Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/605

 

 

                                                               Т.У, Б.Х, Г.Б нарт                                                              

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн өмгөөлөгч О.Буянтөр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.У, Б.Х, Г.Б нарт холбогдох 2211 01885 1418 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Т-ын У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, ам бүл .... хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

2. Х овгийн Г-ын Б, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл ..... хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

3. М овгийн Б-гийн Х, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах “НЛ” ХХК-ийн “Тimberland” гутлын тасагт худалдааны зөвлөх хийж байх үедээ 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 34.780.849.90 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.У, Г.Б, Б.Х нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Х нарт оршин суух газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Х нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Уас нийт 18.874.500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад олгож,

эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие дээд боловсролтой аялал жуулчлалын маркетинг мэргэжилтэй. Би гэм буруугаа ухаарч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоригдож байх 2 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгосон. Нөхөр, өсвөр насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр маань сахарын 4 дүгээр зэргийн оноштой, эмчийн хяналтад байдаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Хүүхдүүдийнхээ сурлага, боловсрол болон цаашид зөв хүмүүжихэд нь эх хүнийхээ хувьд анхаарч, хариуцлагатай ээж байж чадна гэдгээ амлаж байна. Мөн хохирогч талаас уучлалт гуйж байна. Ажил хөдөлмөр эрхэлж үлдсэн хохирол, төлбөрөө төлж барагдуулахаа амлаж байна. Цаашид гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж, хариуцлагатай байж, сайн ээж, сайн хань байхаа мөн амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.У-ын өмгөөлөгчөөр, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэдэг байр суурьтай оролцож байна. Давж заалдах гомдолдоо Б.Х, Г.Б нарын асуудлыг дурдаагүй. Т.У нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээр маргадаггүй бөгөөд хохирогч талын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, тохиролцож, хохирол, төлбөр төлөхөө илэрхийлэх гэсэн боловч тийм боломж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш “НЛ” ХХК-д нийт 18.874.500 төгрөгийн хохирлоос 11.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг Т.У ажил хөдөлмөр эрхэлж, төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Ё.Э, Ё.Б гэх 2 хүүхэд нь 7, 11 дүгээр ангид суралцдаг бөгөөд “Сүүлийн үед хүүхдүүд хичээл таслах, хичээлээсээ хоцрох болж, дуугаа хураадаг, ганцаардмал байдалтай болсон. Аавтай нь уулзаад учрыг нь мэдсэн. Хүүхдүүдийн нөхцөл байдал нэлээд хүнд байгаа нь үнэн болно” гэсэн агуулга бүхий сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт байна. Т.У нь 2, 7, 11 дүгээр ангийн 3 хүүхэдтэй бөгөөд хоригдож байх 2 сарын хугацаанд түүний гэр бүлийн нөхцөл байдал хүнд байна. Т.У-ын нөхөр нь сахарын хүнд хэлбэрийн өвчтэй тул хөдөлмөр эрхлэх боломж бага байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Т.Уд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 3 жил хүртэл хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн Т.У-ын хувийн байдалтай холбоотой болон хохирол төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх хүсэлтэй байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн өмгөөлөгч О.Буянтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрт 11.000.000 төгрөг төлөгдсөн. Шүүгдэгч Т.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хохирогч байгууллагад танилцуулж, шүүх хуралдаанд оролцох эсэхийг асуухад шүүх хуралдаанд оролцохгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлаар давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэлнэ гэсэн хариу өгсөн. Өмгөөлөгч миний хувьд мөн адил эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.У нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо 18.874.500 төгрөгийн хохирлоос төлөөгүй байсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан 6 сарын хорих ял үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.У нь давж заалдах гомдол гаргах явцдаа 11.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд хохирол тодорхой хэмжээнд төлөгдсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах “НЛ” ХХК-ийн “Тimberland” гутлын тасагт худалдааны зөвлөх хийж байх үедээ 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 34.780.849.90 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн “...Би Улсын их дэлгүүрийн Тимберланд гутлын тасагт шоп менежер хийдэг бөгөөд манай дэлгүүр сарын сүүлээр нэгдсэн тооллого хийдэг бөгөөд шаардлагатай зарим үед гэнэтийн тооллого хийдэг. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 2,707,000 төгрөгийн алдагдал гарч ирсэн учраас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр захирлын тушаалаар нэгдсэн тооллого хийхээр болж тооллогын комисс ажиллахад 34,221,000 төгрөгийн бараа дутсан бөгөөд захирлын зөвлөгөөний хурал хийж ажиллахад манай дэлгүүрийн худалдааны зөвлөх У, Б, Х нар нь дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс хувьдаа хэрэглэж, өр дутагдал үүсгэснээ хүлээн зөвшөөрч өөрсдийн хувьдаа авсан бараа бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн хэлж тооцоо гаргуулсан ба манай тооллогын комиссын зүгээс зарлагын баримт болон бүртгэл судалгаанд үндэслэн У, Х, Билгүүн нарын хувьдаа авсан бараа бүтээгдэхүүн нэг бүрийг тус бүрээр нь гаргаж У, Х, Б нар нь өөрсдөө хүлээн өр төлбөрөө барагдуулах талаараа баталгаа бичиж өгсөн. Үүний дараа Х өөрийн өр болох зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгууллагын хохирлыг 5,069,999 төгрөгийг төлж барагдуулсан. Б өөрийн өр болох 10,276,502 төгрөгийг байгууллагад цаг тухай бүр төлөөд явж байгаа. Харин У нь өөрт оногдсон төлбөр болох 18,874,499 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй мөн утсаа авахгүй холбоо барихгүй алга болсон юм. Манай байгууллага гэнэтийн тооллого хийх үеэр бараа бүтээгдэхүүний дутагдал гарч ирсэн учраас манай удирдлагын зүгээс тооллогын комисс томилж дахин тооллого хийх үед кассын баримт болон гар бүртгэлийн дэвтэр бараа бүтээгдэхүүн дутсан нь тодорхой гарч ирж байсан бөгөөд манай тооллогын комисст манай байгууллагын менежер болон нягтлангууд байсан ба ерөнхий нягтлан Бат-Эрдэнэ удирдаж тооцоог гаргасан. Мөн байгууллагын хурлын үеэр У өөрийн авсан бараа бүтээгдэхүүнээ хэлээд байгууллагад учруулсан өөрийн өр зээлээ хүлээн зөвшөөрч байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. ...” /1хх 139-141/,

гэрч А.Б-нийн “...”НЛ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч хийдэг бөгөөд манай байгууллага сар бүрийн төлөвлөгөөт болон гэнэтийн тооллого гэж хийдэг юм. Харин 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай тооллогын комисс томилж Улсын Их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах Тимберланд тасагт гэнэтийн тооллого хийхэд 2,700,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан учраас манайхаас дахин тооллого хийхээр болж 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нийт 5 салбарын Тимберланд тасагт зэрэг тооллого хийсэн. Тухайн үед Т.У гэх худалдааны зөвлөх нь Шангриллагын 3 дугаар давхарт байрлах Тимберланд тасагт худалдааны зөвлөх хийж байсан бөгөөд тухайн тасгаас 3,542,000 төгрөгийн бараа дутагдал гарч ирсэн. Тухайн үед У Шангрилла салбарт Е /-ны хамтаар ажилладаг байсан. Мөн Улсын Их дэлгүүрийн тасагт 19,769,000 төгрөгийн бараа дутагдал гарч ирсэн бөгөөд тооллогын үеэр У нь 7,560,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг касс дээр борлуулж зарсан гэсэн бичилт хийсэн байсан бөгөөд мөнгө нь байхгүй байсан юм. Ингээд нийт 34,221,000 төгрөгийн бараа дутагдал гарсан учраас бид нар тухайн үед тус тасагт худалдааны зөвлөх хийж байсан Х, Б, У нарыг дуудаж хурал хийсэн. У гэх эмэгтэй нь манай байгууллагад худалдааны зөвлөх хийгээд нэлээн удаж буй туршлагатай ажилтан байсан мөн 2021 оноос эхлэн Улсын Их дэлгүүрийн Тимберланд тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ба 2022 оны 5 дугаар сарын эхээр салбараа сольж Шангрилла салбарт ажиллаж байсан юм. Ингээд хурлын үеэр Х энэ бараа бүтээгдэхүүнийг У эгч авсан гэж хэлсэн ба касс дээр бичилт хийсэн 7,500,000 төгрөгийг гурвуулаа хувааж өгөхөөр болж үүн дээр тухайн гурван худалдааны зөвлөх нь өөр өөрсдийн авсан бараа бүтээгдэхүүнээ хэлж тооцоогоо гаргасан ба 18,874,499 төгрөг, Х 5,069,999 төгрөг, Б 10,276,502 төгрөгийн өр тооцоо гарч өөр өөрсдөө гарын үсэг зурж авсан мөнгөө төлж барагдуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн гар бичвэр хийж өгсөн. ...” /1хх 21-23/ гэсэн мэдүүлгүүд,

“Фин Аз Аудит” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тусгайлсан гүйлгээнд санхүүгийн аудит хийсэн дүгнэлт /1хх 32-35/, Т.У-ын хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1хх 44-53/, тооллого хийсэн тухай баримтууд /1хх 54-78/, Б.Хг ажилд томилсон тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх 85-93/, Г.Бг ажилд томилсон тушаалын хуулбар /1хх 94/, шүүгдэгч Т.У, Б.Х, Г.Б нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 151, 160, 169/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Т.У, Б.Х, Г.Б нарыг “Бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нарын бүлэглэн “НЛ” ХХК-ийн “Тimberland” гутлын тасагт худалдааны зөвлөх хийж байх үедээ 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 34.780.849.90 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х, Г.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдлууд зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар “...оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 3 жил хүртэл хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж зохицуулжээ.

Шүүгдэгч Т.У-ын хувьд анхан шатны шүүхээс хохиролд гаргуулахаар заасан 18.874.500 төгрөгөөс давж заалдах шатны шүүхийн шатанд 11.000.000 төгрөгийг төлж барагдуулсан хэдий ч үлдэх хохирол болох 7.874.500 төгрөгийг хэрхэн, яаж, хэдий хугацаанд төлж барагдуулах талаар бодитой илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.У-ын хохирол төлбөрийн зарим болох 11.000.000 төгрөгийг төлсөн байдал, үлдсэн хохирлын хэмжээ, ар гэрийн болон хувийн байдлууд зэргийг харгалзан шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад 11.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “...Шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У 11,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ын цагдан хоригдсон 64 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон /64 х 8 = 512/ эдлэх ялаас хасаж, 510 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Т.У-ыг нэн даруй сулласугай.

 

4. Шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ