2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2018/00504

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2018/00504

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хариуцагч: *-иас хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Капитрон банк ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 575,373.35 ам.долларыг *ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч буюу хариуцагч *ХХК-ийн төлөөлөгч *, түүний өмгөөлөгч *, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ийн төлөөлөгч *, хэрэг гүйцэтгэгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, хариуцагч *ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь 2008 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр барилгын дотоод засал чимэглэл, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагүй. 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Капитрон банк ХХК-тай 08149 зээлийн гэрээ байгуулж 600,000 ам.долларыг жилийн 7.74 хувийн хүүтэй халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалын хэлбэрээр авч байсан. *ХХК нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй бусдаас авах авлагагүй. Үйл ажиллагаа алдагдаж бүрэн зогссон. Капитрон банк ХХК-д 563,565.41 ам.доллар буюу 1,154,302,357 төгрөгийг төлж барагдуулах чадваргүй байна. Иймд тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК, түүний төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус банк нь *ХХК-тай 2008 оны 11 сарын 14-ний өдөр * тоот Зээлийн гэрээ-г байгуулж 600,000.00 ам.долларыг 120 сарын хугацаатай жилийн 7.71%-ийн хүүтэй зээлийг олгосон. Мөн өдөр барьцааны гэрээг байгуулж борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, цэвэр усны насос, яндан, усны сав, тэлэлтий сав, генератор, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл зэрэг хөрөнгийг барьцаалсан.

Түүнчлэн 2010 оны 9 сарын 2-ны өдөр нэмэлтээр * тоот улсын бүртгэл бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, * хотхоны * тоот, 60 хувийн гүйцэтгэлтэй байр, * тоот улсын бүртгэл бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,* хотхоны 44 байрны 1 тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй байрыг барьцаалсан.

Зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөлгүй байсаар 2013 оны 3 сарын 19-ний өдөр 13/83 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулж барьцаа хөрөнгө болох * тоот улсын бүртгэл бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,* хотхоны 48Г байрны 1 тоотыг банкны өмчлөлд шилжүүлсэн. Үүнээс хойш ч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй хуваарь зөрчсөөр байсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч *ХХК нь 488,000.00 ам.долларын үндсэн зээл, 82,724.40 ам.долларын үндсэн хүү, 4,648.95 ам.долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 575,373.35 ам.долларын үлдэгдэлтэй байх тул уг мөнгийг гаргуулж банкинд олгож өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа, *ХХК-ийн талаар, санхүү эдийн засгийн талаар, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, удирдлагын үйл ажиллагааны талаар дүгнэсэн. Үнэлгээ, татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх талаар дүгнэлтээ шүүхэд өгсөн байгаа. Дампуурлын талаар хэргийн оролцогч нар мэдэж байгаа. *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтуудыг хурааж авсан. Нэхэмжлэгч нарын хурлыг зохион байгуулсан. Нэхэмжлэгч банк болон *ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай уулзаж шүүхээс холбогдох баримтуудыг авч дүгнэлтийг гаргасан.

 

*ХХК нэг хүний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь *, 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эрх үүрэг хувьцааг * гэдэг хүн рүү шилжүүлсэн байгаа. Хөрөнгийн хувьд өөрчлөлт ороогүй. Харилцах дансны хувьд Капитрон банк ХХК-д төгрөгийн болон ам.долларын данстай, өөр бусад банкуудад данс байхгүй. Оюуны өмчийн бүртгэлийн газарт бүртгэлгүй. Авто тээврийн үндэсний төвд мөн эд хөрөнгийн талаарх бүртгэлгүй.

 

Санхүү эдийн засгийн хувьд 2008-2010 оны тайлан бланс дээр дүгнэлт гаргасан. Энэ бол анхнаасаа 2008 онд зээлийг өр төлбөр гээд бланс дээрээ авлага гэж тусгасан. Компани үйл ажиллагаа явуулаагүй гэдэг, орлого зарлагын тайлан огт гаргаагүй байдаг. *ХХК-ийн авлагын талаар талууд сая ярьж байна. 742,814,866.99 төгрөгийн авлага бүртгэгдсэн байдаг. Зээлээс *капитал ХХК-ийн дансанд 25,000 ам.доллар, 85,000 ам.доллар орсон хэдий ч * капитал ХХК-ийн блансад энэ талаар огт тусгагдаагүй. Блансаас харагддаггүй. *ХХК-ийн дампуурлын талаар судлахад энэ бүх зүйл нотлогдож байгаа. 600,524,000 төгрөгийг 2 удаагийн чекээр * гэдэг хүн авсан байдаг. *ХХК-ийн дансны хуулгаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр*чекээр мөнгийг авсан. Энэ мөнгийг *капитал ХХК-ийн кассын баримтанд зээлийн хүүгийн орлого гэж бичсэн байдаг. Мөн Ану сервис ХХК-д шилжүүлсэн байдаг.

 

Ингээд энэ бүхнийг харахад *капитал ХХК, * ХХК, *ХХК-ууд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн компаниуд. Хариуцагч *ХХК 750,000 төгрөгийг 2008 оны жилийн эцсийн тайлангаар өглөгөөр бүртгэсэн. Энэ тайландаа 742,814,680.99 төгрөгийг авлагаар бүртгэсэн. 2008 онд бүртгэсэн өглөг гэж бүртгээд авлага гэж бүртгэсэн. Энэ 2 нь 2015 оныг хүртэл огт өөрчлөгдөөгүй. Санхүү бүртгэлийн блансаас харахад *ХХК-ийн өр төлбөрийг *капитал ХХК өөрийнхөө хөрөнгөөр төлөөд байна. Тэгэхэд авлага өглөгөөс хасагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад энэ дүнг хассан дүн байгаа. Ямар ч санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн хуулийг баримтлаагүй. 2008 оны авлагыг 2015 он хүртэл авлага гэж бичсэн. Тэгэхээр хөрөнгөтэй компани шиг харагдаж байгаа.

 

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу *ХХК-иас хөрөнгөөс бусдад өгөх өр төлбөрийг хасахад өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул өнөөдрийн байдлаар санхүү эдийн засгийн чадваргүй байна.

 

Нийт хөрөнгө нь 613,913,131.1 төгрөг гэж байна. Бусдад төлөх өр төлбөр нь 622,076,953 төгрөг гэж байгаа, банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож үзэхэд 1,302,424,652 төгрөгийн нэхэмжлэл нэхэмжилж байгаа. Тэгэхээр 687,559,338 төгрөгийн алдагдалтай буюу хасах бланстай байгаа нь санхүү эдийн засгийн хувьд төлбөрийн чадваргүй байна гэсэн үг.

 

Төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дүгнэхэд Капитрон банк ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 жилийн хугацаатай жилийн 7.71 хувийн хүүтэй 600,000 ам.долларыг зээлүүлсэн. Зээлдэгч нь хамаарал бүхий компаниуддаа барилга барихад нь зээлийг шилжүүлсэн байна. Зээлийн зорилго халаалтын зуух шинэчлэх зорилго байсан боловч огт гэрээний дагуу хэрэглээгүй. Зээлдэгч Капитрон банк ХХК 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд банк юуг барьцаалсан бэ гэхээр борлуулалтын орлогыг барьцаалсан. Ямарч үйл ажиллагаа явуулаагүй. Ашиг орлогогүй, борлуулалт хийгдээгүй компанийн борлуулалтыг барьцаалсан. Борлуулалтыг барьцаална гэдэг нь үйл ажиллагаа бий болсныг ойлгоно. Ирээдүйд бий болох орлого гэж бодож болох юм. Зээлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Тэгэхээр Капитрон банк ХХК нь байхгүй зүйл буюу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Хариуцагчийн хувьд барьцаа хөрөнгө орлого ирээдүйд бий болоогүй. Энэ талаар санхүүгийн баримтанд огт байхгүй. Аливаа нэг төслийн хэмжээний зээлийг эрсдэл гэж үзэж болохгүй ч гэсэн *ХХК-д олгосон зээлийг үнэхээр үнэлж дүгнээгүй, судлаагүй зээл гэж үзэх үндэслэлтэй байна.

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэж байгаа. *ХХК-ийн хувьд үйл ажиллагаа явуулаагүй зөвхөн зээл авахын тулд байгуулсан. Үүнээс нэг юм хархад *капитал ХХК нь харилцагч нь байсан. Хамаарал бүхий олон байгууллага нь Капитрон банк ХХК-ийн зээлдэгч нь байсан. Тэгээд төслийн зээлийг авахын тулд шинэ компани байгуулж зээлийг авсан. *ХХК, *капитал ХХК-ийн хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч нар нь нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд байсан учраас зээлийг зориулалтын бус өөрийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн байдаг. Хэдийгээр хэргийн зохигч биш боловч хэрэг гүйцэтгэгчийн хувьд өнөөдрийн яригдаад байгаа авлагын талаар *ХХК, *капитал ХХК-уудын хооронд ямар нэгэн гэрээ байхгүй. эрх зүйн харилцаа байхгүй. Авлага өглөгөөрөө, санхүүгийн баримтаараа нотлогдож байгаа. Аудитын шинжээчийн дүгнэлт, хэрэг гүйцэтгэгч миний дүгнэлтэнд ямар нэгэн байдлаар эрх зүйн бичиг баримт биш. Яагаад гэвэл хамаарал бүхий газрууд бие биерүүгээ мөнгөө шилжүүлсэн. Санхүүгийн баримтаар нотлогдсон учраас энэ авлага хууль зүйн үндэс байхгүй гэж ярих нь зөв. Капитрон банк ХХК-ийн ярьж байгаагаар энэ нь хөрөнгийн талд сууж байгаа. Хэрвээ энэ компани санхүү эдийн засгийн тооцооллоороо найдваргүй зээлээ хасах ёстой. Олон улсын санхүү эдийн засгийн стандартад заасны дагуу хасах ёстой. Гэтэл зээл хөрөнгөн дээр сууж байгаа учраас өнөөдөр авлагагүй гэж тайлбарлах буюу энэ авлага хоорондын эрх зүйн үүднээс гэрээ байхгүй гэх хууль зүйн зүйн үндэслэл байхгүй.

Өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигч нь * байна. Компаний өр төлбөр 1,302,000,000 төгрөгт хүрснээр компаний удирдлагын үйл ажиллагааг цааш нь явуулах хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжгүй гэж дүгнэж байна. Компаний хөрөнгө оруулагчийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гараагүй. Нэхэмжлэлйин үнийн дүн дээр маргадаггүй. *ХХК-г дахин хөрөнгөжүүлэх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс авсан мэдээллийн дагуу өнөөдрийн дүгнэлтийг гаргасан. Компани өөрийн гэсэн хөрөнгөгүй бусдад шилжүүлсэн өр төлбөрөө төлөх үйл ажиллагаа явуулаагүй. Тийм учраас компани цаашид оршин тогтнох үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд Капитрон банк ХХК зээл олгосон нь ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх нөхцөл байдал үүсэх үндэслэл бий болсон гэж үзэж байна. Тийм учраас энэ компанийг дампуурсанд тооцож, улсын бүртгэлээс хасах нь зүйтэй. Дампуурлын хэрэгт дахин хөрөнгөжүүлэх гэдэг ойлголт байдаг. Энэ талаарх хүсэлтийг нэхэмжлэгч болон хариуцагч нараас хэрэг гүйцэтгэгчид гаргаагүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч буюу хариуцагч *ХХК нь төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2016 оны 4 сарын 29-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, улмаар төлбөрийн чадваргүйд тооцон, энэ талаар нийтэд мэдээлсний дагуу Капитрон банк ХХК-иас хүсэлт гаргагч *ХХК-д холбогдуулан 575,373.35 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

Дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 2016 оны 9 сарын 01-ний өдрийн анхны хурлаар Капитрон банк нь түр хэрэг гүйцэтгэгч *ыг хэрэг гүйцэтгэгчээр томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 9 сарын 22-ны өдөр дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилжээ.

 

*ХХК нь 1 гишүүнтэйгээр, 2008 оны 01 сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар, гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр хугацаагүйгээр анх байгуулагдсан ба 2016 оны 2 сард үүсгэн байгуулагч солигдож, хуулийн этгээдийн хаягийн бүртгэл * тоот гэж өөрчлөгдсөн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг гүйцэтгэгчээс гаргасан ...аудитын байгууллагаар санхүүгийн шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг шүүхээс хангаж Од бүртгэл аудит ХХК-ийг *ХХК-ийн санхүүгийн тайлан баланс, тооцоолол болон төлбөрийн чадвартай эсэхийг тодорхойлуулахаар шинжээчээр томилсон байна.

 

Санхүүгийн шинжээчээр томилогдсон * аудит ХХК-иас ...*ХХК-ийн төлбөрийн чадварын үзүүлэлтийг 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд үндэслэн тооцож үзвэл өөрийн хөрөнгөөс илүү өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн хэрэг гүйцэтгэгч нь *ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн түүний нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөндлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс тус тус гаргуулан ажилласан байна.

 

Хэрэг гүйцэтгэгчээс Дампуурлын тухай хуулийн 13 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэнд:

- *ХХК үүсгэн байгуулагдсан 2008 оноос 2015 он хүртэлх санхүүгийн тайланг хамруулахад 2015 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгө 614,913,314.01 төгрөг, бусдад төлөх өр төлбөр 622,076,935.01 төгрөг гэж тайлагнасан боловч өнөөдрийн байдлаар өр төлбөр нь 1,302,472,652.39 төгрөг буюу өөрийн хөрөнгө нь 687,559,338.38 төгрөг байна. *ХХК-ийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүү буюу өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсноор дампуурсан гэж дүгнэлээ.

- Үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийг хуваарийн дагуу барагдуулаагүйгээс өр төлбөрийн хэмжээ ихэссэн, нягтлан бодох бүртгэлийн зарчмыг баримтлаагүй, өглөг, авлагын бүртгэл, эдийн засгийн тооцоолол, бизнес төлөвлөлт огт байгаагүй, мөн компанийн хөрөнгө оруулагч, удирдлагын үйл ажиллагаанаас төлбөрийн чадваргүй болсон байна.

- Компанийн өр төлбөрийн хэмжээ нь 1,302,472,652.39 төгрөг болсноос уг хуулийн этгээдийн удирдлага үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжгүй болсон, компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй.

- Капитрон банкны нэхэмжлэлийн үнийн дүн 575,373.35 ам.доллар буюу 1,302,472,652.39 төгрөг байна. Нэхэмжлэгчийн шаардлагад хариуцагч *ХХК-иас хариу тайлбар одоогоор гаргаж маргаагүй байна.

 

- Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч, нэхэмжлэгч нар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна, шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэжээ.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 33.1.1, 33.1.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу *ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч * ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК-иас ...2008 оны 11 сарын 14-ний өдөр * дугаартай зээлийн гэрээг *ХХК-тай байгуулсан, уг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 488,000.00 ам.доллар, үндсэн хүү 82,724.40 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,648.98 ам.доллар, нийт 575,373.35 ам.доллар гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *ХХК нь хүлээн зөвшөөрч, маргахгүй гэж тайлбарладаг тул Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед барьцаа хөрөнгөөр үүргийг биелүүлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан хэдий ч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг буюу нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргаагүйг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн *дугаартай, * регистртэй *ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд зааснаар хариуцагч *ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж, уг ажиллагаа дуусгавар болмогц холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *ХХК-иас 575,373.35 ам.доллар гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.

4. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *ХХК-иас 5,929,462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгчийн 5,929,462 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ