| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00034/И |
| Дугаар | 181/ШШ2018/02505 |
| Огноо | 2018-12-03 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2018/02505
2018 оны 12 сарын 03 өдөр Дугаар 181/ШШ2018/02505 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Барилгын бирж, 2 давхар, Тиан Юан Жианшэшие ХХК/РД: 5058163/-ийн хүсэлттэй
Дампуурсанд тооцуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Н.Энхбаатар, хэрэг гүйцэтгэгч Ц.Гүенбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2006 онд 100%-ийн гадаадын хөрөнгө оруулалттай 10 000/арван мянга/ долларын дүрмийн сантай 1 гишүүнтэй барилгын вакум цонх үйлдвэрлэхээр байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байхад ажлаа мэргэжлийн түвшинд явуулж чадахгүй байсан тул 2007 онд компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулан 2 гишүүнтэй болж ажиллахад мөн компанийн үйл ажиллагаа сайн явахгүй ажилчдаа цалинжуулж чадахгүй байдалд хүрч өр нэхэгдэж цаашид ажиллах боломжгүй болсон тул 2008 оны 9 сараас компаний үйл ажиллагаа зогссон болно.
Одоо энэ компани нь үл хөдлөх болон хөдлөх ямар ч хөрөнггүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 25 000 мянган америк доллар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 39 007 700/гучин есөн сая долоон мянга долоон зуун төгрөг/-ийн өртэй, гадны байгууллагаас авах авлагагүй байна.
Иймд Тиан Юан Жианшэшие ХХК-ийг дампууруулах хүсэлт гаргаж байна. Өмгөөлөгчөөрөө тайлбарлуулна. гэв.
Хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийн өмгөөлөгч Н.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тиан Юан Жианшэшие ХХК-ийг дампууруулах тухай хүсэлтийг 2017 оны 11-р сарын сүүлчээр гаргаад иргэний хэрэг үүсээд одоо шийдвэрлэх шатандаа явж байна. Энэ компанийг дампууруулах тухай хүсэлт гаргасан шалтгаан нь 2008 оноос хойш ямарваа нэг аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө, дансны болон хөдлөх хөрөнгө буюу ямар ч хөрөнгөггүй болсон учраас дампууруулах хүсэлт гаргасан. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж ... тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно:, 23.1.3-т хэрэг гүйцэтгэгч. гэж заасан.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт ирүүлээгүй болох нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана:, 33.1.1-т энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; гэж заасан.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх заалтад зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, татан буулгах санал гаргасан болох нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төлөвлөгөөний дагуу хуваарилна., 36 дугаар зүйлийн 36.3-т Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна. гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгөггүй буюу 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, өөрийн үндсэн хөрөнгөггүй, битүүмжлэх эд хөрөнгө байхгүй болох нь хэрэг гүйцэтгэгчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь хуваарилах мөнгөн хөрөнгөггүй байх тул хэрэг гүйцэтгэгчид татан буулгах ажиллагааг дуусгавар болмогц энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулахыг даалгах үндэслэлтэй байна.
Шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгаж, татан буулгах ажиллагааг дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч Ц.Гүенбат энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх заалтад заасныг баримтлан хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажиллагааг дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч Ц.Гүенбат энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулахыг үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Тиан Юан Жианшэшие ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ