Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01604

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/01843 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Б.Л-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны талийгаач Б.Д-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны үнийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагч Б.Л-, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Д-, Д.Батхишиг нар бүртгэгдсэн байдаг. Талийгаач Б.Д- нь Д.Б-, Д.Батзориг, Д.Цэрэнлхам, Д.Батхишиг нарын 4 хүүхэдтэй. Нэхэмжлэгч Д.Б- нь том хүүгийн хувьд аав Б.Д-ыг байнга асардаг, нас барахаас нь өмнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо АОС 1-1 тоот хувийн сууцанд хамт амьдардаг байсан. Б.Д-ын 4 хүүхэд нь аавынхаа хууль ёсны өв залгамжлагч тул түүний ганц эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот орон сууцны хэсгийг том хүү нь өвлөх эрхтэй. Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар өвлөхөөс татгалзсан тул Д.Б- нь уг орон сууцны 50 хувийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Ер нь талийгаач Б.Д- нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо АОС 1 тоот сууц болон нэхэмжлэлд дурдсан орон сууцанд ээлжлэн амьдардаг байсан. Д.Б- нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт оршин суудаг, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, тус хаягаар иргэний үнэмлэхийн бүртгэлтэй байдаг. 2019 онд бэр Б.Л- гадаад улс руу явах болсон, байраа хөлслүүлэх хэрэгтэй байна гээд цоожоо солиод түүнийг оруулахаа байсан. Д.Б- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт тус тус зааснаар талийгаач Б.Д-ын хууль ёсны өвлөгч юм. Иймд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202003814 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны талийгаач Б.Д-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Д.Б-ийг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгөөр үнэлж, үүний 50 хувь болох 50 000 000 төгрөгийг орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч Б.Л-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Батхишигтэй 1999 онд танилцан гэр бүл болж бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид хадам аав Б.Д-ын хамт тус орон сууцанд 2000-2013 он хүртэл хамт амьдарсан. Хадам аав Б.Д- 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бидэнтэй хамт амьдарч байхдаа буюу манай гэр бүлийн асран хамгаалалтад байж байгаад нас барсан. Хадам аав Б.Д- бага хүүдээ гал голомтоо өвлүүлж үлдээсэн ба өнөөдрийг хүртэл манай гэр бүл тус орон сууцанд амьдарч байна. Миний нөхөр Д.Батхишиг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нөхрийг минь амьд байхад өв залгамжлалтай холбоотой маргаан гарч байгаагүй. Би болон миний хүүхдүүд нөхөр Д.Батхишигээс маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор өвлөн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б- нь манай гэр бүл болон хадам аавын хамт маргаан бүхий орон сууцанд хамт амьдарч байгаагүй болно. Талийгаач Д.Батхишиг нь талийгаач Б.Д-тай хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат болон Засаг даргад мэдэгдээгүй тул түүний өвийг хүлээн авсан гэж үзнэ. Д.Б- нь талийгаач Б.Д-тай хамт амьдарч байгаагүй нотариат, Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өргөдөл гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.4, 529 дүгээр зүйлийн 529.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны талийгаач Б.Д-д оногдох хэсгийн 3/4 хувийн хууль ёсны өвлөгчөөр Д.Б-ийг тогтоож, талийгаач Д.Батхишигт оногдох хэсэг болон хариуцагч Б.Л-гээс 50 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүдийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй. Шүүхээс үнэлсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолтод талийгаач Б.Д-ыг зөвхөн Баянгол дүүргийн АОС1-1 хаягт албан ёсны бүртгэлтэй гэж амьдарч байсан болон хамт амьдарч байсан хүнийг тодорхойлоогүй байхад амьдран сууж байсан талаар тодорхойлсон байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Мөн гэрч Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байтал Баянгол дүүрэгт амьдарч байсан гэж мэдүүлсэн гэж үзэж байгаа нь зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай талыг нь харж үнэлсэн гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр хоорондоо маш зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон өмнө гэрчээр асуусан тэмдэглэлд тодорхой байдаг. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаагүй талаар нэхэмжлэгч болон гэрч нар буруу гаргасан тодорхойлолтуудаа засаж залруулга өгсөөр байтал шүүхээс түүнийг үнэлээгүй нь зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай баримтуудыг үнэлсэн. Анхан шатны шүүхээс 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн санаачилгаар сунгасан нь хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь өв хүлээн авах хугацааг сунгах талаар хүсэлт болон шаардлага огт гаргаагүй ба шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байгаа нь ямар үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тодорхойгүй. Хэрэгт цугларсан баримтаас харахад хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт огт байхгүй болно. Хүндэтгэн үзэх шалтгаанд онцгой нөхцөл шалтгаанууд байх ёстой ба уг хүндэтгэн үзэх шалтгааны нөхцөл байдлыг тодорхой нотлох баримтад тулгуурлан тогтоох шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүхээс гэрч Д.Батзориг, Д.Цэрэнлхам нарын талийгаач Д.Батхишиг өөрөө орон сууц авахаар Чингэлтэйн байрыг ах Д.Б-эд өгнө гэж ярьж байсан, уг орон сууцыг өвлөх талаар бидний хэн ч хүсэлт гаргаж байгаагүй гэх мэт ямар ч нотлох баримтгүй үндэслэлгүй мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй. Мөн шүүхээс Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар өөрт оногдох хэсгээс татгалзаж ах Д.Б-эд өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг үндэслэн тэдэнд оногдох хувийг Д.Б-эд ногдуулж шийдвэрлэсэн нь алдаатай байна. Учир нь гэрч нар өв залгамжлах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй учраас өв залгамжлахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иймд Д.Б- нь хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй учраас талийгаач Б.Д-ын өв нь Д.Батхишигийн эхнэр хүүхдүүдэд нь өвлөгдөж үлдэх ёстой. Б.Л- нь хууль ёсны өвлөгч мөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргааны үйл баримтад хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд анх Бөхнийхөн овогт Бат-Очирын Дагсалын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргаж /хх 1/, уг хүсэлтэд дурдагдсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөлтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б.Л-г хариуцагчаар тодорхойлж, дээрх орон сууцны өмчлөгч талийгаач Б.Д-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /хх 81/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 108/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан төрсний болон нас барсны бүртгэлийн лавлагаанууд, төрөл садангийн тухай лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000146347 дугаартай гэрчилгээ /хх 4-5, 28-29, 44-46, 53-59/ зэрэг баримтуудаас үзвэл, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Д- болон түүний хүү Д.Батхишиг нар бүртгэлтэй байсан байна.

 

Б.Д- 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барж, өв нээгдсэнээс хойшхи хугацаанд түүний төрсөн хүүхдүүд болох Д.Б-, Д.Цэрэнлхам, Д.Батзориг, Д.Батхишиг нараас өвлөх эрхийн гэрчилгээ авсан этгээд байхгүй, улмаар Д.Батхишиг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд Д.Цэрэнлхам, Д.Батзориг нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууцны Б.Д-д ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан байх бөгөөд орон сууц одоо нас барагч Д.Батхишигийн эхнэр Б.Л- болон түүний хүү Б.Энэрэл, Б.Мандуул нарын эзэмшилд байгаа үйл баримт тогтоогдож байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар хоёр этгээдийн өмчлөх эрх тэнцүү байна.

 

Талууд дээрх үйл баримтын талаар болон нэхэмжлэлд дурдсан орон сууцны Д.Батхишигт ногдох хэсгийн талаар маргаагүй харин нас барагч Б.Д-д ногдох буюу хоёрны нэгд ногдох хэсгийг нэхэмжлэгч Д.Б- болон нас барагч Д.Батхишиг нарын хэн нь ямар хэмжээтэй өвлөсөн эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх нас барагч Б.Д-д орон сууцны ногдох хэсгийн дөрөвний гурван хувийн өвлөгчөөр нэхэмжлэгч Д.Б-ийг тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хэн алины хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл, нас барагч Б.Д-д ногдох орон сууцны хэсгээс Д.Б- нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан үндэслэлээр, Д.Батхишиг нь орон сууцыг эзэмшилдээ байлгасан буюу эзэмдэн авсан үндэслэлээр тус тус адил тэнцүү өвлөх эрхтэй гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, шүүх хуралдааны явцад асуугдсан гэрч Д.Батзоригийн “...аав Б.Д- 2012-2013 онд Д.Б-тэй хамт амьдарч байсан...Тогтмол оршин суудаг хаяг нь Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах амины орон сууцны 01 тоот...ер нь хэдэн хүүхдүүдийнхээ гэрээр орж гардаг байсан...Миний аав Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40 мянгатын 16-46 тоотод амьдарч байгаагүй...” гэх, гэрч Д.Цэрэнлхамын “...2013 онд Д.Б- ах аавыг асарч...Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах амины орон сууцны 01 тоотод хамт амьдарч байсан...2010-2013 онд аав Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах амины орон сууцны 01 тоот болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40 мянгатын 16-46 тоот хоёрын дунд амьдарч байсан” /хх 151-153/ гэх мэдүүлгүүдийг бусад гэрч болох Б.Энэрэлийн /Д.Батхишигийн хүү/ “...Миний өвөө, манай гэрт хамт амьдардаг байсан...” / хх 155/ гэх, хөрш Б.Бат-Өлзийн “...Б.Д- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40 мянгатын 16-46 тоотод орж гардаг...хааяа амьдардаг байсан...” /хх 154/ гэх мэдүүлгүүдтэй харьцуулан үзвэл, Б.Д-ыг нас барах үед Д.Б- хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Б.Д- нь Д.Батхишигийн гэр бүлтэй хамт амьдарч байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймээс Д.Б- нь Б.Д-ын өвийг хүлээн авахаас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар татгалзаагүй учраас өвийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Харин Д.Батхишигийн хувьд маргаан бүхий орон сууцанд Б.Д-ыг нас барснаас хойш үргэлжлүүлэн амьдарч байсан буюу өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу эзэмдэн авсан буюу өвлөх эрхээ бодитой хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Бусад өвлөгч болох Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар нь өвөөс татгалзсан талаар баримт үйлдсэн байх бөгөөд дээрх байдлаар гэрчээр оролцож, өгсөн мэдүүлэгтээ өв нээлгэх хүсэлт гаргаж байгаагүй буюу маргаан бүхий орон сууцны ногдох хэсгийг өвлөх сонирхолгүй байгаа талаар тайлбарласан байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны Б.Д-д ногдох буюу хоёрны нэг хувийг Д.Б-, Д.Батхишиг нар тэнцүү хэмжээгээр өвлөсөн байна. Д.Батхишиг нас барснаар түүнд ногдох хэсэг болон орон сууцны ногдох хэсгээс өвийн дагуу ногдох хэсэг нь орон сууцны өмчлөх эрхийн дөрөвний гуравт хамаарна. Д.Батхишигт орон сууцны өмчлөх эрхээс ногдох дөрөвний гурав нь түүний өвлөгч буюу эхнэр Б.Л-, хүүхдүүдэд өвлөгдөж, шилжсэн байна. Иймд Д.Б- нь орон сууцнаас дөрөвний нэгд ногдох хэсгийг өвийн дагуу өмчлөх эрхтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, энэ агуулгаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар орон сууцны үнэ бодитоор тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч Б.Л-гээс орон сууцны үнийн 50 хувь болох 50 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 532 дугаар зүйлийн 532.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б-ийг улсын бүртгэлийн Ү-2202003814 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 16 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны дөрөвний нэгд ногдох хэсэг буюу 25 хувийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.Л-гээс 50 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Л- давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          

                           ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН