| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/076 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга оёлмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000023 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн 9-11 тоот хашаан дотор байсан ******* ийн эзэмшлийн 10 тооны эр ямааг 2018 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл алга байна. Өмгөөлөгч авна. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэхдээ одоо байцаалт өгөхөөс татгалзаж байна, өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би өмгөөлөгч Г.Дуламсүрэн мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулахад татгалзах зүйл алга байна. Би байцаалт өгөхөд татгалзах зүйл алга байна. ******* эгчийн 10 тооны ямааг *******и буюу *******ын хашаанд байхад нь би ганцаараа алхаж очиж хашаанаас тууж гаргаад Жынх руу тууж явсан. Жыг утсаар дуудсан шалтгаан бол ямаа шөнө голын мөсөөр гарахгүй буцаж гүйгээд байсан. Тэгэхээр нь Жыг туугаад бойны мал танайх руу аваачих гэсэн голын мөсөөр гардаггүй хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгсэн Ж миний урдаас явган алхаж ирсэн. Жд би бойны ямаанууд байгаа юм, хоёулаа нядлаад хэдэн цаас хийгээдэх гэж хэлсэн. Тэгсэн Ж бойны мал юм бол туслалцъя гэсэн. Тэгээд бид хоёр үүрээр эрт босч нядалсан. Бид хоёрыг нядалгаа хийхэд бид хоёроос өөр хүмүүс байгаагүй. Малуудаа төхөөрч дуусчхаад би сум руу явсан, унаа олж сум руу оруулна гэж Жд хэлчхээд явсан. Ц, Ж нар мал хулгайлахад ямар нэгэн байдлаар оролцоогүй, Ц урд орой нь намайг гэрт буулгачхаад явчихсан, харин Ж намайг мал хулгайлсныг мэдээгүй, би түүнд хулгайнх биш гэдгийг итгүүлсэн. Тэр миний хэлсэнд итгэсэн юм. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна, шүүх хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
1. Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад утас дуугараад утсаа автал Б байсан, Б надтай яриад нядалгааны мал байна, өглөө хүмүүс нь малаа авна гэсэн хоёулаа нядлаадахъя гэж хэлсэн. Чи хаана байгаа юм гэхэд голын мөсөөр мал туугаад гарах гэсэн гарахгүй байна хүрээд ирээч гэхээр нь би алхаж очоод малыг нь туулцаж гэртээ ирсэн. Бын тууж явсан 10 тооны эр ямаа байсан. Б надад ярихдаа хүмүүс нь маргааш эрт авна өглөө үүрээр нядалъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч түүнтэй хамт үүрээр 05-07 цагийн хооронд 10 тооны ямааг нядалсан. Яаруу эрт мал нядалж байгааг нь сонирхож асуугаагүй, өглөө эрт хүмүүс нь авна гэхээр нь хүмүүс нь яаруу байгаа юм байна гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд хулгайн мал гэдгийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө мэдсэн, сумын холбооны цагаан хоолойгоор 10 тооны эр ямаа алдагдлаа гэх мэдээллийг өгч байсан. Тэгээд би дотроо Быг хардсан, 10 тооны эр ямаа алдсан гэхээр нь Б 10 тооны ямаа тууж ирж нядалсан, тэгэхээр мөн байх магадлал өндөр байна гэж бодсон. Намайг мал руугаа явсан байхад хэсгийн төлөөлөгч гэрт очсон байсан, маргааш өдөр нь хэсгийн төлөөлөгч дуудаад очиход 10 тооны ямааны талаар асуусан, би учир явдлыг хэлсэн. Түүнээс миний хувьд Бтой ярьж тохиролцоод айлын малыг хулгайлаагүй, Б тууж ирсэн юм. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт Бын тууж очсон малын талаарх мэдээллийг өгч чадаагүй нь би малдаа яваад орой харанхуй болсон хойно гэртээ очсон тул мэдэгдэж чадаагүй. Б надад хэний ямаа гэдгийг хэлээгүй, хашаанаасаа тууж ирлээ гэж байсан. Би Бтой таарч уулзаагүй, би хөдөө мал дээрээ ганцаараа байгаа юм. Би түүнтэй таарч уулзаагүй. Б надтай яриагүй, би хэний ямаанууд гэдгийг ч мэдээгүй. Тиймээс яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгайн мал гэдгийг мэдсэн бол хамт нядалж төхөөрөхгүй байсан. Надад нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/
... Б над руу утсаар залгаж яриад би гол дээр байна, бойны хэдэн ямаа тууж явна, мөсөөр гардаггүй чи хүрч ирээд туулцаад гэрийнхээ гадаа очоодхооч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд түүн дээр алхаж очсон. Над руу яг хэдэн цагт ярьсныг мэдэхгүй байна. Намайг очиход голын цаана Б байсан.Бын гэр сумын төв дээр байдаг, ямаануудыг манай гэрийн гадаа нядалсан, нядлах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Маргааш өглөө хүмүүст нь хүлээлгэж өгөх юм, бойны мал байгаа юм, хэдэн цаас олж авъя цагаан сараас өмнө гэж байсан. Түүнээс би хулгайлж авчраад нядалж байгааг мэдээгүй. Надад хулгайнх гэж ч хэлсэн ярьсан зүйлгүй, тэр үедээ би яаралтай юм байна гэж бодоод л өнгөрсөн. Би Бтой бүлэглэн бусдыг малыг хулгайлж авсан зүйлгүй. Надад нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
1. Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Быг гэрээс нь очиж авсан юм. Бтой хамт хадам ээжийнх нь дэлгүүр цэвэрлэхдээ гаргаж хаясан гэх хөлдсөн алимыг авахаар болсон, Бын хадам ээж надад ярихдаа дэлгүүрээс хөлдсөн алим гарсан тэрийг авч ямаандаа өгөөрэй гэж байсан. Тэгээд Быг гэрээс нь аваад буцаж гэрийнхээ хашааны үүдэн дээр очиход ******* манай хашааны үүдэн дээр ганцаараа зогсож байсан. ******* надад хэлэхдээ Ч араас ирнэ гэсэн гэж хэлсэн. Тэгээд ******* танайх руу оръё гэхээр нь түүнийг дагуулаад Б бид гурав манай гэрт орсон. Тэгээд байж байтал Ч араас орж ирсэн, Ч манайд ирэхдээ гаднаас 0,5-тай Соёрхол нэртэй архийг авч орж ирсэн байсан. *******, Ч, Б нарыг манайд архи уугаад сууж байхад гаднаас Шар буюу Б орж ирсэн.Б надад ярихдаа танай ямаа манай хашаанд орчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм. Бын хашаанд байгаа гэх малыг үзэхээр Б бид хоёр мотоциклоор явсан юм. Тэгээд Бын хашаанд очоод малыг нь үзэхэд манай мал биш байсан, манайх 170 гаруй тооны бог малтай юм, манай мал биш болохоор нь Бын хашаанд байсан малыг нааш цааш нь болгож тууж бариагүй. Б манай малаас тасарч гэж бодсон юм шиг байсан. Бид хоёр буцаад замаараа дэлгүүр ороод хөлдсөн алимыг аваад замдаа Быг гэрт нь буулгаад би гэр рүүгээ явсан. Би Быг буулгахдаа чи манайхаар орох юм уу гэхэд үгүй яах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь буулгаад би гэр рүүгээ явсан, намайг гэртээ буцаж очиход *******, Б, Ч гурав архиа хувааж уугаад дуусаж байсан. Тэр гурав манайхаас архиа хувааж ууж дуусгаад явсан. Би 10 тооны ямааг хулгайлж авахад оролцоогүй, харин Б, ******* хоёр мэдэж байгаа байх. Миний хувьд айлын ямааг хулгайлах шаардлага байхгүй юм. *******, Б нартай айлын 10 тооны ямааг бүлэглэж хулгайлсан зүйлгүй учир сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд айлын мал нядалж зарж үрэх шаардлагагүй, Б, ******* нартай айлын мал хулгай хийе гэж тохиролцсон зүйл байхгүй, тэр хоёр өөрсдөө хэлэх байх. Надад нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/
6. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би хадам эгч болох Оийн хашаанд 10 ямаагаа өглөө 10 цагийн үед аваачиж хонуулахаар хийсэн. Тэгээд маргааш өглөө нь манай нөхөр ямаагаа авах гээд очтол ямаа байхгүй байсан гэсэн. Тэгээд яагаад алга болчихсон юм гээд О эгчээс асуусан чинь мэдэхгүй та нар ирээд аваад яваагүй юм уу гэж манай нөхөрт хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр тэр хавиар гудамжны айлуудаар асуугаад мөн голийн ойр хавиар айлуудаар сурч явсан олдоогүй. Би тэгээд хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Алдсан ямааны эм нь араасаа ганзага, урдаасаа ганзага, зүс нь 3 ширхэг ямаа нь мухар эвэргүй, үлдсэн 7 ширхэг ямаа эвэртэй донор бор зүсмийн ямаанууд байсан. Би алдсан ямаагаа 1-р багийн Адъяа гэх хүнээс 1 ширхгийн 80.000 мянган төгрөгөөр худалдаж авсан Нийт 10 ямааны үнэ 800.000 мянган төгрөг болсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 /
...Танин ах дүү садан төрлийн холбоо байгаа. Ж, Ц, Б нартай ах дүүгийн холбоотой. Би эрхээ эдлэхгүй, мэдүүлэг өгнө мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хохирогчийн эрх, үүрэгтэй танилцлаа, асууж тодруулах зүйл алга байна. Мөн хуулийн хариуцлагын талаар ойлгож мэдлээ. Би өмгөөлөгч авахгүй . Жынхаас, Быг дагуулж очоод авсан. Өмнө нь нядалгааны мал ирнэ бойлоодхоорой гэж байсан тэгээд ямаагаа тэднийг авсныг мэдээгүй алдчихлаа гээд хэсэг хайсан цагдаад айлын хашаа руу орсон мөр байна гэж цагдаад мэдэгдээд хөдөө 3 хоног яваад ирсэн цагдаа нар олсон байсан тэгээд очоод ямааныхаа мах арьс бүрэн авсан. Байхгүй өмнө нь өөрөө бойлуулна гэж ярьж байсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Асуудлыг түргэн хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21/
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр орой 20 цагийн үед манай хашаан дотор хэдэн ямаа ороод ирсэн байсан. Би луу залгаад Цгийн ямаа манай хашаанд ороод ирсэн байна утасныхан дугаар нь хэд юм болоо гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цгийн гэрт нь очтол *******, Б, Ч нар нэг 0.5 граммын ерөөл нэртээ архи дундаа тавьчихсан ууж байсан. Би Цд манай хашаанд танай ямаа ороод ирсэн байна гэж хэлсэн тэгээд ямаагаа үзхээр Б, Ц хоёр мотоциклтой сундлаад манайх руу явсан. Би гэрт нь нөгөө хоёртой үлдээд шил архинаас нь цуг уусан хэсэг хугацааны дараа Ц ирсэн ирээд Б гэртээ буугаад үлдлээ гэсэн. Тэгээд би тэднийхээс гараад дэлгүүрээс 2,5 литрийн сэрүүн нэртээ пиво аваад ийн очоод цуг хувааж уучихаад гэртээ харьж амарсан. Би хэдэн ямаа хашаанд орж ирсэнг нь хараагүй нэг мухар шарга ямаа харагдсан харанхуй байсан болохоор им, тамга, зүсийг анзаараагүй хүүхэд аав хэдэн борлон ороод ирсэн байна гэж байсан. Би Цгийнд очоод нэг мухар ямаа мотоциклын гэрэлд харагдсан гэхэд манай нэг мухар ямаатай юм тэр л байна гэж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 22-23/
... Би дээрх гурван хүнийг танина, нэг нутгийн хүмүүс юм. Ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй юм. Би ойлгож мэдлээ. Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв, болсон зүйлийн талаар үнэн зөвөөр ярьсан. Цгийн гэрт очиход Ц, *******, Ч, Б нар байсан. Намайг Цгийн гэрт ороход уүдэн дээр нь хэд нь тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид нар гэр рүү орцгоосон. Дээрх хэд архи ууж байгаа бололтой архи тавьсан харагдсан. Би Цд манай хашаанд танай мал орж ирсэн байна гэж хэлсэн. Тэгсэн Ц очоод үзээдэхье гээд Бтой хамт яваад, тэднийд би үлдсэн. Ц удаагүй ганцаараа ирсэн, Быг гэрт нь буулгачихлаа гэж ярьсан. Би Цгийнд архи хүмүүстэй хувааж уучихаад гэр рүүгээ явсан, гэртээ оччихоод найзындаа очсон. Найзындаа байж байгаад гэртээ буцаж очсон. Гэртээ амарсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Ц манай ямаа биш байна гэж хэлсэн. Ц архи ууддаггүй юм. Цгийнх малтай юм. Хүүхэд хашаанд борлон ороод ирлээ гэхээр нь манайхтай ойролцоо малтай айл бол ганцхан Цгийнх байдаг, тэдний л байх гэж бодсон. Тэгээд Цгийнд очиж хэлье гэж бодоод тэднийд очиж хэлсэн. Хашаанаас гарч явахад мотоциклын гэрэлд орж ирсэн нь мухар ямаа харагдсан, бусад ямаа нь ямар им, зүстэй байсныг анзаарч хараагүй. Цгийн мал зүс, им тамгын талаар сайн мэдэхгүй юм. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /хх-28-30/
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр манай бэр дүү болох Ц манай хашаанд 10 ширхэг эр ямаа авч ирсэн. Би Цт үдээс хойш гадуур ажилтай манай нөхөр согтуу байна наад хэдэн ямааг чинь аягүй бол алга болчих байх ядаж хаш гэж хэлтэл манайд мод хашиж байсан модон жижиг хашлагаар ямаагаа хашаад яваад өгсөн. Ямаагаа хэзээ авахаа хэлээгүй яваад өгсөн би гэрээсээ гараад орой гэртээ иртэл ямаа нь байхгүй болохоор нь аваад явсан байна гэж бодсон. Маргааш өглөө нь Цийн нөхөр ЖС ирэхээр нь би ямаагаа авчихсан юм уу гэж асуутал үгүй гэхээр нь бид нар ямааныхаа эрэлд гарсан. Манай хашаанаас гараад ямааны мөр хайж явсаар байгаад голын зах руу ширэг рүү оруулаад мөрийн алдаад олоогүй. Ц нөхөртэйгөө айлын эзгүй хашаа голын ойр орчим айлын малд хайсан олдоогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би ямааг нь биетээр нь хараагүй хүүхэд Б ахын хашаан дотор ямаа дуугараад орчихсон байна гэж байсан. Маргааш нь Ц нөхөртэйгөө О эгчийн хашаанд хашиж байсан хэдэн ямаа алга болчихсон байна энүүгээр үзэгдэж харагдсан уу гээд хайгаад явж байсан. Би мэдэхгүй хүүхэд энэ хавиар ямаа байна гэж ярьж байсан Цгын ямаа байсан юм уу мэдэхгүй гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
10. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай хүүхэд Б нь 2002 онд гэр бүл болсон санагдаж байна, тэднийх 2 хүүхэдтэй, Б ажил хийдэггүй, группт байдаг, эхнэр нь эрхэлсэн ажилгүй, хоёр хүүхэд нь хоёулаа сургуульд байдаг. Амьдралын хувьд сайн биш, ямар байсан өөрсдийгөө болгоод л яваад байгаа. Ааш зангийн хувьд төлөв томоотой, элдэв муу зангүй, бусдын үгээр хүнд тусархуу, нэг гэм нь архи уугаад байдаг, хүмүүс мотоцикль засуулдаг, зарим хүмүүс нь мотоцикль засуулчхаад архи дарс өгөөд, тэр архи дарсыг нь уучихдаг юм шиг байгаан. Манай хүүхэд Б нь урд өмнө хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Манай хүүхэд Бтой ямар ямар хүмүүс үерхэж нөхөрлөдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан архи уухаар нь архи хамт уудаг зөндөө найзууд байдаг байх. Манай хүүгийн хувьд архинд л жаахан дуртай болчихсон, хэрэг төвөгт холбогдоогүй байсан бол хот руу архины эмчилгээнд явуулах гэж байсан юм. Манай хүүхэд Б нь гэр бүлийнхэндээ худалаа яриад байдаггүй, бусад найз нөхөд, бусад хүмүүст яадгийг нь мэдэхгүй. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33/
11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Дээрх нэр бүхий хүмүүсийг танина, нэг нутгийн хүмүүс, Ц ах бид хоёр хуурай ахан дүүс юм, нэг нэгнийхээрээ орж гардаг. Би ойлгож мэдлээ. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой Ц ахын гэрт очсон, тэднийд намайг очиход Ц ах, Б, ******* гурав байсан. Тэднийд очихдоо 0,5-тай Соёрхол архийг авч очсон. Миний авч очсон архийг *******, Б бид гурав хувааж уусан. Ц ахынд байж байхад гаднаас шар буюу Б ганцаараа орж ирсэн. Б гэрт орж ирж суучхаад Ц ахад хандан хашаанд мал ороод ирсэн байна, танай мал мөн үү гэж асуусан. Тэгсэн Ц ах манай малаас тасарсан байж магадгүй очиж үзье гээд Бтой хамт гэрээсээ гарч явсан. Ц ах удалгүй эргэж ирсэн, ойролцоогоор 10-15 минут л болсон байх, гэртээ ирэхдээ ганцаараа ирсэн. Гэрт орж ирээд манай мал биш байна, Б гэртээ үлдлээ гэж байсан. Дээрх зүйлийн талаар хөөрөлдөөд өнгөрсөн. Өөр зүйл болоогүй. Бид архиа уучхаад тарж явцгаасан. Тухайн үед Ц ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь архи уудаггүй юм. Манай мал биш байна гэж л хэлсэн, түүнээс тийм, ийм им тамгатай мал байна гэж тодорхой зүйлийн талаар яриагүй. Б тэр үед архи уугаагүй, тэр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тийм зүйлийн талаар сонсож дуулаагүй. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36/ болон 64 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 71 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн 9-11 тоот хашаан дотор байсан *******ийн эзэмшлийн 10 тооны эр ямааг 2018 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189 дүгээр зүйлийн 189.9-д зааснаар шүүгдэгч ******* зан үйлээ засах, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийн үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь уг хэргийн учир энэ цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гэрийг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ