Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

     2024          5              22                                                  2024/ДШМ/43

 

 

 

Б.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Л.Наранхүү

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бөд холбогдох эрүүгийн 2334000000453 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, ............. аймгийн ................. суманд 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........... аймгийн ............... сумын Цээл 2 дугаар баг, .................... байранд оршин суух, хэрэгт холбогдох үедээ .........аймгийн .................. тамгын газарт жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б............ овогтой Б.............. Б..........., /.........................../

2. Шүүгдэгч Б.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Наас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 килограмм ноолуур авч залилан 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Цаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 41 килограмм ноолуурыг авч залилан, 4,920,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Эт ноолуур өгнө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан, 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б............н овгийн Б.............ийн .............Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.............. овгийн Б........... Б ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б..................  овгийн Б................. Б.................-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн 2334000000453 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч НГ87021970 регистрийн дугаартай, Боржигон овгийн Батмөнхийн Бат-Ерөөлтөөс 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч 3А91121711 дугаарын регистртэй, Зуут овгийн Бумцэндийн Энхбаатарт олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б................. овгийн Б............ Б............ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Г давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг харьцуулан  дүгнэж, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих, араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баянжаргалан сумын Цээл багийн нутаг дэвсгэрт Д.Наас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 килограмм ноолуур залилан 14,000,000 төгрөгийн, С.Цаас 41 килограмм ноолуур залилан 4,920,000 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Эт ноолуур авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг: Шүүх шийтгэх тогтоолдоо: Шүүгдэгч Боржигон овгийн Батмөнхийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч НГ87021970 дугаарын регистртэй Боржигон овгийн Батмөнхийн Бат-Ерөөлтөөс 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч ЗА91121711 дугаарын регистртэй Зуут овгийн Бум-Цэндийн Энхбаатарт олгохоор шийдвэрлэсэн байна.

1.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Улсын яллагч 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.Бөд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд ...хөнгөрүүлэх, ...нөхцөл байдал тогтоогдсонгүй, ...урьд тухайн төрлийн гэмт хэргээр 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэдий ч энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн бөгөөд үйлдэхдээ 3-н этгээдийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин гэм буруутайд тооцогдсон бөгөөд гэм буруугаа гэмшиж ухамсарлаагүй байх тул ял шийтгэл оногдуулахдаа энэ байдлыг харгалзан үзсэн болно гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Түүнийг Д.Н, С.Ц, Б.Э нарын эд хөрөнгийг залилан авсан гэм буруутайд тооцсон атлаа “...3-н этгээдийн хөрөнгийг завшсан гэмт хэрэгт шалгагдаж, шүүхээс дахин гэм буруутайд тооцогдсон..гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй.

2.Шүүх шүүгдэгч Б.Бөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялын сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, мөрдөн байцаалтад шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлсэн, төлбөр хохирлыг төлж ирсэн байхад зөвхөн яллах талыг барьж, урьд тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэх үндэслэл зааж, түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцээгүй. Шүүх зөвхөн яллах чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага биш бөгөөд шүүхийн мөн чанар нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ ямагт төвийг сахих байр сууринаас хандаж, хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр улсын яллагч нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байхад саналыг илтэд үгүйсгэн түүнд хорих ял оногдуулахаар ял шийтгэлийн хүнд төрлийг зориуд сонгон шийдвэрлэсэн нь шүүхийн үйл ажиллагааны онцлог /төвийг сахих байдал/, чиг үүрэгт огтхон ч нийцээгүй. Шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэнгүй. Тухайлбал, шүүгдэгч Б.Б нь Д.Нын эд хөрөнгөд учирсан 14,000,000 төгрөгийн хохирлыг тухайн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө, С.Цын эд хөрөнгөд учирсан 4,920,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тус тус төлж хохиролгүй болгосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс гэм буруугаа хүлээж Б.Эын эд хөрөнгөд учирсан гэх 10,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор байхад шүүх "ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх... нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

3.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөвхөн цээрлүүлэхдээ гол нь бус, гэмт хэргийн улмаас бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд  чиглэдэг. Уг зорилгыг хангах үүднээс гэм буруутай нь тогтоогдож гэм буруугаа хүлээсэн этгээдэд хорих, цээрлүүлэхийг урьтал болгохоос сэрэмжилж, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг өргөтгөн тогтоож, түүнийг аль болох түлхүү хэрэглэхээр хуулийн үзэл баримтлалд тусгасныг шүүх харгалзсангүй. Шүүгдэгч Б.Бийн амьдралд гачигдалтай байсан. Түүний эцэг Н.Батмөнх нь ходоодны хавдар өвчний улмаас мэс засалд орж, сүүлийн 1 жил гаруй хугацаанд эмнэлгийн хяналт, хүү болон гэр бүлийнхнийхээ байнгын асаргаанд орж удаан хугацаанд эмчлэгдэж байсан. Б.Бийг хорих ял шийтгүүлсний дараа түүнтэй уулзах боломж огт гаралгүйгээр 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан зэрэг амьдралын гачигдлыг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэргийн онцгой нөхцөл"-д тооцогдохоор байна.

Хоёр. Шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд:

 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.6-д заасан ...ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бодитой тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүх тогтоолдоо хохирогч Д.Нд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, энэ нь хохирол биш, төлбөл зохих төлбөр гэж үзэхээр байна. Үүнд:

а/Төв аймгийн Цагдаагийн газар 117 кг ноолуурын мөнгө залилуулсан гэх Д.Нын гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Бөд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж 2334000000453 дугаартай тогтоол /хх-ийн 18-20 дугаар хуудас/ гаргасан нь хуулийн үндэслэлгүй. Учир нь тухайн үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үед шүүгдэгч Б.Б нь Д.Нын 14,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн байна. Хохирогч Д.Нд өөрийн ХААН банк дахь 5731095156 дугаартай данснаас 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 6-ны өдөр 5,000,000 төгрөг /хх-ийн 90, 94 дүгээр хуудас/, 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, эхнэр Б.Дулмаажавын ХААН банк дахь 5003360328 дугаартай данснаас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, бүгд 14,500,000 төгрөгийг Д.Нын ХААН банк дахь 5731095156 дугаартай дансанд тус тус шилжүүлсэн нь Б.Б, түүний эхнэр Б.Дулмаажав нарын ХААН банкны гүйлгээний баримтууд, хохирогч, сэжигтний мэдүүлгээр тогтоогдож байхад Д.Нын 14,000,000 төгрөгийг залилсан хэмээн хохирлын дүнг өсгөн тооцсон нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө төлбөр авагч Д.Нын төлбөрийг барагдуулсан, түүнд 500,000 төгрөг илүү төлсөн атал Д.Ныг хохирогчоор татаж, түүнд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

            Хохирогч Д.Нд ноолуурын мөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 28, 30-ны өдөр, 10 дугаар сарын 18, 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт аваагүй, сэжигтэн Б.Б: "...Насанжаргал гэх хүнээс 117кг ноолуур жинлээд жинг 120,000 төгрөгөөр бодож худалдаж авсан... би бэлэн мөнгөгүй, мөнгө орж ирэх ёстой байсан. Тухайн үед Улаанбаатар хотын Эмээлт зах дээр үйл ажиллагаа явуулдаг Сээк гэдэг залуугаас өмнө тушаасан ноолуурын мөнгө орж ирэх ёстой байсан болохоор би араас чинь шилжүүлнэ гээд явуулсан. Тэр үеэс мөнгийг цувуулж өгч байгаад 10 дугаар сарын 30-ны өдөр мөнгөний үлдэгдлийг өгч хохиролгүй болгосон” гэх мэдүүлгийг шалгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэсэн заалтыг хангаагүй байна. Д.Ныг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор тогтоож, мөн өдөр түүнээс мэдүүлэг авах үед 13,000,000 төгрөг төлөгдсөн, зөвхөн 1,000,000 төгрөг дутуу байхад 6,000,000 төгрөг төлөгдөөгүй /хх-ийн 6-7 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг авсан нь ойлгомжгүй, энэ нь бусад баримтат мэдээллүүдтэй зөрчилддөг. Ийнхүү шүүгдэгч Б.Б нь тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татагдахаас өмнө Б.Насанжаргалд 14,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн байхад 14,000,000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцсон нь шүүх хэт яллах тал руу хэлбийсэн дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

б/ Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 8 дахь талд шүүгдэгч Б.Б нь “...2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд Д.Н, С.Ц, Б.Э нараас ноолуур авч зарах нэрийдлээр хуурч өөрийн Төрийн банкны дансаар, хамтран эзэмшигч Д.Дашдэлгэрийн ХААН банкны дансаар, хүү Д.Дашсүрэнгийн ХААН банкны дансаар нийт 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна...” гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалд огт нийцээгүй, буруу ташаа гарсан байна. Учир нь Б.Б нь Д.Н, С.Ц нараас дансаар мөнгө шилжүүлж аваагүй, зөвхөн ноолуур авсан, Б.Эаас 10,000,000 төгрөг өөрийнхөө ХААН банкны дансаар шилжүүлж авсан бөгөөд түүнд төрийн банкны данс байхгүй, Д.Дашдэлгэр, Д.Дашсүрэн гэх хүмүүсийг огт танихгүй, тэдэнд холбогдох гүйлгээний баримт хэрэгт авагдаагүй болно. Ийнхүү хэргийн материалд авагдаагүй, хамааралгүй зүйлийг шийтгэх тогтоолд бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, ...ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байна.

в/ Шүүгдэгч Б.Бөд холбогдуулан 10,000,000 төгрөгийг залилуулсан гэх Б.Эын гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт хүлээн авснаар прокурор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах 23334000000480 дугаартай тогтоол /хх-ийн 71/ гаргасан болон Б.Эыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Хохирогч Б.Эыг залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын шинж огт тогтоогдоогүй, хохирогчийг ямар аргаар залилсан болох, мөнгийг өгөхгүй байх санаа зорилготой байсан гэх шинжийг хэрхэн ямар нотлох баримтаар тогтоосон нь ойлгомжгүй байдаг. Учир нь Б.Э, Б.Б нар нь тухайн үед бизнесийн түншлэлийн харилцаатай, түүний шилжүүлсэн мөнгөнд тодорхой хэмжээний ноолуур удаа дараа нийлүүлж  байсан. Шүүгдэгч Б.Б нь Эмээлтэд ажлын байртай "Өгөөмөр жавхлант" нэртэй компанийн Цэкүү /Сээк/ гэдэг хүнд нийлүүлсэн ноолуурын мөнгө 13,500,000 төгрөгөө авч чадаагүй байсан, ноолуурын үнэ ханшны хэлбэлзэл, ханш уналт зэрэг нөхцөл байдлаас улбаатайгаар түүний шилжүүлсэн 10,000,000 төгрөгт ноолуур нийлээгүй нь Бат-Ерөөлтийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/-т, хохирогч Б.Эын мэдүүлэгт авагдсан байна.

Гурав. Хууль зүйн дүгнэлт:

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хохирогч Б.Эыг залилж эд хөрөнгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Насанжаргал, С.Ц нарын ноолуурыг залилан мэхлэх аргаар авсан гэх шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй атал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Бат- Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй." гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Шүүгдэгч Г.Бат-Ерөөлт хохирогч Б.Э, Б.Насанжаргал, С.Ц нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй, энэ нь иргэд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлээр худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээнд холбогдох иргэний журмаар шийдвэрлэгдэх маргааны шинжийг агуулж байна. Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Д.Н, С.Ц нарт төлөх төлбөрийг бүрэн төлсөн, Б.Эт төлөх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаагүйд гомдолтой төдийгүй, гэм буруугаа хүлээсэн, хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн байдаг. Тэрээр эмнэлгийн хяналт, бусдын асрамжид орсон хүнд өвчтэй эцгээ асрамжилж байсан, хорих ял шийтгүүлсний улмаас эцгийгээ нас барахад, салах ёс гүйцэтгэх, ажил явдалд нь оролцох, ээж, ах, дүү төрөл садантайгаа хагацал зовлонгоо хуваалцах боломж олдоогүй зэрэг түүний амьдралын гачигдал, хувийн байдлыг онцгойлон авч үзэхийг хүсэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхдээ тухайн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хамаарал, хууль ёсны байдал, энэ нь хуульд заасан нийтлэг зарчмуудын агуулгад нийцсэн эсэхийг хянан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийн төрөл хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж, энэхүү гомдлыг гаргав. Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч Б.Эт төлөх 10,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж түүнийг хохиролгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй болно” гэв.

6. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би авсан ноолуураа эмээлт захад Цээк гэх хүнд өгдөг байсан. Тэр үед мөнгө орж ирээгүй болохоор нь дансыг нь авч үлдсэн байсан. Түүнээс орж ирсэн мөнгийг аавын эмчилгээний зардалд өгч боломжгүй болсон, 8, 9 дүгээр сард хохирогчид 8,000,000 төгрөгийг төлж эхэлсэн. Одоо бүх хохирогчийн мөнгийг өгсөн. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

7. Прокурор Л.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Наас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 кг ноолуур авч 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн С.Цаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 41 кг ноолуурыг авч 4,920,000 төгрөгийн хохирол учруулсан,  2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Эт ноолуур өгнө гэж итгүүлэн 10,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Бат-Ерөөлтийн мөнгө орж ирээгүй байна, мөнгө орж ирэхээр мөнгийг чинь шилжүүлнэ гэж хохирогч нарт итгүүлсэн. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр түүнд шилжүүлэх мөнгө байгаагүй.  Энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн шинжийн талаар өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Д.Гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

2. Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Бийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мөнгийг нь дараа шилжүүлнэ гэж итгүүлэн иргэн Д.Наас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 кг ноолуурыг 14,000,000 төгрөгт тооцож, иргэн С.Цаас 41 кг ноолуурыг 4,920,000 төгрөгт тооцон худалдан авсан, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Эт ноолуур өгнө гэж итгүүлэн 10,000,000 төгрөгийг авсан үйл баримт болсон байх ба шүүгдэгчийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...80091638 дугаар руу залгахад мөнгө нь бэлэн, ноолуураа аваад ир гэсний дагуу 117 кг ноолуурыг 1 кг тус бүрийг 120,000 төгрөгөөр тооцож худалдахаар болсон. Тэгээд мөнгөө авах гэхэд мөнгө арай орж ирээгүй байна, араас чинь шилжүүлье гээд миний 5451085112 тоот данс авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Хохирогч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “80091638 дугаарын утас руу залгаад ноолуур авч байна уу гэхэд 1 кг-ийг 120,000 төгрөгөөр авна гэхээр нь мөнгө нь бэлэн юм уу гэхэд бэлэн аваад ир гэсэн. Баян-Өнжүүл сум ороод 41 кг ноолуур өгсөн, ноолуурын нийт мөнгө 4,920,000 төгрөг болсон. Мөнгөө авах гэтэл мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих, араас чинь мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн... одоо болтол мөнгөө авч чадахгүй, аргаа барахдаа цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-38/,

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бат-Ерөөлт гэх хүнд  ноолуур авах зорилгоор урьдчилгаа болгож 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. 23-ны өдөр 117 кг ноолуур хүлээн авсан. Тэгээд нэмж авхуулах зорилгоор 4 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үеэс хойш мөнгө өгөөгүй, ноолуураа авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Хохирогч Б.Эын Хаан банкны 5087183225 тоот дансны хуулга /хх-105/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ залилах ” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ...урьд нь залилах гэмт хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлсэн байдлыг дүгнэхдээ дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, ял шийтгэлийг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хохирогч Д.Н, С.Ц нарын хохирлыг барагдуулсан, Энхбаатарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон байхад прокурорын санал болгосон ялаас хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.1, 6.1 дүгээр зүйлд заасанд нийцээгүй, хохирогч Б.Эыг залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй, хохирогч Д.Наас авсан ноолуурын үнэд 14,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг өгсөн, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байхад хохирлыг 14,000,000 төгрөгөөр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хамтран эзэмшигч Д.Дашдэлгэрийн ХААН банкны дансаар, хүү Д.Дашсүрэнгийн ХААН банкны дансаар нийт 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна...” гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалд огт нийцээгүй”, "хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй" гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Шүүгдэгч Б.Б нь Д.Н, С.Ц нарын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулсан, хохирогч Б.Эын хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

5. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг шалган тодруулж, нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийн үйл баримт нь гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул  давж заалдах шатны шүүхээс энэ талаар өөрчлөн дүгнэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгах, үйлдлийн үр дагавар, хор уршгийг ялган зааглаж, гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцэх юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг нь хэд, хэдэн шинжийг хангасан байхыг шаардах бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг ба тухайн эд хөрөнгө, түүний эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдаг нь  эрүүгийн эрх зүйн хувьд тогтсон ойлголт бөгөөд  энэ шинжээрээ  өмчлөх эрхийн бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

5.1.Шүүгдэгч Б.Б нь хувиараа иргэдээс ноолуур худалдан авах ажлыг эрхэлж байсан бөгөөд тэрээр 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд иргэн Д.Наас 117 кг ноолуурыг 14,000,000 төгрөгт тооцон, иргэн С.Цаас 41 кг ноолуурыг 4,920,000 төгрөг тооцож худалдан авсан, ноолуурын үнийг дараа нь шилжүүлэхээр тохирч дансыг нь авч үлдсэн, тухайн цаг хугацаанаас хойш ноолуурын үнийг төлөөгүйн улмаас хохирогч нар цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт хэрэгт нотлогдсон.

5.2.Шүүгдэгчийн дээрх үйлдэл болон хохирогч Д.Н, С.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд тэрээр ноолуур худалдан авах үедээ мөнгөгүй байсан атлаа хохирогч нартай утсаар ярьж “ноолуур авах уу гэхэд нь бэлэн мөнгөөр ноолуур худалдан авна” гэж итгүүлэн  ноолуурыг авч, дараа мөнгийг нь шилжүүлнэ гэж хуурч мэхэлсэн идэвхтэй үйлдэл хийжээ.

5.3. Түүнчлэн хохирогч Б.Э нь шүүгдэгч Б.Бөөс ноолуур авах зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 23-ны өдрийг дуустал хугацаанд нийт 13,000,000 төгрөг шилжүүлэн 117 кг ноолуур авсан байх бөгөөд 4 сарын 24-ний өдөр дахин ноолуур авах зорилгоор 10,000,000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч  сүүлд шилжүүлэн авсан мөнгөнд ноолуур нийлүүлээгүй, бэлэн мөнгийг буцааж өгөөгүй байгаа нь хохирогчийн итгэлийг олсны дараа урьд бий болсон харилцааг урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж, үйл баримтыг тогтоон хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гэмт хэргийн шинж хэрхэн хангагдсанд дүгнэлт хийгээгүй байгаа нь хууль хэрэглээний алдаа боловч давж заалдах шатны шүүхээс үүнийг нь зөвтгөн, өөрчлөлт оруулах замаар  шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан түүний үйлдсэн гэмт хэргийнх нь зохих диспозиц буюу “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

6. Мөн шүүгдэгч Б.Б нь  “залилах” гэмт хэргийг  3 удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг  хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан  байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасанд хамаарч байна.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн 3 удаагийн үйлдэлд дүгнэлт өгч, үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэж, гэмт хэргийн шинжийг өөрчлөн тодорхойлж, шүүгдэгчийг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

7. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн хувьд хохирогч Д.Н, С.Ц нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч хохирогч Б.Эт учруулсан 10,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй нь анхан шатны шүүх хуралдааны үед тогтоогджээ.

7.1. Түүнчлэн шүүгдэгчийг урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзсан гэх агуулгаар дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж байгаа хэлбэр биш бөгөөд шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлах үүргийнхээ хүрээнд хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Шүүх хохирогч нарыг болон хохирлын хэмжээг хэрэгт авагдаагүй буюу “...хамтран эзэмшигч Д.Дашдэлгэр, хүү Д.Дашсүрэнгийн ХААН банкны дансаар нийт 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, ... хохирогч Ж.Хүрэлбаатарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой” гэсэн үйл баримтыг дүгнэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй ба давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Бийг хохирогч Д.Нарантуяад 14,000,000 төгрөгийн, хохирогч С.Цд 4,920,000 төгрөгийн, хохирогч Б.Эт 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, зөвтгөв.

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус, харин эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хамаарна.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10. Эрүүгийн эрх зүйд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулсан байхыг шаардах ба гэмт хэргийн нийгмийн аюул нь түүний хор уршгаар үнэлэгдэх бөгөөд тэрхүү  хор уршиг нь  материаллаг болон хэлбэрийн  шинжээр илэрхийлэгдэнэ.

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд бодитойгоор учирсан хор уршиг, хохирол нь үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох эсэхийг үнэлэх шалгуур болох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн  болон үндэсний  ашиг сонирхол, аюулгүй  байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд энэхүү хохирол гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байхаас гадна мөн зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардагдах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  “залилах” гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж дүгнэснийг дээрх байдлаар зөвтгөв.

11. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийн албадан ирүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байх боловч 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх арга хэмжээ хэрэгжсэн эсэх нь хэрэгт тодорхойгүй, түүнийг шүүхэд албадан ирүүлсэн, цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдав.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

13. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтад Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөл оруулж,  эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн  2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   

 

 

  

  ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА        

 

                             ШҮҮГЧИД                                       З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                 А.ЦЭРЭНХАНД