Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/01322

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 27 182/ШШ2023/01322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 63 дугаар байр, 62 тоотод байрлах, Шилника ХХК /РД:5014158/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, Оранж плазад байрлах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж 46, өөрийн байранд байрлах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Шилника ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлттэй,

Татварын өр 27,296,247.65 төгрөг гаргуулах тухай,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Шилника ХХК-ийн төлөөлөгч М.Ира,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Б.Оюунтуяа,

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Хүсэлт гаргагч Шилника ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шилника ХХК нь 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Шил никель хийцийн үйлдвэрлэл, Барилгын материалын худалдаа үйл ажиллагаа явуулах чиглэлээр 19,770,000 төгрөгийн дүрмийн сантай, М.Ира гэсэн 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Компани нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №352137 дугаартай актаар 10,542,800 төгрөгийн торгууль, алданги төлөхөөр болж, энэ мөнгийг төлж дуусгасан. 2012 оноос барилгын захиалгын гэрээт ажил тэр бүр олдоогүй, зарлага нь үйл ажиллагааны орлогоос давсан зэрэг шалтгаанаас алдагдалтай ажиллаж, алдагдалтай тайлан гарч ирсэн. Энэ талаар Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №352770 дугаартай актад тусгагдсан байдаг.

Манай компани 2015 оны 06 дугаар сараас хойш бараг үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд компанийн үндсэн ажлыг хийдэг байсан манай нөхөр Б.Жаргалсайханы сахарын өвчин хүндэрч сүүлийн жилүүдэд ашиггүй, алдагдалтай ажиллах болсон. Багахан ажил хийсэн мөнгөөрөө нийгмийн даатгал болон татварын өрөө төлж байсан. Нөхөр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш компани бараг үйл ажиллагаа явуулаагүй. Шилника ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй алдагдалтай байгаа тул Нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгө байхгүй гэдгээ тайлбарлаж хэлсээр байхад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Мөнх-Ундраа нь тайлангаа өг гэж шахаж дарамталдаг, шүүхэд өгнө гэж айлгадаг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учир орлого байхгүй байсан ч зарим сард 1,600,000 төгрөгийн нийт цалин төлсөн мэтээр тайлан өгч, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг өөрийн тэтгэврийн мөнгөнөөс төлж байсан.

Шилника ХХК-ийн өр төлбөр, алдагдал нь өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш хувьтай тэнцэх хэмжээтэй болж хуульд заасан хугацаанд өр төлбөр, алдагдлыг төлөх чадваргүй болсон учраас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн дампуурлыг шүүхээр зарлуулж, татан буулгах шийдвэр гаргасан.

Компани маань үйл ажиллагаа явуулаагүй, оффис түрээслэхгүй удсан бөгөөд үүсгэн байгуулагч 1 гишүүн болох Ш.Ирагийн гэрийн хаяг нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 63-62 тоот болно.

Манай компанийн өмчлөлд одоо эд хөрөнгө байхгүй, анх компани байгуулж байх үед 19,770,000 төгрөгийн эд хөрөнгө, шилний машин байсан ба эдгээр хөрөнгүүд элэгдэж хуучирсан учраас заримыг нь акталж, заримыг нь зарсан. Анх компани байгуулахад авсан сандал ширээ нь элэгдэж хуучирсан, гадаа айлын хашаанд ил байлгасны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас акталсан. Мөн компьютер нь хоцрогдож, хэрэглээнд ашиглагдахааргүй болсон тул акталсан. 2015 онд компаниа татан буулгах гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д заасны дагуу эд хөрөнгийн тооллого хийсэн. Ингэхэд шилний машин 1 ширхэг тоологдсон ба энэ хөрөнгийг Амгалан дахь айлын хашаанд гадаа ил байлгасны улмаас зэвэрч, гинж нь тасарч цаашид ашиглах боломжгүй болсон тул уг хөрөнгийг 1,000,000 төгрөгөөр иргэн Б.Чулуунбатад худалдан борлуулж, олсон орлогоор нийгмийн даатгалын өрөө төлөхөөр шийдвэрлэж байсан. Компаниа татан буулгая гэсэн боловч татварын өртэй компани өрөө төлөхгүй бол татан буулгах боломжгүй, та эхлээд өрөө төл гэж Татварын байгууллагаас хэлдэг байсан.

Компанийн дүрмийн санг 2013 онд 250,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухайд, талийгаач нөхөр Б.Жаргалсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэд байрлах компанийн бүртгэлийн талаар үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс дээр очиход танай компанийн дүрмийн санг нэмэгдүүлээд өгье гэж хэлээд гэрчилгээн дээр энэ өөрчлөлтийг хийж өгсөн байдаг. Гэхдээ энэхүү дүрмийн санг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь бодитой явагдаагүй юм. Ийм зүйл болсон талаар манай компанийн санхүүгийн тайланг гаргадаг нягтландаа хэлэхэд ингэж болохгүй гэж байсан. Ийм ч учраас санхүүгийн тайланд тусгагдаагүй юм. Уг нь зээл авах, хийх ажил олж авах зэрэгт хэрэгтэй гэж бодсон. Сүүлд дүрмийн сангаа 250,000,000 төгрөгөөр буцааж бууруулахаар шийдвэр гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан боловч татварын өртэй учраас ямар ч бүртгэлд өөрчлөлт хийх боломжгүй гэсэн. Мөн компанийн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт хийлгэхэд 2022 оны санхүүгийн тайланг авч ирэх шаардлагатай гэж хэлсэн. Би 2015 оны 1-р улирлаас хойш санхүүгийн тайлан өгөөгүй бөгөөд одоо тайлан батлуулъя гэвэл 4,000,000 гаруй төгрөгийн торгууль төлсний дараа тайланг баталгаажуулж өгнө гэсэн.

Манай компанийн хамгийн сүүлийн тайлан дээр өөрийн хөрөнгө нь 10,836,000 төгрөгөөр тусгагдсан байгаа. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн манай компанид 2013 онд тавьсан татвар, торгууль, алдангийн хэмжээ нь нийт 27,296,247.65 төгрөг, мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,440,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн өртэй бөгөөд энэ өрийн талаар шүүхийн шийдвэр гарсан. Манай компани нь бусдаас 8,162,700 төгрөгийн дансны авлагатай байсан. Дельта фүүдс ХХК-аас Мишээл экспо төвд хийсэн павилоны үнийн үлдэгдэл 2,300,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Өндөр харш ХХК-аас ажлын хөлс 5,862,700 төгрөгийн тус тус авлагатай боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн компанийн захирал н.Ганзориг нас барсан.

Тайланд бараа материал 74,380,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичигдсэн байдаг боловч энэ нь үндэслэлгүй гэдэг нь дараах нотлох баримтаар тогтоогддог. Шүүхэд өгсөн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн актад Шилника ХХК нь 45,954,800 төгрөгт НӨАТ-гүй падаан бичүүлэн авч 2010-2011 оны тайланг НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа гэж тусгасан учраас энэ падааныг хуурамч гэж үзэн акт тавьсан байдаг. Энэ актыг үндэслээд тухайн бараа материалыг данснаас хасаж, санхүүгийн тайланд залруулга хийгээгүй байдаг. Ийм учраас бараа материалын үлдэгдэл 45,954,800 төгрөгийн илүү тайлан бичигдсэн байдаг. Мөн шилний физик шинж чанар нь хагарах, цуурах, хоргодох эрсдэл ихтэй байдаг учраас хаягдал их гардаг. Үүнийг гэрээт нягтлан бодогч нь шилэн дээр нь хэвийн болон хэвийн бус хорогдол тооцохгүй зардал болгон хасахгүй явсаар байгаад бодитоор үлдэгдэл байгаа мэтээр санхүүгийн тайланд тусгагдаж ирсэн. Шилний хаягдал нь зуун айлын түрээсийн хашаанд байж байгаад хашаа нь газарт орж хаягдал нь хогонд ачигдсан байдаг. Хэрвээ энэ бараа материал үнэхээр байсан бол Татварын албанаас компани дээр ирэхдээ хуулийн дагуу битүүмжлэн борлуулж татварын өр барагдуулах арга хэмжээ авах байсан. Гэхдээ ийм бараа материал бодитой байхгүй учраас энэ ажиллагаа хийгдээгүй. Санхүүгийн тайлан гаргаж өгдөг байсан нягтлан бодогч нь эхлээд өөрөө тайлан гаргаж өгдөг байснаа сүүлдээ охиноороо тайлан гаргуулж өгдөг болсон. Охин нь мэргэжлийн хүн биш байсан гэдгийг сүүлд мэдсэн. Ийм учраас санхүүгийн тайлан нь алдаа ихтэй, элэгдэл, хорогдол тооцдоггүй, элэгдсэн хөрөнгүүдийг хасдаггүй байсныг адуиторчоос зөвлөгөө авч засаж, зарим актуудыг сүүлд нөхөж үйлдсэн байдаг.

Иймд Шилника ХХК нь дампуурах үндэслэлтэй байх тул татан буулгаж өгнө үү гэв.

 

1.2. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шилника ХХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед татварын албанд 27,296,247.65 төгрөгийн татварын өртэй байсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нараас тус компанийн 2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 352770 дугаартай актаар оногдуулсан 5,580,200 төгрөгийн нөхөн татвар, 2,602,100 төгрөгийн торгууль, 3,178,200 төгрөгийн алданги нийт 10,787,200 төгрөгөөс төлөөд үлдэгдэл нь 10,293,000 төгрөг байна. Мөн 2014-2016 оны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 4,312,820 төгрөг, НӨАТ-ын тайлангийн 2011-2018 оны тайлангаар тайлагнасан өр 12,690,010 төгрөг, нийт 27,296,247.60 төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг тус тус зөрчиж байна.

Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Шилника ХХК-д удаа дараа нэхэмжлэх болон мэдэгдэх хуудас өгсөн. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тухайн компани өөрсдөө эргэлтийн хөрөнгөтэй гэж дурдсан байгаа боловч өөрсдийн буруутай үйл ажиллагаа, санхүүгийн тайлан баланс буруу гаргасан гэж байна. Тухайн өр нь М.Ирагийн нөхөр нас бараагүй, компани үйл ажиллагаагаа явуулж байх үед үүссэн өр. Татвар төлөгч нь энэ өрийг төлөх боломжтой байсан атлаа төлөхгүй байгаа нь татвараас зайлсхийсэн үйлдэл юм. Иймд Шилника ХХК-ийг дампууруулж, татан буулгахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

1.3. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шилника ХХК нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 8,800,000 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Энэхүү нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр Шилника ХХК-д албан шаардлага болон Худалдаа хөгжлийн банкны дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Мөн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Иратай уулзалтыг удаа дараа хийж, өр авлага барагдуулах график байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөөгүй.

Иймд Шилника ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 8,800,000 төгрөг, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар алдангид 4,400,000 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.4. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шилника ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр компани нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Шилника ХХК-ийн захирал М.Ира, өмгөөлөгч Э.Байгалмаа нартай 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уулзаж, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор үзсэн боловч нотлох баримт болон харилцан ярилцлагын уулзалтын тэмдэглэлээр Шилника ХХК-ийн хөрөнгийн талаар нэмэлт мэдээлэл гарсангүй.

Компанийн 2014 оны санхүүгийн тайланд байгаа 74,380,500 төгрөгийн бараа материалын талаар асуухад захирал М.Ира шилэн бэлдцээр юм хийхэд даавуу, цаас шиг үлдэгдлийг нь ашиглаж болдоггүй, шууд хаягдал болдог. Манай санхүүгийн тайлан гаргаж байсан хүн элэгдэл хорогдол тооцохгүй, зардал болгон хасахгүй явсаар хуримтлагдсан дүн юм. Шилний хаягдал нь 100 айлын түрээсийн хашаанд байж байгаад хашаа нь газарт орж, хаягдал нь хогонд ачигдсан байсан гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,440,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны 181/ШШ2020/02654 дугаар шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч төлбөр төлөх ямар нэгэн эд хөрөнгө "Шилника ХХК-аас тогтоогдоогүй өнөөдрийг хүрсэн. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус "Шилника ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэв.

 

2.  Хүсэлт гаргагч Шилника ХХК-аас ирүүлсэн баримт. Үүнд:

2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-6-13/

2.2 Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-14/

2.3 Шилника ХХК-ийн Татварын өрийн тооцоолол /хх-15-16/

2.4 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шилника ХХК-ийн захирлын тушаал /хх-17/

2.5 Актлах үндсэн хөрөнгийн жагсаалт /хх-18/

2.6 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар Үндсэн хөрөнгийн тооллогын тайлан /хх-19/

2.7 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар Үндсэн хөрөнгө худалдах тухай /хх-20/

2.8 Худалдах үндсэн хөрөнгө /хх-21/

2.9 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-22/

2.10      Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-23/

2.11      Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө өөрчлөх /нэмэх, хасах/ /хх-24/

2.12      2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн акт /хх-25-29/

2.13      2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн акт /хх-30-34/

2.14      2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2654 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-35-36/

2.15      Шилника ХХК-ийн 2010, 2012-2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /хх-37-76/

2.16      Шилника ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдлын зарим үзүүлэлтүүд /хх-79/

2.17      2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өдрийн сонин /хх-84-87/

 

3.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн баримт. Үүнд:

3.1 Татварын удирдлагын нэгдсэн системийн тооцоолол /хх-93/

3.2 Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /хх-94-96/

3.3 Хуулийн этгээдийн лавлагаа /хх-97/

3.4 Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх98/

3.5 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-99/

3.6 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн акт /хх-100-102/

3.7 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл /хх-105-106/

 

4.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримт. Үүнд:

4.1 Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн алданги тооцсон хүснэгт /хх-111/

4.2 Заавал даатгах даатгуулагчдын НДШ-н авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-113-115/

4.3 Шилника ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 03 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, тайлан /хх-116-117/

4.4 Улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл /хх-118-119/

4.5 Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажил олгогчтой хийсэн уулзалтын тэмдэглэл /хх-120/

5.  Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт. Үүнд:

5.1 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-148/

5.2 ХААН банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк, Хас банк, Чингис хаан банк, Төрийн банк, Богд банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /хх-152-157, 163, 165, 182/

5.3 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-158-159, 164/

5.4 Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг /хх-160/

5.5 Гаалийн Ерөнхий газрын албан бичиг /хх-161-162/

5.6 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-166/

5.7 Газар зохион байгуулалтын албан албан бичиг /хх-169/

5.8 Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг /170-171/ зэрэг бичгийн баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.  Хүсэлт гаргагч Шилника ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь татварын өр 27,296,247.65 төгрөг гаргуулах тухай, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, Шилника ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэлээ.

 

2.  Хүсэлт гаргагч Шилника ХХК нь ...компанийн өр төлбөр, алдагдал нь өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш хувьтай тэнцэх хэмжээтэй болж хуульд заасан хугацаанд өр төлбөр, алдагдлыг төлөх чадваргүй болсон учраас компанийн дампуурлыг шүүхээр зарлуулж, татан буулгах шийдвэр гаргасан. Компанийн өмчлөлд одоо эд хөрөнгө байхгүй, анх компани байгуулж байх үед 19,770,000 төгрөгийн эд хөрөнгө, шилний машин байсан ба эдгээр хөрөнгүүд элэгдэж хуучирсан учраас заримыг нь акталж, заримыг нь зарсан. Мөн компанийн дүрмийн санг 2013 онд 250,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь бодитой явагдаагүй учир буцааж бууруулахаар шийдвэр гаргаж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан боловч татварын өртэй учраас ямар ч бүртгэлд өөрчлөлт хийх боломжгүй гэсэн. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн манай компанид 2013 онд тавьсан татвар, торгууль, алдангийн хэмжээ нь нийт 27,296,247.65 төгрөг, мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,440,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн өртэй бөгөөд энэ өрийн талаар шүүхийн шийдвэр гарсан. Мөн бусдаас 8,162,700 төгрөгийн дансны авлагатай байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, захирал нь нас барсан... гэх агуулгаар хүсэлтийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь ... компанийн 2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, актаар оногдуулсан 5,580,200 төгрөгийн нөхөн татвар, 2,602,100 төгрөгийн торгууль, 3,178,200 төгрөгийн алданги нийт 10,787,200 төгрөгөөс төлөөгүй үлдэгдэл 10,293,000 төгрөг байна. Мөн 2014-2016 оны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 4,312,820 төгрөг, НӨАТ-ын тайлангийн 2011-2018 оны тайлангаар тайлагнасан өр 12,690,010 төгрөг, нийт 27,296,247.60 төгрөгийн өр төлбөрийг гаргуулна... гэж нэхэмжлэлийн агуулгыг тайлбарлаж байна.

 

 

4.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн хэлтэс нь ...Шилника ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 8,800,000 төгрөг, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар алдангид 4,400,000 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэл гаргажээ.

 

5.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/07733 дугаар захирамжаар ...Шилника ХХК-ийн дүрмийн сан 19,770,000 төгрөг байсныг 269,770,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэх боловч энэ үйл ажиллагаа бодитой явагдсан байдал харагдахгүй, тайланд тусгагдаагүй. Компани 2018 оноос үйл ажиллагаа явуулаагүй байх ба Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 27,296,247.65 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,440,000 төгрөгийн өр төлбөртэй... гэх үндэслэлээр Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Шилника ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, мөн оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 14 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Өдрийн сонины 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №112(6985) дугаарт Шилника ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг олон нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн анхны хурлын тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг зэргийг мэдээлсэн байна.

 

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан.

 

Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь татварын өр 27,296,247.65 төгрөг гаргуулах тухай, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус заасан.

 

Шилника ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг батлуулахаар шүүхэд санал болгон, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 182/ШЗ2022/09443 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг томилжээ.

 

Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Шилника ХХК-ийн банк дахь дансны гүйлгээ, компанийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгө, тусгай зөвшөөрлийн талаархи мэдээлэл, шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх, гаалын байгууллагад татварын өр төлбөр байгаа эсэх талаарх лавлагаа, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах ажиллагааг шүүхээр дамжуулан явуулж, холбогдох баримтыг авсан байна.

 

Хэрэг гүйцэтгэгч нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан дүгнэлтээс үзвэл, Шилника ХХК нь улсын бүртгэлийн 9011051114 дугаартай, 5014158 тоот регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ГБМ ХХК-ийн 7 байр, 1 давхарт байрлаж ажиллахаар 19,770,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь шил, никель хийцийн үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа чиглэлээр байгуулагдсан. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь М.Ира байна.

 

Улсын бүртгэлд 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Барилгын засвар, засал чимэглэл эрхлэх тусгай үйл ажиллагааг шинээр бүртгүүлснийг, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийн хөрөнгийн хэмжээ 250,000,000 төгрөгөөр нэмэгдэж 269,770,000 төгрөг болсныг тус тус бүртгүүлсэн. Уг дүрмийн санг ямар байдлаар нэмэгдүүлсэн нь тодорхойгүйн зэрэгцээ энэ өөрчлөлт нь санхүүгийн тайланд тусгагдаагүй. Компани нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дүрмийн санг 250,000,000 төгрөгөөр бууруулах тухай шийдвэр гарган улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан боловч татварын өртэй учраас бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байсан.

 

Хэрэг гүйцэтгэгчээс Шилника ХХК-ийн төлбөрийн чадварын болон дампуурлын байдлыг дүгнэхэд, тус компани нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон, 2012-2014 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,781,600 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 79 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Мөнгөн хөрөнгө нь 2014 онд 1,720,500 төгрөг гэж байгаа боловч Капитрон банкны дансанд үлдэгдэлгүй байсан. Балансад байгаа 74,380,500 төгрөгийн бараа материал одоо бодитоор байхгүй, санхүүгийн тайланд барааны элэгдэл, хорогдол тооцохгүй, зардлыг хасахгүй явсаар хуримтлагдсан дүн.

 

Үндсэн хөрөнгийг 8,397,700 төгрөгөөр бүртгэснийг 2015 онд компани татан буулгах тооллого хийсэн. Ингэхэд шилний машин FZM 8325-1 ширхэг тоологдсон ба ашиглалтын хугацаа дууссан, хуучирч хоцрогдсон, цаашид ашиглагдах боломжгүйг харгалзан 1,000,000 төгрөгөөр худалдан, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлсөн байна. Дансны авлага 8,162,700 төгрөг санхүүгийн тайланд туссан. Үүнд Дельта фүүдс ХХК-аас 2,300,000 төгрөгийн авлагатай боловч өгдөггүй, Дархан-Уул аймгийн Өндөр харш ХХК-аас 5,862,700 төгрөгийн авлагатай боловч төлөх боломжгүй, захирал Б.Ганзориг нь нас барсан гэж байсан.

Түүнчлэн компанийн удирдлагын үйл ажиллагааны талаар дүгнэхэд, Шилника ХХК-ийн удирдлага нь дагнасан ганц чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл нь доголдож, захиалагч олдохгүй болсноос борлуулалтгүй болсон. 2015 оны 06 дугаар сараас үйл ажиллагаагаа зогсоосон, тус компанийн үндсэн ажлыг хийдэг байсан М.Ирагийн нөхөр Б.Жаргалсайханы сахарын өвчин 2015 оноос хүндэрч, 2018 онд нас барсан зэрэг нөхцөл шалтгаалсан байна.

Хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ нэхэмжлэгч нарт танилцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцжээ.

Шилника ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5., 23 дугаар зүйлийн 23.1., 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг Шилника ХХК болон нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас шүүхэд ирүүлээгүй бөгөөд дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно.

 

Иймд дээрх байдлуудыг харгалзан Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Шилника ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзэв.

 

6.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Шилника ХХК-аас татварын өр 27,296,247.60 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 352770 дугаартай актаар Шилника ХХК-ийн 2010-2011 онуудад 45,954,800 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн бүхий падааныг бичүүлэн авч НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн тайлангийн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгай албан татвар ногдуулах орлогоос хасч тооцсон, 2012 онд 10,564,000 төгрөгийн үндсэн баримтгүй түүхий эд материалын зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил, 2012 онд 987,700 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил, 2012 онд 2,607,2600 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийг шалгалтаар тогтоож, 5,580,200 төгрөгийн нөхөн татвар, 2,602,100 төгрөгийн торгууль, 3,178,200 төгрөгийн алданги нийт 10,787,200 төгрөгийн төлбөрийг тогтоосон байна.

Шилника ХХК нь дээрх татварын улсын байцаагчийн актад гомдол гаргаагүйгээс гадна уг актаар тогтоосон төлбөрийн үлдэгдэл нь 10,293,427.5 төгрөг гэдэгт маргаагүй.

Түүнчлэн Шилника ХХК нь 2014-2016 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар 4,312,820 төгрөг, 2014-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 12,690,000.15 төгрөгийн өр төлбөртэй болох нь хэрэгт авагдсан албан татварын тайлан, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Шилника ХХК-аас татварын өр нийт 27,296,247.65 төгрөгийн гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож шийдвэрлэлээ.

 

7.  Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Шилника ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Шилника ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлд 13,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02654 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, Шилника ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 11,440,000 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг шийдвэр хүчин төгөлдөр болж, тус шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 213 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан боловч Шилника ХХК нь дээрх төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Шилника ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 11,440,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.    Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг хариуцагч Шилника ХХК хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шилника ХХК /РД:5014158/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Шилника ХХК-аас татварын өр 27,296,247.65 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 11,440,000 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Дампуурлын тухай хуулийн 14, 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хүсэлт гаргагч Шилника ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.

 

4.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан Шилника ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.

 

5.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт зааснаар Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нарт даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Шилника ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ