| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00473/И |
| Дугаар | 155/ШШ2021/00814 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2021/00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/00473/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал С.Э-ийн Ц ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, хүсэлт гаргагч С.Э , дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал С.Э шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсанаас хойш загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан. Манай Ц ХХК нь Х суманд байрлаж үйлдвэрлэл явуулж байв. 2016 оны 10-р сарын 31-ний өдөр Ц ХХК-ийн үйлдвэрийн байранд гал гарч 147.1 м2 талбай бүхий үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж эд хогшил, компанийн тусгай зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бусад бичиг баримтууд шатаж компанид 90.940.000 төгрөгний хохирол учирсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай улсын байцаагчийн актдаа Гал түймрийн шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. гэсэн байдаг ба 6-р зүйл 3 дахь заалтдаа С.Э Ц ХХК-ийн барилга, тоног төхөөрөмж, гэр орон гал түймрийн улмаас шатаж амьжиргаагаа цаашид залгуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон тул аж ахуй нэгж, халамжийн байгууллагад хандаж тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг сум, багийн Засаг дарга холбогдох албан тушаалтнуудаас зохион байгуулах талаар санал тавьж байна. гэсэн байдаг.
Хуулийн этгээдээс шалтгаалахгүй гэнэтийн осол гал түймрийн улмаас (урьдчилан тооцоолох боломжгүй давагдашгүй хүчин зүйл) Ц ХХК цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2018 оны 11 дүгээр сард гэр бүл-нөхөр Ц.Б тархинд нь цус харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, 2019 оны 3 дугаар сарын 07-нд өвчний группт орсон. С.Э миний бие 2019 оны 4 дүгээр сард 2 нүдэнд цус харваж бүрэн хараагүй болж одоо хүртэл бид 2 хүнд өвчний улмаас хүүхдүүдийнхээ асрамжинд амьдарч байна. Компанийг дампуурсанд тооцох, татан буулгуулах шалтгаан юу вэ гэхээр тус Ц ХХК нь 1 дүгээрт: Хөвсгөл аймаг дахь ХААН банкны салбар төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээлж үндсэн зээлийн төлбөрт 6.131.596 төгрөг төлсөн бол гал түймрийн улмаас үйлдвэрлэл 100 хувь үгүй болж, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт зогссон болно. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14.868.404 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.190.000 төгрөг, торгуулийн хүү 355.486 төгрөг, нийт 19.414.860 төгрөг нэхэгдэж байна.
2 дугаарт: Манай Ц ХХК 100 хувийн төлбөрийн чадваргүй болж, компанийг үүсгэн байгуулсан С.Э миний бие 2 нүдний хараагүй болсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх чадамжгүй болсон тул 2020 оны 10-р сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагчдын хурлаас Ц ХХК-ийг Компаний тухай хууль-ийн 26-р зүйлийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх заалт, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгүүлэх, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахаар шийдвэрлэсэн болно.
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ц ХХК-ийн тогтоолыг үндэслэн шүүхэд энэхүү хүсэлтийг хүргүүлж байна.
Ц ХХК нь эдийн засгийн хувьд үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон, үүсгэн байгуулагч нь эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул Ц ХХК-ийг дампуурсанд тооцуулах, татан буулгаж өгнө үү. гэв.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Б Ц ХХК-ийн үйл ажиллагааны талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс түр хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дүгнэлтээ гаргаж байна. Дүгнэлтийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүх рүү хүргүүлсэн. Хүсэлт гаргагч нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хүсэлтээ гаргасан байна. Шүүх хуулийн дагуу хэргийг хянаж үзэн, Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүй гэж тогтоогоод хуулинд заасан журмын дагуу Өдрийн сонинд нэхэмжлэлийг гаргаж, процесс Дампуурлын тухай хуулийн дагуу явагдаж байна. Ц ХХК-ийн үйл ажиллагаанд хувийн, санхүү эдийн засгийн сонирхолгүй, Ц ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, Ц ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд тэдэнтэй хамаатан садангийн холбоогүй, энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Дампуурлын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Миний бие 2000 оноос хойш Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Хэрэг гүйцэтгэгч би уг дампуурлын хэргийг гүйцэтгэхдээ тус шүүхийн уг хэрэгт авагдсан баримтууд, хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтад авсан баримт, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, харилцагч банкны дансны хуулга, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрийн баримтыг үндэслэн Монгол Улсын Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг удирдлага болгон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг танилцуулж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргахдаа Дампуурлын тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Дээд Шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 343 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалыг тус тус шалгуур үзүүлэлт болгосон. Ц ХХК-ийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн бөгөөд бүртгэл нь үнэн зөв байна. Х суманд байршилтай. Г.О, Л.Ж, С.Н нарыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн. Үүнээс хойш өөрчлөлт оруулаагүй байна. Гүйцэтгэх удирдлагаар С.Э ийг 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс томилсон. Хувьцаа эзэмшигчээр Г.О 30 хувь, Л.Ж 10 хувь, С.Н 60 хувийг эзэмшдэг. Эрхлэх үйл ажиллагааны тухайд загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхэлдэг.
Ц ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадвар: Ц ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчийн сүүлийн 3 жилийн тайланд дүгнэлт хийх ёстой. Уг компани 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тул хэрэгт гүйцэтгэгч миний бие үйл ажиллагаа явуулж байсан 2013, 2014, 2015, 2016 онууд болох 4 жилийн санхүүгийн тайлан тэнцэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч банкны дансны хуулга, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрт хамаарах баримтын хүрээнд дүгнэлт гаргалаа.
Ц ХХК-ийн дансны талаарх мэдээллийг Хөвсгөл аймагт орших банкуудаас гаргуулсан. Хөвсгөл аймгийн хэмжээнд Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны салбар үйл ажиллагаа явуулдаг байна. Хариуцагч нь шүүхэд өгсөн баримтаар Ц сумын салбарт Хаан банкны данс эзэмшиж байсан байна. Ц ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаад загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа явуулахаар бүртгүүлсэн боловч 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад үүнээс хойш бүрэн зогссон байна. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан тайлант үед жилийн орлого нь 720.000 төгрөгөөс 360.000 төгрөг байсан. Энэ нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувьд хангалтгүй ямар ч үр дүнгүй байгаа нь харагдаж байна. Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийг дараах байдлаас шалтгаалан хөрөнгөгүй гэдгийг нь тогтоосон. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02 -ны өдрийн 40 дугаар улсын байцаагчийн Ц сумын 1 дүгээр багийн иргэн С.Э-ийн Ц ХХК-ийн барилга, доторх эд хогшил нийт 90,944,000 төгрөгийн хохирол учирсан гэх акт, Ц сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х сумын Ц ХХК-ийн барилга, тоног төхөөрөмж, эд хогшил гал түймрийн улмаас шатсан хохирлын үнэлгээ 90,944,000 төгрөг болохыг тогтоосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн акт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 147.1 м. кв үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 1*** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хөвсгөл аймаг дахь банкуудын алба бичгээр хариуцагч Ц ХХК нь банкинд мөнгөн хөрөнгөгүй болохыг нотолсон баримт зэрэг болно.
Ц ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь Ц ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаад загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн байранд гар гарсны улмаас барилга, тоног төхөөрөмж, эд материал нь шатсан тул үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул шүүхэд дампууруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан нь гадаад хүчин зүйл буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гал түймэрт өртөн эд хөрөнгөө алдсанаас болсон байна. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь үүсгэн байгуулагч нар болон хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааг явуулахгүй орхигдуулсан. Гүйцэтгэх удирдлагаар тавьсан захиралдаа компанийг шилжүүлсэн боловч улсын бүртгэлд компанийн эрхийг шилжүүлснээ бүртгүүлээгүйн улмаас эрх зүйн хувьд компани чадамжгүй болсон байна. Ц ХХК нь санхүүгийн эх үүсвэр байхгүйгээс зээл авч үйл ажиллагаа явуулж байсан ч үндсэн үйл ажиллагаа явуулах барилга, тоног төхөөрөмж галд өртсөнөөс хойш хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нар бодитой хөрөнгө оруулалт хийгээгүй тул компани нь санхүү эдийн засгийн чадамжгүй болсон байна. Тус компани орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан, ашигтай ажиллах менежмент төлөвлөгөө байхгүй зэрэг нь дампуурах бас нэгэн хүчин зүйл болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, банкны өр төлбөрийг барагдуулах талаар ямар ч алхам хийгээгүйгээс санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон байна.
Ц ХХК-ийн хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч нар компанийн үйл ажиллагааг хөтлөн явуулахгүйгээр С.Э-т үйл ажиллагаагаа шилжүүлсэн боловч компанийн эрхийг болон хувьцааг шилжүүлэх, бүртгүүлэх зэргийг орхигдуулсан байна. С.Э нь хариуцагчийн үйл ажиллагааг хөтлөн явуулахдаа компанийн хувьцааг бүрэн эзэмшиж байна гэж төөрөгдсөн нь эрх зүйн мэдлэг байхгүйгээс болсон байна. Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн удирдлагын талаар болон компанийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөхийн тулд хувьцаа эзэмшигч Г.О , Л.Ж нартай холбоо тогтоож хувьцаа эзэмшигчдийн байдалд дүгнэлт хийсэн. Хувьцаа эзэмшигч нар Ц ХХК-ийг С.Э т шилжүүлсэн гэж ойлгодог бөгөөд компанийг татан буулгах, дампууруулах нь тэдний эрх, ашиг сонирхолд харшлахгүй болохыг илэрхийлсэн. Компанийн удирдлага нь компанийн үйл ажиллагааг цаашид тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт хийж, компанийн эдийн засаг, эрх зүйн байдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Иймээс компанийн төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан нь компанийн үүсгэн байгуулагчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.
Компанийн удирдлага бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цаашид үйл ажиллагаа явуулах, үргэлжлүүлэн дэвжих эрмэлзэл байхгүй байсан нь харагдаж байна. Ц ХХК-ийн удирдлага нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийж чадаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй байна. Бодит байдалд компанийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа С.Э нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа алдсанаар компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон байна.
Ц ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд Хаан банканд 19.414.860 төгрөгийн өр төлбөртэй өөрийн хөрөнгөгүй тул төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгөөч гэх хүсэлтийг гаргасан байна.
Хариуцагч Ц ХХК нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар шийдвэрээр Хаан банканд 15.127.114 төгрөгийн өр төлбөртэй байна.
Ц ХХК нь Хаан банкны өр төлбөрийг барагдуулах хөрөнгө байхгүй бөгөөд шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу татан буулгах ажиллагаа дуусгавар болж нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно.
Тус компани өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийн оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна.
Ц ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар 15.127.114 төгрөгийн өртэй бөгөөд өөрийн хөрөнгөгүй байна.
Иймээс шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргагч дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй.
Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал С.Э нь тус шүүхэд Ц ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх Ц ХХК-ийн захирал С.Э ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Ц ХХК нь анх 3 үүсгэн байгуулагчтай, 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Загас, загасны махан бүтээгдэхүүн үйлвэрлэлт, хад, хүнс, ус ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа явуулахаар байгуулагдан гүйцэтгэх захирлаар С.Н-ийг томилон 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаар С.Э ийг томилж, компанийн удирдлагыг түүнд шилжүүлсэн болох нь хүсэлт гаргагч Д.Э-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож, хүсэлт гаргагч Д.Э-ийг шаардах эрх үүссэн байна.
Шүүх Ц хязгаарлагдмал хариуцлагатай компани нь төлбөрийн чадваргүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болох нь хүсэлт гаргагч С.Э ийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг гүйцэтгэгч Ш.Б ын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ц ХХК-д холбогдуулан 2021 оны 4 дугаар сарын 30-ны өдөр тус шүүх дампуурлын хэрэг үүсгэж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын Өнөөдөр сонины 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №105(6727) дугаарт энэ тухай мэдээллэсэн боловч нэхэмжлэгч гарч ирээгүй, хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШШ2021/00196 дугаар шийдвэрээр Ц ХХК-иас 15.127.144 төгрөгийг гаргуулж, ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэсэн байх боловч ХААН банк ХХК нь дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр орж ирээгүй, хүсэлт гаргагч С.Э нь Ц ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт ирүүлээгүй байна.
Иймд Ц ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт: Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ. гэж заасан байх тул Ц ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Б д шилжүүлж, хэрэг гүйцэтгэгчид Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулахыг даалгаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн дугаар 1***, регистрийн дугаар 2*** Ц ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсны тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Б д шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу Ц ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Б д даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар Ц ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Б д үүрэг болгосугай.
6. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээллийг шүүгчийн туслах Г.Буянжаргал, хэрэг гүйцэтгэгч Ш.Б нарт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА