| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/03849/И |
| Дугаар | 101/ШШ2023/05070 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/05070
| 2023 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2023/05070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Ганцын ам задгай хаягт оршин байх ******* ХХК /регистрийн дугаар 5230187/-ийн хүсэлттэй,
Төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвцэцэг, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Туул 2008 оны 5 сарын 22-ны өдөр хуулийн этгээдийн 9011155034 тоот гэрчилгээ, регистрийн 5230187 дугаартай, 1,000,000 төгрөгийн дүрмийн данстай, "*******" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлаар үйл ажиллагаа явуулж байсан.
Компанийг үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн боломжоороо барилгын ажил хийхийг зорьж, ажиллаж байсан ч захиалагч нарын зүгээс ажлын хөлсөө цагтаа өгөхгүй байх, барилгын материал, ажиллах хүчний зардал өссөн болон бусад шалтгааны улмаас байгууллагын санхүүгийн байдал илт доройтсон. Мөн ажил олдохгүйн улмаас үйл ажиллагаа зогсож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийгмийн даатгалын өр 9,854,580 төгрөг, алданги 4,927,290 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 4 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нийгмийн даатгалын өр болон алданги нийт 14,781,870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 15,013,729 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн.
"*******" ХХК нь одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн 14,713,729 төгрөгийн өртэй учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байна.
Энэ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албанаас гаргаж өгсөн албан бичгээр нотлогдоно. Компанийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод хүн хүчний хувьд ямар ч боломжгүй. Тодруулбал компанид ямар ч эд хөрөнгө, санхүү мөнгө байхгүй буюу эдийн засгийн боломж нөхцөл байхгүй учраас төлбөрийн чадваргүй болсон болно. Мөн ажиллах ажилчид, хүний нөөц гэж байхгүй.
Иймээс "*******" ХХК цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод хүн хүчний хувьд ямар ч боломжгүй болсон нь хүсэлтэд хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,713,729 төгрөгийг төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон тул Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зуйлийн 5.1.2-т заасны дагуу манай компанийн зүгээс үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдаж, энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд цаашид үйл ажиллагаа үргэлжлүүлэх чадваргүй болсон, өөрийн хөрөнгийн 10 хувьтай танцэх хэмжээний төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул "*******" ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
2. Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа:
"*******" ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ганцын задгай тоотод байрлаж байсан юм билээ. Энэ компанийн регистрийн дугаар 5230187 дугаартай. Анх гадаад худалдааны үйл ажиллагааг бүртгүүлсэн боловч 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр засвар, засал чимэглэл, хийх чиглэлээр, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хугацаагүйгээр эрхлэхээр бүртгүүлжээ. Компанийн захирал нь Нямдэлэг овогтой Туул гэдэг ганц эзэмшигчтэй, 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланд дүгнэлт хийж үзэхэд татвар нийгмийн даатгалын өглөг авлага гэж 39 сая төгрөг байгаа.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь ******* компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн боломжоороо барилгын ажил хийхийг зорьж ажиллаж байсан ч захиалагч нарын зүгээс ажилын хөлсөө цагтаа өгөхгүй байх, барилгын материалын үнэ өссөн болон бусад шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах зогсож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон. Хамтран ажиллагч буюу үндсэн гэрээлэгч байгууллага нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас бүхий л төлбөрийг төлөх санхүүгийн чадваргүй болсон. Тухайн үед ажиллаж байсан ажилчдын цалин хөлсийг ч өгч чадахгүй санхүүгийн хүнд байдалд орсон.
Иймд санхүүгийн хүнд байдалд орсноос үүдэж ******* компани цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж зогссон байдаг. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын өр, алданги, нийт 15,013,729 төгрөгийг ******* компани төлөхөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж байгаа ба түүнээс хойш үйл ажиллагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болсон. Удирдлага үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд компанийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод хүн хүчний хувьд боломжгүй. Удирдлага нь дагнасан барилгын ажлын туршлага дээрээ түшиглэн ажилласан боловч бие даан гэрээлсэн ажил олдохгүй бусдын гэрээний туслан гүйцэтгэгч хийсэн ч тогтвортой үйл ажиллагаа болж чадаагүй, барилгын засварын ажлаа сайн хийсэн хэдий ч хариуцагч буюу үндсэн гэрээлэгч байгууллага нь цаг хугацаандаа төлбөрөө өгөөгүйгээс өр төлбөрт орж компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан байна.
Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2014-2016 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 103,214,1 төгрөг болж алдагдалтай ажилласны улмаас өөрийн хөрөнгийн 313.6 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний буюу үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү ******* ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Нийт 8 байгууллага энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэх 8 газруудаас ямар нэгэн өр төлбөргүй гарсан. 12 банкнуудаас данс эзэмшдэггүй гэх мэдэгдэл ирсэн байгаа.
Мөнгөн хөрөнгө нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 112,5 мянган төгрөг гэж байгаа боловч банкны лавлагаагаар ямар ч мөнгөгүй гэсэн мэдээлэл гарсан болно.
Тус компанийн үндсэн хөрөнгөнд 27,780.0 мянган төгрөг гэж тайлагнасан боловч 2014-2016 онуудад ямар ч өөрчлөлтгүй байсан. 2014-2016 онуудад дансны өглөг 12,333.5 мянган төгрөг, богино хугацаат зээл 52,196.3 мянган төгрөг, татварт 34,068.0 мянган төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 4,615.7 мянган төгрөгийн өртэй гэжээ. Хуваарилагдах эд хөрөнгийн тухайд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж баримттай танилцсан, ******* компанийн хувьцаа эзэмшигч нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 12 хэсэг ганцын задгайд бүртгэлтэй амьдардаг надад энэнээс өөр хөрөнгө байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг үндэслэн "*******" ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гуйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэсэн гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: Нэхэмжлэгчээс гаргасан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 4 сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 03/1027 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 4 сарын 05-ны өдрийн 03/752 дугаар тодорхойлолт, Газар зохион байгуулалтын албаны албан тоот,Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн хэлтсийн 101 дугаартай хариу хүргүүлэх тухай гэх тодорхойлолт, Төрийн банкны лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, санхүүгийн тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн 01155 дугаартай шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, гүйцэтгэх хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тодорхойлолт, Ашигт малтмал газрын тосны газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн түүхчилсэн лавлагаа, Банкуудаас ирүүлсэн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Банкны төлбөр барагдуулах газрын лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий нэхэмжлэгч нар оролцоогүй бөгөөд шүүхээс дараах хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. ******* ХХК нь 2008 оны 05 сарын 22-ны өдөр гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, Н.Туул гэх хүн үүсгэн байгуулсан, компанийн гүйцэтгэх удирдлагаар компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Туул бүртгэгдсэн байна. /хх-ийн 102 дугаар тал/
3.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох журамтай.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны 101/ШЗ2023/16400 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүй болсон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор нийтэд мэдээллэж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өдрийн сонины 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 124(7244) дугаарт болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудаст тус тус нийтлэгдсэн.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх хэдий ч тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээд байхгүй байхгүй байна.
4. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/17958 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар ******* ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлэхийг даалгасан.
Хэрэг гүйцэтгэгчээс тодорхой ажиллагаануудыг хийж, баримт цуглуулж, уг баримтуудын хүрээнд ******* ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхтэй холбоотойгоор холбогдох газруудаас нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасныг тухай бүрт нь шүүгчийн захирамжаар хангаж, нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. /хх-ийн 91-119 дүгээр тал/
5. Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгийн дүгнэлтэд:
...******* ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба 2014-2016 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцож үзэхэд компанийн өр 103,214,1 мянган төгрөг болж алдагдалтай ажилласаны улмаас өөрийн хөрөнгийн 313.6 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээдүүдээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж дүгнэсэн.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд ******* ХХК-ийг өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул бусад өр төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэж үзэхээр байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1-д зааснаар хангаж шийдвэрлэв.
Хариуцагч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 14,781,870 төгрөгийн өртэй талаар тайлбарлаж, холбогдох баримтыг ирүүлсэн ба шүүхээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст дампуурлын хэрэг хянагдаж, холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн талаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/22038 дугаар шүүгчийн захирамжийг хүргүүлсэн боловч тус хэлтэс нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1551 дугаар зүйлийн 1551.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК /регистрийн дугаар 5230187/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 14,781,870 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах тухай шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.
6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргал хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нарт даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА