Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/00886

 

 

 

   2024     03       04                                                  181/ШШ2024/00886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот,  “ХӨУ” ХХК -ийн хүсэлттэй,

“хөу” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Нямлхагва, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Дашзэвэг нь фермерийн аж ахуй, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор “хөу” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Компаниа үүсгэн байгуулснаас хойш 2016 оныг хүртэл тахианы фермерийн үйл ажиллагаагаа явуулж, өндөгөө худалдан борлуулсан бөгөөд 2016 оны 07 дугаар сараас тахианы тэжээлийн үнэ нэмэгдэж, зардал их болсон учир ашигтай ажиллах боломжгүй болсон. Улмаар бусдад төлөх өр төлбөрөө төлөх боломжгүй нөхцөлд хүрсэн ба тухайн өр төлбөр компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс хэтэрч, үйл ажиллагаагаа тогтвортой явуулан дахин хөрөнгөжих боломжгүй болсон байдаг. Бусдад төлөх өр төлбөрийн тухайд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар 193,964,113 төгрөг байгаа болно.

Өнөөдрийн байдлаар компанийн өмчлөлд 1 ширхэг 500,000 төгрөгийн үнэ бүхий суурин компьютер, 200,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг принтер, 100,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг ширээ, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг сандал, нийт 870,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа. Хамгийн сүүлд татварын тайлан 2013, 2014, 2015 онд өгсөн бөгөөд үүнээс хойш татварын тайлан огт өгөөгүй.

Иймд “ХӨУ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгож, дампуурсанд тооцуулан татан буулгах зорилгоор энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан зөрчлийн тухайд: Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын өр төлбөртэй эсэх лавлагаа, холбогдох тайлан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар эзэмших, ашиглах хэлбэрээр газар эзэмшиж, ашигладаг эсэх лавлагаа, компанийн арилжааны банкны дансны талаарх лавлагаа, хорооны тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлж, хүсэлтэд хавсаргасан. “ХӨУ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлж, оффисын үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба үйл ажиллагаа зогссоноос хойш тус хаягт өөрчлөлт оруулаагүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд фермерийн буюу тахианы аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд одоогоор үйл ажиллагаа бүрэн зогссон. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан сүүлийн 3 жилийн тайлан, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээг тодорхойлсон баримт мэдээллийг хүсэлтэд тусгах талаар шүүгчийн захирамжид дурьдсан. “ХӨУ” ХХК нь хамгийн сүүлд 2015 онд тайлан өгсөн ба үүнээс хойш огт тайлан өгөөгүй. Мөн “ХӨУ” ХХК-д өр төлбөртэй этгээд байхгүй болно. “ХӨУ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

2.  Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

3. Нотлох баримт

Хүсэлт гаргагч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Очирваань, М.Батбаатар нарт олгосон итгэмжлэл /Хх4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /Хх5-7/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /Хх9/, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №123 дугаар лавлагаа /Хх10/, “хөу” ХХК-ийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаарх санал /Хх11/, “хөу” ХХК-иас авлагатай тэдгээрийн нэр хаяг, тус бүрийн авлага буюу төлбөрийн хэмжээ /Хх12/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх13/, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/13004 дугаар Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /Хх15-16/, Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /Хх17/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /Хх18/, хаан банкны тодорхойлолт /Хх19/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /Хх20/, Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /Хх21/, татвар төлсөн баримт /Хх22/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 11 дүгээр сарын тайлан /Хх23, 25/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх24/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 10 дугаар сарын тайлан /Хх26/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх27/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 04 дүгээр сарын тайлан /Хх28/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх29/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх30/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 03, 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх31-32/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх33/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын тайлан /Хх34-35/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх36-37/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 02 дугаар сарын тайлан /Хх38/, “ХӨУ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /Хх39/, “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 06 дугаар сарын тайлан /Хх40/, “ХӨУ”  ХХК-ийн 2013 оны жилийн санхүүгийн тайлан /Хх42-58/, “ХӨУ”  ХХК-ийн 2014 оны жилийн санхүүгийн тайлан /Хх59-81/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /Хх82-85/, 2015 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан /Хх86-92/, 2015 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан /Хх93-103/-г гаргаж өгсөн байна.

 

Хэрэг гүйцэтгэгчээс: 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай Төлбөрийн чадварийн талаарх дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.   

 

Шүүхийн журмаар: Ашигт малтмал, газрын тосны газраас “ХӨУ” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх лавлагаа /Хх146/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “ХӨУ” ХХК-ийн өмчлөлд газар, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /Хх147/, Авто тээврийн үндэсний төвөөс “ХӨУ” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан эсэх талаарх лавлагаа /Хх148/, Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “ХӨУ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй эсэх лавлагаа /Хх149-154/, Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын албадаас “ХӨУ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл байгаа эсэх талаарх лавлагаа /Хх158-162,177/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “ХӨУ” ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх талаарх лавлагаа /Хх163-176/, /182-194/, Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “ХӨУ” ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт /Хх195-196/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ. Шүүх дараах үндэслэлээр “ХӨУ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.
    1. “ХӨУ” ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 1 гишүүнтэйгээр, фермерийн аж ахуй, хүнсний худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
    2. Н.Дашзэвэг нь “ХӨУ” ХХК-ийн 100 хувь хувьцааг дангаар эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ХӨУ” ХХК-ийн дүрэм, хүсэлт гаргагчийн төлөөлөгч, хэрэг гүйцэтгэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээр тогтоогдож байна.
    3. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх “ХӨУ” ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/16455 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч томилж, түр хэрэг гүйцэтгэгчид “ХӨУ” ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлэхийг даалгажээ.
    4. Түр хэрэг гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “ХӨУ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай дүгнэлт гаргаж, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн.
    5. Тус дүгнэлтэд “ХӨУ” ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд  193,964,113 төгрөгийн, Мал хамгаалах сан УТҮгазарт  11,250,000  төгрөгийн өр төлбөртэй гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00024 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03380 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.
    6. Мөн түүнчлэн “ХӨУ” ХХК-ийг “2014 оноос өөрийн хөрөнгийн  -650.11%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, төлбөрийн чадваргүй болсон байна” гэж дампуурлын түр хэрэг гүйцэтгэгч 2023 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн Төлбөрийн чадварын талаарх дүгнэлтдээ дүгнэсэн байна.
    7. Иймд шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн “ХӨУ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон.
    8. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13287 дугаартай шүүгчийн захирамжаар “ХӨУ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нийтэд мэдээлэх, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар  дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өдрийн сонины 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №160 (7280) дугаарт нийтлүүлсэн.
    9. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд уг хугацаанд шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй.
    10. Иймд шүүхээс Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах боломжгүй болж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16865 дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “ХӨУ” ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс баталснаас хойш 20 хоногийн дотор  шүүхэд ирүүлэхийг даалгасан байна.
    11. Дээрх захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгч А.Энхболд “ХӨУ” ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийн, дүгнэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлэн, хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК-д танилцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцжээ.
  2. Хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын дүгнэлтэд:
  1. ““ХӨУ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2013-2015 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй гүйцэтгэх баримт бичгээр компанийн өр төлбөр 205,214,113 төгрөг болж өөрийн хөрөнгийн -650.11%...-221.74%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг.  Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “ХӨУ” ХХК нь 2014 оноос өөрийн хөрөнгийн -650.11%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна гэж,
  2. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг илэрхийлдэг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2-2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “ХӨУ” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 129 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна,
  3. “ХӨУ” ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 193,964,113 төгрөгийн өр төлбөртэй,  “Мал хамгаалах сан” УТҮГазарт 11,250,000 төгрөгийн өр төлбөртэй, нийт өр төлбөрийн дүнг 205,214,113 төгрөг гэж тооцож,
  4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/13287 дугаар захирамжаар “ХӨУ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу “Өдрийн сонин”-ы 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №160/7280/ дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно гэж,
  5. Хэргийн материалд “ХӨУ” ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус компани нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ХӨУ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
  1. Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00024 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  захирамжаар 193,964,113 төгрөгийг гаргуулж,  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  
  2. Дээрх захирамжийн дагуу Сонгино хайрхан дүүргийн шүүх 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 001389 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.
  3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3380 шийдвэрээр хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК нь “Мал хамгаалах сан” УТҮГ-т 11,250,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 2388 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “ХӨУ” ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэсэн байх боловч “ХӨУ” ХХК-иас төлбөр төлөгдөөгүй байна.
  4. “ХӨУ” ХХК-иас авлагатай дээрх аж ахуй нэгж байгууллагууд нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаж, ирүүлээгүй болно.
  5.  “ХӨУ” ХХК нь бусдад өгөх өр, төлбөр, өглөгүүд нь 2013 оноос хойш нэмэгдэж, -86,261,915 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн болохыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ дурдсан бөгөөд  хэрэгт авагдсан баримтаар төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон, үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэгч нар байхгүй учир “ХӨУ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх талаар санал гаргах, төлөвлөгөө батлах боломжгүй  байна.
  6. Мөн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар “ХӨУ” ХХК-ийн нэр дээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй,
  7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааг 9011143073, 5209188 дугаартай хуулийн этгээд буюу ХӨУ” ХХК-ийн нэр дээр гаргасан байх тул тус компанийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй болох нь дээрх холбогдох лавлагаа баримтууд болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.
  8. Нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичгээр “ХӨУ” ХХК-ийн өмчлөл болон эзэмшил, ашиглалтанд ямар нэгэн газар бүртгэлгүй байгаа тухай баримт хэрэгт авагджээ.
  9. Мөн Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Транс банк, Ариг банк, Төрийн банк, Чингис хаан банк, Капитал банк, Хаан банкнуудад  “ХӨУ” ХХК  данс эзэмшдэггүй талаар, Худалдаа хөгжлийн банкинд 2600072134 дугаартай данс болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд данс эзэмшдэг бөгөөд 0 төгрөгийн үлдэгдэлтэй талаар баримт хэрэгт авагджээ.
  10. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК-ийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр татвар төлөгчөөр бүртгэгдсэн боловч 2012 оноос 2023 он хүртэл татвар төлөөгүй гэсэн тодорхойлолт ирүүлжээ.  
  11. Иймд “ХӨУ” ХХК нь 2014 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “ХӨУ” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
  12. “ХӨУ” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж “ХӨУ” ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан “ХӨУ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ХӨУ” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Н.Мөнх-Эрдэнэ, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “ХӨУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЦЭЛМЭГ