Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/00840

 

20203 01

181/ШШ2024/00840

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн 276, 1504 тоотод байрлах, Бэст коммэрс ХХК /РД:6116388/-ийн хүсэлттэй,

Бэст коммэрс ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Батзориг,

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Бэст коммерс ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Улсын бүртгэлийн 9011632060, регистрийн 6116388 дугаартай Бэст коммэрс ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гадаад худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Анх Мянган угалзат сутай хайрхан ХХК нэртэйгээр байгуулагдсан, 2017 онд Бэст коммэрс ХХК болон нэрээ өөрчлөн эрчим хүчний цахилгаан трансформаторын угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Манай компани нь 0.4-10 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны 1831/18 дугаартай Тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 жилийн хугацаатай авч цахилгаан угсралт, дэд станцын засвар үйлчилгээг гэрээлэгч гүйцэтгэж байсан болно. Гэвч 2019 оноос цахилгаан тоноглол, трансформатор, бараа материалын үнэ ханш өссөн, Ковид19 цар тахлын улмаас эрчим хүчний салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ.

Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд эрчим хүчний салбарт тулгарч буй хүндрэл, эрчим хүч, цахилгаан угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлтөөс зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани алдагдал хүлээж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засвар гүйцэтгэлийн ажлын өртөг нэмэгдэж буйгаас ажилтан цалинжуулах төсөв хүрэлцэхгүй болсоноос хүний нөөцийн хомсдолд мөн орлоо.

Өнөөгийн байдлаар Бэст коммэрс ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр 484180900 төгрөг болж цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болж үйл ажиллагаа бүрэн зогссон.

Иймд Бэст коммэрс ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, Компанийн 2019, 2020, 2021, 2022 /хагас жил/ онуудын санхүүгийн тайлан, тэнцэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан 2018 - 2021 он, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2018-2021 он, Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа, Өмчлөлдөө байгаа эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний санал, Бусдад төлөх өр төлбөрийн жагсаалт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Өр төлбөртэй эсэх лавлагаа, Татварын ерөнхий газраас Өр төлбөртэй эсэх лавлагаа, Гаалийн ерөнхий газраас Өр төлбөртэй эсэх лавлагаа, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газар ашиглаж, эзэмшдэг эсэх лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх лавлагаа, Ж.Батзоригт олгосон итгэмжлэл, Бэст коммерс ХХК-ийн 2019, 2020, 2021 онууд болон 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн аудитын байдал зэргийг гаргаж өгсөн байна.

Хэрэг гүйцэтгэгчээс: 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай төлбөрийн чадварын талаарх дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт хийсэн нэхэмжлэгчдийн анхны хурлын тэмдэглэл, Цэбэ консалтинг аудит ХХК-иар Бэст коммэрс ХХК-ийн 2019, 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланд аудит хийлгэсэн тайлангууд, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Бэст коммэрс ХХК-ийн нэр дээр хувьчлагдсан газар болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байсан эсэх, байсан бол хэзээ байсан ба хэний нэр дээр хэзээ шилжсэн талаар лавлагааг, Бэст коммэрс ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус ирүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас, Бэст коммэрс ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан эсэх, байсан бол хэзээ хэний нэр дээр шилжсэн талаар лавлагааг ирүүлэхийг Автотээврийн үндэсний төвөөс, Бэст коммэрс ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх лавлагааг ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газраас, Бэст коммэрс ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх талаар тодруулга, лавлагааг ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, Бэст коммэрс ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх талаар тодруулга, лавлагааг ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас, Бэст коммэрс ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт зэргийг ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, Бэст коммэрс ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй эсэх лавлагааг ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Бэст коммэрс ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай эсэх, дансны үлдэгдлийн тодорхойлолтыг ирүүлэхийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д, Хаан банк ХХК-д, Голомт банк ХХК-д, Төрийн банк ХХК-д, Хас банк ХХК-д, Тээвэр хөгжлийн банк ХХК-д, Ариг банк ХХК-д, Капитрон банк ХХК-д, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д, Богд банк ХХК-д, Чингис Хаан банк ХХК-д, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д нараас, Бэст коммэрс ХХК-ийн гаалийн байгууллагад гаалийн болон НӨАТ бусад татварын өр төлбөр, илүү төлөлт байгаа эсэх лавлагааг ирүүлэхийг Гаалийн Ерөнхий газраас, Бэст коммэрс /РД:6116388/ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл байгаа эсэх лавлагааг ирүүлэхийг Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын албадуудаас тус тус гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Хүсэлт гаргагч Бэст коммерс ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ.

5.Шүүх дараах үндэслэлээр Бэст коммерс ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.

5.1.Бэст коммерс ХХК нь анх Мянган угалзат сутай хайрхан ХХК гэсэн нэртэйгээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1/нэг/ гишүүнтэй гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулахаар 20,000/хорин мянга/ төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа зэргээр тогтоогдож байна./хх 5-6, 9, 197-199/

5.2.Мянган угалзат сутай хайрхан ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрээ Бэст коммерс ХХК болгон 2017.07.26-ны өдөр өөрчилсөн, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ж.Батзориг нь хувьцаагаа Ч.Даваадоржид шилжүүлж эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч Чулуунбатын Даваадорж болсон бөгөөд улмаар төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчилсөн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Бэст коммэрс ХХК-ийн дүрмийн хуулбар, зохигч оролцогчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

5.3.Ч.Даваадорж нь Бэст коммэрс ХХК-ийн 20/хорин мянга/ ширхэг, нэг бүр нь 200/хоёр зуун/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг дангаар эзэмшдэг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Бэст коммэрс ХХК-ийн дүрмийн хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хэрэг гүйцэтгэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээр нотлогдож байна./хх 5-6, 10-11/

5.4.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх Бэст коммэрс ХХК-ийн хүсэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, мөн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2023/09575 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч томилж, түр хэрэг гүйцэтгэгчид Бэст коммэрс ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлэхийг даалгажээ./хх 131, 132-133/

5.5.Түр хэрэг гүйцэтгэгч 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Бэст коммэрс ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай дүгнэлт гаргасан болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт болон мөн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай хэрэг гүйцэтгэчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна./хх 214-223, 2хх 50-62/

5.6.Бэст коммэрс ХХК нь Асралт эрчим ХХК-д 400.000.000/дөрвөн зуун сая/ төгрөгийн гэрээний үүргийн өр төлбөртэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 86.180.991,53/наян зургаан сая нэг зуун наян мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийн татварын өр төлбөртэй, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 153.600/нэг зуун тавин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт болон 2024 оны 01 дүгээр срын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлстийн 2023.09.09-ний өдрийн 214 тоот албан бичиг болон Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №5/3308 албан бичиг болон Бэст коммэрс ХХК-ийн татвар төлөлтийн мэдээний баримт зэргээр тогтоогдож байна./хх 10, 180-181, 206-207, 214-223/

6.Бэст коммэрс ХХК-ийн өр төлбөр өөрийн хөрөнгийн -615.43%-тай тэнцсэн болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт болон 2024 оны 01 дүгээр срын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна./1хх 214-223, 2хх 50-62/

6.1.Хэрэгт авагдсан Хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 02, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт тус бүрийг харьцуулан дүгнэхэд Бэст коммэрс ХХК нь 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр 2019-2022 оны хооронд эргэлтийн хөрөнгө нь буурсан үзүүлэлттэй гарсан, 2022 оны байдлаар нийт хөрөнгийн дүн 82,285,657.01 төгрөг боловч богино хугацаат өр, төлбөрийн дүн 100,993,028.27 төгрөг болсонтой холбоотойгоор өр төлбөр, өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа нь 2022 оны байдлаар -539,86% болжээ.

Түүнчлэн Бэст коммэрс ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 172-20170 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрөө барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй, мөнгө хөрөнгө нь хүрэлцэхгүй байна гэж дүгнэгджээ.

6.2.Бэст коммэрс ХХК-ийн 2019-2022 оны санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсанаар тус компани нь 2022 оноос үйл ажиллагаа нь зогссон, мөнгөн хөрөнгө байхгүй болсон болох нь шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудаар тогтоогдож байх ба өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт хүрэлцэхгүй, төлбөр барагдуулах боломжгүй, компаний өр төлбөр 777,979,552.17... 100,993,028 төгрөг болж өөрийн хөрөнгийн 616.04%... -539.86%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, тайлант үед хамаарах хуримтлагдсан алдагдал -104,312,153.47 төгрөгт хүрч эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн дүнгээс /нийт хөрөнгө/ давсан үзүүлэлт гарч байх тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Бэст коммэрс ХХК нь 2019 оноос өөрийн хөрөнгийн 616.04%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэж үзнэ.

Иймээс, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК нь төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

7.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/13605 дугаар захирамжаар Бэст коммэрс ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлон зарлажээ./хх 224-228/

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/13605 дугаар захирамжид заасан хугацаанд Бэст коммэрс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй болох нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бэст коммерс ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцох тухай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна./хх 233-234/

8.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.3 дахь хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор Бэст коммэрс ХХК болон хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд гаргаагүй болох нь хүсэлт гаргагч Бэст коммэрс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт болон 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна./1хх 214-223, 2хх 50-62/

8.1.Иймээс, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдээс Бэст коммэрс ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул Бэст коммэрс ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

8.2.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргаагүй, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчид оролцоогүй тул шүүхээс хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилох үндэслэлтэй байх бөгөөд Бэст коммэрс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

8.3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

8.4.Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлүүдэд тус тус заасан журмын дагуу Бэст коммэрс ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хуваарилах худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах нь зүйтэй байна.

8.5.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.12 дахь хэсэгт тус тус зааснаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчид оролцоогүй тул хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын цалин хөлсийг Бэст коммэрс ХХК-д хариуцуулах нь хуульд нийцнэ.

8.6.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Бэст коммэрс ХХК нь Асралт эрчим ХХК-д 400.000.000/дөрвөн зуун сая/ төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 86.180.991,53/наян зургаан сая нэг зуун наян мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 153.600/нэг зуун тавин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болно.

8.7.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар Бэст коммэрс ХХК-ийг татан буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах нь зүйтэй байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах С.Түвшинтөр, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Бэст коммэрс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасныг баримтлан Бэст коммэрс ХХК /РД:6116388/-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бэст коммэрс ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.

3. Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу Бэст коммэрс ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хуваарилах худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

4. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.12 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын цалин хөлсийг Бэст коммэрс ХХК хариуцах үүрэгтэйг дурдсугай.

5. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бэст коммэрс ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Бэст коммэрс ХХК нь Асралт эрчим ХХК-д 400.000.000/дөрвөн зуун сая/ төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 86.180.991,53 /наян зургаан сая нэг зуун наян мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 153.600 /нэг зуун тавин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөхийг дурдсугай.

6. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бэст коммэрс ХХК-ийг татан буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах С.Түвшинтөр, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Бэст коммэрс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

9. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ