| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02011/И |
| Дугаар | 101/ШШ2019/00466 |
| Огноо | 2019-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2019/00466
| 2019 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2019/00466 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 5 байр, 164 тоот хаягт оршин байх Сэцэнхэн-Охин ХХК -ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Сэцэнхэн охин ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, Сэцэнхэн-Охин ХХК-иас 2,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Дэлгэрмаа, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнтулга, М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Манай компани 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр автомашины засвар үйлчилгээ, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж, 9011428052 дугаар гэрчилгээг авсан.
Бид 2016 оны 03 дугаар сар хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулж, сайн татвар төлөгч байж, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэд бүтэц, тохижилтын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, Арьс ширний 25 дугаар байранд автомашины засвар үйлчилгээ явуулж ирсэн.
Тус компани нь засварын үйлчилгээ хийдэг ажилчдаа Вьетнам улсын иргэдийг авчирч ажиллуулдаг байсан. Гадаадын 1 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол ажилтны 2 хүнээр тооцож төлдөг байсан. Вьетнам авто засварын газраар үйлчлүүлэх иргэдийн тоо багасаж, үүнийг даган орлого багасаж, гадаадаас ажилчин авчрах боломжгүй болсон тул үйл ажиллагаа зогссон болно. Манай компани энэ үеэс эхлэн дампуурах нөхцөл бүрдэж, бид ямар ч орлогогүй болж эхэлсэн.
Сэцэнхэн охин ХХК нь үйл ажиллагаа явуулж байх үеийн татварын өр 2,350,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,496,216 төгрөг болсон ба бид цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болоод байна.
Иймд Сэцэнхэн охин ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 7351 дугаар захирамжаар Сэцэнхэн охин ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуралдуулахаар тогтоосныг Өнөөдөр сонины 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаарт нийтэд мэдээллэсэн байна.
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Сэцэнхэн охин ХХК нь 2015 оны Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган-1/ тайлангаар ногдуулсан 2,350,000 төгрөгийн татварын өрөө төлж барагдуулаагүй байна.
Тус хэлтэс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хугацааг сэргээлгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн 2,350,000 төгрөгийн татварын өрийг Сэцэнхэн охин ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа:
Нэг. Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэргийн тухай.
Сэцэнхэн-Охин ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийгөө татварын өр 2,350,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,496,216 төгрөг бөгөөд өөрийн хөрөнгөгүй тул төлбөрийн чадваргүйд тооцон татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.
- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07351 дугаартай шүүгчийн захирамжаар Сэцэнхэн-Охин ХХК-ийн хүсэлтийг хүлээн аваад дампуурлын хэрэг үүсгэсэн байна.
- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08484 дугаартай шүүгчийн захирамжаар Сэцэнхэн-Охин ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.
- 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.5-д зааснаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өнөөдөр сонинд нийтлүүлсэн байна.
- Шүүхээс нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт шүүх танхимд товлосон боловч хуулийн хугацаанд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гараагүй байна.
- Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх хүсэлтийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 123493 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17935 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэл гаргах хугацааг сэргээснээр нэхэмжлэл гаргасан байна.
- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20626 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хүсэлтийн дагуу хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргал намайг томилсон.
Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал би Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар Сэцэнхэн-Охин ХХК ийн үйл ажиллагаанд хувийн, санхүү эдийн засгийн сонирхолгүй, дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй. Дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд тэдний хамаатан садангийн холбоогүй, дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Хоёр. Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал би Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу доорхи ажиллагааг хийсэн.
1. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийнхээ дагуу Сэцэнхэн-Охин ХХК-ийн санхүүгийн тайлан, удирдлагын бичиг баримт, анхан шатны баримт болон тушаал, гэрээ бүхий баримт бичгийг хамгаалалтанд авлаа.
2. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн эд хөрөнгийн дагуу эд хөрөнгийг битүүмжлэв.
3. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Автотээврийн үндэсний төв, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкуудаас хариуцагчийн талаархи мэдээллийг гаргуулах хүсэлтийг гаргаж шүүхээр захирамж гаргуулсан.
4. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэцэнхэн-Охин ХХК-ийн захирал болон удирдлагад ажиллаж байсан хүмүүстэй хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны талаар тайлбар авлаа.
5. Шүүхээр гаргуулсан нотлох баримт, хариуцагчаас хамгаалалтанд авсан баримт, хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргаж шүүхэд болон нэхэмжлэгч нар, хариуцагчид үүгээр танилцуулж байна.
Гурав. Сэцэнхэн-Охин ХХК-ийн талаархи танилцуулга:
Сэцэнхэн-Охин" ХХК-ийн Улсын бүртгэлийн талаархи мэдээлэл:
- Улсын бүртгэлийн дугаар 9011428052,
- Регистрийн дугаар 5737443
Үндсэн үзүүлэлт
| Улсын бүртгэлд бүртгэсэн | ||||
| Байгууллагын нэр | Шийдвэрийн дугаар | Шийдвэрийн огноо | Бүртгэлийн огноо | Бүртгэсэн ажилтан |
| УБЕГХЭБГ | 15365 | 2013.08.12 | 2013.08.12 | Г.Өлзийбаяр |
| Улсын бүртгэлийн дугаар | Хуулийн этгээдийн төрөл | Хуулийн этгээдийн хэлбэр | Хуулийн этгээдийг байгуулсан арга зам | Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр | Үүсгэн байгуулсан гишүүний тоо |
| 9011423052 | Ашгийн төлөө | ХХК | Шинээр | Хувийн | 01 |
Хаягийн тухай мэдээлэл
| Аймаг, нийслэл | Сум, дүүрэг | Баг, хороо | Хаягийн төрөл | Байр | Утасны дугаар |
| Улаанбаатар | Баянзүрх | 15-р хороо | Байр хороолол | 5-164 | 99062789 |
Үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэл
| Бүртгэсэн огноо | Регистр | Эцэг /эхийн/ нэр | Өөрийн нэр | Улсын нэр | Оруулсан хөрөнгө | Хувь |
| 2013.08.12 | ЧД86053071 | Куэ | Төрболд | Монгол | 1000 | 100 |
Эрхлэх үйл ажиллагааны тухай мэдээлэл
| Эрхлэх үйл ажиллагаа | Тусгай зөвшөөрөл | Бүртгэсэн | Өөрчилсөн | |||
| Код | Нэр | Үндсэн эсэх | Олгосон байгууллага | Дугаар | Огноо | Огноо |
| 4520 | Автомашины засвар үйлчилгээ |
|
|
| 2013.08.12 |
|
| 4610 | Гадаад худалдаа | тийм |
|
| 2013.08.12 |
|
Өөрийн хөрөнгийн тухай мэдээлэл
| Өөрийн хөрөнгийн хэмжээ | Үүнээс, мянга төгрөгөөр | Бүртгэсэн | Өөрчилсөн | |
| Төгрөгөөр | Биет зүйлээр | Огноо | Огноо | |
| 1,000,000 | 00.00 | 1,000,000 | 2013.08.12 |
|
Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл
| Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд | Бүртгэсэн | Өөрчилсөн | ||||
| Эцэг /эхийн/ нэр | Өөрийн нэр | Регистр | Улсын нэр | Албан тушаал | Огноо | Огноо |
| Күэ | Төрболд | УГ68040708 | Монгол | Захирал | 2008.02.26 |
|
| Харилцах банкны нэр | Дансны төрөл | Дансны дугаар |
| Хас банк | Төгрөгийн | 5000978910 |
Тусгай зөвшөөрөл: Байхгүй
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ: №0034518
Бүртгэсэн огноо: 2013.08.12
Бүртгэж гэрчилгээ олгосон: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ: №0008200
Бүртгэсэн огноо: 2007.01.30
Бүртгэж гэрчилгээ олгосон: СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс
Салбарын тухай мэдээлэл: Байхгүй
Өөрчлөгдөн зохион байгуулсан тухай мэдээлэл: Байхгүй
Татан буугдсан тухай мэдээлэл: Байхгүй
Дөрөв. Сэцэнхэн-Охин ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, түүнд хийсэн дүгнэлт:
Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоонд хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргахыг заасан. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхийн тулд хариуцагчийн үндсэн ба эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, үйл ажиллагааны орлого, зарлага, мөнгөн гүйлгээнд шинжилгээ хийж, банкин дахь гүйлгээ, хариуцагчийн МУ-ын хилээр оруулж ирсэн барааны гаалийн мэдүүлэг зэрэгт судалгаа хийлээ.
Сэцэнхэн- Охин ХХК-ийн дүрмийн сан, хөрөнгө оруулалтын талаар:
Тус компани 2013 онд байгуулагдахдаа 1,000,000 төгрөгийн хөрөнгөөр дүрмийн сангаа бүрдүүлсэн бөгөөд өөрчлөлт ороогүй байна. Компанийн хувьцааг Куэ овогтой Төрболд дангаар эзэмшдэг байна.
Сэцэнхэн- Охин ХХК-ийн банкин дахь гүйлгээний талаар
Сэцэнхэн- Охин" ХХК нь Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хаан банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Голомт банкуудад данс эзэмшдэггүй болох нь шүүхэд ирсэн баримтаар харагдаж байна.
Сэцэнхэн- Охин ХХК-ийн Хас банкин дахь 5000978910 дансны гүйлгээгээр 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх гүйлгээгээр
Орлого: Нийт 69,126,983.53 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс: 60,325,000 төгрөгийн РСЦ ХХК-иас фасадны ажлын гүйцэтгэлийн төлбөр 8,801,983.53 төгрөгийн авто засварын ажил үйлчилгээний төлбөр.
Зарлага: Нийт 69,126,983.53 төгрөгийн зардал гарсан байна.
Жич: 60,325,000 төгрөгийн РСЦ ХХК-иас фасадны ажлын гүйцэтгэлийн төлбөрийн талаар тус компанийн захирлаас тайлбар авахад нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Түвшинжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 46,326,994 төгрөгийг манай компанийн дансаар дамжуулан гаргасан гэдгийг мэдлээ. Одоо Н.Түвшинжаргал нь Солонгос улсад ажилладаг. Манайх авто машины засвар үйлчилгээ хийдэг бөгөөд барилгын фасадны үйлчилгээ явуулдаггүй гэлээ.
Дээрх хоёр гүйлгээ орсон өдрөө бэлэн мөнгөөр гарсан нь тухайн үед банкин дахь гүйлгээг нягтлан бодогч гаргаж байсан бөгөөд дээрх тайлбарыг баталгаажуулахаар нягтлан бодогч Н.Түвшинжаргал БНСУлсаас хэрэг гүйцэтгэгч миний 94776096 тоот гар утас руу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр утасдаж Сэцэнхэн- Охин ХХК-ийн дансаар бусдын гүйлгээг гаргасан гэсэн тайлбар гаргасан.
Хэрэг гүйцэтгэгч би Н.Түвшинжаргалд шүүхэд тайлбар гарган албан бичиг хийхийг даалгасан боловч одоо хүртэл тайлбараа албан ёсоор гаргаагүй.
Сэцэнхэн- Охин ХХК-ийн МУ-ын хилээр бараа таваар оруулж, гаргаагүй бөгөөд гаалийн мэдүүлгийн системд бүртгэлгүй байна. /Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-1/354 тоот албан тоот/
Сэцэнхэн- Охин ХХК-ийн тайлангийн бүртгэлийн талаар:
Мянган төгрөг
| Үзүүлэлт | Балансын үлдэгдэл | ||
| 2013 | 2014 | 2015 | |
| Хөрөнгө | |||
| Мөнгөн хөрөнгө | 25 | 140 | 85 |
| Дансны авлага |
|
|
|
| Татвар, НДШ-ийн авлага |
| 1,459 | 7,767.9 |
| Бусад авлага |
|
|
|
| Бараа материал | 2,098.7 | 2,300 |
|
| Урьдчилж төлсөн тооцоо |
|
|
|
| Эргэлтийн хөрөнгийн дүн | 2,123.7 | 3,899 | 7,852.9 |
| Үндсэн хөрөнгө |
|
|
|
| Биет бус хөрөнгө |
|
|
|
| Бусад үндсэн хөрөнгө |
|
|
|
| Урт хугацааны хөрөнгө оруулалт |
|
|
|
| Эргэлтийн бус хөрөнгийн дүн |
|
|
|
| Нийт хөрөнгийн дүн | 2,123.7 | 3,899 | 7,852.9 |
| Дансны өглөг |
|
|
|
| Цалингийн өглөг |
|
|
|
| Татварын өглөг | 2,873.2 | 935.5 | 3,762.1 |
| ЭМНД-ийн шимтгэл |
|
| 8,505.4 |
| Мөнгөн ногдол ашгийн өглөг |
|
|
|
| Богино хугацаа |
|
|
|
| Хүүний өглөг |
|
|
|
| Бусад өглөг |
|
|
|
| Урьдчилж орсон орлого |
| 93,050.5 |
|
| Богино хугацаат өглөгийн дүн | 2,873.2 | 93,050.5 | 12,267.5 |
| Урт хугацаат өр төлбөр |
|
|
|
| Урт хугацаат өр төлбөрийн дүн |
|
|
|
| Өр төлбөрийн нийт дүн | 2,873.2 | 93,050.5 | 12,267.5 |
| Эзэмшигчдийн өмч | 1,000 | 1,000 | 1,000 |
| Хувийн өмч | 1,000 | 1,000 | 1,000 |
| Нэмж төлөгдсөн капитал |
|
|
|
| Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг |
|
| 88,968 |
| Хуримтлагдсан ашиг | -1,749.5 | -91,087 | -94,382.6 |
| Тайлангийн үеийн ашиг |
|
|
|
| Өмнөх үеийн ашиг |
|
|
|
| Эзэмшигчийн өмчийн дүн | -749.5 | -90,087 | -4,414.6 |
| Өр төлбөр ба эзэмшигчийн өмч | 2,123.7 | 3,899 | 7,852.9 |
Сэцэнхэн-Охин ХХК-ийн 2013-2015 оны жил бүрийн санхүүгийн тайланг харьцуулсан байдлаар авч үзвэл:
Сэцэнхэн-Охин ХХК-ийн орлогын үр дүнгийн талаар:
Мянган төгрөг
| Үзүүлэлт | 2013 | 2014 | 2015 |
| Борлуулалтын орлого | 43,095.5 | 171,705.0 | 194,658.6 |
| Борлуулалтын өртөг |
|
| 197,954.2 |
| Ашиг алдагдал | 43,095.5 | 171,0705.0 | 194,658.6 |
| Түрээсийн орлого |
|
|
|
| Хүүний орлого |
|
|
|
| Бусад орлого |
|
|
|
| Ноогдол ашгийн орлого |
|
|
|
| Эрхийн шимтгэлийн орлого |
|
|
|
| Борлуулалт маркетингийн зардал | 7,000 | 204,201 | 114,263.5 |
| Ерөнхий ба удирдлагын зардал | 7,500 | 18,000 | 18,000 |
| Санхүүгийн зардал | 30,345 | 84,296.1 | 65,690.7 |
| Бусад зардал |
|
|
|
| Гадаад валютын ханшийн зөрүү олз /гарз/ |
|
|
|
| Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз /гарз/ |
|
|
|
| Хөрөнгө оруулалт |
|
|
|
| Борлуулалтаас үүссэн олз /гарз/ |
|
|
|
| Ашиг алдагдал |
|
|
|
| Татвар төлөхийн өмнөх ашиг /алдагдал/ | -1,749.5 | -89,337.5 | -3,295.6 |
| Албан татвар |
|
|
|
| Ердийн үйл ажиллагааны татварын дараах ашиг /алдагдал/ | -1,749.5 | -89,337.5 | -3,295.6 |
| Тайлангийн үеийн цэвэр ашиг /алдагдал/ | -1,749.5 | -89,337.5 | -3,295.6 |
| Орлогын нийт дүн | -1,749.5 | -89,337.5 | -3,295.6 |
Сэцэн-Охин ХХК-ийн орлого зарлагын авч үзвэл:
| № | Хамрагдах он | Борлуулалтын орлого | Зардал | Татвар оногдох орлого | Ашиг буюу алдагдал |
| 1 | 2013 | 43,095,455.00 | 44,844,960.00 | - | -1,749,505.00 |
| 2 | 2014 | 217,159.6 |
| - | -89,337.5 |
| 3 | 2015 | 194,658,636.40 | 197,954,239.10 | - | -3,295,602.70 |
Сэцэнхэн-Охин ХХК нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хариуцагч нь 2013 оны 3 улирлаас 2016 оны 3 дугаар улирал хүртэл Гурван жил үйл ажиллагаа явуулсан байна. Энэ ажиллах хугацаандаа алдагдалтай ажиллаж байсан байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь авто машины засварын үйлчилгээ байж 2016 оны 3 улирлаас эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Сэцэнхэн-Охин ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өөрийн хөрөнгө нь 1,000,000 төгрөг /үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө төгрөг бөгөөд бусдад төлөх төгрөгийн өр төлбөрийг хассанаар өөрийн хөрөнгө байхгүй тул төлбөрийн чадваргүй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тав. Сэцэнхэн-Охин ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан.
Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг тогтоох үүргийнхээ дагуу компанийн санхүүгийн баримт болон компанийн удирдлагын баримт бичиг, хариуцагчийн тайлбар зэргээс төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорхи байдлаар дүгнэж байна.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон нэгэн шалтгаан бол тус компаний үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө нь байхгүй өдөр тутмын орсон орлогоо зарлагдан эргэлтийн хөрөнгө бүрдүүлээгүйгээс үйл ажиллагааг явуулах бусдын өмнө хүлээсэн үүрэг болон ажиллагсдын Нийгмийн даатгалын шимтгэл, татварын төлбөрийг төлөх боломжгүй болсон байна.
Сэцэнхэн-Охин" ХХК нь Вьетнамаас ажилчин урьж авчиран авто машин засварын үйл ажиллагаа эрхэлж байсан нь зардал өсөх нөхцлийг бүрдүүлсэн нь төлбөрийн чадваргүй болох нөхцөл болсон байна.
Хэрэг гүйцэтгэгч би Сэцэнхэн-Охин ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг хариуцагч үйл ажиллагаагаа санхүү эдийн засгийн тооцоололгүйгээр явуулж, компанийн цаашдын үйл ажиллагаа хөрөнгө оруулалтанд хувьцаа, эзэмшигч санаачилга гаргаагүйгээс болсон гэж үзэж байна.
Хариуцагч үйл ажиллагаагаа 2016 оны 3 дугаар улирлаас хойш явуулаагүйгээс Татварын өр 2,350,000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,496,216 төгрөгийн өр хуримтлагдсан байна.
Иймээс Сэцэнхэн-Охин ХХК-ийн эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон байна.
Зургаа. Сэцэнхэн-Охин ХХК-ийн удирдлагын болон үйл ажиллагааны талаархи дүгнэлт:
Сэцэнхэн-Охин ХХК-ийг Күэ овогтой Төрболд удирдаж байсан. Хариуцагчийн удирдлагын баримт бичиг, санхүүгийн баримтаас компанийн санхүүгийн болон үйл ажиллагааг зөвхөн захирал удирдан зохион байгуулж байсан байна.
Тус компанийн нягтлан бодогчоор Н.Түвшинжаргал ажиллаж байсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу анхан шатны баримт бүрдүүлдэггүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөж ажилладаггүй байсан нь санхүүгийн баримтаас харагдаж байна.
Хариуцагчийн удирдлагын гол алдаа нь менежмент болон санхүүгийн тооцоололгүй, төлөвлөгөөгүй, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигтай ажиллах санаачлагагүй гаргадаггүй байсан байна. Өнөөдрийн байдлаар Сэцэнхэн-Охин ХХК нь ганц хөрөнгө оруулагчтай бөгөөд цаашид үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө оруулалт хийх ямарч боломжгүй, өмнөх өр төлбөр нь дуусаагүй буюу шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.
Дээрхи нөхцөл байдлыг дүгнэхэд Сэцэнхэн-Охин ХХК-ийн удирдлага нь компанийг төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн хүчин зүйл юм. Хариуцагчийн одоогийн удирдлага нь компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй тул Сэцэнхэн-Охин ХХК-ийг татан буулгах нь зүйтэй гэж хэрэг гүйцэтгэгч би үзэж байна.
Долоо. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаархи дүгнэлт
Сэцэнхэн-Охин ХХК хариуцагч нь шүүхэд хүсэлт гаргахдаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2,350,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 10,496,216 төгрөгийн өр төлбөртэй гэсэн байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17935 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэл гаргах хугацааг сэргээснээр нэхэмжлэл гаргасан байна.
Сэцэнхэн-Охин ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт хуулийн дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Дампуурлын тухай хуулийн дагуу дан ганц 100 хувийн саналын эрхтэй нэхэмжлэгч юм.
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,350,000 төгрөгийг хариуцагч няцаагаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна. Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт хариуцагчийн жагсаалтаар 3,240,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа гэж гаргаж өгснийг хэрэг гүйцэтгэгч би битүүмжилж авсан бөгөөд дээрх эд хөрөнгө нь хуучирч эдвэрсэн байх тул огт борлогдох боломжгүй юм.
Иймээс хариуцагчийг шүүхээс татан буулгавал бусдын өмнө үүссэн нэхэмжлэлийн шаардлага Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1- д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөнө.
Найм: Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт.
Хэрэг гүйцэтгэгч би Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компаний хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төөлөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Сэцэнхэн-Охин ХХК-ийн хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан тэнцэлийг үндэслэн үндсэн ба эргэлтийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийн хэмжээг хассан зөрүүгээр хариуцагчид өөрийн хөрөнгө үлдээгүй байна.
Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс дан ганцаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн нийт өр төлбөр 12,746,216 төгрөг байгаа тул өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаагүй бөгөөд зах зээлийн өнөөгийн үед тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх бололцоо харагдахгүй байна. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Сэцэнхэн-Охин ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. /х.х-ийн 1 дэх талд/
Хүсэлт гаргагч Сэцэнхэн-Охин ХХК /РД:5737443 регистрийн дугаартай/ нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд тус компани нь автомашины засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Сэцэнхэн-Охин ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч К.Төрболд 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 4-8, 11 дэх талд/
Шүүх хариуцагч Сэцэнхэн-Охин ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өнөөдөр сонины 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №114/6107/ дугаарт нийтлүүлэн нэхэмжлэгчдийн анхны хурлын тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, зарласан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд хуульд заасан хугацаанд Сэцэнхэн-Охин ХХК-нд холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс ямар нэг нэхэмжлэл гаргаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс Сэцэнхэн-Охин ХХК-тай холбоотой татварын өр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцуулсан. /х.х-ийн 137-140 дэх талд/
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Сэцэнхэн-Охин ХХК-нд холбогдуулан татварын өр төлбөрт 2,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь тус нэхэмжлэлтэй маргаагүй.
Нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Төгс, Ш.Буянжаргал нарыг хэрэг гүйцэтгэгчээр томилуулах тухай саналыг шүүхэд ирүүлсэн. /х.х-ийн 141 дэх талд/
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүх энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон. /х.х-ийн 142-143 дэх талд/
Хэрэг гүйцэтгэгч нь Сэцэнхэн-Охин ХХК-ийн банкин дахь харилцах дансанд гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкнаас, компаний өмчлөл, эзэмшилд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс, Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн эсэх лавлагааг Гаалийн ерөнхий газраас тус тус гаргуулан ажиллажээ.
Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн 2013-2015 оны санхүүгийн тайлан, татварын тайлангийн мэдээлэлд үндэслэн хариуцагчийн санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүгнэлт гаргаж, шүүхэд ирүүлсэн байна.
Дампуурлын тухай хуулийн 13.1-д Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна гэж заасан бөгөөд хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт дүгнэлтээ танилцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1, 13 дугаар зүйлийн 13.3-т заасантай нийцсэн.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компаний хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төөлөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Сэцэнхэн-Охин ХХК-ийн хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан тэнцэлийг үндэслэн үндсэн ба эргэлтийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийн хэмжээг хассан зөрүүгээр хариуцагчид өөрийн хөрөнгө үлдээгүй байна. Сэцэнхэн-Охин ХХК-ийн дампуурлын хэрэгт Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс дан ганцаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн нийт өр төлбөр 12,746,216 төгрөг байгаа тул өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэлээ. Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаагүй бөгөөд зах зээлийн өнөөгийн үед тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх бололцоо харагдахгүй байна. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэжээ.
Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Сэцэнхэн-Охин ХХК-ийн Хас банк дахь харилцах дансанд РСЦ ХХК-иас пасадны ажлын гүйцэтгэлийн төлбөр нэрээр 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 46,326,994 төгрөгийн орлого хийгдсэн, уг ажлыг тус компани хариуцан гүйцэтгээгүй, компаний нягтлан бодогч Н.Түвшинжаргал данс ашиглан гаргасан талаар дурдсан байх бөгөөд тус мөнгөн гүйлгээтэй холбоотой нэхэмжлэгч талаас баримт гаргуулах талаар шүүхэд аливаа хүсэлт, тайлбарыг гаргаагүй байна.
Хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар Сэцэнхэн-Охин ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт шүүхэд гаргаагүй байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу зохигчдоос дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Сэцэнхэн-Охин ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Сэцэнхэн-Охин ХХК нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 10,496,216 төгрөгийн өртэй талаар тайлбарлаж, шүүхээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дампуурлын хэрэг хянагдаж байгаа талаар албан бичгийг хүргүүлсэн боловч тус хэлтэс нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 5737443 регистрийн дугаартай Сэцэнхэн-Охин ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэцэнхэн-Охин ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлдүүдэд заасан журмын дагуу хариуцагч Сэцэнхэн-Охин ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэцэнхэн-Охин ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст төлөх 2,350,000 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэцэнхэн-Охин ХХК-ийг татан буулгах тухай шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах С.Номинцэцэг, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нарт даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Сэцэнхэн-Охин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ