Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/559

 

 

Д.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 02547 2135 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ын А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, .... оршин суух хаягтай, /РД:..../,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр магадлалаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 2 жил 13 хоногийг хорих ялаас чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаар захирамжаар 07 сар 05 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар хорих ял шийтгэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 09 сар 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 10 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны орчим хохирогч М.Оыг “архиа харамлалаа” гэх шалтгаанаар цээж болон гэдэс нь тус газар нь хутгалж, биед нь “цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ат 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эмчийн хяналтад байдаг тул энэ байдлыг минь болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж ялыг минь хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.А нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу, зүйлчлэл дээр маргаж оролцсон байдаг. Давж заалдах гомдол гаргахдаа гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Дээрх зүйл ангид заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан. Мөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзсан. Хохирогчийг хоёр удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Прокуророос 7 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх уг саналын дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны орчим хохирогч М.Оыг “архиа харамлалаа” гэх шалтгаанаар цээж болон гэдэс нь тус газар нь хутгалж, биед нь “цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Оын “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэрийнхээ ойролцоох “Арвай” дэлгүүр ороод 1 шил архи аваад гэртээ ганцаараа уух зорилготой явж байсан. Өмнө нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Гэтэл Тахилтын эцэст байнгын архи уудаг өөрийгөө Х гэж танилцуулсан ахтай таарсан юм. Би Хыг хэд хэдэн удаа харж байсан бөгөөд мэндлээд л зөрдөг байсан, сайн танихгүй. Тэгээд Х миний авсан архийг хараад уух гээд байсан болохоор нь бид хоёр Тахилтын 8 дугаар гудамжинд ороод авсан архинаасаа би хоёр удаа хийж өгсөн. Одоо болно гээд би явлаа гэртээ орж ууна гээд алхаад явж байтал араас гүйж ирэхээр нь эргээд хартал цээж рүү хутгалчих шиг болсон. Тэгээд Х намайг хутгалчихаад гэр рүүгээ гүйчихсэн. Би Хыг араас нь хөөгөөд гэрийнх нь үүдэнд барьж автал дахиад миний гэдсэнд нэг удаа хутгалсан. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд Хын хашааны үүдэнд сэрсэн ба цагдаа эмнэлгийн машин ирчихсэн байсан бөгөөд хэнд хутгалуулсан талаар асуухад энэ айлын эзэн Хт хутгалуулчихлаа гэж хэлээд дахиад ухаан алдчихсан байсан. ...зүс таних эрэгтэй миний өөдөөс ганцаараа ирж яваад надтай таарахад тухайн үл таних эрэгтэй согтуу архи үнэртүүлсэн байдалтай байсан ба миний дэлгүүрээс аваад гялгар торонд хийгээд барьчихсан явж байсан архийг хараад “ганц хийгээд өгчихөө” гэхээр нь би 100-гийн аягаар дүүрэн 2 удаа хийж өгөхөд уучихсан ба дахиад уух гээд байхаар нь би “одоо болно, гэртээ харьж өөрөө ууя” гэж хэлээд цаашаа алхаад явж байтал миний араас намайг “хогийн гар вэ, хөгийн лалар вэ” гээд хараалын үг хэлээд байхаар нь “би чамд харин 2 аяга архи хийж өгч байхад чи чинь яасан давруу юм бэ” гэсэн чинь ханцуйнаасаа гэнэт хутга гаргаж ирээд миний цээжний баруун дээд хэсэгт эгмийн доод талд дүрэх шиг болоход миний бие жирс хийгээд цус годгодоод гараад ирсэн. Тэгтэл нөгөө зүс таних эрэгтэй ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйхээр нь би араас нь дагаж гүйгээд ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа руу яваад орчихоор нь араас нь ортол нөгөө зүс таних эрэгтэй хашааныхаа дотор талд зогсож байгаад миний гэдэс хэсэгт дахиад нэг удаа хутгаараа бүлчихсэн. Би шууд хашааных нь үүдэнд өнхрөөд ухаан алдаж унасан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн би хамгийн сүүлд хутгалуулсан газраа хэвтэж байсан бөгөөд цагдаа нар надаас хэнд хутгалуулсан талаар асуухад нь би энэ айлын хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд дахин ухаан алдаад эмнэлэг дээр ухаан ороход надад дусал залгачихсан байсан. Би уг эрэгтэйн нэрийг өмнө нь мэддэггүй байсан бөгөөд дараа нь 2022 оны 7 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр гэж санаж байна эмнэлгээс гараад тухайн хэрэг болдог өдөр намайг хашааны хаалган дээр хутгалдаг айлын ойролцоох 2, 3 айлуудаас нэрийг нь хэн гэдэг талаар асууж тодруулахад надад Х гэдэг юм, саяхан шоронгоос гарч ирсэн юм гээд байхаар нь намайг хутгалсан хүнийг Х гэдэг юм байна гэж бодсон юм. Үүнээс хойш би дахиж тэр хавиар очоогүй юм. Тухайн үед царайг нь сайн тогтоож авсан болохоор одоо зургийг нь харвал шууд танина. ...гэрийг нь зааж өгч чадна. Тухайн үед намайг хутгалсан хүний нэрийг хэн гэдгийг баталгаатай мэдэхгүй байсан. Тухайн үед Х гэж буруу сонссон байж магадгүй. ...” /хх 134-137/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 727 дугаартай “...М.Оын биед цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Аюулхайн цээжний хөндийд нэвтэрч цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” /хх 164-166/ гэх дүгнэлт,

шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 119-125/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Аыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

             Шүүгдэгч Б.Аын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч М.Оыг “архиа харамлалаа” гэх шалтгаанаар цээж болон гэдэс нь тус газар нь хутгалж, биед нь “цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

             Шүүгдэгч Б.А “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

             Шүүгдэгч Б.А нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.А нь өмнө нь 4 удаа ял шийтгүүлж, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 14-ний энэ өдрийг хүртэл 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ