| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/02267/И |
| Дугаар | 102/ШШ2024/01174 |
| Огноо | 2024-03-06 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/01174
| 2024 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/01174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/1 тоотод байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, өөрийн байранд байрлах Ж******* ХХК нарын нэхэмжлэлтэй,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Жалхаз хутагт Дамдинбазарын гудамж, Элиганс тауэр 00 тоотод байрлах Т******* ХХК-д холбогдох,
Т******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,
Татварын өр төлбөр 9,826,844.13 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 2,486,400 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Д, нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Т.Т, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Т******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэг гишүүнтэйгээр хэвлэлийн үйлчилгээ, цай кофе үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан ба улмаар үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг үйлдвэрлэл худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид үйл ажиллагаандаа зориулан хөрөнгө оруулалтын зээл авах, мөн хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө оруулах зэргээр 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сүлжээ дэлгүүрийн 180 салбарт борлуулалт хийхээр гэрээ хийгдэж, 20 орчим дэлгүүрүүдэд нийлүүлэлт хийгдэж байсан. Бидний ажиллах зах зээлийн монопол аж ахуйн нэгжийн нөлөө, 2020 оноос үүдэлтэй ковид цар тахлаас шалтгаалан хил гааль хаагдсаны улмаас бараа, бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, хомсдолоос шалтгаалан орлого эрс багассан. Компанийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа алдагдаж эхэлснээс хойш татварын өр төлбөр, зээлээ төлж чадахгүй болоод байна. Манай компани бусдад 136,581,398.68 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд үүнийгээ төлж чадахгүй болсон тул дампууруулж өгнө үү. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр 9,826,844.13 төгрөг, Ж******* ХХК-д гэрээний төлбөр 2,486,400 төгрөг тус тус төлөхтэй маргахгүй. гэжээ.
2. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* ХХК нь 2018 оноос үүссэн нэмэгдсэн өртгийн албан татвар, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 9,826,844.13 төгрөг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгч Ж******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай компанитай гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A50, Samsung A51 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 204,400 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй учир үлдэгдэл 2,486, 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
4. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Эшүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/0000 дугаартай захирамжаар Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр түр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна.
Т******* ХХК нь Улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот регистртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, нз13/1 байрны 8 тоотод байрлаж ажиллахаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, хэвлэлийн үйлчилгээ, цай, кофе үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. 2021 оны 06-р сарын 04-ний өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хүнсний ногоо тариалалт, какао, шоколад, чихэр үйлдвэрлэл, талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг шинээр тус тус бүртгүүлжээ.
Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход Т******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 1,457-180,572 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨ төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. Т******* ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсанаар зохист харьцааны утга 2018 оноос хойш алдагдаж, зохистой үзүүлэлтээс 722 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа нь богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг илэрхийлж байна. Т******* ХХК нь татварын өр төлбөрийг барагдуулах боломжгүй, мөнгөн хөрөнгө, хүрэлцэхгүй, түргэн хөрвөх хөрөнгө байхгүй байна. Өөрөөр хэлбэл яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өрийг барагдуулах боломжгүй байна.
Т******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь зохистой үзүүлэлтээс бага сөрөг утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал хэт өндөр болохыг илэрхийлж байна.
Т******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг илэрхийлж байна. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Т******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Т******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргасан хүсэлт, 2018-2022 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4-171/0000 дугаартай албан тоот, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/2215 дугаартай албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1130 дугаартай албан тоот болон Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 533 дугаартай албан тоотоор 11 хувь хүн, аж ахуй нэгжид 125,505,109 төгрөгийн өртэй байна.
Т******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2022 онуудын санхүүгийн тайланд төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2022 онуудын санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд тайлант хугацаанд хуримтлагдсан алдагдал 193,093,100 төгрөгт хүрч, компанийн өр төлбөр 125,505,109.13 төгрөг болж өөрийн хөрөнгийн -474.09% 138.96%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Т******* ХХК нь 2019 оноос өөрийн хөрөнгийн -181.05 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/14878 дугаар захирамжаар Т******* ХХК- ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Т******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2022 онуудын санхүүгийн тайлан болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараах нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ. Т******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 онд 90,493,300 төгрөг, 2019 онд 160,390,500 төгрөг, 2020 онд 85,532,200 төгрөг 2021 онд 109,576,300 төгрөг, 2023 оны байдлаа 125,505,109 төгрөг болон нэмэгдэж, нийт 193,093,100 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 корона вирусын үед улс эх оронд тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаартай захирамж болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна.
Т******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байх боловч, нөгөө талаар Т******* ХХК-ийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд нь хил гаалийн байгууллагын үйл ажиллагаа хаагдсан, тээврийн үнийн хэт өсөлтөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн зэрэг удаа дараа бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй болсон төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлд гүйцэтгэх удирдлагын буруутай ажиллагаа, үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/1000 дугаар захирамжаар Т******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 000 дугаарт нийтэд мэдээлсний дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Ж******* ХХК нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/14878 дугаар захирамжаар Т******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн хурлыг 2023 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 09.00 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 79.81 хувийн саналаар, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Э******* томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар тус тус шийдвэрлэсэн.
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Т******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Т******* ХХК нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Т******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно. гэв.
5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /хх 4-9/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх 10/, татварын тайлан тушаалт /хх 11-12/, санхүүгийн байдлын тайлан /хх 14-63/, Капитрон банкны тодорхойлолт /хх 64/, Хаан банкны тодорхойлолт /хх 65/, өр төлбөрийн жагсаалт /хх 66-67/, итгэмжлэл /хх 68/, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 13/, Үндсэн хөрөнгө болон биет бус хөрөнгийн жагсаалт /хх 168-180/, нэхэмжлэгч нараас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 246/, нэхэмжлэх /хх 247-250/, зээлээр худалдах, худалдан авах гэрээ /2хх 2-7/, хуулийн этгээдийн лавлагаа /2хх 138-172/, хэрэг гүйцэтгэгчээс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлт /2хх 24-34/, Өнөөдөр сонины 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар /2хх-38/, хараат бус аудиторын тайлан, нэмэлт баримт /2хх 42-132/, Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаар хэлэлцсэн асуудал /2хх 174/, Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нийт нэхэмжлэлд эзлэх саналын хуваарь /2хх 176-178/, Нэхэмжлэгчдийн хурлаас гарсан шийдвэр танилцуулах тухай /2хх-179/, Дампуурлын хэрэг гүйцэтгэгч томилуулахаар санал гаргах тухай /2 хх-173/, Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлын тэмдэглэл /2хх 179/, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2хх 183-198/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн тамгын газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаар шүүгчийн захирамж /хх 119/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 489 дугаар шүүгчийн захирамж /хх 121-122/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 970 дугаар шүүгчийн захирамж /хх 123-124/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 971 дугаар шүүгчийн захирамж /хх 125/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1130 тоот лавлагаа /хх 127-128/, Татварын Ерөнхий газрын 2023 оны 02/1248 тоот лавлагаа /хх 145/, Сангийн яамны 2023 оны 03/3903 тоот лавлагаа /хх 152-167/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 315 тоот лавлагаа /хх 133-136/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10/2795 тоот лавлагаа /хх 149/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/2215 тоот лавлагаа /хх 233-235/, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01-1.2/2126 тоот лавлагаа /хх 218-219/, Хас банк ХХК-ийн 2023 оны 56/2540 тоот лавлагаа /хх 225-228/, Хаан банк ХХК-ийн 2023 оны 29/5654 тоот лавлагаа /хх 142/, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 6/5639 тоот лавлагаа /хх 183-189/, Ариг банк ХХК-ийн 2023 оны лавлагаа /хх 137/, Богд банк ХХК-ийн 2023 оны 05/1853 тоот лавлагаа /хх 236/, Капитрон банк ХХК-ийн 2023 оны 531, 596 тоот лавлагаа /хх 126, 190-202/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2023 оны 23/287 тоот лавлагаа /хх 220/, Чингис хаан банк ХХК-ийн 2023 оны ВХ/759 тоот лавлагаа /хх 222/, Транс банк ХХК-ийн 2023 оны 04/01-552 тоот лавлагаа /хх 223/, Төрийн банк ХХК-ийн 2023 оны 10/3192 тоот лавлагаа /хх 221/, Голомт банк ХХК-ийн 2022 оны 14/хх/03-1191 тоот лавлагаа /хх 203-217/, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2023 оны 1/1182 тоот лавлагаа /хх 182/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 14/492 тоот лавлагаа /хх 150/, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 19/527 тоот лавлагаа /хх 224/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 20/698 тоот лавлагаа /хх 230/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 15/638 тоот лавлагаа /хх 151/, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 18/466 тоот лавлагаа /хх 229, 232/, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 17/643 тоот лавлагаа /хх 231/, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 22/242 тоот лавлагаа /хх 181/, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 23/306 тоот лавлагаа /хх 129/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н.Баярмагнай, Н.Гансүх, Б.Болортуяа нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 130-132/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/5345 дугаар лавлагаа /хх 138/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 9/5328 дугаар лавлагаа /хх 139-141/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Т******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
8. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/0000 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн ба 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2023/08598 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Эг томилсон.
Түр хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/14878 дугаар захирамжаар Ти Би имдайр ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ талаар нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн хурлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлосон.
9. Шүүхээс тогтоосон хугацаанд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 9,826,844.13 төгрөг, Ж******* ХХК-иас 2,486,400 төгрөг тус тус хүсэлт гаргагчаас гаргуулахаар нэхэмжлэл ирсэн бөгөөд хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.
10. Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаас хэрэг гүйцэтгэгчээр А.Э******* томилуулах санал ирүүлсэн тул шүүгчийн захирамжаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай Т******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр А.Э******* томилсон.
11. Т******* ХХК нь Улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот регистртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, нз13/1 байрны 0 тоотод байрлаж ажиллахаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, хэвлэлийн үйлчилгээ, цай, кофе үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
12. Хариуцагч Т******* ХХК 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй.
13. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ ...Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд ...Дампуурлын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2-т шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.
Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
14. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Дээр дурдсанчлан шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/000 дугаар захирамжаар Т******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Өнөөдөр сониноор зарласан.
15. Шүүхээс тогтоосон хугацаанд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 9,826,844.13 төгрөг, Ж******* ХХК-иас 2,486,400 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүсэлт гаргагч зөвшөөрсөн тул Т******* ХХК-иас нэхэмжлэлийн хэмжээгээр тус тус төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч нарт олох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан Т******* ХХК /РД: *******/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч Т******* ХХК-аас 9,826,844.13 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст, 2,486,400 төгрөг гаргуулж Ж******* ХХК-д тус тус олгосугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч Т******* ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Т******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ж******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,733 төгрөг, хүсэлт гаргагч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Т******* ХХК-иас 54,733 төгрөгийг гаргуулан Ж******* ХХК-д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ