Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01581

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01581

 

 

 

хххххх-ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 189/ШШ2021/00023 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-нхууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол 2 865 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Аянагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч ххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Уг тогтоолд прокурор эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1334 дүгээр магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай захирамжаар хэргийг прокурорт дахин буцааж, намайг 9 сар хорьсон. Дээрх буцаасан захирамжид прокурор эсэргүүцэл бичиж Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Шүүх хэргийг шийдвэрлэлгүй удаасанд гомдолтой, мөн эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирсон. Би шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас 191 хоног илүү цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15 000 төгрөгөөр тооцож, нийт 2 865 000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхээс хххххт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон түүнд холбогдох хэргийг эрх хэмжээнийхээ хүрээнд гэм бурууг тогтоож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. Мөн ххххх гэм буруугаа хүлээсэн. Түүний хэрэг цагаатгагдаж хэрэгсэхгүй болсон бол хохирол төлбөрийн асуудал яригдана. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч хххххх-нгэм хорын хохирол 2 865 000 төгрөгийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хххххх-н үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол 2 865 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч ххххх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч ххххх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би Баганхангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 оны 6 дугаар сард цагдан хоригдсон. Налайх, Баганхангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 125 дугаар яллах дүгнэлт үндэслэн Баганхангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөн оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хорих хугацааг үндэслэлгүйгээр 30 хоногоор сунгасан.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай захирамж нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчин үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Тус захирамжийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд захирамжийг хүчингүй болгосон.

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн 41 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нийт 281 хоног цагдан хоригдсон ба 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсныг хууль зөрчиж гаргасан шийдвэрээс болсон гэж үзэж байна. Тус шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас 191 хоногийн хугацаагаар илүү цагдан хоригдсон тул тус хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 төгрөгөөр тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан 2 835 000 төгрөгийг төрөөс гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ххххх нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 2 865 000 төгрөг төрөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас 191 хоног илүү цагдан хоригдсон, хэргийг шийдвэрлээгүй удаасан, эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол учирсан ... гэж тайлбарлажээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр захирамжаар яллагдагч хххххыг урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр уг арга хэмжээг өөрчилж, цагдан хорих шийдвэр гаргасан байна. /хх-11/ Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан, тэрээр ххххх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 32, 9 дүгээр сарын 08-ны өдрийн 34, 12 дугаар сарын 01-ний өдрийн 41, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай захирамжууд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДШМ/1334, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ДШМ/97 дугаартай магадлалууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-14-15, 16-18, 21-26, 28-33/

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч хххххт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг баримтлан хххххх-нцагдан хоригдсон 281 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон байна. Энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул дээрх үйл баримтыг нэгэнт тогтоогдсон гэж үзэх бөгөөд уг үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой учир дахин нотлох шаардлагагүй.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч ххххх хууль бусаар цагдан хоригдсон гэх хууль зүйн үндэслэлгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хххххх-нгэм хорын хохирол 2 865 000 төгрөгийг өгөх нь зөв гэж үзэж байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг бичгээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийн Иргэдийн төлөөлөгч нь маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргана гэж заасанд нийцэхгүй байна. Иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Харин хэргийн 34 дэх талд авагдсан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 5/131 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангаагүйгээс үнэлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардах авахаас татгалзах эрхийг шүүх эдэлдэг бөгөөд уг ажиллагааг явуулсны эцэст нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэх ёстой. Гэвч дээрх дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүйн гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 189/ШШ2021/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД