| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/02186/И |
| Дугаар | 102/ШШ2024/05282 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/05282
| 2024 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/05282 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 47 тоотод оршин байх хаягтай, “ЭЭ” ХХК /РД:/
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, 1 дүгээр хороо, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, өөрийн байранд оршин байх, “ГГ” ХК /РД:/
Шүүхэд гаргасан хүсэлт: Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах;
“ГГ” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл: зээлийн гэрээний үүрэгт 467,432,860 төгрөг гаргуулах;
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл: Татварын өр төлбөрт 98,779,294.52 төгрөг гаргуулах;
Шүүх хуралдааны оролцогч:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Ө
Нэхэмжлэгч “ГГ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ою
Хэрэг гүйцэтгэгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ЭЭ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1-д “Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана” гэснийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж энэхүү хүсэлтийг дахин гаргаж байна.
“ЭЭ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гадаад худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээ, барилгын материалын бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 21,000 төгрөг, 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн урт хугацаанд тогтвортой, идэвхтэй үйл ажиллагааг эрхлээгүй бөгөөд 2012 оноос компанийн үйл ажиллагаанд доголдол үүсч богино болон урт хугацаат өр төлбөрийг төлж чадахгүй, төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болж, зогсонги байдалд орсон.
Хэдийгээр компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж ажиллан хэд хэдэн удаагийн оролдлогоор хөрөнгө оруулалт босгох зорилгоор зээл авсан боловч дурдсан үйл ажиллагаанаас ихээхэн хэмжээний алдагдал бий болж хөрөнгө оруулагч нараас хүлээн авсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлж чадахгүй болсон зэрэг санхүүгийн хүндрэлүүд үүссэний улмаас сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулаагүй.
Манай компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-аас хориг тавигдсан байгаа тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Газрын алба зэрэг байгууллагууд хоригтой шалтгаанаар эд хөрөнгийн лавлагаа гаргаж өгөх боломжгүй байгаа.
Тус компани нь шүүхийн шийдвэрээр дараах 2 байгууллагад өр төлбөртэй. Үүнд: 1/ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 285 дугаар захирамжаар “НН” ХХК-д 475,112,980 төгрөгийн төлбөртэй.
2/ Баянгол, Хан-уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04963 дугаар шийдвэрээр “ГГ” ХК-д 464,950,160 төгрөгийн төлбөртэй.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээрээ эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан. Ийнхүү “ЭЭ” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болж хүнд нөхцөл байдал үүссэн тул хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011232102 дугаарт бүртгэлтэй, 5382793 регистрийн дугаартай “ЭЭ” ХХК-ийг дампуурсанд тооцож , татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “ЭЭ” ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
“ЭЭ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 72,841,172.71 төгрөг, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 3,142,900 төгрөг, Татварын торгууль 7,598,407.27 төгрөг, татварын алданги 15,196,814.54 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус хуулийн этгээдээс татварын өр нийт 98,779,294.52 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.
3. Нэхэмжлэгч “ГГ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04963 тоот дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч “ЭЭ” ХХК-иас 464,950,160 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,482,700 төгрөгийн хамт нийт- 467,432,860 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Улмаар уг шийдвэрийг төлбөр төлөгч талын гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1359 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
“ЭЭ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд банкны барьцаа хөрөнгө болох эзэмшигч Я. нарын өмчлөлд бүртгэлтэй 000 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 0 тоот, 54 м2 талбайтай байр, мөн эзэмшигч Г. Ч. нарын өмчлөлд бүртгэлтэй, Ү-2 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 0 байрны 0 тоот 30 м2 талбайтай 2 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Улсын бүртгэлийн газарт хандаж түр түдгэлзүүлж, нийт 2 шатны дуудлага худалдааг явуулсан. Дуудлага худалдаанд худалдан авагч тал гарч ирээгүй тул банканд уг хөрөнгүүдийг суллах, чөлөөлөх, шилжүүлэх зэрэг ажлууд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжин хийгдэхээр хүлээгдэж байна. Өнөөдрийн байдлаар төлбөр төлөгч “ЭЭ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн төлбөр барагдуулсан асуудал байхгүй тул банканд учруулсан хохирол болох 467,432,860 төгрөгийн нэхэмжилнэ гэжээ.
4. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32024/11859 дугаар захирамжаар “ЭЭ” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр дүгнэлтийг дахин гарган шүүх, нэхэмжпэгч, хариуцагч нарт танилцуулж байна.
“ЭЭ” ХХК нь Улсын бүртгэлийн 900 дугаартай, 50 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 0 тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, үсчин гоо сайхны үйлчилгээ, барилгын материалын бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 21,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.
“ЭЭ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2010-2013 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Үүнд:
1/ Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2010-2013 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 285 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04963 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1006 дугаартай нэхэмжлэл, ГГны 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18/06-230796 дугаартай нэхэмжлэл, “ЭЭ” ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 1,046,620,129.52 төгрөг болж өөрийн хөрөнгийн -599.95%...-656.40%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
2/ Тайлант хугацаанд “ЭЭ” ХХК-ийн хуримтлагдсан алдагдал - 160,447,962.31 төгрөгт хүрч эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн дүнгийн /нийт хөрөнгө/ 20.13%-д хүрсэн үзүүлэлт гарч байна.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “ЭЭ” ХХК нь 2013 оноос өөрийн хөрөнгийн -599.95%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор цахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “ЭЭ” ХХК нь төлбөрийн чадваргүй болж хууль болон гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ЭЭ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 - 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “ЭЭ” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтэд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн.
2. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “ЭЭ” ХХК-ийг төлбөрийн чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон. Түр хэрэг гүйцэтгэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “ЭЭ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон №03 тоот дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.
3. Дээрх дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/шз2024/09183 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хүсэлт гаргагч “ЭЭ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн.
4. “ЭЭ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн ажиллагаатай холбоотойгоор Баянгол дүүргийн татварын хэлтэс татварын өр төлбөрт 98,779,294.52 төгрөгийг, “ГГ” ХК 467,432,860 төгрөгийг тус тус нэхэмжилж, дампуурлын хэргийн оролцогч болсон байна.
5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/шз2024/11859 дүгээр захирамжаар нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч нараас гаргасан саналын дагуу Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг баримтлан А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.
6. 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг гүйцэтгэгч А.Эоос №04 тоот дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Хоёр.
1. “ЭЭ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 гишүүнтэйгээр, гадаад худалдаа, үсчин гоо сайхан, барилгын материалын бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 21,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.
2. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс “ЭЭ” ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн “ЭЭ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тус тус гаргуулан ажилласан.
3. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “…‘ЭЭ’ ХХК нь …төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ‘ЭЭ’ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэж тусгагджээ.
4. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасан дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.
5. Дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй тул Дампуурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй.
6. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу “ЭЭ” ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгаж, мөн хариуцагч “ЭЭ” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгав.
Гурав.
1. Дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай “ЭЭ” ХХК-ийн хүсэлттэй хэрэгт нэхэмжлэгч “ГГ” ХХК нь 467,432,860 төгрөгийг шаардсан.
1.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/шш2015/04963 дугаар шийдвэрээр “ЭЭ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 464,950,160 төгрөгийг гаргуулан “Г” банкинд олгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
1.3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол гэж заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд илэрсэн гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
2. Баянгол дүүргийн Татварын хэлтэс нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 72,841,172.71 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 3,142,900 төгрөг, татварын торгууль 7,598,407.27 төгрөг, татварын алданги 15,196,814.54 төгрөг, нийт 98,779,294.52 төгрөгийг “ЭЭ” ХХК-иас шаардсан.
2.1. Баянгол дүүргийн Татварын хэлтэс өөрийн шаардлагыг нотлох үүднээс хэрэг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №НА-26230000031 тоот “Нөхөн ногдуулалтын акт”, илтгэх хуудасны хавсралт, татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн өрийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2. “ЭЭ” ХХК нь нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, мөн татварын өр төлбөр, хэмжээний талаар маргаагүй. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “ЭЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд заасны дагуу “ЭЭ” ХХК-иас 467,432,860 төгрөг гаргуулах тухай “ГГ” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор тус банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,495,114.30 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар “ЭЭ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан шийдвэрээр “ЭЭ” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “ЭЭ” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “ЭЭ” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
6. “ЭЭ” ХХК-иас татварын өр төлбөрт 98,779,294.52 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭЭ” ХХК-иас 467,432,860 төгрөг гаргуулах тухай “ГГ” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ГГ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,495,114.30 төгрөгийг нэхэмжлэгч “ГГ” ХК-д буцаан олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “ЭЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХА