Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/558

 

 

Ц.С, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.С, Н.Э нарт холбогдох 2311 01071 1434 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ц-ийн С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... жолооч ажилтай, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. А овгийн Н-ийн Э, 19... оны .. дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .... хамт ... дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Ц.С нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Н.Э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Сын эзэмшлийн “Hyundia Avante HD” загварын 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж, 334.700 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч А овогт Н-гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Н.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Н.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.С, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлсэн гэхэд эргэлзээтэй байна. Шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Сын эзэмшлийн “Hyundai Avante” маркийн 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж, 334.700 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогдсон талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон дурдаж бичсэн атлаа гэм буруугийн талаар шийтгэх тогтоолд “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Д24-11 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна” гэж ойлгомжгүй, тодорхой бус байдлаар бичсэн. Түүнчлэн хэрэгт авагдсан “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12490 дугаартай үнэлгээний тайланд “Нийт зардлын үнэ 164.700 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 334.700 төгрөг” гэсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр талд авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд эд хөрөнгийн үнэлгээг гаргуулсан гэх боловч шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гарсан. Мастер үнэлгээний байгууллага нь дүгнэлт гаргахдаа зах зээлийн харьцуулсан байдал, объектын судалгаа, эдэлгээний байдал, 2009 онд үйлдвэрлэгдсэн зэрэг бусад баримтад тулгуурлан үнэлж дүгнэхгүйгээр дүгнэлт гаргасан байх ба сүүлд гаргасан гэх шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн шинж нь устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчдэд хохирол учирснаар төгсдөг бөгөөд хохирлын хэмжээг тогтоохдоо гэмтээгдсэн гэх эд хөрөнгийн аж ахуйн ач холбогдол, үнэ өртгийг харгалзан үзэх ёстой байхад хэрэгт авагдсан хоёр өөрөөр үнэлэгдсэн тухайн үеийн зах зээлийн ханшаар бодит баримтуудад үндэслэж гаргаагүй шинжээчийн дүгнэлтүүдээр миний үйлчлүүлэгчийг буруутгах боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зүйл хэсэгт хохирол, хор уршгийг буюу гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг тодорхой хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзэхэд, үнэлгээгээр тогтоогдсон дүн 334.700 төгрөг гэх боловч нийт зардлын үнэ болох 164.700 төгрөг, шууд бус зардал 170.000 төгрөг гэж үнэлэгдсэн дүгнэлтийг шүүх анхаарахгүйгээр шийдвэрээ гаргасанд миний үйлчлүүлэгчийн зүгээс гомдолтой байна. Хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн. Шүүх дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй. Шүүх хуралдаанд талуудаас гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээж аваагүй, үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж, шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолд “бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцоогүй байхад шинжээч эмч Түвшинцэнгэлийг шүүх хуралдаанд оролцуулсан мэтээр дүгнэж, шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр тодорхой бус ойлгомжгүй бичигдсэн гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтийг авч үзээгүй. Хавтаст хэргийн 182-185 дугаар талд нэмэлт шинжээч томилсон тогтоол авагдсан. Гэтэл нэмэлт шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, харин анх “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээг дахин “Мастер үнэлгээ” ХХК-аар гаргуулалгүй, дахин шинжээч томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.  Дахин шинжээч томилсон асуудалд 420.600 төгрөг гэж гарсан. Хавтаст хэргийн 62-65 дугаар талд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд мөрдөгч, ахмад Эрдэнэбаатар “2009 онд үйлдвэрлэгдсэн “Hyundai Avante” маркийн тээврийн хэрэгслийн арын гуперын дунд хэсэг халцарсан, хойд гуперын таг хонхойсон” гэж дурдсан. Гэтэл дахин шинжээч томилсон дүгнэлтэд “Дамно” ХХК “хаалга” гэж дүгнэлт гаргасан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас машины хаалгад хохирол учраагүй. Зах зээлийн үнэлгээгээр тухайн машинд учирсан үнэлгээг гаргаагүй. Иймд эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлууд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул Н.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Ц.С, Н.Э нарт холбогдох хэрэгт “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг үнэлгээгээр 334.700 төгрөг гэж гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд өмгөөлөгч Ж.Нарантуяагийн зүгээс “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ эргэлзээтэй байх тул өөр хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар “Дамно” ХХК-аар дахин үнэлгээ хийлгэхэд Ц.Сын эзэмшлийн “Hyundai Avante HD” загварын тээврийн хэрэгсэлд 420.600 төгрөгийн үнэлгээ гарсан. Прокурор 2 үнэлгээг дотоод итгэлээр үнэлж, “Дамно” ХХК-ийн үнэлгээг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд анхан шатны шүүх Н.Эыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ шүүх хуралдаанд уг үнэлгээг үндэслэлтэй гэж маргасан. “Дамно” ХХК-ийн үнэлгээ гаргасан үнэлгээчин Түвшинцэнгэлийг шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд Түвшинцэнгэл нь үнэлгээ хийсэн аргачлалынхаа талаар тодорхой тайлбарласан. Шууд хохирол нь 164.700 төгрөг, шууд бус хохирол нь 170.000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзсэн үндэслэлээ өөрөө үгүйсгэж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирлыг “Мастер үнэлгээ” ХХК 334.700 төгрөг гэж, “Дамно” ХХК 420.600 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг прокуророос хүний буруутай үйлдлийн улмаас хор хохирол учирсан тул мөнгөн дүн гарах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч Ж.Нарантуяагийн зүгээс хэсэг газрыг үнэлсэн, үнэлээгүй гэж үзэж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд шинжээч тодорхой тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Эын “...би машинаас нь буухад тухайн машин хөдлөөд явахаар нь миний уур хүрээд авсан нэг шил архиа машины араас нь шидсэн чинь багаажных нь тэнд оносон. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа орилж бууж ирээд намайг хөөхөөр нь би өөрийнхөө гудамжаар ороод зугтаад гүйсэн. Нөгөө залуу намайг гудамжинд барьж газар унагаад нүүрэн дээр дэвсээд, цохиж, өшиглөж зодсон. Энэ үед нөгөө хоёр дэлгүүрийн худалдагч эмэгтэй хүрч ирээд намайг салгасан. Би босож чадахгүй гудамжинд ганцаараа сууж байгаад дэлгүүрийн гадаа яваад очиход нөгөө машинтай хүмүүс байж байсан. Цагдаа дуудчихсан гэсэн. Хоёр цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. ...” /1хх 6-8/,

гэрч О.О-ийн “...шөнө 00 цаг өнгөрснөөс хойш Э утсаар надруу залгаад “би хүнд зодуулчихлаа, цагдаа нар намайг эрүүлжүүлэхэд хийх гэж байна” гэхээр нь би “одоо очоод нэмэр байна уу, наад хүмүүс чинь гаргах юм уу” гэхэд манай нөхөр цаашаа “манай эхнэр ирж авна гэж байна” гэхэд цаанаас нь “одоо юу гэж гаргаж байдаг юм” гэсэн юм яриад байсан. Тэгэхээр нь би шөнө очоогүй. Би цагдаа дээр очиж нөхөртэйгөө уулзсан чинь зүүн нүд нь хавдаж хөхрөөд зулгарчихсан, зүүн чихний ар хэсэг, өвдөг, хүзүү гэх мэт газруудад олон гэмтэл учирсан байсан. Тэгэхээр нь зодсон гэх залуутай нь хальт үүдэнд таараад “чи араа даагаад манай нөхрийг ийм болтол зодож байгаа юм уу тэ” гэхэд тэр залуу “тиймээ араа даагаад зодож байна” гээд пээдэлзээд өөр юм ярихгүй байхаар нь “чамд гомдолтой” гэж хэлээд салсан. ...” /1хх 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6769 дугаартай “...Н.Эын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 21-23/ гэх дүгнэлт,

мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 66-68/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Н.Э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Сын эзэмшлийн “Hyundia Avante HD” загварын 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж, 334.700 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Сын “...Манай эхнэр хамт ажилладаг эмэгтэйгийн хамт ирээд машинд суусан. Энэ үед бас нэг үл таних эрэгтэй машинд орж ирж суухаар нь О, Ганчимэг хоёроос тухайн хүнийг “таних юм уу” гэж асуухад хоёулаа “танихгүй” гэсэн. Тэгэхээр нь тэр хүнд би “такси биш, би гэрлүүгээ харьлаа, та буугаарай” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй пизда минь хөдөл, би наад хоёртой чинь хамт явж байгаа” гээд машинаас буухгүй байсан. Би машинаас буу гэж хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч машинаас буухгүй болохоор нь машинаас бууж хаалгыг нь онгойлгоод тухайн хүнийг буу гээд татсан чинь өөрөө буугаад ирсэн. Тэгээд машины гадаа намайг барьж байсан шилтэй архиараа далайж цохих гэсэн. Мөн цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд намайг ална гээд уурлаад хэл ам хийгээд байхаар нь би аргалаад машинаас жаахан холдуулж орхичихоод машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь араас барьж байсан архитай шилээ шидчихээд зугтаасан. Би тухайн хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Миний машины арын гупер будаг нь халцарч, багаажны таг төмөр нь хонхойж, будаг нь халцарсан байсан. ...” /1хх 97-98/,

гэрч Б.Г-ийн “...2023 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 23:50 цагийн үед манай дэлгүүрт мах нийлүүлдэг танил хүн орж ирээд 1 шил 0,75 граммын Экс нэртэй архи, 1 ундаатай худалдаж аваад гарсан. Араас нь худалдагч О бид хоёр дэлгүүрээ хаагаад гараад би машиндаа орж суусан. О жолоочийн ард талын суудал дээр суусан. Энэ үед түрүүн дэлгүүрээс архи худалдаж авсан зүс таних залуу архиа бариад машинд орж ирээд Оийн хажууд суучихсан. Ц.С тэр залууг 5-6 минут “та буугаачээ” гэж хэлсэн боловч буухгүй байсан. Ц.С буугаад гаднаас нь хаалгыг нь онгойлгоод “та буу” гэхэд тэр залуу “үгүй, буухгүй зүгээр яв пизда минь би яасан ч чадна шүү пизда минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод буухгүй байсан. Хэсэг байж байгаад тэр залуу машинаас буучихаад архитай шилээ бариад Ц.Сыг “чамайг ёстой алчихна шүү” гэх зэргээр хараалын үг хэлээд цохьчих гээд далайгаад зууралдаад салахгүй байсан. Тэгэхээр нь Ц.С цааш нь машинаас 20 орчим метрийн зайтай холдуулсан чинь газраас том чулуу авчихаад цохино гээд дайраад байсан. Тэгээд машинаас жаахан холдсон болохоор Ц.С машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь тэр залуу архитай шилээ машины араас шидчихээд зугтаачихсан. ...” /1хх 56-58/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Н.Эыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Сын хохирогч Н.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Эын хохирогч Ц.Сын эзэмшлийн “Hyundia Avante HD” загварын 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж, 334.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С, Н.Э нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа “...эргэлзээтэй нөхцөл байдлууд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул Н.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгч Н.Эын үйлдлийн улмаас “Hyundia Avante HD” загварын 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт учирсан эвдрэл, гэмтэлд “Мастер үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний газар /1хх 84/, “Дамно үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний газраар /1хх 200-203/ тус тус үнэлгээ гаргуулсан байх ба 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шинжээчийн “энэ болохоор тухайн эд анги, хөрөнгийг нөхөн сэргээх ажил үйлчилгээтэй холбоотой 2 төрлийн зардал бичигддэг. Нийт зардал болон шууд зардал гээд тухайн авто тээврийн 2 эд ангийг засварлахад ажил үйлчилгээний хөлс юм” гэсэн тайлбар, анхан шатны шүүхээс “Мастер үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзэж хохирлын хэмжээг тогтоосныг буруутгах аргагүй, хууль зөрчсөн зөрчилгүй болжээ.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолд “шинжээч эмч Ц.Түвшинцэнгэл” гэж шинжээч эмч оролцсон мэтээр удиртгал хэсэгт бичигдсэнийг анхан шатны шүүх анхаарч, дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                         ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ