Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0822

 

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг

хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд  холбогдуулан бичсэн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* би, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* нь иргэн Б.Х*******э нь зөрчлөө өөрөө сайн дураар илчлэн ирсэн "улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй" гэх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б.Х*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай материалыг прокурорт 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг шалгалтын явцад хяналаа.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд цугларчээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд:

1.1. "Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх..."-ийг тогтоосны дараа шийтгэл оногдуулахаар зохицуулсан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Б.Х*******ээс мэдүүлэг аваагүй, ямар бүртгэлийг улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй талаар нотолж тогтоосон баримт материалд авагдаагүй байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: Үүнд:

1.1. хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;

 

1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

1.3. зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн;

1.4.байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Ч.Б******* нь Б.Х*******эд холбогдох санд гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн бүртгүүлэлгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн өдөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс 4 сарын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр прокурорт ирүүлж гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Б.Х*******эд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, тус дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х*******ийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт иргэн 25, 45 нас хүрснээс хойш нэг сарын дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэхээ сунгуулна гэж заасны дагуу иргэн Б.Х*******э нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр хугацаа хэтрүүлсэнд Зөрчлийн тухай хуулийн 15.24.1-д заасан тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн заалтын дагуу 20 нэгжээр торгосон.

Миний бие 9 болон 10 сард компьютер эвлэрсэн байсан учраас гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй нь үнэн болно.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.   

Тухайн зөрчлийн хэргийн хувьд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* нь "Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Б.Х*******э /РД:*******/-д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус ногдуулжээ.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* нь “....зөрчилд холбогдогчид гомдол, мэдээллийг прокурорын зөрчил бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэлгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн өдөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс 4 сарын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр прокурорт ирүүлж гомдол, мэдээллийн санд бүртгүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, хууль зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай прокурорын дүгнэлт бичжээ.    

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 5-т “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь хууль зөрчсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдогч Б.Х*******ийг хуульд тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх зөрчилд торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар дүгнэлт бичсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.   

Прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

                         

ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА