Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0782

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С******* овогт Б******* Б******* /РД:*******/,

Хариуцагч: Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэслэгч Б.А, цагдаагийн дэслэгч М.Т, цагдаагийн дэслэгч Г.Б,

Маргааны төрөл: Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Б*******, хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэслэгч Б.А, цагдаагийн дэслэгч М.Т, цагдаагийн дэслэгч Г.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ж.Намуунцэцэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:  

1.1. Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагчийн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноор тэгш, сондгойгоор цагийн хязгаартайгаар бүсчлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, уг хязгаарлалтад зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, ... ийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй байхаар, уг зохицуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст үүрэг болгосон байна.

2.2. Гомдол гаргагч Б.Б*******гийн эзэмшлийн , улсын дугаартай автомашин дугаарын хязгаарлалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоныг хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэслэгч Б.А, цагдаагийн дэслэгч М.Т, цагдаагийн дэслэгч Г.Б нар телекамераар илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсгээр “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” зөрчилд 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн  123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 2.3-т заасан хүнсний түгээлт, татан авалтын автомашин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй гэж заасан. “Хүнс түгээлт” гэсэн таних тэмдэг нааж хөдөлгөөнд оролцсон, захиргааны байгууллага хязгаарлалт тогтоосон журмаа нийтэд тайлбарлан таниулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” гэж маргасан.

Гомдлын шаардлагын үндэслэлдээ: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 2.3-т заасан хүнсний түгээлт, татан авалтын автомашин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй гэж заасан. “Хүнс түгээлт” гэсэн таних тэмдэг нааж хөдөлгөөнд оролцсон байхад тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглаж байгаа таних тэмдгийг улсын дугаарын нэгэн адил татаж харж болох байсан ч татаж хараагүй нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь автомат ажиллагаатай теле камерын зураг, дүрсээр харагдаж байна.

Иймд Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагчийн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийн 123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

3.2. Гомдол гаргагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Цагдаагийн байгууллагыг төрийн жинхэнэ албан хаагч, хууль сахиулагч гэж ойлгож байгаа. Төрийн албан хаагч хэрвээ тухайн хууль, дүрэм журам нь үйл ажиллагаатай нь зөрчилдсөн бол гаргасан шийдвэрээ хүчингүй болгох ёстой. Хариуцагч цагдаагийн байгууллага энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ хүн буруу ташаа ойлгож болохоор мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн. Нөгөө талд захиргааны акт нь гарчихсан явж байгаа. Энэ 2 мэдээлэл хоорондоо зөрчилдөж байна.

Би “зохих зөвшөөрөл бүхий” гэдгийг хүнс түгээхээр зөвшөөрөгдсөн, тоноглогдсон лого таних тэмдэг бүхий гэж ойлгосон. Төрийн албан хаагч хууль, дүрэм журмыг жирийн иргэнд энгийн хэлбэрээр ойлгогдохоор, зөвөөр таниулж мэдээлэх үүрэгтэй. Бид энгийн иргэд учраас хуулийн хэллэгийн мэдлэг байхгүй. Би одоо л “зөвшөөрөл”-ийг заавал очиж бүртгүүлээд авах ёстой байсан гэдгийг ойлгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Зөвшөөрөл бүхий тоноглогдсон” гэж хүнсний түгээлтийн тусгай таних тэмдэг лого наана гэж хэлсэн. Тэр шаардлагыг нь би хангасан. ЕС замын хуудас гэх “Зөвшөөрөл”-ийг тийм газраас очиж авах ёстой гээд мэдээллээ өгчихсөн бол бид очиж авахаа бодно. Тийм урт хугацаанд компаниа торгууль тавиулж дампуурахыг ямар ч аж ахуйн нэгж хүсэхгүй.” гэв.  

3.3. Хариуцагч Б.А хариу тайлбартаа: “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, эрх бүхий албан тушаалтан д/ч Б.А, д/ч Б.Б, д/ч Г.Б нар иргэн Б.Б******* нь өөрийн эзэмшлийн Toyota маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17:59 цагт Баянгол дүүргийн баруун 4 замын уулзвар, хойд орох нэмэлт 1 дүгээр эгнээ, тус оны 09 дүгээр сарын 07-ны 16:10 цагт Хан-Уул дүүргийн МИС-ийн баруун хойд уулзвар, хойд орох 1 дүгээр эгнээ, тус оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15:46 цагт Баянгол дүүргийн баруун 4 замын уулзвар, зүүн орох 2, 3 дугаар эгнээ, тус өдрийн 14:11 цагт Чингэлтэй дүүргийн 32-н уулзвар, хойд орох 1, 2 дугаар эгнээ, тус өдрийн Чингэлтэй дүүргийн хүнсний 1-р дэлгүүрийн зүүн урд уулзвар, зүүн орох 1, 2 дугаар эгнээ тус тус нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцон Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1176 тоот захирамжийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт заасны дагуу бэлэн бус торгууль оногдуулсан.

Иргэн Б.Б*******гийн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийтийн тээврийн бодлогын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлсэн хүнсний түгээлтийн тээврийн хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дах хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлэн бус торгууль оногдуулсан” гэв.

3.4. Хариуцагч М.Т хариу тайлбартаа: “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Т би иргэн Б.Б******* нь өөрийн эзэмшлийн Mazda маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10:53, 11:57, 12:17 цагт Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцон Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1176 тоот захирамжийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт заасны дагуу бэлэн бус торгууль оногдуулсан.

Иргэн Б.Б*******гийн өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийтийн тээврийн бодлогын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлсэн хүнсний түгээлтийн тээврийн хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дах хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлэн бус торгууль оногдуулсан” гэжээ.

3.5. Хариуцагч М.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/322 дугаар захирамж нь эрх зүйн акт болон замын хуудас авах зааврын талаар https://www.transport.ub.gov.mn/ гэсэн Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсанд байршсан байгаа. Уг захирамжийн 1.2-т заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ачаа тээвэрлэлт, ачааны түгээлт, хүргэлтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хамаарна гэж заасан. Энэ талаар мэдээгүй гэсэн тайлбарт нь Улаанбаатарын мэдээ болон Тээврийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Оын ярилцлагыг үзсэн.

Үүнд “зөвшөөрөл, тоноглол бүхий тээврийн хэрэгслээр хүнс түгээлтийн үйлчилгээг үзүүлж байгаа” гэж тодотгосон байсан. Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, авто зам, хот тохижилт, шугам сүлжээ, засвар үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, дипломат байгууллагын гадаад, дотоод зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн тээврийн хэрэгсэл, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй болно гэсэн байгаа. Үүнд “зөвшөөрөл, тоноглол бүхий” гэж дурдсаны дагуу зөвшөөрлөө авах шаардлагатай.

Нийслэлийн Засаг даргын А/1037 дугаартай захирамж дээр хүнс түгээлтийн тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалт хамаарахгүй гэсэн заалт байхгүй. 2025 оны А/322 дугаар захирамжаар баталсан журмын 2.3 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно гэж заасан. Энэ байгууллага нь татан буугдаад Замын хөдөлгөөний удирдлагын төв болоод нэршлээ өөрчилж байгуулагдсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.Б******* өөрийн эзэмшлийн Тоёото ******* маркийн ******* улсын дугаартай автомашинаар 2025 оны 9 дүгээр сарын 05, 9 дүгээр сарын 07, 9 дүгээр сарын 11, 9 дүгээр сарын 15-ны өдөр, Мазда ******* маркийн ******* улсын дугаартай автомашинаар  9 дүгээр сарын 12-нд нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой байршлуудад  хөдөлгөөнд оролцсон нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар автомашины улсын дугаарын сүүлийн орноор тэгш, сондгойгоор зорчуулахаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосныг зөрчсөн гэж үзээд Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэслэгч Б.А, цагдаагийн дэслэгч М.Т, цагдаагийн дэслэгч Г.Б нар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зүйлийн 57 дахь хэсгийн “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” заалтаар 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсаар тус бүр 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Нэг. Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.1. Шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”-ийг зөрчилд тооцон хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.

1.2. Маргаанд хамаарах дээрх шийтгэлийн хуудсуудад Б.Б*******г нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамжийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд,

1.3. Шийтгэлийн хуудаст ийнхүү үндэслэсэн нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээ”ний тухай захирамжаар 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоосон, тухайлбал

- Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.2-т заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орны тэгш, сондгойгоор, тодорхой цагт, бүсчлэлгүйгээр хөдөлгөөнд оролцуулахаар, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд улсын дугаарын сүүлчийн орны тэгш сондгойгоор 2025 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоож, тодруулбал автомашин улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14, 16-ны өдрүүдэд, сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 03, 05, 07, 09, 11, 13, 15-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож,

- уг зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ зохих зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгслийг хязгаарлалтад хамааруулахгүй буюу зохих зөвшөөрөл, тоноглол бүхий тохиолдолд хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулахаар зөвшөөрч,

- уг үйл ажиллагааг нийтэд сурталчилж ажиллахыг харьяа нэгж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст үүрэг болгосон байна.  

1.4. Уг захирамжид эш татсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 2.2-т “шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан ... үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргах”-аар, 4.1-д “хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан, зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх”-ээр, 5.1-д “уг журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр,

1.5. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/322 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журмын 2.1-д нийслэлд ачааны, түгээлт, хүргэлтийн ачааны автомашин, машин механизмын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон замуудад, тодорхой цагийн хязгаарлалттайгаар нийгмийн үйлчилгээг тасралтгүй явуулахаар нийслэлийн авто тээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагаас замын хуудас олгож, бүртгэх замаар зохицуулалт хийж, хөдөлгөөнд хяналт тавихаар, 2.2-т замын хуудас нь 2.2.1 энгийн буюу “ЕС” замын хуудас, 2.2.2 тусгайлсан буюу “Түр” замын хуудас гэсэн төрөлтэй байхаар, 2.3-т ЕС замын хуудсыг ... шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэлд иргэн, хуулийн этгээд цахимаар болон “Хурдан” Киоск машинаар авахаар, 2.4-т ЕС замын хуудсыг 6 сар тутам авахаар, 4 дүгээр зүйлээр ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашины ангилал, төрөл, хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох цаг, зорчих хүрээг тогтоосон, тухайлбал гомдол гаргагч Б.Б*******гийн зөрчилд хамаарах Тоёото *******, Мазда ******* маркийн 2 тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д зааснаар В ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл өдрийн 8.00-20.00 цагийн хооронд тогтоосон гудамж авто замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохоор, 6.1-д ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагааны бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллээр хангахаар, 6.1.1-д замын хуудас олгох, цахим мэдээллийн санг ашиглах талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах ажлыг нийслэлийн автотээврийн бодлого шийдвэрийн хэрэгжилт хариуцсан байгууллага хэрэгжүүлэхээр тус тус журамласан,

Хоёр. Дээрх үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд  шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэг нь “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” буюу замын хөдөлгөөнд оролцогч этгээдийн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна.

2.2. Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний дээрх актууд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, эмхэтгэлд нийтлэгдсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд гомдол гаргагч нь дээрх актуудтай болон хариуцагч нарын зөрчлийг шалган шийдвэрлэх эрх хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тухайн хугацаа, байршилд зорчих хөдөлгөөн хийсэн үйлдэл, *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “ЕС” замын хуудас аваагүйтэй тус тус маргаагүй, энэ үйлдэл нь  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн теле камерын хяналтаар тогтоогдсон, Нийтийн тээврийн бодлогын газраас ийнхүү “ЕС” замын хуудас зөрчилд хамаарах 2 тээврийн хэрэгсэлд аваагүйг шүүхэд тодорхойлдог.

2.3. Хариуцагч нар нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч бөгөөд зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн теле камерын хяналтаар илрүүлсэн тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3-т зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэсэнд нийцсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.4. Хэм хэмжээ тогтоосон нийслэлийн Засаг даргын дээрх актуудаар нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, сондгойгоор тодорхой өдрүүдэд, тодорхой цагт хөдөлгөөнд оролцуулахаар буюу эсрэгээрээ зөвшөөрөгдөөгүй дугаар бүхий тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг тодорхой өдрүүдэд, тодорхой цагт хязгаарлахаар тогтоохдоо “зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгслийг хамааруулахгүй байх”-аар буюу хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөл, тоноглол бүхий тохиолдолд хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулахаар зөвшөөрсөн байна.

2.5. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1176 дугаар захирамжийн “хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулахаар зөвшөөрсөн” тээврийн хэрэгслийг тодорхойлсон хэсгийн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дипломат байгууллагын тээврийн хэрэгслийн хувьд “зөвшөөрөл, тоноглол бүхий” байх нөхцөлийг хангасан байх шаардлага тавигдсан бөгөөд гомдол гаргагчийн “хүнсний бүтээгдэхүүний түгээлт” гэсэн таних тэмдгийг тээврийн хэрэгсэлдээ наасныг “зөвшөөрөл бүхий” гэж үзэх боломжгүй байна.

Учир нь “зөвшөөрөл, тоноглол бүхий” байх нөхцөл шаардлага бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд хамаарахаар журамласан.

2.6. Гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлдээ тайлбарлаж буй “хүнсний бүтээгдэхүүний түгээлт” гэсэн таних тэмдгийг тээврийн хэрэгсэлдээ наасан нь хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх нөхцөл шаардлагад хамаарахгүй байна. Учир нь “таних тэмдэг бүхий” байх нөхцөл шаардлага нь хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахаар тодорхой журамлажээ.   

2.7. Дээрх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст даалгаж, уг хэлтсээс захирамжийн хүрээнд 3 текстэн мэдээ, 2 видео мэдээ, 10 орчим постер тус тус бэлтгэн, 1 удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулсан талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эдгээр баримт, хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлд “зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл”, “таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл” дугаарын хязгаарлалтад хамаарахгүйг мэдээлсэн, өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл авахыг, тоноглолтой байхыг, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл таних тэмдэгтэй байхыг сурталчилж, мэдээлсэн байна.

2.8. Түүнчлэн Нийтийн тээврийн бодлогын газар нь цахим хуудастаа Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/322 дугаар захирамжаар баталсан журмыг байршуулж, журмын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн ачаа, тээвэрлэлтийн цахим систем https://ec.transport.ub.gov.mn/ -д замын хуудас олгохыг, цахим систем ашиглах танилцуулгыг байршуулсан байна.

2.9. Гэвч нийтийн захиргааны бүхий л байгууллагын цахим хуудаст зочилж, хязгаарлалт, хориглолт тогтоосон шийдвэр гарсан эсэхийг шалгаж байхыг аливаа хууль, тогтоомжоор иргэнд үүрэгжүүлээгүй гэх, захиргааны байгууллага бусдын эрхэд хориглолт, хязгаарлалт тогтоосон шийдвэрээ энгийн ойлголтын түвшинд тодорхой, ойлгомжтой мэдээллэх үүргээ биелүүлээгүй гэх гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй.    

2.10. Гомдол гаргагчаас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор автозамын хөдөлгөөнд оролцох өдрүүдэд “зөвшөөрөл, тоноглол бүхий” бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын автомашин улсын дугаарын хязгаарлалтад хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцоно гэх зохицуулалтын “зохих зөвшөөрөл” гэдгийг хүнсний бүхий л үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бол оролцож болно гэх агуулгаар ойлгож замын хөдөлгөөнд оролцсон гэх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хүнсний бүтээгдэхүүний түгээлтийн автомашины хувьд “энгийн буюу ЕС” замын хуудас олгосноор дугаарын хязгаарлалтад хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцох, уг хуудсыг хаанаас хэрхэн авч болох, ямар хугацаанд үйлчлэх зэрэг тодорхой мэдээллийг нийтэд хүргээгүй нь төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй буюу ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй байна.

2.11. Хэдий төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй буюу ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй, холбогдох мэдээллийг нийтэд тодорхой хүргээгүй байх боловч гомдол гаргагчтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд нь Нийслэлийн Засаг даргын захирамж, захирамжийн хавсралтаар баталсан холбогдох дүрэм, журамд заасны дагуу ЕС замын хуудас авч хөдөлгөөнд оролцсон нь хүнсний түгээлт, татан авалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлдээ замын хуудас авсан жагсаалтаар тодорхойлогдож байх тул захиргааны байгууллага мэдээллийг тодорхой тайлбарлаж хүргээгүй гэж  маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасанд, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

2.12. Нөгөөтээгүүр, зөрчлийг шийдвэрлэсэн хариуцагч эрх бүхий албан тушаалтнууд нь дээрх мэдээллийг нийтэд таниулах чиг үүргийг тухайн хэм хэмжээ тогтоосон актаар хүлээсэн этгээд биш тул энэ үндэслэл тэдгээрийг буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч Б.Б*******гээс гаргасан Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагчийн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 14.7 дугаар зүйлийн 57, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагчийн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 55009, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 071057309, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******111038509, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123299809, 123299109, 123289909, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 152508109, 152522309, 152513609 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах Б.Б*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА