| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134001570307ТТ |
| Дугаар | 2024/ДШМ/41 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/41
2024 5 02 2024/ДШМ/41
Г.Нид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга,
Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн 2134001570307Т дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Н, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Битмикер мэргэжилтэй, Эм Жи студид ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар: УП...........
2. Шүүгдэгч Г.Н нь Нг, Б.С, Ц.Бнартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох “Делта-9 тетрагидроканнабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн Тоёота Приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
3. Төв аймгийн прокурорын газраас Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “04-12 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн үнэ болох 5,616,000 төгрөгөөс 1,404,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ноос гаргуулж улсын орлогод оруулж,
Эрүүгийн 2134001570307 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00 гр делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №522 дугаартай шүүгдэгч Б.Схолбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг " Эрүүгийн хариуцлага нь... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг " ... ял оногдуулахад хүнийг... ялгаварлан гадуурхахгүй" мөн зүйлийн 5 дахь хэсэгт " Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь: Г.Н 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 940 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж түүнийг тэнсэн хянан харгалзаж байсан ба энэ ялыг ялтан эдэлж дууссан байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ...хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулах..., урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан... дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн байгаа нь хуулийг буруу тайлбарласан, хуулийг буруу хэрэглэсэн, яллах буюу хэт нэг талыг баримталсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг " Эрүүгийн хуулийг төсөөтөй хэргэлэхгүй", Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Эрүүгийн хариуцлага нь ... гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "...ял оногдуулахад хүнийг... ялгаварлан гадуурхахгүй ", мөн хуулийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэж заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " шүүх... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Монгол Улсад хүн бүр... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтуудыг зөрчиж 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ээр гэмт хэрэг давтан үйлдсэн заалтыг тогтоолын дүгнэлтэд агуулгаар нь дурьдаж оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болгосон байгаа нь дээр дурдсан хуулийн бүх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тэрчлэн Эрүүгийн хуульд шүүхээс оргон зайлсан бол ял шийтгэлийг хүндрүүлэх хуулийн заалт байхгүй атал шүүх энэ үндэслэлээр ялыг хөнгөрүүлэхгүй гэж дүгнэсэн болно.
Г.Н бусад 3 нөхдийн хамт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээс шүүгдэгч Б.СТөв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Схорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Г.Н яг ижил гэмт хэргийг Б.С-ын хамт үйлдсэн байтал Г.Нид оногдуулах ялыг хуульд заасан үндэслэлгүйгээр илт хүндрүүлж оногдуулсан нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг алдагдуулж ялгаварлан гадуурхаж , "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан заалтуудыг үндэслэн өөрчилж, шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих учиртай.
Прокурор яллагдагчид холбогдох хэргийг хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2.7-д заасны дагуу эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргадаг. Хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэх бөгөөд яллаж байгаа хэргийн товч агуулга, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2134001570307 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол үйлдсэн. Уг тогтоолоор Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “04-12 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. /1-р хх-н 75-76/
Улмаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр нь яллагдагч Ц.Б, Б.С, Г.Н нарт холбогдох эрүүгийн 2134001570307 дугаартай хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 382 дугаар яллах дүгнэлт үйлдэж, Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б, нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, Тоёота приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /1хх-н 229-233/
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” үйлдэл байдаг бөгөөд прокурор нь уг зүйл, хэсэгт заагаагүй “тээвэрлэсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжээр Г.Нийг буруутган яллаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй байхад дээрх зөрчлийг анхан шатны шүүх залруулаагүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт Г.Нийг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй байхад уг гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган дүгнэж, шийтгэх тогтоолд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн хадгалсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
4. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар захирамжаар Г.Нийг хэргийн хамт шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоож /2-р хх-н 111/ улмаар мөн өдөртөө шүүгдэгч Г.Нид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эдлэх эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Нид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан эсэх баримтгүй, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор уг хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзсан тухай тогтоол гаргаагүй, прокурор ялын талаар санал гаргаагүй байх тул Г.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн гэж үзэх боломжгүй.
Иймд прокуророос ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу байна.
5. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа, зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй юм.
6. Иймд шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг, шүүгдэгч Г.Нид анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Нид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Р.МӨНХ-ЭРДЭНЭ