| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/05164/И |
| Дугаар | 192/ШШ2025/04497 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04497
2025 05 27 192/ШШ2025/04497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 3-83 тоотод оршин байх, “НН” ХХК /РД: /
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, 1 дүгээр хороо, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Шүүхэд гаргасан хүсэлт: төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах;
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл: Татварын өр төлбөрт 288,062,035.77 төгрөг гаргуулах;
Шүүх хуралдааны оролцогч:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасан
Хэрэг гүйцэтгэгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “НН” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “НН” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 172,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, барилга угсралтын ажил, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус компани нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь УУ, захирлаар түүнийг томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. “НН” ХХК нь 2008 оноос хойш 2011 он хүртэл барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан.
2011 оноос нягтлан бодогчоор санхүүгийн үйл ажиллагаагаа хөтлүүлж санхүүгийн тайлан балансыг хуулийн дагуу гаргуулах болсон. Гэтэл нягтлан бодогч нь санхүүгийн ажлыг гүйцэтгэх явцдаа, гэрээний дагуу цалин хөлс, мөн татвар төлнө гэж удаа дараалан мөнгө авдаг байсан боловч татварын хяналт шалгалт ороход бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэж хэлдэг байсан нь худлаа болж нягтлан бодогчийн өөрийнх нь ажиллуулдаг байсан компаниудын нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн тайланд оруулдаг байсан нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгагдан эрүүгийн хэрэг үүсгэгдэж тогтоогдсон байдаг. Тус газарт шалгагдаж байх хугацаанд татварын хяналт шалгалт манай компанид орж хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан хэмээн их хэмжээний акт төлбөр тавигдсан.
Баянгол дүүргийн татварын албанаас их хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр тавигдаж, компани удаа дараа, шүүхэд дуудагдан, банкин дахь харилцах дансаа хаалгаснаар цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж шүүхийн шатанд шилжиж манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож дампуурсан. 2013 оноос эхлэн барилгын салбарт бүхэлдээ хямрал үүсэж Засгийн газар болон банкнуудаас барилгын салбарт зээл олгохоо больсон.
Дээрх хоёр шалтгаанаас үүдэн “НН” ХХК-ийн үйл ажиллагаа 2015 онд бүрэн зогсож, цаашдаа үйл ажиллагаа явуулах ямар ч санхүүгийн чадваргүй болсон. Иймд “НН” ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар шүүхэд хандаж байна. “НН” ХХК-ийн эд хөрөнгө болон өр авлагын тухайд бусдаас авах авлагагүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний 102/ШШ2014/06097 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн татварын хэлтэст 240,000,000 төгрөгийн өр төлбөртэй. Өөр бусад аж ахуй нэгжид өр төлбөр байхгүй болно.
Иймд “НН” ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “НН” ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
“НН” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтэст Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 281,484,987.27 төгрөг, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 6,577,048.50 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус хуулийн этгээдээс татварын өр нийт 288,062,035.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 192/шз2025/14972 дугаар захирамжаар “НН” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн “И-Баланс” цахим тайлангийн системд баталгаажсан санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр гарган шүүх, зохигч нарт танилцуулж байна.
1/ “НН” ХХК нь Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 0дугаар байр, 0 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 гишүүнтэйгээр барилгын засвар, засал чимэглэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 172,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 170,000,000 төгрөг болгон өөрчилснийг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс гадаад худалдаа, барилга угсралтын ажил, барилгын засвар, засал чимэглэл эрхлэх үйл ажиллагааг хасаж, шинээр төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааг тус тус бүртгүүлсэн байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь УУ.
“НН” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ тухай:
а/ Нөхөлтийн коэфициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2-2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “НН” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 8.5 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.
б/ Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. “НН” ХХК-ийн 2023 оны тайлан дахь харьцааны утга 17.06 гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа алдагдаагүй, ойрын ирээдүйд дансны авлагаар хүлээгдэж буй өр төлбөрийг төлөх боломжтой байгааг илэрхийлж байна.
в/ Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Тус компани нь 2015-2022 онуудад өр төлбөрийн 0.1 хувийг барагдуулах мөнгөн хөрөнгөтэй, өнөөгийн байдлаар өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө байхгүй байгаа нь өр төлбөрийг барагдуулахад боломжгүй болохыг илэрхийлж байна.
г/ Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд “НН" ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
2/ “НН” ХХК-ийн өр төлбөр:
“НН” ХХК-ийн 2012-2016 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн лавлагаар Баянгол дүүргийн Татварын хэлтэст 288,062,035.77 төгрөг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт 9,392,700 төгрөг, нийт 297,454,735.77 төгрөг байна. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэх тул нэхэмжлэлийн дүн тодорхой болох юм.
3/ Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1.“НН” ХХК-ийн 2012-2016 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2.2021-2023 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон “НН” ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 297,454,735.77 төгрөг болж өөрийн хөрөнгийн 20.89 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “НН” ХХК нь 2016 оноос өөрийн хөрөнгийн 20.89 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
5.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Мөн зүйл, хэсгийн “...төлбөрийн чадваргүйд тооцно” гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно” гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг “НН” ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.
6.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/Ш32025/06895 дугаар захирамжаар “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4/ Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:
“НН” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2012-2016 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараах нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.
1.“НН” ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөр санхүүгийн тайлангаар 2012 онд 48,067,600 төгрөг, 2013 онд 562,935,300 төгрөг, 2014 онд 51,54,300 төгрөг, 2015- 2016 онуудад 63,434,200 төгрөг, 2025 оны байдлаар 297,454,735.77 төгрөг болсон, 2016 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна.
2.Тус компанийн эргэлтийн хөрөнгийн харьцаа бүрэн алдагдаж мөнгөн хөрөнгө байхгүй болсон, харьцааны үзүүлэлт маш бага буюу онолын зохистой харьцаанаас 8.5 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна.
3.Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүйгээс үйл ажиллагааг сэргээн явуулах боломжгүй болсон нь “НН” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох хүчин зүйл болсон байна.
5/ Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт:
“НН” ХХК-ийн удирдлага, хувьцаа эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, аж ахуй удирдан явуулах мэдлэг дутмаг, өр төлбөрийн тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, санхүү нягтлан бодох бүртгэлийн ажилтандаа тавих хяналтаа хангалтгүй биелүүлж байсан зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх арга зам, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
6/ Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/Ш32024/21724 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар “НН” ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно.
7/ Нэхэмжлэлийн талаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/Ш32025/06895 дугаар захирамжаар “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №042 /8106/ дугаарт нийтэд мэдээлсэн ба хуульд заасан хугацаанд Баянгол дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд, нэхэмжлэлийн дүн 288,062,035.77 төгрөг, нэхэмжлэлд эзлэх хувь 100 хувь байна.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч “НН” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.
8/ Дампуурлын шинжилгээ дүгнэлт:
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд онолын зохистой харьцаанаас бага утгатай гарч байгаа нь “НН” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
9/ “НН” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт:
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “НН” ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж хууль буюу гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээдээс “НН” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “НН” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтэд 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн.
2. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “НН” ХХК-ийг төлбөрийн чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон. Түр хэрэг гүйцэтгэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон №03 тоот дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.
3. Дээрх дүгнэлтийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/шз2025/06895 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хүсэлт гаргагч “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн.
4. “НН” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн ажиллагаатай холбоотойгоор Баянгол дүүргийн татварын хэлтэс татварын өр төлбөрт 288,062,035.77 төгрөгийг нэхэмжилж, дампуурлын хэргийн оролцогч болсон байна.
5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 192/шз2025/14972 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгчээс гаргасан саналын дагуу Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг баримтлан А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.
6. 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэрэг гүйцэтгэгч А.Эоос №05 тоот дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Хоёр.
1. “НН” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 гишүүнтэйгээр, барилгын засвар, засал чимэглэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 172,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.
2. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс “НН” ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн “НН” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тус тус гаргуулан ажилласан.
3. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “…‘НН’ ХХК нь …төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ‘НН’ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэж тусгагджээ.
4. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасан дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.
5. Дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй тул Дампуурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй.
6. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу “НН” ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгаж, мөн хариуцагч “НН” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгав.
Гурав.
1. Баянгол дүүргийн Татварын хэлтэс нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 281,484,987.27 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 6,577,048.50 төгрөг, нийт 288,062,035.77 төгрөгийг “НН” ХХК-иас шаардсан.
2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6097 дугаар захирамжаар “НН” ХХК-иас 347,113,800 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгож шийдвэрлэсэн ба уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол гэж заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд илэрсэн гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “НН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар “НН” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан шийдвэрээр “НН” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “НН” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “НН” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “НН” ХХК-иас 288,062,035.77 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “НН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Д