Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/557

 

 

“УБЗЗАГОНӨААТҮГ,

НЗХГУТҮГт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

яллагдагч “УБЗЗАГОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.М,

яллагдагч НЗХГУТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ш, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн, Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/466 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр “УБЗЗАГОНӨААТҮГ, НЗХГУТҮГ-д холбогдох 2203 00450 0201 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. “УБЗЗАГОНӨААТҮГ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан, ... гэрчилгээ, ... регистрийн дугаартай, ..., Зам засвар, арчлалт, хамгаалалт, замын будаг тэмдэг, тэмдэглэгээ хийх, асфальт бетон бүтээц хайрга, дайрганы үйлдвэрлэл, гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт ашиглалтыг хариуцах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлтэй, Улаанбаатар хот, ..... дүүргийн ..... дүгээр хороо, .... чөлөөнд байрлах бүртгэлтэй хаягтай;

2. НЗХГУТҮГ, 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ олгогдсон, ...... гэрчилгээ, ...... регистрийн дугаартай, Улсын төсөвт үйлдвэрийн газар, Нийслэлийн авто зам, замын барилга байгууламж барих, засварлах, ашиглалтанд хяналт тавих, замын сан бүрдүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Улаанбаатар хот, .... дүүргийн ..... дүгээр хороо, ...ын гудамж, .... ордонд байрлах бүртгэлтэй хаягтай;

НЗХГУТҮГ нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжинд заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

“УБЗЗАГОНӨААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: “авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: НЗХГУТҮГ, “УБЗЗАГОНӨААТҮГ-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хохирогчийг мөргөсөн гэх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн дөрвөн зам орох чиглэлтэй туслах замын эхлэл хэсэгт нэг чигийн хөдөлгөөнтэй, хорооллын дундах зам эхэлж байгаа талаар мэдээлэх тэмдэг байршуулсныг бэхжүүлж, тэмдэглэсэн байна.

Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийхдээ автомашинаар хүүхэд мөргөсөн гэх авто замын эхлэл хэсэгт буюу дээрх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн дөрвөн зам орох чиглэлтэй туслах замын эхлэл хэсэгт нэг чигийн хөдөлгөөнтэй, хорооллын дундах зам эхэлж байгаа талаар мэдээлэх тэмдэг байршуулсан байсан эсэхийг шалгаж, хэргийн газрын үзлэгт тусгаагүй, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн.

Гэтэл замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь хорооллын дундах замд 20 км/ц дээш хурдтай явж болохгүйг зохицуулсан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2708 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1 дүгээр хх-ийн 61 хуудас/ бага насны хүүхэд мөргөж гэмтээсэн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Эийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг 31.2 км/ц болохыг тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, мөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан мэдээлэх тэмдэгүүд байгаа талаар үзлэг хийж тэмдэглэсэн, бэхжүүлсэн хэдий ч тухайн өдөр /2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр/ хорооллын дундах зам, нэг чигийн хөдөлгөөнтэй зам эхэлж байгааг мэдээлсэн тэмдэгүүд байсан эсэх, энэ тэмдэгүүд байсаар байтал жолооч хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж зам тээврийн осол гарсан эсэхийг бүрэн шалгаж, тодорхой болгож гэмт хэрэг үйлдэгдэгдэхэд 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э буруутай эсэхийг тогтоох ажиллагааг мухарлаагүй, дутуу шалгасан байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Тухайлбал, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтэд “...Уг зам тээврийн осол гарахад ...Нийслэлийн засаг даргын тамгын газрын харъяа Нийслэлийн замын хөгжлийн газар нь Авто замын тухай хуулийн 4.1.12 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн авто зам хариуцагч байгууллага бөгөөд уг хуулийн 23.3.2 авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах үүргийг хүлээдэг. Түүнчлэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлэх арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл явган зорчигчийн зам хөндлөн гарсан хэсгийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53 “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19а, 5.19б тэмдэг ба 1.13а, 1.13б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг” гэж заасанд нийцүүлэх шаардлагатай” гэж, /1 дүгээр хх-ийн 88-90 дүгээр хуудас/

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч Д.Дуламрагчаагийн 01/2023 дугаартай дүгнэлтэд “...Монгол Улсын авто замын тухай хуулийн 23.1-д /Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна./ гэж заасан байгууллага нь “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ мөн бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Авто замын тухай хуулийн 4.1.12-д “зам хариуцагч” гэж захиралагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг нэрлэнэ гэж заажээ.

Тухайн байгууллага нь Авто замын тухай хуулийн 23.3.1 дэх заалт /авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах/-ын хэрэгжилтийг хангуулан ажиллах үүрэгтэй.

Нийслэл хотын хэмжээнд авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ашиглалтын байдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. ...” гэж, /2 дугаар хх-ийн 87-89 дүгээр хуудас/

мөн шинжээч А.Энхболдын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “...зам тээврийн осол болсон гэх газарт явган хүний гарцны зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй нь замын хөдөлгөөнд оролцогчийн тухайн мэдээллийг хүлээн авах, мэдээллийг боловсруулах, тосон хариулах чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Жолоочид хандсан тэмдэг нь жолоочийн харааны тод харааны түвшинд байрлах стандартын шаардлагатай бөгөөд уг тэмдэгийг харсан жолооч хамгийн эхний ээлжинд тээврийн хэрэгслийн хурдыг хасах үүрэг хүлээдэг. Тухайн тэмдэг байхгүй нь жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгож болно.” гэж, /1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/, тус тус дүгнэлтдээ тусгасан байна.

Гэтэл эдгээр дүгнэлтүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих ажиллагааг дутуу шалгаж, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хэмжээ, хүрээнд дүгнэлт гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйл, буруутай этгээдийн талаар эрс зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Иймд захирамжийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэт шалгасны дараа дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн яллагдагчаар татагдвал зохих этгээд, хариуцагч нарыг зөв тодорхойлж дүгнэсний эцэст хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хуульд заасан чиг үүрэг бүхий албан тушаалтнууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийн бодит байдлыг эргэлзээгүй, шуурхай тогтоох чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, хамгаалах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “УБЗЗАГОНӨААТҮГ, НЗХГУТҮГ тус тус холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Осол хэрэг болсон цаг хугацаа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 5.23, 5.24 тэмдэг буюу “хороолол хорооллын төгсгөл” тэмдгийн нөхөж тавьсан ба осол болсон өдөр дээрх тэмдгүүдэд тавигдаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. Замын мэдээлэл тэмдэг нь замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог, суурин газар болон бусад объектын байршлыг мэдээлэх ба осол болсон цаг хугацаанд дээрх тэмдэг байгаагүй жолоочид замын нөхцөл байдлыг мэдээлэх, замын нөхцөл байдалд үнэлэлт өгөх бололцоогүй байсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гаднын өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд жолооч Д.Эрдэнэгэрэлийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх заалтад хамаарч байх тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

2. Хэрэгт авагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Энхболдын гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно; гэж заасан тул тухайн явган хүний гарц нь заавал стандартын шаардлагад нийцсэн тэмдэгтэй байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг зам тээврийн осол болсон газарт явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй нь замын хөдөлгөөнд оролцогчийн тухайн мэдээллийг хүлээн авах, мэдээллийг боловсруулах, тосон хариулах чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Жолоочид хандсан тэмдэг нь жолоочийн харааны тод харааны түвшинд байрлах стандартын шаардлагатай бөгөөд уг тэмдгийг харсан жолооч хамгийн эхний ээлжид тээврийн хэрэгслийн хурдыг хасах үүрэг хүлээдэг. Тухайн тэмдэг байхгүй нь жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгож болно...” гэх дүгнэлт,

Хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Д.Дуламрагчаагийн гаргасан “Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д /Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна/ гэж заасан байгууллага нь “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ мөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Авто замын тухай хуулийн 4.1.12 “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг нэрлэнэ гэж заажээ. Тухайн байгууллага нь Авто замын тухай хуулийн 23.3.1 дэх заалт /авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах/-ын хэрэгжилтийг хангуулан ажиллах үүрэгтэй. Нийслэл хотын хэмжээнд авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ашиглалтын байдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А/248 дугаартай Эрх шилжүүлэх тухай захирамжаар зам талбайн тохижилтын ажлыг 1 дүгээр, хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтын ажлыг 2 дугаар, хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлын жагсаалтыг 3 дугаар, хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлын жагсаалтыг 4 дүгээр, гүүр, хоолой, туннелын засварын ажлын жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Галхүүд үүрэг болгон өгчээ. Улаанбаатар зам засвар арчлалтын газар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх УБЗЗАГ/А248-3 дугаартай гэрээний гүйцэтгэх ажлын тоо хэмжээний 4 дүгээрт БЗД, Сансарын туннель туслах 2 талдаа гэж тодорхой зааж оруулсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг зам тээврийн осол болсон газарт явган хүний босоо тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсон байгаа нь Авто замын тэмдэг, Техникийн Ерөнхий шаардлага MNS 4597:2014, Авто замын тэмдэглэл. Техникийн Ерөнхий шаардлага МNS 4759:2014 стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх дүгнэлт болон бусад баримтаар зам хариуцагч байгууллага болох НЗХГУТҮГ, “УБЗЗАГОНӨААТҮГ нар нь буруутай болох тогтоогдсон.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “зам тээврийн осол гарах болсон шалтгаан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” эсэх нотолбол зохих байдлыг тал бүрээс бүрэн шалгаж, шинжээч нараас тусгай мэдлэгийн хүрээнд өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр дүгнэлтүүдийг гаргасан бөгөөд дүгнэлтүүд эргэлзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн ба энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй, захирамжид зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээд авто зам, замын байгууламж, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчиж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог. Энэ агуулгаараа энэ гэмт хэрэг нь хохирол шаарддаг буюу материаллаг бүрэлдэхүүнтэй юм.

Гэмт хэрэг гарахад хуулийн этгээдийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох “УБЗЗАГОНӨААТҮГ нь “Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1, 4.1.12, 23.3 дахь хэсгийн 23.3.1, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, НЗХГУТҮГ нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийг тайлбарлуулан, мэдүүлэг авах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/466 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч “УБЗЗАГОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2483 дугаар шүүгчийн захирамжаар 5 ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Уг захирамжийн 4 дэх заалтад “зам тээврийн осол болсон газар нь хороолол доторх зам мөн эсэхийг тогтоож, тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийх, хэрэв хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон бол зохих арга хэмжээг авах ажиллагаа хийх” гэж заасан. Гэтэл прокуророос энэ ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Дахин хэргийн газрын үзлэг хийхэд хэрэг гарах үед тухайн тэмдэг байгаагүй гэж үзсэн. Гэтэл тухайн тэмдэг нь 5 жилийн турш байрлаж байгаа. Хажуу талын нэг чигийн урсгалын тэмдэг нь “УБЗЗАГОНӨААТҮГ-аас 2020 оны 1 дүгээр сар, 8 дугаар сард хийсэн. 2020 оноос хойш бүх тэмдэг, тэмдэглэгээг америк хуулгаар наадаг, машины гэрэл ойлгодог болсон. Хэрэг болсон газар хороолол доторх замын тэмдэг нь анх 2000 онд тавьж байсан цагаан төмөр дээр цэнхэр будгаар будсан тэмдэглэгээ байдаг. Хэрэг гарах үед буюу 2020 оны 7 дугаар сард тухайн тэмдэг байсан тул шинжээчийн дүгнэлт худал гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч НЗХГУТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ш тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч НЗХГУТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Шийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг  хэлнэ” гэж заасан. Насанд хүрээгүй хохирогч Ц.Б нь Ц.Эийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байхад тухайн жолоочийг гэм буруугүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хорооллын замын тэмдэг байсан, байгаагүй талаар дурдагдаагүй. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хорооллын замын эхлэл, төгсгөлийн тэмдгийг гаргаж ирсэн тул анхнаасаа хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Тухайн тэмдэг нь 5 жилийн өмнө хийгдсэн, хуучны тэмдэг юм. Иймд төрийн байгууллагыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн зам нь жолоочийг анхаарал, болгоомжтой явахыг сануулсан хороолол дотор зам болох нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зургаар тогтоогддог. Замын баруун талд орон сууцны хороолол, зүүн талд төв зам байдаг. Явган зорчигч болон тээврийн хэрэгсэл зэрэгцэж явдаг. Зорчих хэсгийн хажуугаар тээврийн хэрэгслүүдийг байрлуулан зогсоосон зам харагддаг бөгөөд жолооч замын энэхүү нөхцөл байдалд тохируулан Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан” гэж заасныг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой. Тухайн замын нөхцөл байдал үзэгдэл хязгаарлагдмал байсан. Насанд хүрээгүй хохирогч “би явган хүний замаар гүйж гарсан” гэж мэдүүлдэг бөгөөд жолооч мөн “гарцаар хүүхэд гарч ирсэн” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Замын хөдөлгөөнд оролцогчдод ойлгомжтой замын тэмдэг, тэмдэглэгээ байх ёстой. Уг тэмдэг, тэмдэглэгээ арилсан, бүдгэрсэн, эвдэрсэн, гэмтсэн, байхгүй болсон гээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж болно гэсэн үе биш юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч НЗХГУТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Шийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн осол гэж юуг хэлэх талаар заасан. Зам тээврийн осол гарсан эсэхийг тогтоосон зүйл байдаггүй. Зам тээврийн осол гаргасан гэх зөрчил ярьдаг боловч осол гаргасан жолоочийн хариуцлагын талаар дүгнэлт хийгээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуульд зааснаар шийдвэр гаргах ёстой боловч шийдвэр гаргаагүй хэрнээ замын засвар үйлчилгээ хариуцсан байгууллагыг гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өмнө нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байсан боловч шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Шинжээчийн дүгнэлтүүдээр жолоочийг гэм буруугүй гэж үзсэн. Мэргэжлийн байгууллагын бус төрийн бус байгууллагын тусгай мэдлэг эзэмшсэн хүмүүсээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь эргэлзээтэй байна. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Цагаан шонхрын жигүүр” төрийн бус байгууллагын шинжээчийн гаргасан дүгнэлтэд “Suzuki Carry маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэж, жолоочийг цагаатгасан. Зам арчлах, замын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцах нь төрийн байгууллагын үүрэг боловч жолоочийн үүрэг, хариуцлагын талаар огт яригдахгүй байна. Уг шинжээчийн дүгнэлтээр зөвхөн босоо тэмдгийг ярьдаг бөгөөд хэвтээ тэмдгийг ярьдаггүй. Зам тээврийн осол гарах үед 2 хүүхэд гүйж гарч ирсэн байхад жолооч хөдөлгөөнийг зогсоох үүрэгтэй байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар “УБЗЗАГОНӨААТҮГ, НЗХГУТҮГ-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас НЗХГУТҮГ нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжинд заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

“УБЗЗАГОНӨААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: “авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, мөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан мэдээлэх тэмдэгүүд байгаа талаар үзлэг хийж тэмдэглэсэн, бэхжүүлсэн хэдий ч тухайн өдөр /2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр/ хорооллын дундах зам, нэг чигийн хөдөлгөөнтэй зам эхэлж байгааг мэдээлсэн тэмдэгүүд байсан эсэх, энэ тэмдэгүүд байсаар байтал жолооч хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж зам тээврийн осол гарсан эсэхийг бүрэн шалгаж, тодорхой болгож гэмт хэрэг үйлдэгдэгдэхэд 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э буруутай эсэхийг тогтоох ажиллагааг мухарлаагүй, дутуу шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Гэтэл эдгээр дүгнэлтүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих ажиллагааг дутуу шалгаж, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хэмжээ, хүрээнд дүгнэлт гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйл, буруутай этгээдийн талаар эрс зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Иймд захирамжийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэт шалгасны дараа дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн агуулгыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгчийн захирамжийн “яллагдагчаар татагдвал зохих этгээд, иргэний хариуцагч нарыг зөв тодорхойлж дүгнэсний эцэст хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэх хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/466 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/466 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ