Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01589

 

Б.Б, З.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/01910 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б, З.Т- нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 22 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай улсын бүртгэлийн Y-2201042407 дугаар хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18627312936979 дугаар, 620 м.кв талбайтай газрыг нийт         230 307 000 төгрөгөөр үнэлсэн “Файн эстимэйт” ХХК-аар хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үнэлгээ хийгдсэн газарт цэнхэр гацуур 7 ширхэг, монос 12 ширхэг, үхрийн нүдний бут 5 ширхэг, голт борын бут 7 ширхэг, тэхийн шээгний бут 5 ширхэг, шар хуайсаар хашаалсан буюу 100 метр газарт 500 ширхэг, нохойн хошуу 5 багц, буйлс 7 бут гээд нийт 50 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бөгөөд 500 м.кв газар зүлэгжүүлэлт бүхий усалгааны системтэй. Явган хүний зориулалтын өнгөт бетон зам болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилттой. Хашаан доторх тохижилт, таримал мод зэрэг 150 000 000 төгрөгийн хөрөнгийг үнэлээгүй, давхар дүнзэн байшинг дан дүнзэн байшингийн тал үнээр үнэлсэн. Дээр дурдсан зүйлүүдийг үнэлгээнд оруулахгүй тооцсон тул гомдолтой байна. Анх маргаан бүхий орон сууцыг банкны барьцаанд тавихад гарааш, явган хүний зам, саравч, ногоон байгууламж гэх зүйлүүд хийгдээгүй байсан. Банкинд төлөх ёстой байсан 399 000 000 төгрөгөөс 110 000 000 төгрөг төлсөн байхад үлдэгдлийг 366 000 000 төгрөг гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “Хас банк” ХХК-д 280 000 000 гаруй төгрөг төлөх ёстой юм. Хариуцагч нь хасагдаагүй үнийн дүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1444 тоот захирамжаар З.Т-, Б.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 399 615 605 төгрөг гаргуулан “Хас банк” ХХК-д олгох, хариуцагч нь төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд захирамжид нэрлэн заасан хөрөнгийг албадан худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн ба төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй учраас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Б, З.Т- нарын барьцаалсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Баянголын ам, 22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 240 м.кв талбай бүхий хувийн сууц, газрыг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй. Ингээд барьцаалсан эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардлыг төлбөр төлөгч Б.Б- төлсөн ба З.Т- хамт байсан. Энэ талаар хариуцагчаас акт үйлдэж, нэг хувийг төлбөр төлөгчид гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнийн саналыг мэдэгдэлд заасан хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн аль нь ирүүлээгүй ба төлбөр авагч “Хас банк” ХХК-аас шинжээч томилуулах санал гаргасан байдаг. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Файн Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч н.Цолмонгэрэлд эрх, үүргийг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тайлан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Тайланд хөрөнгийн үнэлгээг 230 307 000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт танилцуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрхийг тайлбарлаж өгсөн. Хуулийн хугацаанд талуудаас үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал гаргаагүй учир дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр оруулах гэж байсан боловч төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргасан тул худалдан борлуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгээгүй, ажиллагааг түдгэлзүүлсэн байдалтай байна. Нэхэмжлэгч нь шинжээчид маргаан бүхий газарт нэмэгдэл эд хөрөнгүүд бий болсонтой холбоотой мэдээлэл өгөх эрх нь нээлттэй. Шинжээч хөрөнгийг үнэлсэн талаарх тайлбараа дэлгэрэнгүй тусгасан ба хөрөнгийн үнэлгээг тогтоох Олон улсын практик болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал уг газартаа мод, бут гэх мэт зүйл суулгаад үр шимийг нь хүртээд, орлого олдог бол үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж болох юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтийн тайлангийн хавсралт дээр нэхэмжлэгчийн яриад буй бут, сөөг гэх мэт зүйлүүд тусгагдаагүй байна. Хэрвээ нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн бол нэхэмжлэгч тал энэ талаарх баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Мөн хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлээгүй. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгө хэзээ ашиглалтад орсон, хэр элэгдэж хорогдсон, өмчлөгч, эзэмшигч нар нь хэр арчилж тордсон бэ, цаашид энэ хөрөнгө хэчнээн жилийн насжилттай байх вэ зэргээр хөрөнгийг олон талаас үнэлж үнэлгээг тогтоосон. Мөн шинжээч нь уг сууц, газрыг үнэлэхдээ ойролцоо газар орших ижил хэмжээний сууцны үнэлгээг харьцуулсан байдлаар, өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч үнэлж байгаа хөрөнгөтэй ижил үнэлгээтэй сууцыг харьцуулсан байдлаар гэх мэтээр үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Ийнхүү шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байхад нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор санаатай, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 22 дугаар гудамж 5 тоот хаягт байршилтай 240 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2201042407 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Б.Б-ын өмчлөлийн 620 м.кв талбайтай нэгж талбарын 18627312936979 дугаартай зуслангийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.Т-, Б.Б- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Бетонон хашаа, зассан замууд, өвөрмөц хийц бүхий сүүдрэвч зэрэг олон сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг салгаж авч болох эд зүйлд тооцсон нь өөрөө хууль бус. Мөн маргаан бүхий газар нь 2 хүний эзэмшилд байдаг бөгөөд үнэлгээчин уг газрыг 1 хүний эзэмшил мэтээр үнэлсэн байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3-т тус тус заасныг зөрчсөн үнэлгээг зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд өмгөөлөгч авах эрх эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх санаачлан хуралд оролцуулаагүй, бетонон хашааг үнэгүй гэж тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Б, З.Т- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заасан маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 184/ШШ2018/01444 дугаартай захирамжаар “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Т-, Б.Б- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 399,615,605 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-2201001857 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4Б байрны 7Б тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-2201007515 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 104 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-2201008723 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13А байрны 43 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-2201042407 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, 22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 24 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2201030619 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлалтай 620 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Г-2201030729 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлалтай 620 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар заавал биелэгдэнэ. /хх 23-24/

Төлбөр төлөгч нар шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2018/10824 захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 1171 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 20270309 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 49-51 /, төлбөр төлөх хугацаа тогтоох, барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ./хх 52, 53, 56, 57, 61, 62, 65, 66/

2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 20270309/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгийн жагсаалт, 2020 оны 09 дүгээр сарын 09-нд 20270309/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч З.Т-, Б.Б- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042407 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Баянголын ам, 22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, Б.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 18627312936979 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, мөн хаягт байрлах 620 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус битүүмжилж, хураан авсан. /хх 54, 55, 63-64/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 09 дугаар сарын 28 нд төлбөр авагч төлбөр төлөгч нарт 4-128/35006 тоот мэдэгдлээр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор үнийн санал өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй тул төлбөр авагч талаас шинжээч томилуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг үндэслэн талууд хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй /хх 67-70/ гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 10/502 тоот тогтоолоор “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шинжээч “Файн-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр хөрөнгийн зах зээлийн үнийг 230 307 000 төгрөг болохыг тодорхойлсон байх ба /хх 67-102/ нэхэмжлэгч талаас уг үнэлгээгээр “үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ...тухайн үнэлгээ хийгдсэн газарт цэнхэр гацуур 7 ширхэг, монос 12 ширхэг бут мод, үхрийн нүдний бут 5 ширхэг, голт борын бут 7 ширхэг, тэхийн шээгний бут 5 ширхэг, шар хуайсаар хашаалсан буюу 100 м газарт 500 ширхэг, нохойн хошуу 5 багц, буйлс 7 бут, гээд 50 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, мөн 500 м.кв газар зүлэгжүүлэлт, усалгааны системтэй. Явган хүний зориулалтын өнгөт бетон замтай, тоглоомын талбай” зэргийг үнэлээгүй гэж маргаж, нотлох баримтаар үнэлэгдээгүй үлдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрэл зургийг хэрэгт хавсаргажээ. /хх18-21/

Шинжээч зах зээлийн үнийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээ хийх үед ямар хэмжээтэй болохыг тодорхойлох учиртай. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үед байх хөрөнгийн байдлыг зөв тодорхойлохын тулд хөрөнгө байгаа газар очиж үзэх ёстой. Хөрөнгийн үнэлгээнээс үзвэл шинжээч нь байгаа хөрөнгийн бодитой байдлын талаар тодорхой тусгаагүй тул шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан бетонон хашаа, саравч, мод, бутын талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх тусгай журам буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар  хөрөнгийн ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг, ”хөрөнгийн үнэлгээний суурь” гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаархи үндэслэлийг хэлэх юм. Үнэлгээний тайлангаас үзэхэд  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх зарчим алдагдсан, үнэлгээний зүйлийн  үнэ цэнэ, төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, үнэлгээний зүйлийн мэдээлэл дутуу авагдсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Файн эстимэйт” ХХК-иас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Харин давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлын холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/01910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Б.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042407 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Баянголын ам, 22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, З.Баатаржавын эзэмшлийн нэгж талбарын 18627312936979 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, мөн хаягт байрлах 620 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг 230 307 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, З.Т- нарт олгосугайгэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА                       

                          

                           ШҮҮГЧИД                                              А.МӨНХЗУЛ

 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН