| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01867/И |
| Дугаар | 101/ШШ2020/02573 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2020/02573
| 2020 07 20 | 101/ШШ2020/02573 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, УС-15 тоотод байрлах ******* /2863626/-ийн хүсэлттэй,
*******-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Манай ******* нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2004 оны 12 сарын 15-ны өдөр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 30 сая төгрөгийн дүрмийн сантай, төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэхээр Улаанбаатар хотод байгуулагдсан. Тус компани 2004 оны 12 сарын 28-нд байр түрээслэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Жи Энд Жи Лог Хаус ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Түрээслүүлэгч байгууллагад 35 мянган доллар зээлдүүлэн 1000 квт хүчин чадалтай 2 трансформатыг үйлдвэрлэлд хэрэглэхээр тохиролцсон. Түрээслүүлэгчийн өгсөн тоног төхөөрөмж 2 сарын дараа эвдэрч, үйлдвэр зогссон. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд компанийн хөрөнгө оруулагч нар 40 сая төгрөгийн засвар үйлчилгээний хөрөнгө оруулалт хийсэн боловч Жи Энд Жи Лог Хаус ХХК-ийн гомдлоор манай компанийн удирдлагыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулах, шүүхэд нэхэмжлэл гаргаж эд хөрөнгийг битүүмжлэх зэргээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоосон. Гэтэл 2008 оны 12 сарын 13-ны өдөр түрээсийн байранд гал түймэр гарч үйлдвэрийн байрыг ашиглах боломжгүй болсон. Хэдий манай компани гал гарсан тохиолдолд гэм буруугүй боловч галын улмаас үүссэн гэм хорыг манай компанид хариуцуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Манай компанийн хөрөнгө оруулагч нар нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэл, тэмүүллээр компани байгуулан ажилласан боловч ашигтай ажиллаагүй, хөрөнгө оруулагч нар удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн боловч нийгэм, эдийн засаг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан ашиг орлогогүй үйл ажиллагаа зогсч, их хэмжээний алдагдал хүлээсэн. ******* нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2012 оны 05 сарын 03-ны өдрийн 311 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор Жи энд жи лог хаус ХХК-д 335,754,350 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл уг төлбөр төлөх төлбөрийн чадваргүй байсаар байна. Дампуурлын тухай хуулийн дагуу манай компани өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон билээ.
Манай компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын гурван иргэн нь Монгол улсад оршин суухаа больж, энэхүү компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон юм. Мөн 2012 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр дампууруулахаар шийдвэрлэсэн ба уг хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа, үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа зэрэг шалтгаанаар 2013 оноос хойш татвар, санхүүгийн тайлан илгээж байгаагүй юм. Манай компани өөрийн хөрөнгөгүй, өмчлөлд хөрөнгө бүртгэлгүй, аливаа этгээдээс авлага байхгүй, өр төлбөрөө төлөх санхүүгийн чадваргүй болох нь хүсэлтэд хавсаргасан баримтаар нотлогдох билээ. Хувьцаа эзэмшигчид компанийг дахин хөрөнгөжүүлэх санхүүгийн чадваргүйн улмаас зарим нь Монгол улсад орж ирэх боломжгүй, Монгол улсад байх хувьцаа эзэмшигч нь энэ компанийн хөрөнгөжүүлэх боломжгүй тул дампууруулах тухай шийдвэр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу энэхүү хүсэлтийг гаргах болсон юм.
Улсын бүртгэлийн байгууллагад тус компанийн 3 хувьцаа эзэмшигч идэвхигүй гэж бүртгэгдсэн нь тэдгээрийг Монгол улсад байхгүй, орж ирээгүй болохыг илэрхийлэх юм. 2012 онд Жи Энд Жи Лог Хаус ХХК-д төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн болохоо мэдэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах хүсэлт гаргаж холбогдох ажиллагааг хийсэн боловч Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 101/Ш32017/11693 дугаар захирамжаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг. Энэ үед нийт хувьцаа эзэмшигчид болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Монгол улсад түр орших виз, зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй зэрэг шалтгааны улмаас шүүх хуралдаанд эрх бүхий этгээд оролцоогүй байдаг. Цаашид компанийг төлөөлөх этгээдээр Монгол улсын иргэнийг томилсон тул уг зөрчил дахин гаргахгүй гэж итгэж байна. Компанийн өөрийн хөрөнгөөс 10 дахин их хэмжээний өр төлбөрт орсон тул Монгол Улсын Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгаж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Миний бие түр болон хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж, *******-ийн талаар дараах дүгнэлтэнд хүрч байна. Үүнд:
1. Ваншинда ХХК-ийн танилцуулга:
Тус компани нь улсын бүртгэлийн 90190064104 дугаартай, 2863626 регистртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жан Жин хаус ХХК-ийн байранд байрлаж ажиллахаар 2004 оны 12-р сарын 15-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа, арматур үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 30,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Улсын бүртгэлд 2005 оны 12-р сарын 08-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр үүсгэн байгуулагчаар Яао Мин Фа нэмэгдэн 4 болон өөрчлөгдсөн ба дүрмийн сангийн хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Шүе Хуа Дун байна.
Улаанбаатар хотын банкны 1-р Тооцооны төвд 21040028 тоот төгрөгийн, Голомт банкны 6 Тооцооны төвд 1601315144 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг гэж бүртгэсэн байна. Хүсэлт гаргагч Ваншинда" ХХК нь шүүхэд 2008, 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2010 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангуудыг ирүүлсэн байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04/839 дугаартай албан бичгээр Ваншинда" ХХК нь 2011 оноос хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй талаар тодорхойлолт гаргажээ. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино. гэж заасантай нийцэж байна.
2. Өр төлбөрийн талаар:
*******-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан дампууруулах тухай хүсэлтэнд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2405 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 311 дугаартай тогтоолоор Жи Энд Жи Лог Хаус ХХК-д 335,754,350 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 240476 дугаартай актаар *******-д 24,700 төгрөгийн торгууль, 9,000 төгрөгийн алданги, 82,300 төгрөгийн нөхөн татвар нийт 116,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Төлбөрийн чадварын талаар:
Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн татварын улсын байцаагчийн 240476 дугаартай актаар тус тус тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол *******-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Үүнд, өр төлбөрийн дүн 336,400,950 төгрөг, эздийн өмч 30,000,000 төгрөг, хуримтлагдсан ашиг/алдагдал 25,627,961 төгрөг, нэмж төлөгдсөн капитал 72,000,000 төгрөг, эзний өмчийн дүн 76,372,039 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 412,772,989 төгрөг, өр төлбөр /өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 440.48 хувь байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хуупь буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Өр төлбөрийг нь өөрийн хөрөнгөд харьцуулан үзэхэд энэхүү "Ваншинда" XXК нь 2012 оноос өөоийн хөрөнгийн 440.48 хувьтай тэнцэх хэмжээний уургээ биелуулэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:
*******-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь арматурын үйлдвэрлэл байх бөгөөд 2004 оноос Жи Энд Жи Лог Хаус ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Төвлөрсөн суурин газарт төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэхийг хориглох тухай 2006 оны 207 дугаартай захирамж гарч үйл ажиллагаа нь зогссон байна. 2008 оны 12-р сарын 13-ны өдөр *******-ийн түрээсээр ашиглаж байсан барилгад гал гарсаны улмаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгө шатсан, түрээслүүлэгч Жи Энд Жи Лог Хаус ХХК-ийн хохирлын төлбөрт 335,754,350 төгрөгийг төлөх болсон зэрэг шалтгаан, нөхцөл байдлаас төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11-р сарын 22-ны өдрийн 2405 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03-р сарын 05-ны өдрийн 180 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 05-р сарын 03-ны 311 тоот тогтоолоор тус тус Жи Энд Жи Лог Хаус ХХК-д 335,754,350 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
5. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт:
*******-ийн ерөнхий захирал нь зам тээврийн ослын улмаас эрүүгийн хэрэгт 2006 онд холбогдсон ба түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй байна. Харин тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх удирдлага санхүү эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ,
6. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд:
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа *******-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт авахуулсан. Арилжааны банкуудад ВаншиндаХХК нь харилцах дансгүй, мөнгөн хадгаламжгүй талаар лавлагаа ирсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэлгүй талаархи лавлагаа ирсэн байна.
7. Хуваарилагдах эд хөрөнгийн талаар:
Хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор нотлох баримт болон лавлагаа гаргуулахаар 2020 оны 06-р сарын 15-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06-р сарын 16-ны өдрийн 11893 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар *******-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараахь мэдээлэл ирсэн болно. Үүнд, Голомт банк дахь *******-ийн 1601315144 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 39668.97 төгрөг байна.
Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. *******-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Голомт банк дахь *******-ийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэл нийт 39,668.97 төгрөг болох нь шүүхэд ирүүлсэн лавлагааны баримтуудаар нотлогдож байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу туунийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байдаг ба өөр болон бусад хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдоогүй болно.
8. Нэхэмжлэлийн талаар:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32020/10914 дүгээр захирамжаар Ваншинда" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өдрийн сонины 2020 оны 06-р сарын 10-ны өдрийн 118 (6484) дугаарт нийтэд мэдээлсэн. Дампуурлын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд иргэн ба хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
9. Дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт:
Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хэргийн зохигчдоос уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байна. Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гуйцэтгэгчээс *******-ийг дахин хөренгөжүүлэх хусэлт ируулээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, санхүү нягтлан бодогч, хуульч мэргэжилтэй Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
******* нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүхээс дараах хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.******* нь 2004 оны 12 сарын 15-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа, төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 30,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан байна.
2005 оны 12 сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагч гишүүдийн тоо 4 болж, өөрчлөгдсөн, одоо компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь Шүе Хуа Дун /XUE HUA DONG/ болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцно.
Хүсэлт гаргагч *******-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгох зорилгоор Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу шүүхээс 2020 оны 05 сарын 13-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч томилсон байх ба түр хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дүгнэлтээ ирүүлжээ.
Тус дүгнэлтэд ...компанийн өр төлбөр өөрийн хөрөнгийн -440,48%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон учир ******* нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэжээ.
Иймд шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн *******-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон.
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/10914 дугаартай шүүгчийн захирамжаар *******-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор нийтэд мэдээлэх, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өдрийн сонины 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 118 (6484) дугаарт нийтлэгдсэн.
Дээрх захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг шүүхэд хүсэлт гарган тодорхой ажиллагаануудыг хийлгэн, холбогдох баримтуудыг цуглуулсан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд уг хугацаанд шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл ирсэнгүй.
3.Иймд шүүхээс Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах боломжгүй болж, тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/13141 дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгийг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар *******-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/10914 дүгээр захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг шүүхэд хүсэлт гарган тодорхой ажиллагаануудыг хийлгэн, баримт цуглуулж, уг баримтуудын хүрээнд *******-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийн, дүгнэлтийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлэн, хүсэлт гаргагч *******-нд танилцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцжээ.
Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгийн дүгнэлтэд:
*******-ийн 2008-2011 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 335,754,350 төгрөг болж өөрийн хөрөнгийн -440,48%-тай тэнцсэн байх тул *******-ийг Дампуурлын тухай хуулийн 4.1-д зааснаар 2012 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон гэж үзлээ,
*******-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй байна.
******* нь Жи энд жи лог хаус ХХК-д 335,754,350 төгрөг төлөх үүрэгтэй байх ба, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа, энэ ажиллагааны явцад огт төлбөр төлөгдөөгүй байна. *******-нд холбогдох ямар нэгэн нэхэмжлэл шүүхэд ирээгүй тул тус компанийг дахин хөрөнгөжүүлэх эсэх талаар ямар нэгэн санал гаргах боломжгүй, ийм хүсэлт байхгүй.
*******-ийн өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж 2012 оноос дампуурах эрсдэлд хүрсэн байх тул хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалыг татан авч, уг материалыг бүхэлд нь шинжлэн судалсан.
Дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2405 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 311 дугаартай тогтоолоор *******-иас 335,754,350 төгрөг гаргуулж Жи Энд Жи Лог Хаус ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 6513 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичсэн байх бөгөөд уг гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэж, холбогдох ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулсан байх боловч *******-иас төлбөр төлөгдөөгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан лавлагаа, баримтуудаас үзвэл, ******* нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 240476 дугаартай актаар 24,700 төгрөгийн торгууль, 9,000 төгрөгийн алданги, 82,300 төгрөгийн нөхөн татвар, нийт 116,000 төгрөгийн татварын өр төлбөртэй байх боловч үүргийн гүйцэтгэлийг шаардах дурдсан эрх бүхий этгээд нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй болно.
Хүсэлт гаргагч *******-ийн үндсэн хөрөнгө нь галд өртөж, шатсантай холбоотойгоор төлбөрийн чадваргүй болсон, түүнчлэн компанийн удирдлагын санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон, үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэгч нар байхгүй учир *******-ийг дахин хөрөнгөжүүлэх талаар санал гаргах, төлөвлөгөө батлах боломжгүй байна.
Түүнчлэн хэрэг гүйцэтгэгч нь энэхүү ажиллгааны явцад хуваарилагдах хөрөнгө байхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байхгүй талаар дүгнэлтээ ирүүлсэн болно.
Иймд ******* нь 2012 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д зааснаар *******-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
*******-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж *******-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгах нь зүйтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу шүүх хариуцагчийг татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш ч мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн асуудлыг холбогдох журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг нь хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан ******* /улсын бүртгэлийн дугаар 9019006104, регистрийн дугаар 2863626/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 18., 34., 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу *******-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.
3.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасныг баримтлан *******-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, ******* нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
4.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3.-д заасныг баримтлан *******-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхцэцэг, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нарт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ