Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/529

 

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Наранчимэг,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205 01890 0097 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын Б,19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... хотхоны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;

О.Б нь БНСУ-руу зорчих виз гаргаж өгнө хэмээн:

1. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 65А-А-1402 тоот гэртээ байсан хохирогч О.Эаас 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5166335158 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 сая вон өгвөл 2 хоногийн дотор виз гарна хэмжээн 2.430.000 төгрөгийг тус тус авч нийт 7.430.000 төгрөгийг,

2. О.Маас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сентоо автобусны буудлын орчим байрлах хаан банкны салбараас шилжүүлсэн 23311800 төгрөг болон 89020 долларыг нийт 5.000.000 төгрөгийг,

3. В.Маас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг,

4. И.Мгээс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 байрны 36 тоот гэртээ байхад нь 10.000.000 төгрөгийг,

5. Г.Гаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.000.000 төгрөгийг бэлнээр,

6. С.Чаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 5 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 130.000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Төмөр зам дээд сургуулийн орчим байхдаа шилжүүлсэн 180.000 төгрөгийг авч нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8.110.000 төгрөгийг,

7. Б.Уг 2022 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангарьд сити 2 дугаар хорооллын 1553-2-93 тоотод байхад нь хүү О.Тий эзэмшлийн хаан банкны 5166125367 дугаартай дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг,

8. Б.Бийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байхад нь холбогдож охин Б.Бий эзэмшлийн хаан банкны 5926308916 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг,

9. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Т.Оийг тус улсад нөхөр хүүхдийг нь явуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд хохирогч О.Эг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 710-05 тоотод байхад 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.200.000 төгрөгийг өөрийн охин Б.Бий эзэмшлийн хаан банкны 5926308916 дугаарын дансаар авч залилсан,

10. Ц.Оыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байхад нь түүнтэй 94886300 дугаарын утсаар холбогдож өөрийн охин Б.Бий хаан банкны 5926308916 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг,

11. О.Бг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити хотхонд байхад нь түүнтэй 95531004 дугаарын утсаар холбогдож Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж өөрийн хүү О.Тий хаан банкин дахь 5166125367 дугаарын дансыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

12. Ч.Баас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн орчимд уулзаж өөрийн эзэмшлийн хаан банкны 5083047333 дугаарын дансанд 500.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 250.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХанУул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн охин Б.Бий хаан банкны 5926308916 дугаарын дансанд 750.000 төгрөгийг авч 3 удаагийн гүйлгээгээр үргэлжилсэн үйлдлээр нийт 1.500.000 төгрөгийг,

13. У.Эийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн охин болох Б.Анужиний эзэмшлийн хаан банкны 5926308916 тоот дансаар 500.000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 09 дүгээр сарын 500.000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр У.Эийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 500.000 төгрөгийг шилжүүлэн авч 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.800.000 төгрөгийг,

14. Б.Ог Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 34а-2 тоотод гэртээ байхад нь М.Бы эзэмшлийн хаан банкны 5704206360 тоот дансаар 2022 оны 09 сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг, өөрийн охин болох Б.Бий эзэмшлийн хаан банкны 5926308916 тоот дансаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 900.000 төгрөгийг,

15. Ш.Хаас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн орчим бэлнээр 300.000 төгрөгийг бэлнээр, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрог орчимд байхад нь М.Бы эзэмшлийн хаан банкны 5704206360 тоот дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 500.000 төгрөгийг,

16. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Быг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.000.000 төгрөгийг,

17. М.Пы эзэмшлийн хаан банкны 5704037480 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 350.000 төгрөгийг,

18. Ц.Аийн эзэмшлийн хаан банкны 5063263369 тоот дансаар шилжүүлэн авч нийт 1.350.000 төгрөгийг,

19. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, 2-5 тоотод оршин суух хаягтай Т.Гаас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 9.800.000 төгрөгийг,

20. Г.Эд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нөхөр С.П, хүү Л.Түшиг нарын хамт виз гаргаж өгнө гэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 225-82 тоот гэртээ байхдаа 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг,

21. Ц.Агийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь дүр үзүүлж хийсэн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь визний урьдчилгаа гэж хуурч 2.500.000 төгрөгийг, мөн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлж байна хэмээн 300.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орчуулгын мөнгө гэж 200.000 төгрөгийг тус тус 5 удаагийн гүйлгээгээр 8.500.000 төгрөгийг,

22. Н.Э-аар дамжуулан зуучлуулж Г.М-ийн эзэмшлийн хаан банкны 5421086417 тоот дансаар Д.У-аас 2022 оны 06 дугаар сарын 01-ний 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 1.000.000 төгрөгийг,

23. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөгийг, мөн Н.Эгаар дамжуулан зуучлуулж бусдыг дансыг ашиглаж Д.Бээс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төв орчим 1.000.000 төгрөгийг Б.Доос 2022 оны 06 дугаар сарын 01- ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд эхнэр Лхамсүрэн нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 44-523 тоотод байхдаа шилжүүлсэн 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг,

24. Ц.Баас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт байхдаа н.Б-гийн данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,

25. Д.Бээр дамжуулан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харин худалдааны төв орчим Д.О-гийн 1.000.000 төгрөгийг,

26. Б.А-с 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэррт байрлах 10 дугаар хорооллын орчим 1.000.000 төгрөгийг М.Н-ээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогын автобусны орчим байхад нь 1.000.000 төгрөгийг тус тус авч нийт үргэлжилсэн 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж нийт 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Минж плазийн орчим 2 өрөө байр түрээслүүлнэ гэж П.Лхамжавыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад охин Б.А-ний дансаар 1.490.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад 89.530.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт буруутайд тооцож,

шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялаас тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 926 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон шийдвэрийг цуцлаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 77.295.000 /далан долоон сая хоёр зуун ерэн таван мянган/ төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулан ... нарт тус тус олгуулж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын 3 настай охин Бын Б /РД:..../, 8 настай хүү О-ын Т /РД:....../ нарт хууль ёсоор асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 3-8 настай хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний бие энэ хэргээр өмнө нь 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлснээ үл зөвшөөрч хэргийн бодит байдал, оролцогч нарыг тогтоолгох, хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгохын тулд, мөн хэрэгт хамтран оролцсон Н.Эд ял завшуулсан талаар гомдол гаргаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авч хэлэлцээд 1194 дүгээр магадлалаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг минь хүлээн авалгүй шууд гэм буруугийн шүүх хурлыг хийж ял оноохдоо өмнөх оноосон ялаас хүндрүүлэн 8 жил хорих ял оногдуулсан нь хэт нэг талыг баримталж, хүндрүүлэх яллах хуулийг хэрэглэснээр 3 настай охин, 8 настай хүү нар минь сэтгэлзүйн хүнд байдалд ороод байгаа учир арга буюу дахин гомдол гаргаж байгааг минь хүлээн авч, хүнлэг энэрэнгүй хуулийг баримтлан оноосон зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Би энэ гэмт хэргийн орлогоор амьдраагүй байдал нь: Энэ хэргийн зарим хохирогч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх явцад энэ хохиролд 11 сая төгрөг төлж, 5 сая төгрөгөөр өмгөөлөгчөөр хангуулж, гомдол өгнө гэж сүрдүүлсэн хэсэг хохирогч нарт 40 гаруй сая төгрөг зэргийг өгсөн. 2022/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолоор нотлогддог.

Хүүхдүүдийн эцэг Солонгос улсад ажиллаж амьдарч, хүүхдүүддээ амьдралын хэрэгцээний мөнгө явуулдаг байсан нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл өр төлбөрт өгсөн байдлаа мэдүүлсээр байхад гэмт хэргийн орлогоор амьдарсан гэж хүнд зүйлчлэл оноосонд дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгч туслана уу.

Бодит хохирол тогтоогдоогүй, бусдын завшсан, залилсан мөнгийг надаар төлүүлэхээр тулгаж, хүмүүсийг олж, хуурч мэхлэн ярьж мөнгийг нь аваад дундаас нь их хэмжээний ашиг олж, надад тодорхой хувийг дамжуулан өгч хүн гуйлгадаг байсан Н.Эг холбогдуулан шалгаагүйгээс хэргийн бодит байдал тогтоогдоогүй.

Би огт танихгүй Бд 1 сая төгрөг, От 2 сая төгрөг надаар төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байгаа. Хохирогч Б “...Би Быг танихгүй, уулзаж ярьж байгаагүй, Н.Эд өгсөн.” гэж мэдүүлсээр байтал энэ үйлдлийг надад тулган хүлээлгэж 1 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. /шийтгэх тогтоолын 4 дэх талд гэрчийн мэдүүлгээр нотлогдоно/ Гэх мэтээр асар их зөрүүтэй, эрх зүйн байдлыг минь дордуулсан талаар санал хүсэлт гаргахаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан гэж хүндрүүлэх нөхцөл байдал болгоод байгаа тул бүх гэм бурууг хүлээж зүйлчлэлийг минь хөнгөрүүлж, оногдуулах ялыг хорихоос өөр хэлбэрээр оноож, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан бага насны хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байх боломж олгон, хүнэлэг ёсны зарчмыг баримтлан итгэл үзүүлээч гэж гуйж байна.

Миний бие У, Б, Д, Б, А, О, Н нарын 7 хохирогчийг огт мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй. Эдгээр хүмүүсийг Н.Э залилж, Хаан банкны 5303720441 тоот дансаар мөнгө авсан байдаг. Энэ дансыг би эзэмшдэггүй. Гэтэл мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх шалгаж тогтоолгүй ял завшуулж, уг хэргүүдийг надад тулгасанд гомдолтой байна.

Намайг 27 үйлдэл бүхий 27 иргэнд хохирол учруулсан гэж дүгнэж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан. Энэ үйлдлүүдийн 10 гаруй үйлдэлд Э оролцоотой байхад иргэний хариуцагчаар тогтоож, хохирлыг төлүүлэх байтал холбогдуулан шалгаагүйд гомдолтой байна. Энэ хохирлыг намайг төлүүлэхээр тулган хүлээлгэсэн.

Би болж бүтнэ гэсэн хүний үгэнд итгэж нилээд мөнгийг нь нэр бүхий хүнд дамжуулан өгч, дундаас нь ашиг олж байсандаа маш их гэмшиж байгаа. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүүхдүүдийнхээ эцэгтэй Солонгос улсад ажиллаж байсан, бага охиноо төрүүлэхээр Монгол Улсад ирээд энэ хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Гэтэл зарим хохирогч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, үлдсэн хэсэг нь Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж, нэг ижил нэг цаг үеийн хэрэгт 2 удаа шийтгүүлж, эрх зүйн байдал минь дордсоныг онцгойлон анхаарч, нэмж нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү.

Би энэ хэрэгт холбогдсоноор ар гэр, найз нөхдийнхөө дунд нэр төрөө алдаж, нөхөр салж, 3 настай охин, 8 настай хүү минь өнчирч, хүүхдүүд минь сэтгэлзүйн хүнд байдалд орж, би өөрөө ч асар их дарамт сэтгэлийн зовлонтой өдрийг өнгөрөөж байна.

Миний бусдад учруулсан хохирлын хэмжээг бодитоор тогтоож, Н.Эгаас хохироосон хүмүүсийнх нь хохирлыг гаргуулан, уг холбогдсон хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаашид хууль журмыг чандлан сахиж, шударга бус орлогоос татгалзан, үр хүүхдүүдээ асран хамгаалж, ажиллаж амьдрахыг хүсэж байна. Надад боломж олгон, хүнэлэг энэрэгүй, шударга ёсны зарчимд нийцсэн хуулийг ашиглан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1194 дүгээр магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг баримталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоогоогүй гэж дүгнэсээр байхад анхан шатны шүүх энэ байдалд нь ажиллагаа хийлгэхгүй дахин шийдвэр гаргаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өмнө 6 жил 6 сарын хорих ял оногдуулсан байснаа давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаангуут 8 жил хорих ял болгож ялласан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим ёсоор эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэмт хэрэг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хэргийн бодит байдал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор үнэн тогтоох үүрэгтэй. Гэтэл хэрэгт нэмэлт ажиллагаа явуулахгүйгээр хохирлын тооцоог янз бүрээр тодорхойлж, хэрэгт бүр 3 янзын тооцоо гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ хэргийг уншиж үзэхэд Э, О нарын оролцоо харагддаг бөгөөд 6 дугаар хавтаст хэргийн 10-12 дахь талд О-ийн, 14-16 дахь талд Эгийн мэдүүлэг авагдсан. Эдгээр хүмүүс нь “хэдэн төгрөгөөс, хэдийг би авсан, өрөндөө авсан” гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд тодорхой үйлдлүүд хийж, дундаас нь мөнгө завшсан үйл баримт харагддаг тул хамжигчаар шалгах ёстой. Шүүгдэгчийн 27 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлсэн гэж буруутгасан. Гэтэл эдгээрээс дээрх нэр бүхий 7 хохирогч нь О, Э нартай холбогдолтой хүмүүс. Э дээрх 7 хүнээс мөнгө авчихаад О.Б руу яаж, ямар арга замаар шилжүүлсэн нь тодорхойгүй. О.Б нь эдгээр хүмүүстэй огт уулзаж байгаагүй. О тэндээс очоод аваарай гэсний дагуу үлдсэн 20 хүний 13-аас нь О.Б өөрөө очиж мөнгө авсан. Бусад хүмүүстэй уулзаж үзээгүй, мөнгө нь яаж орж ирснийг мэдэхгүй.” гэв.

Прокурор З.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгөө анхнаасаа буцааж өгөх сонирхолгүй, шунахайн сэдэлттэй, санаатай хэлбэрээр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан. “Виз гаргах хүмүүсийг яг одоо хоолонд оруулж байна, бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр хуурч хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч байсан нь хэрэгт авагдсан хохирогч нарын өгсөн мэдүүлэг, дансны хуулга, мөнгөний зарцуулалт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого хэмжээний хувьд хувь хүний амьдралын хэв шинжид нөлөөлөх хүчин зүйлийг орлож залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдэгдсэн. Амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь гурваас дээш дахин давтагдах, байнгын шинжтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хохирогч нараас ижил арга хэрэгслээр залилан авсан мөнгөө өөрийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж, хүсэл зоригоо гүйцээж амьдралын зорилго болгосон нь амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлэгтээ хохирогч нараас авсан мөнгөө найзуудтайгаа цагийг өнгөрөөх, ууж идэхэд зарцуулсан гэдэг. Бусад байдлаар хөрөнгө оруулалт хийх, өглөг, авлагаа дарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. О.Б нь Хаан банкны 5302720441 тоот дансыг эзэмшдэггүй гэдэг боловч тус дансны дэлгэрэнгүй хуулга 5 дугаар хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан. Түүнчлэн, шүүгдэгч нь У, Б, Д, Б, Алдархишиг, О, Н нарын 7 хохирогчтой уулзаагүй гэх бөгөөд Эг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахад эдгээр хүмүүс нь Эгаар дамжуулж, мөнгөө шилжүүлсэн байдаг. Э нь өөрийн хамаатны болон ойр дотны хүмүүсээ Солонгос улс руу ажилд оруулах зорилгоор шүүгдэгч О.Бд итгэн тэдгээрийн мөнгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгуудаар тогтоогдсон. Үүний дараа тухайн хүмүүсийн виз гарахгүй, О.Б цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдээд залилуулсан гэдгээ ойлгож тухайн хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд зарим хүнд ял завшуулах, хөрөнгө завшуулах боломж олгосон гэж үзэх үндэслэлгүй. Эг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй. тодруулбал, бусдыг залилан мэхлэх гэмт санаа зорилго түүнд байгаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн О.Бын гаргасан гомдолд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Энэ хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж 8 жилийн хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 27 иргэнээс нийт 89.230.000 төгрөгийг бэлнээр, өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Э /1хх 14-15/, хохирогч О.М /1хх 20-21/, хохирогч В.М /1хх 106-107/, хохирогч И.М /1хх 143/, хохирогч Г.Г /1хх 192-193/, хохирогч С.Ч /1хх 228-229/, хохирогч Б.У /2хх 2-3/, хохирогч Б.Б /2хх 9/, хохирогч О.Э /2хх 75-76/, хохирогч Ц.О /2хх 118/, хохирогч О.Б /2хх 127/, хохирогч Ч.Б /2хх 198/, хохирогч У.Э /3хх 243-244/, хохирогч Б.О /3хх 54/, хохирогч Ш.Х /3хх 124-125/, хохирогч Д.Б /3хх 183/, хохирогч Т.Г /4хх 34/, хохирогч Г.Э /4хх 119-120/, хохирогч Ц.А /4хх 182/, хохирогч Д.У /5хх 191-192/, хохирогч Д.Б /5хх 195-196/, хохирогч Б.Д /5хх 202-203/, хохирогч Ц.Б /5хх 206-207/, хохирогч Д.О /5хх 210-211/, хохирогч Б.А /5хх 214-215/, хохирогч М.Н /5хх 218-219/, хохирогч П.Л /6хх 189-190/, гэрч н.О /1хх 23-24/ нарын мэдүүлгүүд, хохирогч И.Мын мөнгө шилжүүлсэн баримт /1хх 52-53/, хохирогч О.Эын Хаан банкны дансны хуулга, О.Бтай харилцсан зурвасууд, О.Бын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч И.Мгийн дансны хуулга, О.Бтай хоорондоо харилцсан зурвасууд, хохирогч Ц.Агийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, /3хх 124-125/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх 15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Быг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч О.Бын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 27 иргэнээс нийт 89.230.000 төгрөгийг бэлнээр болон өөрийн, бусдын дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч О.Бын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Б “...өр төлбөрт өгсөн байдлаа мэдүүлсээр байхад гэмт хэргийн орлогоор амьдарсан гэж хүнд зүйлчлэл оноосонд дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...Н.Эг холбогдуулан шалгаагүйгээс хэргийн бодит байдал тогтоогдоогүй. ...Миний бие У, Б, Д, Б, А, О, Н нарын 7 хохирогчийг огт мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй. Эдгээр хүмүүсийг Н.Э залилж, Хаан банкны 5303720441 тоот дансаар мөнгө авсан. ...10 гаруй үйлдэлд Э оролцоотой байхад иргэний хариуцагчаар тогтоож, хохирлыг төлүүлэх байтал холбогдуулан шалгаагүйд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч О.Б нь өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгож нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Хавтаст хэргээс үзэхэд, О.Б нь нийт 27 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, их хэмжээний мөнгийг авсан бөгөөд “хохирогч нараас авсан мөнгөө найзуудтай цагийг өнгөрөөж ууж идэхэд зарцуулдаг байсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба зугаа цэнгэл, найз нөхөд, баяр наадамд зарцуулсан үйлдлийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэл байх тул шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн О.Бын “...У, Б, Д, Б, А, О, Н нарын 7 хохирогчийг огт мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй. Эдгээр хүмүүсийг Н.Э залилж, Хаан банкны 5303720441 тоот дансаар мөнгө авсан. ...” гэх гомдол нь гэрч Б.О-ийн “...Би нөхрийнхөө дүү болох О.Бтай уулзлаа, Солонгос улс руу виз гаргадаг гэж хэлсэн. Энэ үеэр Н.Э нь бид хоёрын яриаг сонсоод Н.Э бид хоёр хүн олоод хүн тус бүрээс 1.500.000 төгрөг авахаар болоод О.Б нь нэг хүний виз гаргахад 5.500.000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгэхэд Н.Э нь би урьд нь виз 9.000.000 төгрөгөөр гаргадаг байсан, би хүмүүст 8.500.000 төгрөг гэж хэлсэн шүү, хоёулаа хүмүүсийн виз гарсны дараа хүн тус бүрээс 3.000.000 төгрөг хувааж авья гэж санал тавьсан. ...” /6хх 24/ гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Э “...Манай эхнэр Солонгос улсад байхдаа Хаан банкны 5926308916 тоот Бын Б гэх хүний данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ...” гэж /2хх 75-76/ мэдүүлдэг бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад О.Баас хохирогч О.Эд 4.200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны энэ өдрийг хүртэл 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 77.295.000 /далан долоон сая хоёр зуун ерэн таван мянган/ төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулан ...О.Э /.../-д 4.200.000 төгрөг ...тус тус олгуулсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохиролд нийт 77.095.000 /далан долоон сая ерэн таван мянган/ төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулан ...О.Э /.../-д 4.000.000 төгрөг ...тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ   

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ