| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/04406/И |
| Дугаар | 102/ШШ2019/02271 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/02271
| 2019 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/02271 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр байр, * тоотод байрлах *
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо * байрны * тоотод оршин суух *
Дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч *
нэхэмжлэгчийн төлөөлөгч *
хэрэг гүйцэтгэгч *
нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
Хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Улсын бүртгэлийн * тоот дугаар, * регисгрийн дугаартай *ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр барилгын материалын худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болно. Тус компани нь БНХАУлсын Цементийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан цемент зээлээр худалдан авч Монгол улсад борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан болно. Гэвч 2015 оноос дотоодын цемент үйлдвэрлэгчдийг дэмжих гадаадаас худалдан авч буй цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын 332 дугаар тогтоол гарч манай компанийн борлуулалт ихээр багассан юм. Өндөр татвар төлж, өртөг өссөн дүнгээр манай цемент борлогдохгүй хэмжээнд хүрсэн, валютын ханшны өсөлт, барилгын зах зээлийн зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас манай компани оруулж ирсэн цементийн чанарыг муутгахгүйн тулд хямд үнээр зарж ихээхэн хэмжээний алдагдалд орж, бусдаас авсан зээл, төлбөрийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Өнөөгийн байдлаар * ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр 70601289.40 (Далан сая зургаан зуун нэг мянга хоёр зуун наян есөн төгрөг дөчин мөнгө) төгрөг болж цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж хөрөнгө оруулалт хийх боломжгүй боллоо. Энэ нөхцөл байдал нь манай компанийн дүрэмд заасан компанийг татан буулгах үндэслэл бүрдсэн байна. Иймд *ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн дампуурлын хэрэг үүсгэн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон дампуурсанд тооцон татан буулгах хүсэлт гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлд заасан Дахин хөрөнгөжүүлэх санал гаргах боломжгүй байна. 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар *ХХК нь өөрийн өмчпөлд болон бусдаас итгэмжлэгдэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй болно. Мөн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 7-р зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан авлага байхгүй болно.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр * ХХК цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай дампууруулах хүсэлтээ гаргасан. Өөрийн хөрөнгө нь 1,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш гадаад худалдаа, барилгын худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй байсан. Анх Бүгд найрамдах хятад улсаас цемент оруулж ирж зардаг байсан бөгөөд Засгийн газрын гадаадаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэсэн тогтоол гарч уг тогтоолын хавсралтаас 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд татварыг нэмсэн. Нэрсийн 90 орчим хувь нь махны төрөл байсан. Үүнд цемент оруулж ирэхэд татвар нэмэгдэх талаар багтсан байсан учир үүнээс шалтгаалан цементийн үнэ 20 хувиар өссөн. 2015 оноос манай компани нь *, Хөтлийн цементийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх чадваргүй болсон. Хятадаас оруулж ирсэн цемент борлуулагдахаа больж 44-ын зах дээр хямдаар зарж байгаад 2016 оноос эхлэн үйл ажиллагаа доголдож өр төлбөртэй болсон. 2016 ондоо дахин борлуулалт хийх гэж үзсэн ч зарагдаагүй учир *т үлдсэн цементээ 24,480,000 төгрөгт өгч дуусгасан. 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр татварын улсын байцаагчийн акт гарсан бөгөөд уг актаар 25,601,289.4 төгрөгийн төлбөрийг 15 хоногийн дотор төлж барагдуул гэсэн. Боломжгүй байна гэдгээ мэдэгдээд өр төлбөрийн мэдээллийг хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн болон *ын өрийг төлөх боломжгүй болсон. Компани цаасан дээр л үлдсэн. *ын нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг зөвшөөрч байна. Иймд * ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү.
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * миний бие 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр * ХХК-д 70,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээл авах үед * ХХК-ийн захирал *р нь Хятад улсаас цемент оруулж ирж зардаг гээд өөрийнхөө оруулж ирсэн цементүүдээ үзүүлж байсан. Тухайн үед *рийн оруулж ирсэн цемент болон зогсдог байсан газрыг нь мэддэг байсан бөгөөд урин дулаан цаг ирж, удахгүй барилгын ажил эхлэх гэж байгаа тул яаралтай эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь 70,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл мөнгө зээлдүүлсэнээс хойш *р нь архи ууж, ажлаа хийхээ больж арга буюу очиж уулзахад өгөх мөнгө байхгүй, цементийн үнийг засгийн газар барьж, дотоодын үйлдвэрлэгч нар хямд цемент үйлдвэрлээд ашиггүй болчлоо. Та мөнгөнийхөө оронд цемент аваач гэсэн. Тэгээд арга буюу хоосон хоцорч байхаар гээд агуулахад нь байсан 153 тонн цементийг 24,2480,000 төгрөгөд тооцуулж авсан. Авахдаа өөрөөсөө машин тэрэг, ажилчдын зардал хөлсийг гаргаж арай гэж авсан. Миний бие 70,000,000 төгрөгийг байр авах гээд бэлэн байсан мөнгөнөөсөө гаргаж өгсөн бөгөөд тухайн үед гэрээ байгуулж байхдаа 8 сарын дараа 80,000,000 төгрөг болгож өгнө гэж байсан. Гэтэл зээл авснаасаа хойш нэг ч холбоо бариагүй бөгөөд удаа дараа очиж мөнгө нэхдэг байсан боловч үйл ажиллагаа явуулдаг байсан газраа сольж, утсаа авахгүй алга болсон. Иймд * ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 45,520,000 төгрөг, гэрээний 2 дугаар хэсэгт заасан 10,000,000 төгрөг нийт 55,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна гэсэн * ХХК-ийн захирал *ийн хүсэлтээр 70,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Энэ хүн зээлсэн мөнгөө өгөхгүй өдий хүрсэн. Зээлсэн мөнгөний оронд 153 тонн цементийг 24,480,000 төгрөгт тооцуулан * авсан. Авахдаа тээврийн зардал ачилт, буултын зардлыг * өөрөөсөө гаргасан. Энэ хугацаанаас хойш холбоогүй байсаар дампуурах хүсэлт гаргасан гэдгийг сонсоод нэхэмжлэл гаргасан. Одоо үлдсэн төлбөр болох 55,520,000 төгрөгийг * ХХК-аас гаргуулж өгнө үү.
Хэрэг гүйцэтгэгч * дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэндээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар шүүгчийн захирамжаар * ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна. Уг компанийн дампуурлыг нийт 8 үе шатаар дүгнэсэн. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал. Үүнд * ХХК нь Улсын бүртгэлийн * дугаартай, * тоот регистртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Хан-Уул дүүргийн 21-11 тоотод байрлаж ажиллахаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэг гишүүнтэйгээр барилгын материалын худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтөөр: 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувь нийлүүлэгчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг, 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж 2 хасагдаж 1 үүсгэн байгуулагчтай болж өөрчлөгдсөнийг, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр *ийг захирлаар томилсныг тус тус бүртгэжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Дашхоролын Тунгалаг-Аюуш гэжээ. Мөн Хаан банканд * тоот төгрөгийн, Хас банканд* тоот төгрөгийн, данстай гэж тус тус бүртгэгджээ. Төлбөрийн чадварын шинжилгээ хийхэд Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015 оноос 2018 онуудад богино хугацаат өр төлбөр /БХӨТ/ нь эргэлтийн хөрөнгийн 95-аас дээш хувийг эзэлж байгаа нь төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын хувьд үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Гэтэл харьцааны утга 0.02-0.07 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа илэрхийлж байна.Төлбөр барагдуулах боломжийн хувьд үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл 2015 онд 0.06, 2016 онд 0.00 гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломжгүй байгааг илэрхийлж байна. Санхүүгийн тогтвортой байдлын хувьд компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 5-0.6 буюу 60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гадны эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт нь 2015 оноос 2018 онд сөрөг /хасах/ үзүүлэлттэй гарч байгаа нь тус * ХХК-ийн төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна. 1 дүгээр шатыг нийтэд нь дүгнэхэд Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан * ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим үзүүлэлтүүдийг тодруулахад 2015 оны санхүүгийн тайланд мөнгө 2,503,184 төгрөг байх ба 39,932,500 төгрөгийн өр тайлагнасан байна. 2016 оны санхүүгийн тайланд мөнгө 200,764.95 төгрөг болон буурч, бараа материалын дүн 96,630,376.05 төгрөг болон нэмэгдэж, өр төлбөр нь 39,932,500 төгрөгөөр хэвээр тусгажээ. 2017 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө, бараа материалын дүн 79,523,484.41 төгрөг болж буурсан байх ба өр төлбөрийн дүн 86,159,081.87 төгрөг болж өссөн байна. 2018 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан нь үйл ажиллагаа явуулаагүй үеийн X тайлан байна. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 86,159,081.31 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1426 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар * ХХК-д Дампуурлын хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү * ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дугнэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн * дугаар захирамжаар * ХХК- ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. * ХХК нь гадаад, дотоод худалдаа, барилгын засал чимэглэл, барилын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн БНХАУ-аас цемент импортоор оруулж ирэн зарах үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. 2015 оны 8 дугаар сард цементийн импортын албан татварыг 5-20 хувь болтол өсгөсөн Засгийн Газрын 332 дугаар тогтоол батлагдаж, Үйлдвэр, Аж үйлдвэрийн яамны зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалсан шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр, импортоор орж ирдэг цементийн үнэ нэмэгдэж, борлуулалт буурсны улмаас тус компанийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас буюу зөвхөн цементийн худалдан авагчдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус зөрчиж нийт 235,062,448.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээндээ НӨАТатварын болон татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУЗ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгуульд нийт 24,456, 426.00 төгрөг төлөх болсон байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, 2015 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. 3-рт удирдлагын үйл ажиллагааны талаарх үе шат, дүгнэлт. * ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн ажиллагааны талаарх үе шат. Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа * ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно. Хэрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12-р сарын 25-ны өдрийн 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар дараах лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно. Дампуурлын талаарх 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар үе шат. Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар * ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, тогтоогдоогүй болно. * ХХК-ийн 2017 оноос 2018 оны санхүүгийн тайлангуудад бараа материалд 79,523,484.41 төгрөгөөр бүртгэсэн цементээс 153 тонныг 24,480,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч *т өгсөн ба одоо бараа материалын үлдэгдэл байхгүй байна. Дүгнэвэл Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. * ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн болон бусад баримт, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтуудаас Хариуцагчид хуваарилагдах хөрөнгө болон мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн талаарх үе шат: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн * дугаар захирамжаар * ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өдрийн сонины 2019 оны 3 дугаар сарын 29-ний * дугаарт нийтэд мэдээлсэн ба хуульд заасан хугацаанд иргэн * нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлээгүй төлбөр авагчийн буюу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн ТУБ-ийн актаар тавигдсан 24,456, 426.00 төгрөгийн үүргийг нэхэмжлэлийн эзлэх хувь, нэхэмжлэлд оруулан тооцоогүй болно. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хугацаанд Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулж мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хувиар шийдвэр хүчин төгөлдөр болсон болно. 7-рт дампуурлын шинжилгээ дүгнэлт хийхэд дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд бүх илтгэгч коэфициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь * ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
* ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх болон дампуурсанд тооцож татан буулгах тухай саналын хувьд Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус * ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч. нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Тумэн шилтгээ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ируулээгуй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
1. Хүсэлт гаргагч * ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 25,601,289.40 төгрөг, *т 45,000,000 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргажээ.
Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд түр хэрэг гүйцэтгэгч нь * ХХК-ийн өр төлбөрийг санхүүгийн тайланг үндэслэж 86,159,081.31 төгрөгөөр тогтоож өөрийн хөрөнгийн -1426%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэснийг үндэслэн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон байна.
* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг зарласан ба Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч * нь * ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчдийн анхны хурал хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр *ыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр баталсан байх ба уг хурлаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ хариуцагч * ХХК-ийг санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 86,159,081.31 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1426%тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орж, гадаад, дотоод худалдаа, барилгын засал чимэглэл, барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн БНХАУ-аас цемент импортоор оруулж зарах үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байгаагүй, 2015 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас цементийн импортын албан татварыг 5-20% болтол өсгөж дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалсан арга хэмжээ авч хэрэгжүүлснээр импортын цементийн үнэ нэмэгдэж, борлуулалт буурсаны улмаас үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд зөвхөн цементийн худалдан авагчдаас хамааралтай ажиллаж байсан, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах арга хэмжээ аваагүй зэргээс шалтгаалж үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, 2015 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон гэж дүгнэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар * ХХК-д хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, тогтоогдоогүй байна.
* ХХК нь нэхэмжлэгч *тай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 70,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, уг хугацаанд хүүд 10,000,000 төгрөг өгөхөөр тохирсон байх бөгөөд гэрээний төлбөрт 153тн цементийг 24,480,000 төгрөгт тооцож өгсөн, үндсэн төлбөрт 45,520,000 төгрөг, хүүд 10,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, уг төлбөрийг хариуцагч * ХХК хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * тоот актаар * ХХК-иар нөхөн татварт 16,557,166 төгрөг, торгуульд 7,382,068 төгрөг, алдангид 481,341 төгрөг, хүүд 35,851 төгрөг нийт 24,456,426 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байх ба уг актыг биелүүлээгүй байна. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгах албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт 57,024,769.1 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнаж, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 24,456,426 төгрөгийн татварын өр, нийт 81,481,195.1 төгрөгийн татварын өртэй байснаас буцаан олголтын 54,913,416.8 төгрөг, төлсөн 979,210 төгрөг, илүү төлсөн 12,721 төгрөгийг хасаж үлдэгдэл нь 25,601,289.4 төгрөгийн татварын өртэй болох нь татварын тооцооллын баримтаар тогтоогдсон, уг өрийг хүсэлт гаргагч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хариуцагчийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй, төлбөрийн чадваргүй болсон гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2 дахь хэсэгт шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй бол хариуцагчийг татан буулгахаар заажээ. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд гэдэгт хариуцагч өөрөө, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч хамаарах бөгөөд эдгээр эрх бүхий этгээдүүд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор, харин дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж өгнө. Дээрх хугацаанд хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан * ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан * ХХК-иас 55,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч *од шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу * ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч *од даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан * ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *од даалгасугай.
6. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заасныг баримтлан * ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч *ын зээлийн гэрээний үүрэгт төлөх өр болох 55,520,000 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч * ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА