| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2015/09337/И |
| Дугаар | 101/ШШ2017/00545 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2017/00545
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Улсын бүртгэлийн 9011229038 дугаарт бүртгэлтэй, 5368561 регистрийн дугаартай, Арвин-Элс компаний дүрмийн сан нэг сая төгрөг бөгөөд манай компани нь ресторан, баарны үйл ажиллагааг түрээсийн байранд явуулж байсан юм. Манай түрээсэлж байсан обьектын 2 талд хоёр барилга баригдаж эхэлсэн учир шалтгааны улмаас манай компани түрээсийн гэрээний үүргийн талаар талуудын хооронд маргаан үүсэж асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Ийнхүү Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Монголханамаса ХХК-д 364.739.283 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэхүү маргааны улмаас манай түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж компани ямар ч орлогын эх үүсвэргүй болсон. Өнөөгийн байдлаар манайх үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байгаа бөгөөд компаний бусдад төлөх өр төлбөрийн хэмжээ өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрч компани төлбөрийн чадваргүй болсон учир компаний үүсгэн байгуулагч, удирдлагын зүгээс компанийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн. Иймд Дампуурлын тухай хуулийн дагуу тус компанийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү. Манай компаний өмчлөлд байгаа болон итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй мөн манайх бусдаас авах авлаггүй болно гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Монголханамаса ХХК нь Арвин-Элс ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-нд өөрийн өмчийн обьектийг түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Гэвч Арвин-Элс ХХК нь түрээсийн гэрээний үндсэн үүрэг облох түрээсийн төлбөрийг 2013 оны 10 дугаар сараас эхлэн огт төлөөгүй, удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй тул шүүхийн байгууллагаар шийдүүлэхээр болсон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2135/ч дугаар шийдвэрээр хариуцагч Арвин-Элс ХХК-иас 364.739.283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монголханамаса ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Иймд Монголханамаса ХХК нь Арвин-Элс ХХК-иас 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарыг дуусталх түрээсий төлбөр, тооцсон алданги болох 364.739.283 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэрэг гүйцэтгэгч нь шүүхэд ирүүлсэн дүгнэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Арвин элс ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр оролцож байна. Хэрэг 2015 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авахаас татгалзсан байдаг. 2015 оны 10 сарын 06-ны өдөр хэрэг үүсгэсэн байдаг. Хуулийн дагуу би энэ хэрэгт нэхэмжлэгчийн болон хариуцагчтай хамааралгүй удирдах зөвлөлд хамаардаггүй, төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Хэрэг гүйцэтгэгч би хуульд заасан дүгнэлт гаргахаас гадна Арвин Элс ХХК нь 2010 оны 06 сард улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. П.Энхээ гэх 1 үүсгэн байгуулагчтай. Анх 1.000.000 төгрөгийн хөрөнгөтэй байгуулагдсан. Салбар байхгүй, өөрчлөгдөн бүртгэгдээгүй. Арвин Элс ХХК-ийн санхүүгийн байдлын хувьд зөвхөн Голомт банкинд данс эзэмшдэг, тус дансаар 04 сарын 18-ны өдөр 2.199.000 төгрөгийн орлого орж, 04 сарын 22-ны өдөр П.Энхээгийн чекээр гарсан байдаг. Үйл ажиллагааны талаар 2010 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдаад 2012, 2013 оны санхүүгийн тайлан ирүүлсэн байдаг. Энэ талаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын тоотоор нотлогдоно. Санхүүгийн тайлан балансуудыг харьцуулахад анх 2012 оны 4 дүгээр улиралд анхны тайлан балансаа гаргасан ба Х-р тайлан гаргасан. Үндсэндээ 2013 оны 4-р улиралд үйл ажиллагааны тайлан гаргасан. 171.184.000 төгрөгийн өр төлбөртэй, эргэлтийн хөрөнгийг хасаад 139.602.700 алдагдалтай ажилласан байдаг. Энэ байдлаас дүгнэхэд тайлан огт гаргаагүй, санхүүгийн бүртгэл тайлан тооцоо хийгдээгүй. Монгол улсын гааль хилээр бараа импортлож, экспортлоогүй. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу хамгийн сүүлийн тайлангаар эргэлтийн хөрөнгийг тооцож үзэхэд, эргэлтийн хөрөнгө, өөрийн хөрөнгийг нэмэхээр түүнээс 10 дахин нэмсэн өглөгтэй байгаа нь төлбөрийн чадваргүй болсон гэдгийг нотолно. Анх үүсгэн байгуулагдаж эхэлсэнээс харахад төлбөрийн чадваргүй байсан нь тогтоогдож байгаа. Хариуцагч компанийн захиралтай уулзаж ярилцахад 2010 онд байгуулагдаад 2012 он хүртэл ямарч үйл ажиллагаа явуулаагүй. 2012 оны 08 сард Монгол Ханамаса ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Арвин элс ХХК түрээслэсэн объектдоо ресторан, караоке ажиллуулсан. Монгол Ханамаса ХХК-тай эхний 3 сарын түрээсийн төлбөрийг төлж түүнээс цааш төлбөр төлөөгүй байдаг. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон ганц шалтгаан нь бизнесийн туршлагагүй, эрсдэл тооцоогүй алдаа. Хэт өндөр түрээсийн төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан ба эдийн засгийн чадавхаа тооцоогүй байдаг. Түрээсийн гэрээний сарын төлбөр 21.500 ам доллар. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхөөр бусдаас зээл авсан гэж тайлбарладаг. Гэхдээ Монгол Ханамаса ХХК-иас түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлэгдэх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй ба түрээсийн төлбөрийн хуримтлал бий болгосон. Арвин Элс ХХК-ийн удирдлагын талаар дүгнэлт гаргасан. Тус компанид санхүүгийн анхан шатны баримт үйлдсэн нягтлан бодох бүртгэл хийсэн, гадагшаа дотогшоо албан бичиг явуулсан баримт огт гарч ирдэггүй. Удирдлага менежментийн зохион байгуулалт муу, компанийн дотоод үйл ажиллагааг удирдахдаа гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, санхүүгийн сахилга бат хариуцлагыг зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр явуулж байсан зэрэг нь төлбөрийн чадваргүй болгоход хүргэсэн. Хариуцагч Арвин Элс ХХК нь цаашид компаний үйл ажиллагаа явуулж дүгнэлт хийх боломжгүй, Арвин Элс ХХК төлбөрийн чадваргүй дампуурах болсон шалтгаан нь түүний удирдах зөвлөлийн хангалтгүй үйл ажиллагаанаас болсон. Нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Монгол Ханамаса ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй цор ганц нэхэмжлэгч юм. Арвин Элс ХХК-нь Монгол Ханамаса ХХК-д түрээсийн төлбөр 364.739.283 төгрөгийн өр хуримтлагдсан.
Хариуцагч нэхэмжлэгч нар шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаж өгөөгүй, эргэлтийн хөрөнгөгүй болсон цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байгаа тул Арвин-Элс ХХК-г дампуурсанд тооцож улсын бүртгэлээс хасах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Арвин-Элс ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрийн чадваргүйд тооцож, Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 274/5226/ дугаарт хэвлүүлэн, нийтэд мэдээлсний дагуу Монголханамаса ХХК нь Арвин-Элс ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 364.739.283 төгрөгийн өр төлбөр нэхэмжилж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон байна.
Арвин-Элс ХХК-ийг иргэн П.Энхээ 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэг гишүүнтэйгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, цайны газрын үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр байгуулсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаар тогтоогдсон.
Арвин-Элс ХХК нь Монголханамаса ХХК-нд түрээсийн гэрээний үүрэгт 364.739.283 төгрөгийн өртэй болох нь зохигчдын тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2135/ч дугаар шийдвэр, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргээр тогтоогдов.
Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих өр төлбөрийг Монголханамаса ХХК-нд хариуцагч Арвин-Элс ХХК нь төлөөгүй байна.
Нэхэмжлэгч Монголханамаса ХХК-иас хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилон ажиллуулах тухай хүсэлт гаргаж, Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 02347 дугаар шүүгчийн захирамжаар уг дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон.
Хэрэг гүйцэтгэгч нь Арвин-Элс ХХК-ийн Голомт банкин дахь дансанд гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкнаас, мөн Арвин-Элс ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс, 2010 оноос 2015 оны хооронд Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн эсэх лавлагааг Гаалийн ерөнхий газраас тус тус гаргуулан ажиллажээ.
Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн 2012 оны 4 дүгээр улирал, 2013 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, татварын тайлангийн мэдээлэлд үндэслэн хариуцагчийн санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр дүгнэлт гаргасан.
Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд Хэрэг гүйцэтгэгч би Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Арвин-Элс ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүх болон хариуцагч нэхэмжлэгч нарт танилцуулж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчийн нийт 34.306.000 төгрөгөөс бусдад төлөх 364.739.283 төгрөгийг хасахаар өөрийн хөрөнгө үлдэхгүй байгаа тул Арвин-Элс ХХК нь төлбөргүй чадваргүй байна. Хариуцагч болон нэхэмжлэгч нар шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгч ба хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь эдийн засгийн болон эрх зүйн хувьд боломж байхгүй гэж үзлээ. Иймээс Арвин-Элс ХХК-ийг дампуурсанд тооцож татан Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар хариуцагч Арвин-Элс ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт шүүхэд гаргаагүй байна.
Зохигчдоос дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй тул Дампуурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Арвин-Элс ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Арвин-Элс ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2-т зааснаар Арвин-Элс ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
3. Хариуцагч Арвин-Элс ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Арвин-Элс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Монголханамаса ХХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ