Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

 

 

 

 

    2024         4               25                                                   2024/ДШМ/36                                              

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Э,

            Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Я.Б,  Ш.А

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Эын эсэргүүцэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Я.Б, Ш.А нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн 2334000000165 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогтой М Б,1989 оны 5 дугаар сарын 21-ний өдөр .............аймаг ............суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн ......... сумын ....... дүгээр баг, .......... дугаар байр, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ...................

Шүүгдэгч М.Б нь согтуугаар Төв аймаг Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 8-23 тоотод 2022 оны 5 дугаар сарын 27-ноос 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 13 нас 9 сар 27 хоногтой О.Мөнгөнзулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-ийн Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т

зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Батмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Батмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож,

Эрүүгийн 2334000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох эсэх асуудлыг зохих шатны байгууллага болон Зуунмод сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Э бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул эс зөвшөөрч байна.

Учир нь: Шүүгдэгч М.Б нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 8-23 тоотод 2022 оны 5 дугаар сарын сүүлээр бага насны буюу 13 нас 9 сартай О.Мөнгөнзулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан "Хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн" болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирогч О.Мөнгөнзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг “...манай аавын төрсөн өдөр байсан” гэх эргэлзээ бүхий мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч М.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 14 нас 1 сар 5 хоногтой насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн гэж үзэж анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогч О.Мөнгөнзулын өгсөн дээрх мэдүүлгийг шүүх үнэлэхдээ түүний биеийн хэлэмж, өөртөө итгэлгүй мэдүүлж байгаа байдал, шүүх хуралдааны өмнө насанд хүрээгүй хохирогчид хохирол төлсөн байдал, түүнд нөлөөлсөн байж болзошгүй байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч М.Бд холбогдох "Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн" гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Мөн шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед манай аавын төрсөн өдөр" гэх цаг хугацаа яригдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө буюу насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулыг 14 нас 1 сар 5 хоногтой байхад хүчиндсэн гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн няцааж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мягмарсүрэн овогтой Батмагнай миний бие 2007 оноос 2011 он хүртэл Монгол улсын Их сургуулийн Ойн судлалын ангийн ой зүйч мэргэжлээр төгссөн. 2011-2022 оны 1 дүгээр сар хүртэл Төв аймгийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газарт” Ойн мэргэжилтэн, 2022 оны 2 дугаар сараас Зуунмод “Цэцэрлэгжүүлэлт” газарт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ар гэр амьдрал ахуйгаа залгуулж амьдарч байсан. Эрүүгийн 2334000000165 дугаартай хэрэгт холбогдож 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүх хурлаар Эрүүгийн хэргийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 жил нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн 23 дугаартай тогтоол гарсан. Миний бие хийсэн хэрэг, буруу үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж ухаарч байна. Хохирогч болон хохирогчийн аав, ээжээс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж, хохирогчид сэтгэл санааны хохирол болох 20,000,000 төгрөг өгсөн. Миний бие 2 хүү болон жирэмсэн эхнэрийн хамт амьдарч байсан. Намайг цагдан хоригдож байх хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэр төрж ам бүл нэмж 3 хүүхэдтэй болсон. Мөн өндөр настай ээж маань савны хорт хавдартай, хавдар судлалын эмнэлэгт хяналтад байдаг. Иймд нээлттэй хорих байгууллагад 10 жил хорих ялыг харгалзан үзэж багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Бн өмгөөлөгч Я.Бын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Я.Б би Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд дээд боловсролтой, Монгол улсын Их сургуулийн Биологи, биотехнологийн сургуулийг 2011 онд “Ойн инженер” мэргэжил эзэмшиж төгсөж байсан. Тухайн үед хамт олны дунд нэр хүндтэй өнөөг хүртэл эзэмшсэн ойн инженер мэргэжлээрээ тууштай ажиллаж ирсэн ба ажилласан салбартаа оруулсан хувь нэмрээ үнэлүүлж холбогдох төрийн байгууллагаас хүндэт жуух бичиг, батламжуудаар шагнуулж байсан. Мөн эхнэр, 0-12 насны 3 хүүхэдтэй, төрсөн эх И.Мягмарсүрэн нь умайн хүзүүний хорт хавдартай, энэ талаар нотлох баримтуудыг хавтаст хэргийн материалд хавсаргасан байдаг.

Хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлын хувьд урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргадаггүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэн, хасаж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Бн өмгөөлөгч Ш.Аын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ш.А миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдогч М.Бн хууль ёсны эрх ашгийг хамгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д "шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.", мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 38.2-т “...прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана..." гэж тус тус заасны дагуу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч нь Төв аймгийн байгаль орчны газар ойн инженерээр ажиллаж, Төв аймгийн Зуунмод сумын Хийморь хотхонд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан ба цагдан хоригдож хэрэгт шалгагдаж байх үед эхнэр нь амаржиж ам бүл 5 болсон. Тэрээр хохирогчид учруулсан хохиролд 20,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа болно. Түүний ээж нь Төв аймгийн Батсүмбэр суманд ганцаараа амьдардаг ба хорт хавдартай гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байна. М.Бн хувийн байдал гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлсөн зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялаас хөнгөрүүлэн хасаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Г.Эын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Я.Б, Ш.А нарын гаргасан давж заалдах шатны гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цаг хугацааны хувьд жоохон эргэлзээтэй байгаад байна. Сар өдрийг нь сайн санаж өгөхгүй байна. Анх мэдүүлэг өгөхөд 5 сар шиг санагдаж байсан. Одоо болохоор 9 сарын 5-ны өдөр аавын төрсөн өдөр байсан... Би 5 сард гэж бодохгүй байна...” гэсэн мэдүүлгийг үндэслэн тухайн гэмт хэрэг гарах үеийн цаг хугацааг тогтооход буюу үйл баримтын талаар эргэлзээ үүссэн гэж дүгнэн прокуророос шүүгдэгч М.Багтмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өөрчилсөн байна.

4. Хавтаст хэрэгт тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулын: “...Би 2022 оны 5 дугаар сарын 27-ны ...19 цагийн үед аав Эрхэмбаяр аавын найз Магнай, ээж Отгонтуяа нар архи ууж байсан. ...Би газар ор засаад дүү Түвшинбаяр, Түвшинбаатар нарын хамт 23 цагийн үед унтацгаасан. Шөнө дунд 01 цагийн үед би унтаж байтал миний араас нэг хүн тэврээд авсан. Яагаад байгаа юм бэ ааваа, ээжээ гээд хашхирсан чинь Магнай гэх хүн миний амыг дараад миний дээр гараад миний ягаан өнгийн турсикийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан... Би өмнө мэдүүлэг өгөхдөө үйл явдлыг тодорхой мэдүүлсэн..., ...мөрдөгч надаас мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж мэдүүлэг авсан асуудал байхгүй. Мөрдөгч надад хүүхдэд хууль сануулдаггүй юм аа чи болсон зүйлийг он, сар, өдөртэй тодорхой хэлэх хэрэгтэй шүү гэж хэлж байсан..., ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө 5 дахь өдөр байсан гэж санаад байсан болохоор календарь харсан чинь 27-ны өдөр, 5 дахь өдөр байсан. Гэмт хэрэг таван сарын сүүлээр гарсан гэж санаад байгаа болохоор 27-28 нд шилжих шөнө байсан байх магадлалтай, би өдөр нь хичээлдээ явсан. Маргааш нь хичээлдээ яваагүй, хичээл ороогүй амралтын өдөр байсан...” /1хх-н 9-10, 2хх-н 45/ гэх,

гэрч Э.Урандөшийн: “...Дараа нь 2022 оны 5 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна М.Бтай хамт н.Эрхэмбаярын гэрт архи уугаад хоносон юм. Магнай бид хоёр газар унтаж байсан өглөөгүүр 06 цагийн үед Батмагнай босоод явах шиг болсон Тэгээд би сэрээд харсан чинь н.Батмагнай н.Эрхэмбаярын охиныг орон дээр ганцаараа унтаж байсныг очоод хөнжлөөс нь татаад зогсож байсан. Нөгөө охин та яах гээд байгаа юм бэ та цаашаа яваач гээд уурласан чинь н.Эрхэмбаяр сэрээд н.Магнай пизда минь давраад байгаарай гэж хэлсэн чинь н.Магнай больсон. ...би Эрхэмбаяр, Отгонтуяа хоёрт би дахиж Магнайтай архи дарс уухгүй энэ хүнтэй нийлж архи дарс уух юм бол хүчингийн хэрэгт орох юм байна. Та хоёр ч гэсэн охин нойтон хүүхэдтэй хүмүүс гэр орондоо хамаагүй хүн авч ирж архи дарс битгий ууж байгаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш би дахин Эрхэмбаярын гэрт болон Батмагнайтай хамт архи дарс уухаа больсон... ярьж уулзахаа болиод зайгаа авсан...” /1хх-н 23/ гэх,

гэрч Б.Тамирын: “...О.Мөнгөнзул 2022 оны хавар хичээл амрах гэж байх үед өдрийг нь сайн санахгүй байна, хичээл тараад найзуудтайгаа явж байгаад 18 цагийн үед аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 8-23 тоотод гэртээ очиход аав Эрхэмбаяр, ээж Отгонтуяа хоёр найзуудтайгаа архи ууж байсан. Тэгээд нэг найз нь яваад манай гэрт Магнай гэх хүн манай гэрт үлдсэн. Орой би тэр Магнай гэх хүнд орон дээр ор засаж өгөөд өөрөө хоёр дүүтэйгээ газар унтсан. Манай аав, ээж, бага дүү гурав орон дээр унтсан юм. Шөнө 00-01 цагийн үед Магнай ах миний хөнжилд орж ирээд миний мөөмийг базсан би яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлсэн чинь дуугай бай дуугүй бай гээд миний амыг дарж байгаад тийм зүйл болсон гэж хэлсэн...” /1хх-н 25-26/ гэх,

гэрч С.Отгонтуяагийн: “...Би охин О.Мөнгөнзулыг эцэг эхийн хуралд суугаад багшаас нь энэ талаар мэдсэн. Манай охин О.Мөнгөнзул энэ талаараа ерөөсөө хэлэхгүй болохоор би мэдээгүй байсан юм. Би багшаас нь сонсоод охин О.Мөнгөнзултай ярилцахад н.Магнай ах чинь чамайг хүчиндсэн юм уу гэхэд тийм ээ намайг хүчиндсэн миний амыг дарчихсан байсан болохоор дугарч чадахгүй байсан юм гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 27-нд гэж хэлсэн. Тэр өдөр М.Б манай гэрт хоносон юм...” /1хх-н 32/гэх,

гэрч Л.Хулангийн: “...Манай найз О.Мөнгөнзул надад 2022 оны 7 дугаар сард надад н.Анука бид хоёрт хүнд битгий хэлээрэй гээд уйлаад манай аав ээж хоёр архи уучихсан байж байтал манайд гаднаас хүн ирж хоносон. Тэгээд тэр ах шөнө намайг оролдоод надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Би уйлаад аав, ээж хоёрыг дуудсан боловч сэрэхгүй байсан. ...Би найзыгаа эмзэглээд байх гэж бодоод ярьсан зүйлийнх нь талаар тодорхой асуугаагүй...” /1хх-н 34/ гэх мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тухай гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулын мэдүүлгийг үгүйсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохын тулд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгах шаардлага тавигддаг.

            Нотлох баримтыг шалгах нь шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгах ажиллагаа юм.

            Улмаар нотлох баримтыг шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэх замаар шүүх шийдвэрээ гаргах учиртай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн  гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Нотлох баримтын шалгасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүсч буй эргэлзээ үндэслэл бүхий байх шаардлагатай.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.

            Үүнээс үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөхдөө насанд хүрээгүй хохирогч О.Мөнгөнзулын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулж шалгаагүй, шүүгдэгчийн гэм буруутай гэж үзсэн бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой  зааж чадаагүй. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Бгийн гэм буруугийн талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            7. Мөн анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж чадаагүй атлаа шүүгдэгч М.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

            Иймд дээрх үндэслэлээр “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгосон тул шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Я.Б, Ш.А нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Эын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ,  

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

 

                            ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ