланст шинжилгээ хийж дүгнэдэг. Тус Ү******* ХХК-д хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргахад шаардлагатай төлбөрийн чадваргүй байдлаа нотлох тайлан болон санхүүгийн бусад баримтуудыг ирүүлээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна. Иймд дүгнэлт гаргах баримт байхгүй, бүрдүүлбэр дутуу, хүсэлт гаргагч төлбөрийн чадваргүй болсон эсэхээ нотолж чадахгүй байх тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргах болон хэрэг гүйцэтгэгчээр ажиллахаас татгалзаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үндэслэл нь хэрэгт тус компанийн 2014 оны 3 дугаар улирлын тайлан байгаа, өмнөх улирлын тайлангууд байхгүй. Хуульд заасан шаардлагын дагуу 3 жилийн тайланг ирүүлэх ёстой байдаг. Хэрэгт байгаа 2014 оны 3 дугаар улирлын тайлан баталгаажсан төлөвтэй тайлан байгаа. Тэгэхээр баталгаажсан төлөвтэй тайлан байна гэдэг нь тус компани үүсгэн байгуулагдсанаас хойш өмнө нь тайлангуудаа өгч байсан, жилийн эцсийн тайлангаа ч өгч байсан байх бүрэн боломжтой учраас тайлангуудыг гаргаж ирүүлэх шаардлагыг тавьж байсан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байхдаа тус компанид дүгнэлт гаргах шаардлагатай баримтуудыг гаргаж ирэх нийт 11 зүйлийн шаардлагыг өгсөн. Шаардлага биелүүлээгүй тул дахин 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03 дугаартай шаардлагаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт байдаггүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар болон хэрэг гүйцэтгэгч миний зүгээс үзэж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Учир нь хуульд заасан бүрдүүлбэр хангагдаагүй, дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байгаа гэв.

 

3. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү******* ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан эсэх, байсан бол хэзээ байсан ба хэний нэр дээр хэзээ шилжсэн талаар болон одоо байгаа эсэх талаар лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс Ү******* ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан эсэх, байсан бол хэний нэр дээр хэзээ шилжсэн талаарх лавлагаа, Ашигт малтмал, газрын тосны газраас Ү******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх, одоо эзэмшиж байгаа, өмнө эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн эсэх, байгаа тохиолдолд хэзээ хэний нэр дээр хэрхэн шилжсэн эсэх, барьцаа болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн тусгай зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Ү******* ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх талаарх лавлагаа, Баянгол дүүргийн татварын хэлтсээс: Ү******* ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ү******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны Голомт банк, Төрийн банк, Ариг банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, М банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банкуудаас Ү******* ХХК нь тухайн банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн тодорхойлолт, Гаалийн ерөнхий газраас Ү******* ХХК нь гаалийн бүртгэлийн байгууллагад болон НӨАТ бусад татварын өр төлбөр, илүү төлөлт байгаа эсэх лавлагаа, Нийслэлийн болон дүүргүүдийн газрын албанаас Ү******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа холбогдох баримтууд /хх 49- 71, 83-85, 88-107/.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Хүсэлт гаргагч дараах байдлаар хүсэлтийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: Ү******* ХХК нь сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулаагүй, санхүү төрийн сангийн хэлтэст санхүүгийн тайлан илгээж байгаагүй, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй, Т******* ХХК-д 128,941,517 төгрөгийн өр төлбөртэй, компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүү, эдийн засгийн боломжгүй үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ү******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу Т******* ХХК-д 128,941,517 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан.

 

Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчээр түр А.Э*******ыг томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь Ү******* ХХК-ийн сүүлийн жилийн буюу 2021-2023 оны санхүүгийн тайлан баталгаажаагүй буюу тайлангийн мэдээллийг ашиглах боломжгүй үндэслэлээр төлбөрийн чадваргүй болсныг тогтоох боломжгүй гэж үзжээ.

 

Ү******* ХХК нь 2024 оны татварын тайлангаар өр төлбөргүй, 2014 оны 3 дугаар улирлын тайлангаар өр төлбөргүй талаар санхүүгийн тайландаа тусгасан байна. Энэ тайлан 2014 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг зөвхөн компанийн тамга, захирлын гарын үсгээр баталгаажуулсан байх ба эрх бүхий байгууллагад тушаагаагүй, мөн 2021-2023 оны санхүүгийн тайлангаа тушаасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам-ын 1.2, 2.1-д зааснаар аливаа хуулийн этгээд нь санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр тушаах үүрэгтэй. Ийнхүү илгээсэн тайлангийн мэдээллийн үнэн зөв байдлыг тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцах бөгөөд уг тайланг эрх бүхий байгууллага /харилцагч санхүүгийн байгууллага/ хянаж, хүлээн авна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж заасан. Дээрх зохицуулалтаар эрх бүхий байгууллагын хүлээн авч баталгаажсан тайлангийн мэдээллийг төрийн байгууллага ашиглах үндэслэл болохыг заасан байна. Иймд Ү******* ХХК-ийн 2014 оны харилцагч санхүүгийн байгууллагаар баталгаажаагүй санхүүгийн тайлангийн мэдээллийг тухайн компанийг төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тогтооход ашиглах үндэслэлгүй болно.

 

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасан. Хүсэлт гаргагч Ү******* ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайлан нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуульд заасан хугацаанд, эрх бүхий байгууллагад тушааж хянуулаагүйгээс нягтлан бодох бүртгэлийг зөв хөтөлж тооцооллын болон техникийн алдаагүй үнэн зөв тайлан гаргасан гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь өр төлбөрийн хэмжээг зөв тодорхойлж, түүнд холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Харин Ү******* ХХК нь Т******* ХХК-д 128,941,517 төгрөгийн өртэй гэж тодорхойлсон бөгөөд шүүхийн шийдвэрээр 128,941,517 төгрөгийн өр төлбөртэй, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, үүнээс төлөлт хийгдээгүй үйл баримт тогтоогдов.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн “...сүүлийн 10 гаруй жил компани огт үйл ажиллагаа явуулаагүй ба Санхүү тайлан илгээж байгаагүй” гэх тайлбараас, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр 07-ны өдрийн 03/1416 тоот “...Ү******* ХХК нь татварын системд тайлан огт өгч байгаагүй болно” гэх албан бичгээс үзвэл хүсэлт гаргагч нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, хүсэлт гаргагч Ү******* ХХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг үндэслэхгүйгээр Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоох боломжгүй юм. Иймд Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгө-өө хэрхэн тодорхойлж, төлбөрийн чадваргүй байдлаа хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Ү******* ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг буюу үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэлийг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

4. Ү******* ХХК-ийн хүсэлттэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Ү******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН