| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0077/э/ |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.Н,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н холбогдох 1828000250041 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4 дүгээр баг “Онги” зочид буудлын 209 тоот өрөөнд хохирогч Ө.С бие махбодид халдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4 дүгээр баг “Онги” зочид буудлын 209 тоот өрөөнд хохирогч Ө.С “хашгирч, ориллоо” гэдгээр шалтаглан зүүн шанаа руу цохиж бие эрх чөлөөнд халдан түүний баруун, зүүн эрүүний хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний доод хэсэг, цээжний дээд хэсгийн цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:
Хохирогч Ө.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил тараад 22 цагийн үед хамт ажилладаг Болдоо, Билгээ, Энхцэцэг, Цагаанаа, Отгоо ах, Болдын дүү, Мөнхтүвшин, Мөнхбат нарын хамтаар Онги караокед орсон. Тэнд бид хүн тус бүр хоёр шил пиво, 2 шил архи авч ууж, хоол идэж, дуулсан. Тухайн үед би хамт олонтойгоо дуулж байсан гэдгээ л мэддэг. Нэг сэрсэн чинь өглөө 09 цагийн үед Онги гэх газрынхаа зочид буудалд сэрсэн. Би тэр буудалд орон дээр унтсан байсан. Миний хажууд танихгүй эрэгтэй хүн сэрүүн хэвтэж байсан. Мөн газар бас нэг танихгүй эрэгтэй хүн унтаж байсан. Гэтэл миний хоёр талын эрүү шанаа хавдаж, хөдөлгөж болохгүй байсан. Мөн амнаас цус гарсан байсан. Тэгээд би орноос босох гэтэл хажууд хэвтэж байсан эрэгтэй намайг налаад хэвт гэж тэвэрч авсан. Би түүнд хэвтэхгүй гэж түүнийг цааш нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Гэтэл миний баруун шанаанд цохьсон. Тухайн үед миний шанаа маш их өвдөж би уйлсан. Тэр үед газар байсан эрэгтэй сэрсэн. Гэтэл газарт хэвтэж байсан эрэгтэй надад хандаж гар утасныхаа дугаарыг өгөөч, ярих юм байна гэж хэлсэн. Би түүнд өөрийнхөө 89262337 гэх дугаарыг өгсөн. Дараа нь тэрээр өрөөнөөс гарч явсан. Зүүн эрүү хугарч, баруун эрүү цуурсан гэмтэл үүссэн байсан. Тэгээд бид цагдаагийн газарт очихоор явж байтал миний утас дуугарч зочид буудалд газар хэвтэж байсан эрэгтэй ярьсан. Тэрээр чамтай хамт орон дээр байсан эрэгтэй өчигдөр чамайг цохиж зодсон. Би харсан гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Надтай хамт орон дээр байсан эрэгтэй хоёр гарынхаа булчин дээрээ шивээстэй байсан. Юуны шивээс байсан талаар хараагүй. Мөн амьтны дүрстэй мөнгөн бөгж хоёрыг зүүсэн байсан. Тэрээр 175 орчим өндөртөй, бор царай, том нүдтэй туранхай биетэй залуу байсан. Тэрээр хоёр талдаа халаастай хар өнгийн өмд өмссөн байсан бусад хувцасыг нь санахгүй байна. Тэд надтай бэлгийн харьцаанд ороогүй байсан. Тухайн үед намайг мэс засалд ороорой гэж эмч хэлсэн. Гэтэл мөнгө төгрөг байхгүй болохоор орж чадаагүй. Ер нь эрүүл мэндээрээ хохирсон болохоор эмчилгээний зардал мөнгө гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 дүгээр хуудас/,
Гэрч С.Хувьтөгөлдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... “Манай ажлын газрынхан орой ажлаасаа буугаад Мөнхтүвшин, Эрдэнэбилэг, Цагаанаа, Гонгор, Мөнхбат, Энхцэцэг, Ариунболд, Сувд-Эрдэнэ бид нар хамтдаа 22 цагийн үед караокений цагийг 1 цаг 30 минут аваад, 1 шил архи, хүн бүр нэг лаазтай пиво, хоол, ундаа зэрэг зүйл захиалж аваад, архиа хувааж ууж дуусгаад дахиад 1 шил архи авч хувааж ууж дуусгасан. Тэгээд дуулцгааж байсан чинь караокений цаг дууссан гарцгаа гэж ажилчин нь хэлэхээр нь бид нар гарцгаагаад текний хажууд зогсч байгаад тооцоо хийх гэж байхад Сувд-Эрдэнэ байхгүй байсан. Тэгээд бид нар бүгд гадагшаа гарсан. Тэгээд гадаа байж байгаад Мөнхбат, Энхцэцэг нар эргэж ороод Сувд-Эрдэнийг хайсан чинь бармен нь гараад явсан гэж байна гээд гарч ирсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч С.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Манай ажлын газрынхан 2018.01.30-ны өдөр цалингаа авцгаасан. Тэгээд өчигдөр манайхан нийлж ярилцаж байгаад караокед орж дуулахаар болоод Онги караокед ажлын газрын Эрдэнэбилэг, Гонгор, Цагаанаа, Мөнхтүвшин, Мөнхбат, Энхцэцэг, Төгөлдөр, Сувд-Эрдэнэ бид нар бас зарим хүмүүсийн эхнэр байсан. Бид нар 22 цагийн үед караокед орж 1 шил архи, хүн бүр нэг лаазтай пиво, хоол, ундаа зэрэг зүйл захиалж аваад идэж ууцгаагаад байж байсан. Тэгээд 00 цаг дөхүүлээд караокеноос гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Д.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018.02.01-ний 14 цагийн үед нэг залуу орж ирээд өрөө авъя гэхээр нь би бүртгэл хийнэ бичиг баримтаа гэсэн чинь нөгөө залуу жолооны үнэмлэх өгөхөөр нь би бүртгэлд овог, нэр, регистрийн дугаарыг нь тэмдэглэж аваад 2 давхарын 209 тоот өрөөг хүлээлгэж өгсөн. Тэр залуу надад өрөөний төлбөр болох 50000 төгрөгийг орой 17 цагаас надад мөнгө орно тэгэхээр нь тооцоо хийнэ гэж хэлээд өрөөндөө орсон. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад тэр залуу 3 залуу дагуулж орж ирсэн чинь хамт явсан нэг залуу нь миний данс руу өрөөний төлбөр, бас архи пиво, ундааны мөнгө нийлүүлээд 90000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр залуучууд караокед орж сууцгааж байсан. Эргээд өрөөндөө хэдэн цагт орсныг нь мэдээгүй. Тэгээд 00 цаг болж байхад бид нар караокег зогсоогоод доторхи хүмүүсийг нь гаргаж дуусаад орлогын тооцоогоо хийгээд манай караокений бармен бид нарыг текэн дээр байж байтал караокений өрөөнөөс нэг согтуу охин ганцаараа гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр охиныг одоо манайх хааж байна гэртээ очиж амар, таньдаг таксигаа дуудаад яваарай гэж хэлсэн чинь тэр охин гадагшаа гараад явчихсан. Тэгээд нэлээд удаж байгаад би нэг давхар луу буусан чинь нөгөө охин гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би тэр охиныг эгчийн дүү явж амар гээд би хөтлөөд гадагш нь гаргаж өгсөн. Тэгээд би буцаж өрөөндөө ороод сууж байтал нөгөө охин буцаад орж ирсэн. Тэгэхдээ гаднаас хоёр залуутай хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёр залуу нөгөө охинтой хамт буудлын 209 тоот өрөөнд орчихоор нь би араас нь очоод яагаад гаднаас хүн авч орж байгаа юм бэ, би чамайг 2 удаа гаргалаа гэж хэлсэн чинь нөгөө охин миний урдаас би буудалд хонох насанд хүрчихсэн хүн, би яагаад буудалд хонож болдоггүй юм бэ гэж загинаад энэ хүмүүсийг би танина тэгээд гаднаас хамт ороод ирлээ гэсэн. Тэгээд би тэр охиныг татаад чирээд гаргах гэсэн чинь би энд унтаж амармаар байна гээд гарахгүй байсан. Тэгсэн чинь тэнд байсан 3 залуу нь эгч наад хүнээ үлдээчих, бид нар янз бүр болгохгүй бид нарт итгэ гээд байхаар нь би тэд нарыг өрөөнд нь орхиод доод давхарт байдаг өрөөндөө очсон. ...өглөө 07 цагийн үед сэрээд гарч өрөөнүүдийн цагаан хэрэгслийг авч сольж яваад 209 тоот өрөөнд 09 цагийн үед орж очиход нөгөө охин орон дээр ганцаараа хэвтэж байсан. Өрөөнд нь нэг өндөр нуруутай, богино үстэй залуу цонхны хажууд зогсож байсан. Тэгээд би тайван хоноцгоосон уу? гэж асуусан чинь залуу нь тайван хоносон гэж хэлсэн. Тэр охин намайг хараад хэвтэж байсан юм хэлээгүй... хяналтын камер байдаг гадна үүдэнд байгаа бас үүдний дотор хэсэгт байгаа гэхдээ тэр камерууд нь бичлэгээ хадгалдаггүй юм билээ манай буудалд Сувд-Эрдэнэ гэх эмэгтэй зодуулсныхаа маргааш нь ирж хамт хоносон гэх хүмүүсийнхээ царайг харах гэхээр нь бид нар камерийг үзсэн чинь огт бичлэг хийгээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/
Гэрч Б.Баянчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2018.02.02-ны өдөр Даланзадгад сумын 1-р баг Баруунсайханы 11- 08 тоотод байрлах гэртээ байж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд Хан-Уулд байдаг Тансаг гэдэг дэлгүүрийн хажуу талын биллъярдан дээр очиж 1 цаг орчим тоглочихоод 22 цагийн үед гэртээ харьсан. Би 4 хоногийн өмнө манай найз Улсболд намайг машинаа төвөөр жолоодоод яваад өгөөч би жолооны эрхээ хасуулчихсан байгаа гэж гуйхаар нь би хамт түүний машиныг жолоодоод гадуур явсан. Тэгээд би буухдаа Улсболдын машинд өөрийнхөө жолоочийн үнэмлэхийг мартаад орхичихсон байсан. Улсболд миний жолоочийн үнэмлэхээр буудалд бүртгүүлж орсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Ж.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018.02.01-ний өдрийн 12 цагийн үед манай найз Улсболд манай гэрт ирж хамт явж машин засуулъя гэхээр нь би хамт яваад Хан-Уулд байдаг таньдаг айлын хашаанд очиж машиныг нь засчихаад Улсболдтой хамт яваад Цогоо гэдэг найзынх нь гэрт очиж аваад хамт явж нэг айлд юм хүргэж өгчихөөд дэлгүүрээс 1 шил архи аваад Онги буудалд очоод Улсболд ганцаараа ороод өрөө авчихлаа гээд гарч ирсэн. Тэгээд бид 3 буудал руу орж нэг шил архи хувааж уучихаад, Онги буудлын ресторанаас нь 1 шил архи авч хоол захиалж идсэн. Тэгээд орой караоке руу нь орж 1 цаг орчим болчихоод дахиад 1 шил архи аваад 2 давхарт 209 тоот өрөөнд орж архиа ууцгаасан. Улсболд бид хоёр машинаар нь яваад Дундсайханаас Нандинболор гэдэг найзыгаа авч эргээд буудалд очсон. Тэгээд Нандинболор, Улсболд бид гуравыг өрөөрүү орсон чинь нэг танихгүй эмэгтэй араас орж ирсэн. Тэгсэн чинь удалгүй буудлын ресепшин эгч манай өрөөний үүдээр шагайгаад дуудахаар нь би яасан эгч гэсэн чинь та нар хулгайд юмаа алдвал би хариуцахгүй шүү гэж хэлчихээд явсан. Архинаас хоёр удаа тойруулж уучихаад би гарч такси олж ирэхээр гарч яваад Энхтөр гэдэг найзынхаа гэрт очиж машинд нь суугаад эргээд Улсболдыг авч гэрлүү нь хүргэж өгөх гээд буудалд очсон чинь Улсболд гараад явчихсан, өрөөнд Нандинболор, Цогоо, тэр эмэгтэй нар байж үлдсэн архийг хувааж уугаад байж байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Г.Улсболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2018.02.01-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед би эхнэрийхээ машиныг засуулахаар найз Шинэбаярын гэрт очиж аваад хамт Хан-Уулд байдаг нэг айлд очиж машинаа засуулчихаад манай найз Баатарцог гэдэг залуу аймагт ирсэн байна уулзах уу гэхээр нь тэгье гээд Баруунсайханд буусан айлд нь очиж уулзсан. Тэгээд Шинэбаяр, Баатарцог бид 3 нэг шил архи хувааж уухаар болоод хаана уух вэ гэж байгаад буудалд өрөө авья гээд Онги буудалд очиж би ганцаараа орж өрөө байна уу гэж асуусан чинь байна гэхээр нь өрөө авъя гэсэн чинь бичиг баримтаа өг гэхээр нь байхгүй гэсэн чинь заавал бичиг баримттай байж үйлчилнэ гээд байхаар нь би машин байсан найз Баянчулууны жолооны үнэмлэхийг үзүүлж бүртгүүлээд 2 давхарт 209 тоот өрөөг аваад бид 3 орж нэг шил архи хувааж уучихаад юм ярилцаад хоол захиалж идээд байж байгаад орой болоод караокед нь орцгоосон. ...тэгээд бид нар буудлын өрөөрүүгээ орсон чинь манай өрөөнд нэг танихгүй охин ороод ирсэн. Тэгээд тэр охин бид нартай хамт суугаад архи уусан. Тэгээд би гэрлүүгээ харих гээд яарч байсан болохоор Шинэбаярыг хүлээж байгаад гэрлүүгээ явсан. Намайг өрөөнөөс гарахад Нандинболор орон дээр сууж байсан, Сувдаа орон дээр хажууд нь сууж байсан, Баатарцог сэрчихсэн сандал дээр сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Б.Баатарцогт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2 дугаар сарын 1-нд Даланзадгад сум руу эхнэрийн хамт ирж эхнэрийгээ эмчид үзүүлж явсан. Тэгээд эхнэрийгээ таньдаг айлд нь буулгачихаад байж байтал манай танил найзууд болох Улсболд, Шинэбаяр гэх залуучууд надтай утсаар яриад бид уулзахаар болсон. Тэгээд бид гурав айлд архи уугаад хэрэггүй байх гээд үдийн хойно 15 цагийн үед Онги гэдэг нэртэй буудалд өрөө авахаар очоод Улсболд эхэлж ороод өрөө авсан. ...бид нар караокед орж дуулж байгаад буцаад өрөөндөө орсон тэгээд би өмнөх өдөр нь замд яваад нойр дутуу байсан болохоор ядраад унтсан. ...нэг сэрэхэд шөнийн 03 цаг болж байсан би буудлын өрөөнд шалан дээр унтаж байсан. Өндийгөөд харсан чинь орон дээр нэг танихгүй залуу, бас танихгүй нэг эмэгтэйтэй зэрэгцээд хувцастайгаа унтаж байсан. ... тэгээд би босч өрөөний гэрлийг унтраагаад эргээд хэвтсэн чинь орон дээр хэвтэж байсан залуу өндийгөөд хажуудаа байсан эмэгтэйг цохих тас хийх сонсогдохоор нь би нөгөө залууд чи эмэгтэй хүн зодоод байгаа юм уу гэж хэлсэн чинь залуу нь үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй уйлаад байсан. Тэгэхэд нөгөө залуу эмэгтэйг яв гэж байгаа нь сонсогдсон. ...тэр эмэгтэйн баруун хацар нь хавдчихсан, ам, хамраас нь цус гараад хатчихсан байсан. Тэгээд би гарч явсан. Тэр эмэгтэй цохиулсны дараа ёо ёо гээд чанга орилоод байсан. Намайг сэрүүн байхад бол бэлгийн харилцаанд ороогүй унтаж байхад яасныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Х.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Тэр өдөр манай ажлынхан ажлаа тараад хамтдаа караокед орцгоосон. Тухайн үед 10 гаран хүн караокед орсон. Сувд-Эрдэнэ гэх хүн бид хоёр түрүүлж ажлаа дуусгаад манай гэрт очиж хувцасаа солих зууртаа нэг том савлагаатай 2.5 литр пиво байсныг хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед ажилчидтайгаа нийлээд Онги караокед орсон. ...бид нарыг дуулж байхад хүмүүс гарч ороод яваад байсан Сувд-Эрдэнэ ч гарч ороод тамхи татаад байсан. Тэгээд бид нар караоке хаах болоод бидний авсан цаг дуусаад гарцгаасан. Тэгээд хамт явсан хүмүүс тооцоогоо хийчлээ гээд бүгд гарсан чинь гадаа Сувд-Эрдэнэ байхгүй байна гэхээр нь би эргэж ороо үйлчлэгчээс нь энд нэг охин үлдчихсэн байна уу гэж асуусан чинь хүн үлдээгүй байх танайхан гараад явсан гэхээр нь би Сувд-Эрдэнийг түрүүлээд явчихсан юм байх гээд гарч хамт явсан хүмүүстээ явчихсан гэж байна гэж хэлчихээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.Н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2018 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байх үед байх гэртээ байж байтал манай найзууд болох Улсболд, Шинэбаяр нар манайд ирээд намайг хамт явъя Онги буудалд очиж архи ууцгаая би нар тэнд өрөө авчихсан байгаа гэхээр хамт явад Онги буудалд очсон. Тэгээд буудал руу бид гуравыг ороход буудлын гадаа үүдэнд нэг танихгүй эмэгтэй зогсож байсан. Тэгээд бид нарыг буудлын өрөөнд ороход нэг танихгүй залуу орон дээр унтаж байсан. Бид нарыг орсоны дараа гадаа үүдэнд байсан хүүхэн араас дагаад бид нарын байсан 2 давхарын 209 тоот өрөөнд орж ирсэн. Тэр эмэгтэй их согтуу байсан. Тэгэхэд араас нь буудлын үйлчлэгч гэх нэг эгч орж ирээд тэр эмэгтэйг чи гар яв гээд гаргах гэсэн чинь нөгөө эмэгтэй би гарахгүй явахгүй гээд байсан. Тэгээд тэр үйлчлэгч эгч үлдээчихээд явсан. ...нөгөө хүүхэн орон дээр унтаж байсан залуугийн хажуугаар хэвтээд унтчихсан. Тэгээд би орон дээр унтаж байсан залуу, танихгүй эмэгтэй хоёрын хажуугаар нь ороод унтахаар хэвтсэн тэгж байсан чинь нөгөө эмэгтэй согтуурхаад хашгираад орилж чарлаад байхаар нь би тэрийг чимээгүй бай унтаж амар гэсэн чинь чимээгүй болохгүй байхаар нь би 2 удаа алгадсан чинь чимээгүй болсон. Тэгсэн чинь хажууд нь унтаж байсан залуу сэрээд боль гэж хэлж байх шиг байсан. Тэгээд бид хоёр босоод гарч яваад дэлгүүрээс тамхи авч хувааж татчихаад салаад явсан. Өглөө буудлын өрөөнд сэрэхэд тэр эмэгтэйн амнаас нь жаахан цус гарсан бололтой байсан. Би СувдЭрдэнийг Улаанбаатар хотруу явахад нь эмчилгээ хийлгээрэй гэж 400.000 төгрөгийг ээжийн дүү Отгонбаяраар өгүүлж бичиг хийлгэж авсан байгаа түүнийг хэргийн материалд хавсаргана” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, ... “Энэ хэргийг улсын яллагч болон шүүгч таниас хөнгөн шийдэж өгнө үү гэж гуйж байна” гэв.
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №100 дугаар дүгнэлт:
1. Ө.С биед эрүүний баруун, зүүн талын хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний доод хэсэг, цээжний дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.
4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.04.27-ны өдрийн 03/423 тоот “Т.Н нь 2018.03.29-2018.04.27-ны өдрийн байдлаар өдрийн 4 цагаар нийт 48 цагийн нийтэд тустай ажил хийсэн ба 452 цагийн нийтэд тустай ажил хийх ялын үлдэгдэлтэй байгаа болно” гэх албан бичиг /хх-ийн 91 хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөгөө эмэгтэй согтуурхаад хашгираад орилж чарлаад байхаар нь би тэрийг чимээгүй бай унтаж амар гэсэн чинь чимээгүй болохгүй байхаар нь би 2 удаа алгадсан чинь чимээгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/, хохирогч, Ө.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний баруун шанаанд цохьсон. Тухайн үед миний шанаа маш их өвдөж би уйлсан. Зүүн эрүү хугарч, баруун эрүү цуурсан гэмтэл үүссэн байсан. ...чамтай хамт орон дээр байсан эрэгтэй өчигдөр чамайг цохиж зодсон. Би харсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/, гэрч Б.Баатарцогт мөрдөн байцаалтын шатан өгсөн “...тэгээд би босч өрөөний гэрлийг унтраагаад эргээд хэвтсэн чинь орон дээр хэвтэж байсан залуу өндийгөөд хажуудаа байсан эмэгтэйг цохих тас хийх сонсогдохоор нь би нөгөө залууд чи эмэгтэй хүн зодоод байгаа юм уу гэж хэлсэн чинь залуу нь үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй уйлаад байсан. ...тэр эмэгтэйн баруун хацар нь хавдчихсан, ам, хамраас нь цус гараад хатчихсан байсан. Тэр эмэгтэй цохиулсны дараа ёо ёо гээд чанга орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №100 дугаар дүгнэлт: “Ө.С биед эрүүний баруун, зүүн талын хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний доод хэсэг, цээжний дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх бөгөөд Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас шүүгдэгч Т.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Н нь уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018.03.29-2018.04.27-ны өдөр хүртэл ялын 48 цагийн нийтэд тустай ажил хийсэн бөгөөд 452 цагийн нийтэд тустай ажил хийх ялын үлдэгдэлтэй байгаа нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.04.27-ны өдрийн 03/423 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 692 /зургаан зуун ерэн хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч Ө.Сувд-Эрдэнэ нь гомдол, саналгүй гэсэн бөгөөд хохирлын хор уршгийг арилгахад эмчилгээний зардал, тээврийн хөлсөнд шүүгдэгч Т.Н 480.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн 1828000250041 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоол, 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаар шийтгэх тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42-55 дугаар худас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Н бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.