| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0368/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 384
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Мад холбогдох 1808015550403 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, “Рэдпаф монгол” ХХК-нд механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сын М /РД:../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчим харуул Г надруу залгаад нэг согтуу хүн ирчихээд хаалга эвдлэх гээд байна, та гараад ир гэхээр нь яаралтай гараад ирэхэд нэг согтуу залуу грашын хаалгыг өшиглөж, балбаад өөрөө орилж хашгираад байхаар нь би очоод хөөе чи болиоч, наадахаа эвдэллээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний толгойн хэсэгт 3-4 удаа цохисноо цамцны захаар заамдаж хоолой боогоод байсан. Эхнэр нь гэх эмэгтэй хажууд ирэхээр нь танай нөхөр чинь намайг алах гэж байна, нөхрөө аваач гэхэд, хөгшин настай хүн хараад арай гайгүй болох байх гэсэн таныг алах гэж байна гээд хараад зогсоод байсан. ...С.М миний эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Мөн манай грашын хаалганы хохиролд 450.000 төгрөг төлсөн. ...цаашид гомдолгүй гэдгээ хэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-р хуудас/,
1.2.Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед хамт ажилладаг хүмүүстэйгээ дарга Гийн гэрт очиж дайлуулаад 3 шил архи уусан. ... Караокед ороод 1 шил архи уугаад би тэндээ тасарсан, нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Юу болсон талаар эхнэрээсээ асуухад чи нэг настай хүний хоолойг багалзуурдаад зодсон, грашын хаалга эвдсэн гэж хэлсэн. ...Би хохирогч С.Тад эмчилгээний зардал 600.000 төгрөг бэлнээр төлсөн, мөн грашны хаалганы хохирол гэж 450.000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр манай нөхөр ажлын хамт олонтойгоо даргындаа очсон. ...Тэндээс гарахад манай нөхөр тасарсан байдалтай би машинаараа даргыг нь хүргэж өгөөд нөхрөө аваад гэрлүүгээ явж байхад замдаа машинаас буух гээд даргатайгаа дахин архи ууна гээд уурлаад байсан. Тэгээд машинаас буух гээд хаалга онгойлгоод байхаар нь машинаа зогсооход буугаад тэр хавьд байсан граш дээр очиход нэг хүн байсан. Тэгтэл энэ муу граш яадаг юм гээд орилоод грашын хаалгыг цохиж өшиглөөд нүдээд байсан. ...Удалгүй гомдол гаргасан настай хүн ирэхээр нь та манай нөхөртэй зөөлөн яриад өгөөрэй. Тэгвэл гайгүй байх гэж хэлээд цаашаа утсаар ярьж дүүгээ дуудахаар яваад ирэхэд намайг боож унагаалаа гээд нөгөө настай ах хэлсэн, зүүн чихнээс нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-15-р хуудас/,
1.4.Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө грашаа манах ажлаа хийгээд байж байхад шөнө манай грашын хаалгыг нэг хүн нүдэхээр нь гараад очиход нэг согтуу залуу эхнэртэйгээ маргалдаад байх шиг байсан. Уг согтуу залуу наад грашын хаалга онгойлго, би орьё согтуу байж машины руль дээрээ суусан байсан, эхнэр нь машинаасаа түлхээрээ аваад буусан байсан. ... Тэгээд Тад хэлэхэд ирсэн. Тэгээд ирээд тэр залууг боль гэсэн шаардлага тавихад өөдөөс нь заамдаж аваад машин руу тулгаж шахсан байдалтай байхад нь би сонсоод гарч ирээд түүнийг салгах гэхэд намайг барьж авах гэхээр нь зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
1.5.Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ граш нь Манай СХД-ийн 29-р хорооны Москва хороолол орчмын байранд амьдардаг хүмүүсийн хувийн эзэмшлийн 44-н граш байдаг бөгөөд зайлшгүй эзэнтэй байлгахгүй бол ус дулаан, цахилгаан зэрэг төлбөр төлөх, харуул хамгаалалт, аюулгүй байдал зэрэгт нэгдсэн удирдлагатай байхгүй бол болохгүй болоод грашийн эздүүд маань ярьж байгаад 2006 оны 11-р сарын 06-ны өдөр “Граш эзэмшигчдийн холбоо” нэртэй Төрийн бус байгууллага байгуулсан. Удирдах зөвлөлийн 7 гишүүн дотроосоо хурлаа хийгээд миний биеийг дундаасаа тэргүүнээр сонгосон юмаа. Тухай грашууд зогсоол бүр нь эзэнтэй, нэг том хаалгатай бөгөөд тэр хаалгыг М нь эвдсэн. Мад гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл Граш эзэмшигчийн холбооны зүгээс байхгүй болно. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/
1.6.Шинжээчийн 4054 тоот дүгнэлт
1.С.Тын биед тархи доргилт, зүүн чихний хэсэг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 20 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.С.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62 х/
2.2.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 66 х/
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 х/
2.4.Оршин суугаа газрын хаягын тодорхойлолт /хх 46 х/
2.5. ‘Рэдпаф монгол” ХХК-ийн тодорхойлолт /хх 49 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирлын баримт /хх 37 х/
3.2.Эмчилгээний зардалд 600,000 төгрөг төлсөн баримт /хх 65 х/
3.3.Грашийн хаалганы төлбөрт 450,000 төгрөг төлсөн баримт /хх 41, 46 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар.
С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын дунд байрлах иргэн С.Тын грашийн хаалгыг өшиглөж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн иргэн С.Тыг “грашийн хаалга өшиглөхөө болиоч” гэх шаардлага тавихад түүнийг зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн чихний хэсэг, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч С.Тын “...нэг согтуу залуу грашын хаалгыг өшиглөж, балбаад өөрөө орилж хашгираад байхаар нь би очоод хөөе чи болиоч, наадахаа эвдэллээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний толгойн хэсэгт 3-4 удаа цохисноо цамцны захаар заамдаж хоолой боогоод байсан. Эхнэр нь гэх эмэгтэй хажууд ирэхээр нь танай нөхөр чинь намайг алах гэж байна, нөхрөө аваач гэхэд, хөгшин настай хүн хараад арай гайгүй болох байх гэсэн таныг алах гэж байна гээд хараад зогсоод байсан. ...С.М миний эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Мөн манай грашын хаалганы хохиролд 450.000 төгрөг төлсөн. ...цаашид гомдолгүй гэдгээ хэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх 7-9, 10 х/,
Гэрч Б.Бгийн “...Удалгүй гомдол гаргасан настай хүн ирэхээр нь та манай нөхөртэй зөөлөн яриад өгөөрэй. Тэгвэл гайгүй байх гэж хэлээд цаашаа утсаар ярьж дүүгээ дуудахаар яваад ирэхэд намайг боож унагаалаа гээд нөгөө настай ах хэлсэн, зүүн чихнээс нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-15-р хуудас/,
Гэрч Б.Гийн “...Тад хэлэхэд ирсэн. Тэгээд ирээд тэр залууг боль гэсэн шаардлага тавихад өөдөөс нь заамдаж аваад машин руу тулгаж шахсан байдалтай байхад нь би сонсоод гарч ирээд түүнийг салгах гэхэд намайг барьж авах гэхээр нь зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
Гэрч Б.Оын “... Тухайн грашийн зогсоол бүр нь эзэнтэй, нэг том хаалгатай бөгөөд тэр хаалгыг М нь эвдсэн. М гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл Граш эзэмшигчийн холбооны зүгээс байхгүй болно. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/
Шинжээчийн 4054 тоот дүгнэлт
1.С.Тын биед тархи доргилт, зүүн чихний хэсэг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 20 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
С.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсны хохирол нийт 1,050,000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэргийг харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 нэгжтэй тэнцэх, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, эдгээр ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгуулийн ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч С.Тын эмчилгээний зардалд 600,000 төгрөг төлсөн /хх 65 х/, Грашийн хаалганы төлбөрт 450,000 төгрөг төлсөн /хх 41, 46 х/ болох нь хохирогч нарын хохирол хүлээн авсан баримтуудаар тогтоогдож байгаа, мөн хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул С.Мыг хохирлоо бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Сын Мыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснээс бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Мад оногдуулсан 700,000 төгрөгийн торгуулийн ял дээр 650,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.М-д үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.М-д мэдэгдсүгэй.
6.С.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,050,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ