| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/02464/И |
| Дугаар | 101/ШШ2022/01074 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/01074
2022 03 10 101/ШШ2022/01074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянз=үрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 98-р байрны подвалд оршин байх ******* ХХК-ийн,
Төлбөрийн чадваргүйд тооцуулж татан буулгуулах хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан, өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон захирал Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд манай компани үүсгэн байгуулагдсан. СӨХ-ны үйл ажиллагааны хүрээ нь нийт 10-28 байртай, 32 ажилтантай ажиллаж байсан. Би цаашид компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Учир нь манай гэр бүлийн хүнд байнгын асаргаа хэрэгтэй болсон тул би компанийнхаа хүмүүст найдаж үлдээхээс өөр аргагүй болоод нягтлан бодогч н.Дарьсүрэнд бүх зүйлээ, унаж байсан машинаа хүртэл хүлээлгэж өгөөд тэтгэвэртээ гарсан. Гэтэл 6 жилийн дараа шүүхийн шийдвэрээс хүн ирсэн. Ингээд энэ талаар тодруулахад манай компанийн үйл ажиллагаа нь зогсоод, н.Дарьсүрэн өөрийн гэсэн компанийг байгуулаад явсан байсан. Гэр бүлийн маань хүн 22 жилийн турш өвдөж, ясны 100 хувийн сийрэгжилттэй болсон байсан. Эвгүй л хөдлөх юм бол бүх яс нь хугарах аюултай, арьс нь мөн илжирсэнтэй ялгаагүй болсон. Тиймээс ******* ХХК-ийг компанийг дампуурсанд тооцож өгнө үү. Манай компанид хөрөнгө мөнгө байхгүй, цаасан дээр л нэртэй болохоос юу ч байхгүй, компанийн тамга, тэмдэг нь надад байдаг гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05111 дүгээр захирамжаар би хэрэг гүйцэтгэгчээр томилогдож Дампуурлын тухай хуулийн 13.1-д заасны дагуу дүгнэлт гаргаж танилцуулж байна. Дампуурлын тухай хуулийн 4.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд балансын аргаар санхүүгийн тайланд тулгуурлаж төлбөрийн чадвартай эсэхийг тогтоодог. Өөрөөр хэлбэл уг хуулийн зүйлийг тоон утгаар гаргасан. ******* ХХК нь 2014 оноос өөрийн хөрөнгийн 18,64 хувийн үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон. Тиймээс шүүхээс нийтэд зарлаж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2013, 2015 оны тайлангаас харахад өр нь -81,568,100 төгрөг 2014 онд -198,000,000 төгрөг, 2015 онд -207,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь тус компанийн дампуурах үндэслэл болсон. 2016 оноос үйл ажиллагаа нь зогссон нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын даргын 03 дугаартай албан тоотоор нотлогддог. ******* ХХК нь өр төлбөрөө барагдуулах эргэлтийн мөнгө байхгүй нь төлбөрийн үйл ажиллагаа доголдох гол нөхцөл болжээ. Л.Жаргалсайхан нь өөрийн эрх, үүргийг н.Дарьсүрэнд шилжүүлсэн боловч улсын бүртгэлтэй холбоотой бүртгэлийн ажиллагааг хийгээгүй. Шүүгчийн захирамжийн дагуу хийх ажлыг дурдсан нь Дампуурлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлүүдэд зааснаар тус компани өмнө нь хөрөнгөтэй байсан эсэх, одоо байгаа эсэх, арилжааны банкнуудаас хөрөнгө байгаа эсэхийг тогтоосон. Ингээд холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар ******* ХХК нь хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл байхгүй болох нь тогтоогдсон. Дампуурлын шинжилгээний 5 загвар байдаг бөгөөд үүгээр санхүүгийн тайланд дампуурлын шинжилгээ хийхэд дампуурах өндөр үндэслэлтэй гэж үзсэн. Тус компанийг дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд гаргаснаас хойш 60 хоногийн дотор Дампуурлын тухай хуулийн 3.1-т зааснаар уг саналыг шүүхэд ирүүлээгүй тул татан буугдах үндэслэл бий болсон. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон тул татан буулгах санал оруулсан. Төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцож татан буулгах 2 зохицуулалттай. Төлбөрийн чадваргүй нь эдийн засгийн, дампуурал нь эрх зүйн чадвартай холбоотой байдаг. Онцгой ажиллагааны журмаар уг хэргийг хянан шийдвэрлэдэг. Уг хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой маргаан, хариу тайлбар зэрэг байдаггүй. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус компани нэг гишүүнтэй байх бөгөөд гадаад худалдаа, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3,278,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдаж 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 9826 дугаартай захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19015 дугаартай захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон. Хуульд заасны дагуу өдөр тутмын Өдрийн сонины 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаараар дамжуулан ******* ХХК төлбөрийн чадваргүй болсныг олон нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн анхны хурлын тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг мэдээлсэн байна.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Дурдсан хугацаанд ******* ХХК-д холбогдуулан тус компаниас авлагатай гэх аливаа этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу нэхэмжлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах дахин хөрөнгөжүүлэх, хэрэг гүйцэтгэгч томилох зэрэг асуудлаар шийдвэр гарах ажиллагаа явагдаагүй болно.
Шүүх Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5111 дугаартай захирамжаар томилсон. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс ******* ХХК-ийн санхүү, татварын тайлангууд, бусад нотлох баримтуудыг үндэслэн гаргасан дүгнэлтээ мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр 04 тоот дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ******* ХХК нь санхүү, төлбөр хариуцах чадварын хувьд 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, 2013-2015 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр өөрийн хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ нь алдагдаж, төлбөр барагдуулах боломжгүй болсныг, тус компанийн өр төлбөр 2015 оны байдлаар 99,111,800 төгрөгийн өр төлбөртэй байгаа нь 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн 18.65 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг гүйцэтгэж чадахгүйд хүрч төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэсэн нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 13.3-т нийцэж байна.
******* ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр Ус сувгийн удирдах газарт 43,527,244 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай дүгнэлтэд дурдсан болон хүсэлт гаргагч энэ талаар маргахгүй байна. Хүсэлт гаргагч татварын, нийгмийн даатгалын тайлангаар тус тус Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 7,296,100 төгрөгийн, мөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 581,700 төгрөгийн тайлагнасан өр төлбөртэй байна.
Мөн тус компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчийн зүгээс Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх саналыг, зохих төлөвлөгөөны хамт шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд мөн энэ талаар дурджээ.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх санал, төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй учир мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй.
Хариуцагчийг татан буулгахтай холбоотой бүхий л шаардлагатай ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж, тухайн ажиллагаатай зайлшгүй зардлыг ******* ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигчээс гаргуулан зохих ажиллагаа явуулахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг баримтлан ******* ХХК /регистрийн дугаар 2704579/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18, 34, 35, 36-д тус тус заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах /эд хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах/ ажиллагааг дуусгавар болгон холбогдох байгууллагад мэдэгдэх, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ******* ХХК нь Ус сувгийн удирдах газарт төлөх 43,527,244 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, Ус сувгийн удирдах газрын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
4. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ