| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0342/Э |
| Дугаар | 366 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Эын Мт холбогдох 1808013470293 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хилчний ..тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд 2013 оны 04 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 166 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн,
-2016 оны 10 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эл хөрөнгө хураахгүйгээр, 02 жилийн, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 01 жилийн хорих ялыг 02 жилд нь багтаан биечлэн эдлэх ялыг 02 жилээр тогтоож, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бовогт Эын М /РД:...
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед “Фэйс” нэртэй бааранд 3-н найзын хамт орж үйлчлүүлж байгаад шөнийн 01 цагийн үед баарнаас гарсан бөгөөд нилээн согтсон байсан. Би 2 найзаасаа салаад такси бариад 1 дүгээр хорооллын “Цагаан дэглий” гэдэг зочид буудал руу орж 214 тоот өрөөнд ороод хаалгаа дотроос нь түгжээд унтаж байсан юм. Тэгсэн чинь нэг хүн миний дээр гарчихсан хоолой боогоод байсан. Би ухаан алдаад буцаад сэргэсэн бөгөөд чи хэн бэ гэж асуусан чинь би найз чинь байна гээд дахин хоолой боох гэж байхаар нь би зөөгчөө гэж орилсон. Тэгээд нөгөө залуу цонхоор гараад үсрээд буугаад явчихсан. Би араас нь харсан чинь миний хувцасыг өмсчихсөн байсан. Миний 2 ширхэг гар утас, түрийвч, машины түлхүүр зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний 2 ширхэг гар утас 2-лаа өмдний зүүн талын халаасанд, түрийвч баруун талын халаасанд, машины түлхүүр куртикны халаасанд байсан. Би түлхүүрээ үнэлэхгүй. ...Цонхоор гараад зугатааж байхад нь араас нь харсан бөгөөд 170 см орчим өндөртэй, залуухан хүн байсан. Боолгуулсаны улмаас хоолой тухайн үед өвдөөд зүгээр болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 28-30, 31, 32 х/
1.2.Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 03 сарын 11-ний орой найз Цтай уулзаад 1-р хорооллын Цамбагаравын арын “Цагаан дэглий” зочид буудалд өрөө авч бид 2 архи уусан. Тэгсэн чинь Ц надтай цуг архи ууж байгаад шөнө нь яг хэдэн цагийг санахгүй байна гэр рүүгээ харьлаа гээд намайг орхиод явчихсан. Тэгээд би хэсэг байж байгаад орсон буудлынхаа цонхоор шүлсээ хаях гэхэд хажуу талын өрөөний буудлын цонх онгорхой байсан. Тэгэхээр нь орж харъя гэж бодоод дамжаад орсон чинь миний орсон уг буудлын өрөө гэрэлгүй харанхуй байсан ба орон дээр нэг залуу унтаж байсан. Тэр унтаж байсан залуугийн хажууд өмд байхаар нь өмднийх нь халаасыг уудалтал 2 ширхэг гар утас байхаар нь аваад гарах гэхэд унтаж байсан залуу сэрсэн. Тэгэхээр нь сандарсандаа болоод дээр нь гараад хоолойг нь боож ухаан алдуулаад гарахдаа сандал дээр нь байсан хар өнгийн богино куртикийг өмсөөд өөрийнхөө өмсөж байсан улаан өнгийн хавар намрын куртикийг үлдээгээд цонхоор гараад доошоо буугаад зугатаасан. Тэгээд маргааш нь Нарантуул зах дээр грушиг хийж байхдаа танилцсан .. .Б ах руу утсаар яриад ...хөдөө аж ахуйн яамны тэнд уулзаад “2 ширхэг гар утас байна зарчихмаар байна, манай эхнэрийн гар утас байгаа юм” гэж хэлээд 500.000 төгрөгөнд зарсан. Тэгээд утас зарсан мөнгөөрөө тэр оройноо архи дарс уугаад шоудаад үрээд дууссгасан. Харин буудлаас авч гарсан хар өнгийн богино куртикийг шоудаж байгаад бааранд үлдээгээд гарчихсан байна лээ. Би яг аль бааранд орсон эсэхээ сайн санахгүй байна. Миний өмсөж явсан куртикны халаасанд түрүүвч байсан, түрүүвчин дотор 20 гаруй мянган төгрөг байсан. Мөнгийг нь үрээд дуусгасан. Түрүүвчийг нь тэр шөнөдөө хаячихсан. …” гэх мэдүүлэг /хх 56 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 сарын 12-ны өглөө хэлтсийн рапортанд суугаад хэлтсээс гараад явах гэж байсан чинь Цагаан дэглий зочид буудлын ажилтнаас манай зочид буудалд хүн дээрэмдүүлчихлээ, 214 тоот өрөө рүү хажуу талын буюу 215 тоот өрөөнд хоносон залуу орж байсан гэж хэлсэн. 215 тоотод орж шалгахад өрөөнд ямар нэгэн хүн байгаагүй ба орон дээр улаан өнгийн куртик байсан тэгэхээр нь би куртикны халаасанд үзлэг хийхэд халааснаас нь ломбардны бичиг гарч ирсэн ба уг ломбарданы бичиг дээр Э овогтой М гэж хүний нэрээр тавьсан гар утас байсан. Уг ломбардны бичиг дээр регистрийн дугаар гэрийнх нь хаяг байхаар нь би уг хаяган дээр отолт хийхэд хаяган дээрээ ирээгүй. Тэгээд утас тавьсан модны 2-н дунд зам дагуу байсан “Үлэмж” нэртэй ломбарданд очоод ломбардны хүнээр М гэгчийг дуудуулсан чинь ирээгүй. Тэгээд ломбардны хүнд утсаа авах гээд ирэх юм бол хэлээрэй гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 03 сарын 22-ны орой “Үлэмж” нэртэй ломбардны залуу залгаад нөгөө М гэдэг залуу хүрээд ирлээ гэхээр нь би шууд очоод барьж авсан. Би куртикны халааснаас нь ломбардны бичгийг олж аваад куртикыг өрөөнд нь үлдээсэн ба ломбардны бичгийг би аль нэг хувцасныхаа халаасанд хийчихсэн чинь хайгаад олдохгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/
1.4.Гэрч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 сарын 11-ний орой 20 цагийн орчим 19-р байрны сааданд Мтай уулзаад бид хоёр 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан бөгөөд тэндээсээ “Вест” нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад Цамбагаравын үйлчилгээний төвийн ард байдаг “Цагаан дэглий” нэртэй зочид буудалд Мын хамт орсон. Тэгээд бид 2 уг буудлын 2 давхарт нэг өрөөнд орсон юм. Бид нар гаднаас архитай орж ирсэн бөгөөд уг архиа ууж байгаад би гэртээ харьлаа гээд яваад өгсөн юм. Тэгээд гэртээ хариад буцаж очмоор санагдаад байхаар нь хувцсаа сольчихоод буцаад “Цагаан дэглий” нэртэй зочид буудалд ороход ресепшин нь танай найз чинь өрөөнөөс юм аваад явчихлаа чи наанаа байж бай гээд цагдаа дуудна гээд байхаар нь би согтуу бас урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор гараад зугтаачихсан юм. Мын гэрийн хаягийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/
1.5.Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мыг зүс танина. Одоогоос 10 орчим хоногийн өмнө М над руу утсаар залгаад “ахаа та хаана явж байна, Солонгосоос ирчихсэн юм уу” гэхээр нь би Монголд ирчихсэн байна гэсэн чинь уулзмаар байна гээд бид 2 хөдөө аж ахуйн яамны урд талд уулзсан. Тэгээд М “та утас авах уу манай эхнэрийн утас ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн, тэгэхээр нь гар утсыг нь үзтэл самсунг эс-8, эс-6 маркийн 2 ширхэг утас үзүүлсэн. Би гар утсыг үзээд гайгүй болохоор нь 500.000 төгрөг өгөөд явсан. Тэгсэн чинь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цагдаагаас уулз гэсэн, гэтэл Маас худалдаж авсан гар утас хулгайн гар утас болж таарсан. ...Тэгээд Амармэнд байцаагчид өгсөн. Би урд өмнө Маас утас энэ тэр юм авч байгаагүй, надад хулгай зэлгийн аргаар авсан гэж юу ч хэлээгүй. Мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь 500.000 төгрөгөнд авсан. Би Мыг багаас нь мэднэ, ээж дүү нартайгаа амьдардаг ядарсан залуу байгаа юм. Тийм болохоор ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 58-59 х/
1.6.Дээрэмдүүлсэн гар утаснуудыг түр хураан авсан тэмдэглэл /хх 22 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү 1996 оны 08 сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал гэж газар төрсөн. Бага насаа Чойрт өсөж хүмүүжсэн. 1-3 дугаар анги хүртлээ сумынхаа дунд сургуульд суралцаж байгаад гараад хөдөө өвөө, эмээ дээрээ мал дээр гарсан. Манайх гэр бүлийн хамтаар 2010 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирсэн. Хүү маань хотод ирээд автобус баазад кондуктор, мөн хөдөө барилгын ажил хийж байсан. Хүү маань хүнд уруу татагдах гээд байдаг талтай, дандаа болж, бүтэхгүй хүмүүстэй нийлээд яваад байдаг, уг нь хүүдээ байнга хэлж, захидаг. Дээрээ нэг эгч, 3 дүүтэй, айлын дундах нь. Хүү маань сэтгэл сайтай, зан харьцааны хувьд доголдол байхгүй. Гэртээ архи, дарс уугаад согтуу хөлчүү ирж байсан удаа байхгүй. Одоогоор ажил хийхгүй байгаа бөгөөд саяхан нэг хэсэг талийгаач аавынхаа ахтай нь хамт Дорноговь аймаг руу жоншны ажилд явж байгаад мартын өмнө ирсэн. 2016 онд хулгайн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 39 х/
2.2.Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх50 х/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60-61 х/
2.4.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 175 дугаар Шийтгэх тогтоол /хх 64-69 х/
Гурав:Хохирлын баримтууд.
3.1.Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23 х/
3.2.Эд зүйлийн үнэлгээ /хх 46 х/
3.3.Хохирогч Н.Бэ, иргэний нэхэмжлэгч Ц.Б нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 104-105 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Э.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цагаан дэглий” зочид буудлын 214 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж, Н.БатЭрдэнийг унтаж байхад хоолойг нь гараараа боож ухаан алдуулан, түүний өмдний халаасанд байсан самсунг эс-8, эс-6 маркийн 2 ширхэг гар утас, куртик, бэлэн 30.000 төгрөг, түрийвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Бийн “... Би 2 найзаасаа салаад такси бариад 1 дүгээр хорооллын “Цагаан дэглий” гэдэг зочид буудал руу орж 214 тоот өрөөнд ороод хаалгаа дотроос нь түгжээд унтаж байсан юм. Тэгсэн чинь нэг хүн миний дээр гарчихсан хоолой боогоод байсан. Би ухаан алдаад буцаад сэргэсэн бөгөөд чи хэн бэ гэж асуусан чинь би найз чинь байна гээд дахин хоолой боох гэж байхаар нь би зөөгчөө гэж орилсон. Тэгээд нөгөө залуу цонхоор гараад үсрээд буугаад явчихсан. Би араас нь харсан чинь миний хувцасыг өмсчихсөн байсан. Миний 2 ширхэг гар утас, түрийвч, машины түлхүүр зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний 2 ширхэг гар утас 2-лаа өмдний зүүн талын халаасанд, түрийвч баруун талын халаасанд, машины түлхүүр куртикны халаасанд байсан. Би түлхүүрээ үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 28-30, 31, 32 х/
Гэрч А.Аын “...би 2018 оны 03 сарын 12-ны өглөө ... хэлтсээс гараад явах гэж байсан чинь Цагаан дэглий зочид буудлын ажилтнаас манай зочид буудалд хүн дээрэмдүүлчихлээ, 214 тоот өрөө рүү хажуу талын буюу 215 тоот өрөөнд хоносон залуу орж байсан гэж хэлсэн. 215 тоотод орж шалгахад өрөөнд ямар нэгэн хүн байгаагүй ба орон дээр улаан өнгийн куртик байсан тэгэхээр нь би куртикны халаасанд үзлэг хийхэд халааснаас нь ломбардны бичиг гарч ирсэн ба уг ломбарданы бичиг дээр Э овогтой М гэж хүний нэрээр тавьсан гар утас байсан. ... 2018 оны 03 сарын 22-ны орой “Үлэмж” нэртэй ломбардны залуу залгаад нөгөө М гэдэг залуу хүрээд ирлээ гэхээр нь би шууд очоод барьж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/
Гэрч Б.Цын “... “Цагаан дэглий” нэртэй зочид буудалд ороход ресепшин нь танай найз чинь өрөөнөөс юм аваад явчихлаа чи наанаа байж бай гээд цагдаа дуудна гээд байхаар нь би согтуу бас урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор гараад зугтаачихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/
Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн “... М “та утас авах уу манай эхнэрийн утас ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн, тэгэхээр нь гар утсыг нь үзтэл самсунг эс-8, эс-6 маркийн 2 ширхэг утас үзүүлсэн. Би гар утсыг үзээд гайгүй болохоор нь 500.000 төгрөг өгөөд явсан. Тэгсэн чинь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цагдаагаас уулз гэсэн, гэтэл Маас худалдаж авсан гар утас хулгайн гар утас болж таарсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-59 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Э.Мын зочид буудлын цонхоор нэвтрэн орж унтаж байсан хүний хоолойг боож ухаан алдуулан түүнийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосон үйлдэл нь Дээрэмдэх гэмт хэргийн обьектив тал болох хүч хэрэглэж довтолсон гэх шинжийг, субьектив талын хувьд шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэгдсэн болох нь хохирогчийн эд зүйлийг авч явсан үйлдлээр тус тус тогтоогдож байгаа тул энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Н.Бэ нь дээрэмдүүлсэн гар утаснуудаа буцаан авсан болох нь эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23 х/-ээр тогтоогдож байгаа, харин Эд зүйлийн үнэлгээ /хх 46 х/-ээр түрийвчийг 27,000 төгрөг, куртикийг 72,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, мөн түрийвчинд 30,000 төгрөг байсан гэх тул дээрх эд зүйлсийн үнэ нийт 129,000 төгрөгийг Э.Маас гаргуулж хохирогч Н.Бэ-д олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Э.Мт холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байсан, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүхээс түүнд 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Э.М нь 2016 оны 10 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жилийн, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 01 жилийн хорих ялыг 02 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 02 жилээр тогтоож, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд дээрх 02 жилийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Э.Мт 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу хорих ял оноогоод тэнссэн 2016 оны Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан хорих ялыг тэнсэх зохицуулалт бол ял эдлүүлэх өвөрмөц хэлбэрүүдийн нэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан зэргээс дүгнэлт хийхэд Э.Мыг 2002, 2015 онуудын Эрүүгийн хуулиудын дээрх зохицуулалтуудаар ял шийтгүүлсэн ялтан, ялаа эдэлж дуусаагүй байсан гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлтэй тул 2016 оны Шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бовогт Эын Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Мыг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Мт энэ тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 175 дугаар Шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Мын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Э.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Маас 129,000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Шаамар сум 1-р баг Залаатын ..тоотод оршин суух Н.Бэ /РД:..-д олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ