Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/00583

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/00583

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Т ХХК-ийн хүсэлттэй

 

Т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Т ХХК-ийн захирал Д.Б, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгч ХХК-ийн захирал Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т ХХК-ийн захирал Д.Баас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийг 2008 онд байгуулаад 2009 онд найз нартайгаа хамтарч Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Монросцветмет нэгдлийн ашиглаад дууссан жоншны уурхайгаас үлдэгдэл баяжмал шороог гаргаж авах зорилгоор А ХХК-иас авто кран, самосвал, өөрөө авто ачигч буюу ковш зэрэг машин тоног төхөөрөмжийг түрээслэхээр гэрээ байгуулсан. Тэдгээр зүйлсийг 15-16 хоног ашигласан. Бусад үед нь ашиглаагүй бөгөөд шороогоо гаргаж чаддаггүй, гаргасан шороогоо ч зарж чадахгүй байж байгаад хүлээлтийн байдалд ороод 2 сар гаруй болсон. Ингээд А ХХК-д түрээсийн төлбөрийг өгч чадаагүй. Тэгээд 2013 онд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс 35 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн боловч одоог хүртэл манайх төлж чадаагүй юм.

2008 онд энэ компанийг байгуулаад анхнаасаа буруу үйл ажиллагаа явуулж, түүнээс болж өр төлбөртэй болсон нь үнэн. 2013 онд шүүхийн шийдвэр гарснааас хойш манай компани тендерт орох боломжгүй, банкны данс битүүмжлэгдсэн, хаалттай учраас ямар нэг үйл ажиллагаа хийх ямар ч боломжгүй болсон. Би А ХХК-ийн захирлаас удаа дараа үйл ажиллагаа явуулах боломжгүй, бүх зүйл хаалттай байна, та данс битүүмжилснийг цуцалж өгөөч гэж маш олон удаа гуйсан боловч хуулийн дагуу шийдвэрлэнэ гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүх зүйлийг битүүмжлээд хаасан учир үйл ажиллагаа явуулах гээд өртэй учраас ажиллах боломжгүй болсон.

Манай компани байгуулагдсанаас хойш нэг ч ажилтан ажиллуулаагүй, нэг ч удаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, тэнд бүртгэлгүй, татварын хэлтэст байнгын Х тайлан гаргадаг. Нэхэмжлэгчийн шаардсан 35 000 000 төгрөгийг төлөх хүсэл зорилго байгаа боловч үнэндээ гацаанд орчихоод төдөх боломжгүй болоод байгаа юм. 2013 онд төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хамтарч хэрэгжүүлье гээд нэг гишүүнийг нэмж оруулсан боловч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өртэй гэсэн бичиг ирсэн болохоор бас ажил бүтээгүй өнгөрсөн. Ямар ч банктай харьцах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тухай бүрт нь тайлбар өгч байсан.

Одоо Т ХХК-д ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байхгүй, гэрчилгээ, тамга байсныгаа хэрэг гүйцэтгэгчид хураалгасан. Анх компанийг байгуулахад нэг хүнд 150 000 төгрөг өгөөд энэ компанийг байгуулж байсан. 19 000 000 төгрөгийн биет хөрөнгө гэдэг огт байхгүй, тэр компани байгуулахад бүрдүүлдэг бичиг баримтын шаардлагын дагуу 6-7 төрлийн зүйлсийг бичиж өгч үнэлгээ хийлгэж компанийн гэрчилгээг авсан. Компани огт ажил хийж чадаагүй учраас ямар ч хөрөнгө байхгүй. Ганц хийсэн ажил энэ түрээсийн гэрээ байсан боловч ашиг олохгүй, харин түрээсийн төлбөрийн өр төлбөртэй болсон. Энэ компани маань цаашид ажиллах ямар ч чадваргүй, нэхэмжлэгчид төлөх 35 000 000 төгрөгийн өрөө төлж чадахгүй байдалд орсон тул дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Б.Бээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т ХХК-тай уурхай дээр баяжмал олборлох үйл ажиллагаанд нь зориулж өөрийн машин менанизмаа түрээслэх гэрээ байгуулсан. Сард 41 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр тохиролцсон. Тухайн үед Д.Б шинээр компани байгуулсан тул машин механизмаар туслаач гэсний дагуу 2 сарын хугацаатай түрээслүүлсэн. Уг хугацаанд олборлосон бараа бүтээгдэхүүнээ борлуулаад төлбөрөө төлнө гэж байсан юм. Тухайн үед ажил төрөл нь урагштай байгаагүй, бүтэмж муутай байсныг нь би мэднэ.

Нийт төлбөр нь 41 сая гаран төгрөгийн түрээстэй 2 ковш, 1 кран, 1 самосвал, олборлох бүтээгдэхүүнд зориулсан 1 шигшүүр зэргийг түрээсэлсэн. Уг нь нэг сар ажиллана гэж байгаад явсаар байгаад 2 сар болсон. Тухайн үед тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд би 2013 он хүртэл төлбөрөө төлөхийг хүлээгээд сүүлд нь шүүхэд хандсан. Тухайн үед байсан машины зарим нь буюу 1 ковш, 1 кран нь хүнийх байсан учраас түүний төлбөрийг би өөрөө хувиасаа төлж барагдуулсан. Төлбөрт 40 000 000 сая гаруй төгрөг байсан бөгөөд шүүхэд өөрийн бололцоогоороо өр төлбөрийг барагдуулна гэсэн учир би 35 000 000 төгрөгийг нэхэж үлдэх хэсгийг татгалзаж, шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Би Д.Быг залуу хүн болохоор нь харж үзээд нэг юм бүтээх байх, мөнгөө цувуулаад ч хамаагүй өгөх байх гэж харж байсан боловч одоог хүртэл юу ч өгөөгүй. Манай компани ч бас бусдад өр ширтэй, мөнгөний асуудал хүнд, 80 000 000 төгрөгийг манайхаас нэхэмжлээд шүүхэд дуудагдаж байна.

Миний зүгээс Т ХХК-ийг дампууруулах хүсэл алга, өр төлбөрийг нь ямар нэг байдлаар төлүүлэх хүсэлттэй байна. Анх Д.Б нь 5 ханатай гэртэй байсан, өнөөдөр 8 хувийн зээлтэй байранд орчихсон явж байна. Тэгэхээр зээлийг нь төлөөд явж байгаа гэсэн үг. Ганц эхнэрээрээ төлүүлнэ гээд байр аваагүй байх. Төлж чадахгүй гээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд байхыг хэн ч чадна. Иймд 35 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон бгөөд миний бие Т ХХК-тай хуульд заасны дагуу үйл ажиллагааны болон хувийн санхүүгийн эдийн засгийн сонирхолгүй, энэ компанид урьд нь ажиллаж байгаагүй, ямар нэг үйл ажиллагаанд оролцож байгаагүй тул дүгнэлт гаргасан.

Т ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Д.Б гэдэг хүн 100 хувийн хувьцаагаар үүсгэн байгуулсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч Т.М 50 хувийн хувьцааг авснаар тус компани 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. Энэ компани нь гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй байгуулагдсан, улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлэхдээ 1 000 000 төгрөгийг мөнгөөр, 19 000 000 төгрөгийг биет хөрөнгөөр гэж бүртгүүлсэн. Итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б байдаг.

Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг үзэхэд тус компанийн дүрмийн санд өөрийн хөрөнгө гэж бүртгэлд дурдсан компьютер, принтер, оффисын тавилга, хөргөгч, машин, гүний худгийн өрмийн суурь зэрэг эд хөрөнгийг 19 000 000 төгрөгөөр үнэлж, дүрмийн санд эхлэлийн блансын хөрөнгөөр бүртгүүлсэн байдаг боловч тухайн хөрөнгө нь бодитоор байхгүй тул тогтоох боломжгүй байна. Тус компанид ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах оффис, бусад хөрөнгө, газар байдаггүй. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хөрөнгийн талаар ажиллагаа явуулах гэхээр ийм хөрөнгө анхнаасаа огт байгаагүй, одоо ч байхгүй гэдэг.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т зааснаар компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт төлбөрийг хасаад үлдсэн хөрөнгийг компанийн өөрийн хөрөнгө гэж тодорхойлдог. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд өөрийн хөрөнгө бодитоор байдаг эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй, нотлох баримтгүй байна. Одоогоор хувьцаа эзэмшигч Д.Б, Т.М нар хувь тэнцүү бүртгэлтэй байгаа бөгөөд шүүхэд гаргасан 2015 оноос 2018 оны 1 улирал хүртэл хугацааны санхүүгийн тайлан балансаас харахад Т ХХК нь анхнаасаа Х тайлантай компани байсан байдаг. Хариуцагчийн санхүүгийн баримтыг шалгахад 2008 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, Х балансаар бүртгүүлж, тайлагнасан үзүүлэлт байхгүй, тоон үзүүлэлтээр тайлагнаж байгаагүй.

Бүх банкнаас компанийн харилцах дансны хуулгыг авахад Т ХХК нь ХААН банк ХХК-ийн 5020604752 тоот харилцах данс байсан, энэ дансаар 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл данс идэвхитэй гүйлгээ хийгдэж, 5 жилийн хугацаанд орлого 5 583 800 төгрөг, зарлага мөн дүнгээр байсан. Бусад дансанд ямар ч гүйлгээ хийгдэж байгаагүй.

Эд хөрөнгийн хувьд Т ХХК-ийн өмчлөлд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлийн санд бүртгэгдээгүй, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар байхгүй, компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, эзэмшилд нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, кадастрын бүртгэл байхгүй, гаалийн бүртгэлээр өр төлбөргүй, гаалиар бараа оруулж, гаргаж байгаагүй, татварын өргүй болно.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар буюу Монгол улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот тогтоолд зааснаар төлбөрийн чадваргүй болсон аж ахуй нэгж байгууллагын хамгийн сүүлийн татварын байгууллагад гаргасан тайлан, тэнцэл түүнийг баталгаажуулсан шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн үндсэн ба эргэлтийн нийт төлбөрөөс бусад өр төлбөрийн хэмжээг хассан дүнгээр хариуцагчийн өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоохоор заасан. Гэтэл Т ХХК-ийн эдийн засгийн байдалд дүгнэлт хийхэд өөрийн хөрөнгө нь бүртгэлээр 20 000 000 төгрөг гэж авч үзвэл эргэлтийн, болон үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө огт байхгүй бөгөөд бусдад \А ХХК\ төлөх өр төлбөр нь 35 000 000 төгрөг байна. Иймээс Т ХХК нь үндсэн ба эргэлтийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг хасахад өөрийн хөрөнгөгүй байгаа нь санхүү эдийн засгийн өнөөгийн байдал нь төлбөрийн чадваргүй болох нь нотдогдож байна.

Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа төлбөрийн чадваргүй, эргэлтийн мөнгө байхгүй, үйл ажиллагаа эрхлэх эхлэлтийн мөнгө байхгүй, үндсэн чиг үүрэг болох ашиг олох, эргэлтийн хөрөнгөтэй болох, хөрөнгөө хуримтлуулах зэрэг үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Гэтэл хариуцагч нь 2009 онд А ХХК-тай авто кран, авто самосвал, ковш, шигшүүр зэрэг тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан уг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2013 онд шүүхийн шийдвэрээр 35 000 000 төгрөгийн төлбөртэй болсон. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан данс нь битүүмжлэгдэж, захиалга авч чадахгүй болсон нь компанийн үйл ажиллагаа, санхүүд муугаар нөлөөлсөн гэж тайлбарладаг. Хариуцагч компани нь байгуулагдсан цагаасаа л санхүүгийн тайлан бүртгэлд зохих орлого зарлага, мөнгөн гүйлгээ, өр төлбөр, авлага, эргэлтийн хөрөнгийг бүртгээгүй.

2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид зааснаар А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 40 827 870 төгрөгөөс 5 827 875 төгрөгийг татгалзаж, үлдэх 35 000 000 төгрөгийг Т ХХК төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн байдаг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ний өдөр албадан гүйцэтгэх захирамж гаргасан боловч дээрх захирамж өнөөдрийг хүртэл биелэгдээгүй гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4/9470 тоот албан бичиг, 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх ажиллагаанд ямар ч төлбөр хийгдээгүй гэдэг баримт, мөн шүүхэд ирүүлсэн Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтаас харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2014-2018 онд явагдахад төлбөр огт хийгдээгүй байна гэдэг нь энэ компани төлбөрийг төлөх ямар нэг оролдлого хийгээгүй, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой.

Компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа төлбөрийн чадваргүй байсан, компани нь үндсэн чиг үүрэг, ашиг олох зорилго, эргэлтийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг хуримтлуулах үүрэг бүхий ашгийн төлөө байгууллага байдаг байхад энэ компани нь түрээсээр машин механизм аваад үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж тайлбарладаг. Төлбөрийн чадваргүй болох шалтгаан нь өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай болох талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагүй, өр төлбөр нь хуримтлагдсан байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа муу, идэвхгүй байсан нь төлбөрийн чадваргүй болох гол хүчин зүйл болсон. Эдгээр нөхцөл байдлуудаас хариуцагч нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх ямар нэгэн боломжгүй гэж дүгнэж байна.

Хариуцагч болон нэхэмжлэгч нь шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаагүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан, компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн зүгээс компанийн үйл ажиллагаа огт явуулж байгаагүй, ямар нэгэн ажил үйлчилгээ явуулсан тухай санхүүгийн баримт байхгүй байсан. Удирдлагын зүгээс эрх зүйн бичиг баримт, гадагш, дотогш чиглэсэн ямар ч бичиг баримт гаргаж байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүйгээс харахад нэг ч ажилтан ажиллаж байгаагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй. Ганц явуулсан үйл ажиллагаа нь дээрх түрээсийн гэрээг байгуулсан. Өөрөөр ямар нэгэн ажиллагаа, үйлчилгээ явуулаагүй байна.

Т ХХК нь нягтлан бодогч байгаагүй, компанийг ашигтай ажиллах талаар санаачилга гаргаагүйгээс компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаагүй, нэгэнт үүсэн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Дээрх нөхцөл байдлын улмаас Т ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломжгүй бөгөөд энэ удирдлагын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, дахин хөрөнгөжүүлэх үндэслэл байхгүй, татан буулгах нь зүйтэй гэж үзэж байна.

Т ХХК-ийг шүүх төлбөрийн чадваргүйд тооцож нэхэмжлэгчдийн хурлыг зарлаж олон нийтийн хэрэгслээр хуулийн дагуу зарласан. Үүнд хуулийн хугацаанд А ХХК шүүхэд 35 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ 100 хувийн саналын эрхтэй нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийн дүнгийн талаар хэн аль нь маргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд Дампуурлын тухай хуулийн дагуу шүүхээс татан буулгах тухай шийдвэр гаргавал эд хөрөнгө байхгүй тул бусдын өмнө төлөх 35 000 000 төгрөгийн өр төлбөр хуваарилагдах боломжгүй болно. Учир нь ямар ч мөнгө байхгүй, хариуцагч төлбөрийн чадваргүй тул ямар нэгэн зүйлийг борлуулах боломжгүй. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д өөрийн хөрөнгийн 10 аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хуулийн хүрээнд гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцохоор заасан үндэслэл бүрдсэн тул Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй, дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс Т ХХК-ийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Тус компани нь анх 1 үүсгэн байгуулагчтай, 20 000 000 төгрөгийн /1 000 000 төгрөг, 19 000 000 төгрөгийг биет хөрөнгөөр/ дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 2008 оны 12 дугаар сарын 13-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэрээр 2013 оны 01 дүгээр сарын 09-нд үүсгэн байгуулагчийн тоог 2 болгон, Д.Б 50 хувийн, Т.М 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн байна.

Энэ нь тус компанийн 5274427 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/3492 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн болон 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолоор батлагдсан тус компанийн дүрмүүд, Итгэлт-Бээс ХХК-ийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Т ХХК-ийн дүрмийн сангийн хөрөнгийн үнэлгээ, Үндэсний татварын албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 888 тоот Татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт, Үндэсний татварын ерөнхий газрын 6953 тоот Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, 08120145 дугаартай Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А 01/01 тоот Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ зэргээр нотлогдсон.

 

2.Шүүхээс Т ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, 5.7.-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 231 дугаартай захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилж, хариуцагч Т ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх санал, дүгнэлтийг шүүхэд ирүүлэхийг даалгасан байна.

Дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1762 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10048/Б дугаартай, Шүүгчийн захирамжийг албадан гүйцтэгүүлэх тухай захирамж, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хүсэлт гаргагч /хариуцагч/ Т ХХК нь 2008 онд байгуулагдсанаас хойш 2013 оны 08 дугаар сарын 26-нд нэхэмжлэгч А ХХК-тай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулснаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу А ХХК-д түрээсийн төлбөрт 35 000 000 төгрөг төлөх төлбөртэй байгаа нь өөрийн хөрөнгө болох 20 000 000 төгрөгөөс илүү, өөрийн хөрөнгөгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, Т ХХК-ийн 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан, түр хэрэг гүйцэтгэгчийн санал, тайлан зэргээр нотлогдсон тул шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9509 дугаар захирамжаар Т ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2018 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулж хийлгэхийг түр хэрэг гүйцэтгэгчид, дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийг батлуулах нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгч нарт тус тус даалган шийдвэрлэж, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2018 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 219 /6062/ дугаарт тус компаниас авлагатай нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.

 

3.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 35 000 000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулана гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус заасан байх ба Т ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2018 оны 11 дугаар сарын 29-нд хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар түр хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон, 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 35 000 000 төгрөгт нэхэмжлэгч А ХХК нь 100 хувийн саналын эрхтэй байхаар шийдвэрлэсэн нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Т ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон бөгөөд дээрх нэхэмжлэгчдийн анхны хурал нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасантай нийцэж, хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10958 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг баталж томилсон байх ба хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2018 оны 03 дугаар сарын 15-нд Т ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нарт танилцуулсан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.3.-т заасантай нийцжээ.

 

4.Хүсэлт гаргагч /хариуцагч/ Т ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 26-нд нэхэмжлэгч А ХХК-тай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйн тул А ХХК нь 40 827 875 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилснийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1762 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамжаар нэхэмжлэгч нь 5 827 875 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 35 000 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2014 оны 02 дугаар сарын 20-ны хооронд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвэрлэн хэлэлцсэнийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамж биелэгдээгүйн улмаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10048/Б дугаартай, Шүүгчийн захирамжийг албадан гүйцтэгүүлэх тухай захирамж, 377 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 36 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, 14300229 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримт зэргээр нотлогдсон.

Түүнчлэн хүсэлт гаргагч /хариуцагч/ Т ХХК нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллийн санд 2016, 2017, 2018 онуудад бүртгэлгүй, 2016-2018 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын Х тайлан гаргаж байсан нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 194 тоот албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/384 тоот албан бичиг, түүний хавсралт болох Т ХХК-ийн 2016-2018 онуудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын Х тайлан, татвар төлөгчийн карт, 2015-2018 онуудын тус компанийн санхүүгийн тайлан зэрэг баримтуудаар нотлогджээ.

Хүсэлт гаргагч /хариуцагч/ Т ХХК-ийн захирал Д.Б нь бусдад буюу нэхэжлэгч А ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 35 000 000 төгрөгөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн хэрэг гүйцэтгэгчийн шүүүхэд ирүүлсэн дүгнэлтэд дээрх өр төлбөрийн шалтгааны талаар тодорхой дурдсан байна.

 

5.Хариуцагч Т ХХК нь ХААН банкинд ..... тоот төгрөгийн харилцах данстай байх ба уг дансаар 2008 оны 12 дугаар сарын 03-наас 2013 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд 5 586 800 төгрөгийн гүйлгээ хийгдэж, одоо үлдэгдэлгүй, түүнээс хойш ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй болох нь ХААН банк дахь депозит дансны хуулга, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/3675 тоот албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 365 тоот лавлагаа, Гаалийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-3/5926 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5., 23 дугаар зүйлийн 23.1., 24 дүгээр зүйлийн 24.1.-д тус тус заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Т ХХК болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалын дүгнэлтэд ... Т ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд өөрийн хөрөнгө нь бүртгэлээр 20 000 000 төгрөг бөгөөд эргэлтийн болон үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө байхгүй, бусдад төлөх өр төлбөр нь 35 000 000 төгрөг байна. Иймээс Т ХХК нь үндсэн ба эргэлтийн хөрөнгөгүй, бусдад төлөх нийт 35 000 000 төгрөгийн өр төлбөрийг өөрийн хөрөнгө 20 000 000 төгрөгөөс хасахад санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсон...Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу Т ХХК-ийг... дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ... гэжээ.

 

Иймд Т ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн төлбөрийн чадваргүй байсан, гэрчилгээнд заасан үндсэн үйл ажиллагаа болох гадаад худалдааны үйл ажиллагаа буюу ашиг олох, эргэлтийн хөрөнгө бий болгох, хөрөнгө хуримтлуулах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2013 оны 08 дугаар сарын 26-нд нэхэмжлэгч А ХХК-тай тохиролцон авто ачигч буюу ковш, самосвал машин, кран, шигшүүр зэрэг тоног төхөөрөмжийг сард 41 000 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр 2 сарын хугацаатай түрээслэсэн боловч үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас гэрээний үүргийг зөрчиж төлбөртэй болсон, компанийн удирдлага, хувьцаа эзэмшигч нараас уг өр төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ аваагүйгээс өр төлбөр хуримтлагдсан, 19 000 000 төгрөгийн биет хөрөнгө одоо бодитоор байхгүй, өөрийн хөрөнгө 20 000 000 төгрөг нь бусдад төлөх 35 000 000 төгрөгийн өр төлбөрөөс бага буюу өөрийн хөрөнгөгүй болсон, тус компанид цаашид хөрөнгө оруулах ямар нэгэн боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, дампуурлын хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д зааснаар Т ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд хариуцагч Т ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагч Т ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.10.-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Т ХХК -ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 18., 34., 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч Т ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасныг баримтлан Талны цагаан чоно ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч А ХХК-д төлөх өр болох 35 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3.-д заасныг баримтлан Т ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.

 

5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 14300229 дугаартай, 63 хуудас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хэрэгт хавсаргасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Болормаа, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нарт даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагч /хариуцагч/ Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2492 дугаар захирамжаар нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

9.Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч, нэхэмжлэгч тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА