Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01559

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01559

 

 

 

 

хххххххХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02548 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххххХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч хххххх-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххххХХК-ийн итгэмжлэгдсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ххххххх нь манай байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 41 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэрээр түрээсийн гэрээ, хар дэвтэр, болон пос машины орлого зэргийг үзүүлж барьцаагүй зээл авсан. ххххххх 41 500 000 төгрөгөөс 10 900 400 төгрөгийг төлсөн бөгөөд эргэн төлөлтийнхөө явцад дэлгүүрийн ашиг орлого муудсан гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар 04-ний өдрөөс төлөлт хийхээ больсон. Удаа дараа шалтаг хэлж төлөлтөө хойшлуулдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул хариуцагч хххххххоос зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 30 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххххххх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хххххххХХК нь Банк эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байж зээл олгож хууль зөрчсөн. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл тул нэхэмжлэлээс хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул зээлийн төлбөрөөс 4 351 000 төгрөг хасуулж, 26 249 600 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххххоос 30 184 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххххХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 415 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 316 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххххоос 308 873 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ххххххххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй хххххх-т холбогдох иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 62, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн байна

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй буюу нэхэмжлэгч нь Э.Ж эсхүл хххххххХХК-ийн аль нь болох нь мэдэгдэхгүй атлаа нэхэмжлэлд С.Ж нэрээ бичиж гарын үсэг зурсан байдаг. Дээрх байдлаас дүгнэхэд хэн нь нэхэмжлэгч болох нь тодорхойгүй байна.

Хэрэв хххххххХХК нь зээл олгож байгаа бол зээл олгох тусгай зөвшөөрөлтэй эсэх нь мөн тодорхойгүй. Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан уу эсхүл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан жагсаалтад батлагдаагүй хуулийн этгээд зээл олгохыг хориглоно гэсэн зохицуулалтуудыг зөрчиж зээл олгосон уг зээлийн гэрээнд хүү болон алданги тооцсоныг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч хххххххХХК нь хариуцагч хххххх-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 26 249 600 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, уг этгээд хүү шаардах эрхгүй гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарладаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13 500 000 төгрөгийн, мөн сарын 27-ны өдрийн 28 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ, гэрээний хавсралт зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан. Энэ гэрээний зээлдүүлэгч гэх хэсэгт иргэн Б.Н нэр бичиж, гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж гарын үсгээ зуржээ. Зээлийн гэрээний хавсралтад зээлдүүлэгч гэсэн хэсэгт С.Ж гарын үсэг зурж, хххххххХХК-ийн мөн тамга дарагдсан байна. /хх-5-8/

Мөн иргэн Б.Н ХААН банкин дахь данснаас хариуцагч хххххххын данс руу дээрх зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үйл баримтыг нотолсон баримт буюу ХААН банкны депозит дансны хуулга хэрэгт авагджээ. /хх-27-41/

Эдгээрээс үзэхэд зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас иргэн Б.Нямдулам, эсвэл хххххххХХК шаардсан, С.Жавхлантөгс нь хэнийг төлөөлж шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг тодруулах буюу гэрээний талуудыг тодорхойлох шаардлагатай. Мөн зээлдүүлэгчийн эрх зүйн байдал нь зээлийн гэрээний хүүгийн хэмжээг тогтооход ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, гэрээний талуудыг тодорхой болгох нь маргааны үйл баримтыг тогтоох, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Хариуцагч тал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг явуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй учир хариуцагчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД