Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 674

 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би Ч.У*******ийн Хөдөлмөрийн сайдад холбогдуулан гаргасан “Ажлаас үндэслэлгүй халагдаж, өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн болохыг тогтоолгон, хэлтсийн даргаас нягтлангаар ажиллах болсон хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулсаныг хүлээн авч, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, хариуцагч Хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* нараас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

“...Нэг. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/212 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилогдох, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацаагаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Ажлаас үндэслэлгүйгээр халагдаж өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн болохыг тогтоолгон Хөдөлмөрийн хэлтсийн даргаас нягтлан бодогчоор ажиллах болсон хугацааны цалингийн зөрүү 4124888 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр ажил албан тушаалд үндэслэлгүйгээр шилжүүлсэн цалингийн зөрүү болох 4124888 төгрөгөөс 2000000 төгрөгөөр эвлэрэн үлдсэн 212488 төгрөгөөс татгалзаж хариуцагчтай эвлэрэх санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээг харилцан тохиролцон байгуулав.

Гурав. Хариуцагч нь нэхэмжлэгчид олгох албан тушаал үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас гарсан цалингийн зөрүү болох 2000000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М.С*******ын Хас банкны ******* тоот дансанд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 30 хоногт багтаан шилжүүлнэ.

Дөрөв.Талууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар дахин маргаан үүсгэхгүй бөгөөд хариуцагч эвлэрлийн гэрээг биелүүлээгүй бөгөөд гэрээний 3-т заасан хугацаанд мөнгийг шилжүүлээгүй тохиолдолд ажлын 3 хоногийн дараа шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлж байна...” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.У******* тус шүүхэд хандаж Хөдөлмөрийн сайдад холбогдуулан “...Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/212 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажлаас халсан өдрөөс хойшхи цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ажлаас үндэслэлгүй халагдаж, өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн болохыг тогтоолгон, хэлтсийн даргаас нягтлангаар ажиллах болсон хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” гэж өөрчилсөн болно.

Энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарч байхаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэн хэлэлцэх эрх олгогдсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангажээ.         

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эвлэрлийн гэрээг байгуулснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэрэг уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулж зөвшөөрснийг баталж гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Ч.У*******ийн Хөдөлмөрийн сайдад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар дээрх асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН