| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2023/03620/И |
| Дугаар | 184/ШШ2024/00268 |
| Огноо | 2024-01-11 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/00268
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгч: Х*******,
Нэхэмжлэгч: А******* нарын нэхэмжлэлтэй,
А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргалыг суулцуулан, нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, А*******-ны төлөөлөгч Ж.Х*******, хэрэг гүйцэтгэгч Ж.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь 2017 оны 05-р сарын 30-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, байгуулагдаж, Гадаад худалдаа эрхлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хэрэгжүүлсэн төсөл маань алдагдалд орж, цаашид үргэлжлэх боломжгүй болсны улмаас бусдад төлөх өр төлбөрөө төлөх чадваргүй болж, төлбөрийн чадваргүй болсон болно. Манай компани нь өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон, түүнчлэн компанийг дахин хөрөнгөжүүлснээр төлбөрийн чадвартай болох боломжгүй тул дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А******* ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай А******* ХХК нь тус шүүхэд хандан 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасны дагуу тус шүүхэд хандан гаргасан нэхэмжпэлээ татан авах хүсэлтийг үүгээр гаргаж байна.
Иймд бидний хүсэлтийн дагуу А******* ХХК-ийн нэхэмжпэлтэй дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...80 м.кв 3 өрөө 502 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч А******* ХХК-д дааалгуулах өгнө үү. Мөн хариуцагч А******* ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар С******* ХХК-д нийт 580,175,177 төгрөгийн өглөгтэй болох нь бидний хооронд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн Тооцоо нийлсэн акт болон санхүүгийн бусад анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоно. Хариуцагч А******* ХХК дээр дурдсан 580,175,177 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээ хуульд заасан хугацааны дотор С******* ХХК-д төлж барагдуулаагүй учир бид зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргав гэв.
Нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус хэлтэст бүртгэлтэй ******* регистрийн дугаартай А******* ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр 13,200,000.00 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн татварын өртэй. Мөн тус компанийн үүсгэн байгуулагчид болох Бийн Т (РД:) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр 2,500,000.00 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, галт зэвсгийн албан татварын төрлөөр 120,000.00 (нэг зуун хорин мянга) төгрөг, Газрын татварын төрлөөр 2,169,050 (хоёр сая нэг зуун жаран есөн мянга тавь) төгрөг нийт 4,789,050.00 (дөрвөн сая долоон зуун наян есөн мянга тавь) төгрөг, Чын Б (РД:1) Газрын төлбөрийн төрлөөр 1,979,120.00 (нэг сая есөн зуун далан есөн мянга нэг зуун хорь) төгрөг, Жгийн Л () Газрын төлбөрийн төрлөөр 2,123,280.00 (хоёр сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун ная) төгрөг нийт 22,091,450 (хорин хоёр сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн татварын өртэй байгаа тул татварын өрийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Нэхэмжлэл гаргах тухай" 2/1334 дугаартай албан бичигт дурдсан А******* (РД:*******) ХХК нь 13,200,000.00 (арван гурван сая хоёр зуун мянган) төгрөг, тус компанийн үүсгэн байгуулагчид болох Бийн Т (РД:) нь 4,789,050.00 (дөрвөн сая долоон зуун наян есөн мянга тавин) төгрөг, Чын Б (РД:1) нь 1,979,120.00 (нэг сая есөн зуун далан есөн мянга нэг зуун хорин) төгрөг, Жгийн Л (РД:) нь 2,123,280.00 (хоёр сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян) төгрөг нийт 22,091,450 (хорин хоёр сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн татварын өрийг бүрэн төлж барагдуулсан тул "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
А*******-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...***** төслийн хүрээнд А ХХК-ний бариулсан орон сууцнуудыг Барилга Байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2019/76 тоот дүгнэлтээр 1-р ээлжийн 3 блок /1429, 1430, 1431/ буюу 77 айлын орон сууц, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/629 тоот дүгнэлтээр 2-р ээлжийн 2 блок /1432, 1434/ буюу нийт 54 айлын орон сууц болон 89 автомашины дулаан зогсоолыг тус тус байнгын ашиглалтанд оруулах зөвшөөрөл олгож дүгнэлт гаргасан байдаг.
Гэвч эдгээр дүгнэлтээр ашиглалтанд хүлээн авсан манай хотхонд Аа ХХК-ний барьсан орон сууцнуудад дараах зөрчил ашиглалтад орсон цагаас эхлэн байнга байсаар байгаа ба одоо танай шүүхэд дампуурах тухай хүсэлтээ өгсөн байна. Гэвч хуульд заасан үүргээ биелүүлэлгүй дампуурах тухай хүсэлт өгсөн нь хуульд нийцэхгүй байна. 1429, 1430, 1431, 1432-р байрнуудын B2 давхарын нийтийн эзэмшлийн талбайг хашиж худалдсанаас ус алдах, бохир нэвчих тохиолдол гарах эрсдэлтэй байгаа тул уг талбайг чөлөөлүүлэх; мөн тус байрнуудын хаяавч, довжоо суулт өгсөн, битүүмжлээгүйг битүүмжлэх
Хотхоны сагс болон талбайн теннис хэсгийн урдуур 10000 КВТ 2 ширхэг хос цахилгааны кабелтийг стандартын дагуу далдлаагүй, хотхоны 3-р ээлжийн гадаа талбайд /1433 болон 1432-р байрнуудын хойд талд/ байранд байрлах агаарын 2 ширхэг шугамыг зөөвөрлөөгүй, УБЦТ ТӨҮГ-аас буулгах шаардлага өгсөн.
Хотхоны баруун талаар гэрэл камер ногоон байгууламж хийгээгүйг хийх, эко хавтант налуу хажуу болон авто болон явган замын суулт өгсөнг засварлах 1432-р байрны В2 буюу зоорийн давхарт бохир ус болон хөрсний ус нэвчдэг нь барилгын суурийн хийц бүтээцэд сөргөөр нөлөөлж байгааг засварлаж ус тусгаарлалтыг хийх
1-р ээлжийн нэгдсэн гараж, харуулын байр болон 1431-р байрны хоолойвчинд байрлах холбооны өрөөнүүдэд бороо орсны дараа байнга ус ордог /ашиглалтад орсон цагаас эхлэн/, харуулын өрөөнд байрлах галын хяналтын самбарт ус орж шатаасан, гаражийн дээврээс ус алддагтай холбоотой гаражийн гэрэлтүүлэгт цахилгааны масс үүссэн байгаа тул дахин монтажлах зэргийг зайлшгүй засуулах зэрэг тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгааг тус байранд оршин суугч нарын эрх ашгийг хамгаалж дээрх зөрчлүүдийг арилгасны дараа Аа ХХК-ийн дампуурлын хэргийг нь шийдвэрлүүлж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХХК нь А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т ...Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд хэрэг гүйцэтгэгч Ж.Эийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд А******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон гэж нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан нь дээрх хэрэг гүйцэтгэгч Ж.Эийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр А******* ХХК нь төлбөрийн чадвартай гэсэн дүгнэлттэй нийцэж, уг дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч А******* ХХК-ийн төлөөлөгчөөс А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж, 106 дугаар зүйлийн 106.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.
Иймд А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэрэгт үндсэн дампуурсанд тооцуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Сити палас ХХК болон А СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч буюу хариуцагч болон нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг, мөн шүүхийн зардлыг зохигч нарт хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр
зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс А******* ХХК-ийн холбогдуулан 22,091,450 (хорин хоёр сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,
7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хүсэлт гаргагч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,557,950 /нэг сая таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, А СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж С******* ХХК, А СӨХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар
зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн зардалд А******* ХХК-аас 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан хэрэг гүйцэтгэгч М ХХК-нд, А******* ХХК-аас 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан хэрэг гүйцэтгэгч Ж.Эт тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар
зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2023/11241 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6. Энэхүү захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баяржаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД