2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29-1 тоот хаягт оршин байрлах хаягтай, “ДД” ХХК /РД:/-ийн   

 

хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хэргийг хянаад   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

“ДД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДД” ХХК нь 2008 оны 5 дугаар сарын 29-нд барилгын материалын худалдааны чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 хүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2008 оноос 2013 он хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байсан. 2013 оноос үйл ажиллагаа суларч алдагдалтай ажиллах болсон. Учир нь бараа материалыг бусад компаниас худалдаж авахдаа нийт 18,163,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падааны төлбөр алданги тооцогдож, Баянгол дүүргийн татварын албанаас хяналт шалгалт явуулсны дүнд нийт 24,611,500 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Уг төлбөрөөс 4,000,000 орчим төгрөгийг нь төлсөн ба энэ хугацаанд данс хаагдаж үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болж, худалдан авалт эрс муудаж санхүүгийн чадавхи суларсан. Мөн 100 айл орчим татан буугдаж нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж эхэлсэн тул төлөөлөгч нь лангуун дээрээ сууж бараа материал худалдахаа бүрэн зогсоож төлбөрийн чадваргүй болсон. Эдгээр байдлаас “ДД” ХХК-ийг үйл ажиллагаа бүр мөсөн зогсч 2015 оноос өнөөг хүртэл ямар ч худалдаа хийгээгүй.  Одоо “ДД” ХХК-ийн төлөөлөгч буюу захирлын биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, компани нь 1 гишүүнтэй бөгөөд байгууллагын хөрөнгө, мөнгө, гишүүд гэх асуудал нь маргаан байхгүй тул “ДД” ХХК-ийг татан буулгаж, дампуурсанд тооцож өгнө үү гэжээ.

 

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/08897 дугаартай захирамжаар “ДД” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэгт гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж танилцуулсан. “ДД” ХХК нь улсын бүртгэлийн 90 дугаартай, 5 тоот регистертэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 0 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэг гишүүнтэйгээр барилгын материалын үйл ажиллагаа эрхлэхээр 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан. Хаан банкинд 0 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгдсэн байна.

Төлбөрийн чадварын талаарх дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг хангуулах бөгөөд 2015-2018 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс давсан байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байгаа. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0,8 байх ёстой. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. “ДД” ХХК-ийн 2015-2018 онуудын тайлан дахь харьцааны утга 0,73 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй богино хугацаат өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна.

Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 70-80% болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл 2015 онд 73%, 2016 онд 53%, 2017-2018 онд 53%, тус тус гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй буюу хөрөнгө нь хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гадны эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2018 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь тус “ДД” ХХК нь төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.

“ДД” ХХК-ийн өр төлбөрийн тухайд: “ДД” ХХК нь татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагад буюу Баянгол дүүргийн Татварын хэлтэст 18,342,743 төгрөг, урьдчилж орсон орлого /өөрийн данс/ 1,086,000 төгрөг, 19,428,743 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан “ДД” ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 1,553,143.40 төгрөг болж өөрийн хөрөнгийн -369,83% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. “ДД” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4431 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Татварын хэлтэст төлөх 20,907,500 төгрөгийн татварын өр төлбөрийг санхүүгийн тайландаа тусгаагүй байна. Хэрэв энэхүү дүнг нэмж тооцвол тус компанийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа ихээхэн нэмэгдэхээр байна. Уг дүнг шүүхэд ирүүлсэн нийт нэхэмжлэлийн дүнгээр хэрэг гүйцэтгэгчид дүгнэлтэд оруулах нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 гэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “ДД” ХХК нь 2016 оноос өөрийн хөрөнгийн -369.83%-тай тэнцэх хэмжээний үүргээ биөлүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32020/03432 дугаар захирамжаар “ДД” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. “ДД” ХХК нь гадаад, дотоод худалдаа, барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба 100 айл дахь барилгын материалын худалдааны төвд лангуу түрээслэн бараа худалдах үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Барааны үнийн өсөлт, борлуулалт буурсны улмаас тус компанийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас нийлүүлэгчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Мөн компанийн үүсгэн байгуулагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2015 оноос үйл ажиллагаа явуулаагүй нь байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1, 74.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус зөрчиж нийт 181,636,400 төгрөгийн бараа ажил үйлчилгээндээ НӨАТатварын болон татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгуульд нийт 24,611,500 төгрөг төлөх болсон байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, 2015 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: “ДД” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдпэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.

Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн ажлууд: Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “ДД” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/Ш32019/14866 дугаар захирамжаар холбогдох лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно.  

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгийн талаар: Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/Ш32019/14866 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар “ДД” ХХК-ийн хувиарлагдах эд хөрөнгө байхгүй, тогтоогдоогүй. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. “ДД” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн болон бусад баримт, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтуудаас хариуцагчид хуваарилагдах хөрөнгө болон мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй.

Нэхэмжлэлийн талаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32020/03432 дугаар захирамжаар “ДД” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5.5 дахь хэсэг заасны дагуу Өнөөдөр сонины дугаарт нийтэд мэдээлсэн боловч аж ахуйн нэгж байгууллага болон иргэдээс шүүхэд нэхэмжлэл ирүүлээгүй.

Дампуурлын шинжилгээ дүгнэлт: Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд нь сөрөг утгатай гарч байгаа нь “ДД” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

“ДД” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “ДД” ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ДД” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ. 

 

Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

“ДД” нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2019/12918 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн ба 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2019/13559 дүгээр захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон.

 

Түр хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2020/03432 дугаар захирамжаар “ДД” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ талаар нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр товлосон.

 

Гэвч “ДД” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл ирээгүйгйүгээс нэхэмжлэгчдийн хурал хийгдээгүй тул шүүгчийн захирамжаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай “ДД” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон. 

 

“ДД” ХХК нь улсын бүртгэлийн 90дугаартай, 0 тоот регистертэй, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэг гишүүнтэйгээр барилгын материалын үйл ажиллагаа эрхлэхээр 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч “ДД” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй. 

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд ...Дампуурлын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэжээ. 

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, 33.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.

 

Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

Дээр дурдсанчлан шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2020/03432 дугаар захирамжаар “ДД” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өнөөдөр” сонингоор зарласан.

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд “...Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, 0 регистртэй, “ДД” ХХК нь өнөөдрийн байдлаар 2013 оны татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан 13,268,100, суутган-1 тайлангийн 467,143.40, нийт 13,735,243.40 төгрөгийн татварын өртэй байна.  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4431 дүгээр захирамжаар тус компанид хамаарах өрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж ирсэн болно” гэсэн  03/1163 дугаар албан бичгийг хавсралтын хамт ирүүлсэн.

 

Гэвч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ямар нэг нэхэмжлэлийг гаргаагүйгээс гадна хөөн хэлэлцэх  хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “ДД” ХХК /РД:0/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “ДД” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.

 

3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “ДД” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “ДД” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “ДД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Н.ХАНГАЛ